Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Ц.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжир овогт Цэрэнтогтохын Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2321004440035 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 21-70 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Балжир овогт Цэрэнтогтохын Баянмөнх /РД: ЛБ79081717/

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 21-70 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Н.Оюунчимэгтэй маргалдан улмаар хоолойг нь боож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүд, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулын дээд хэсэг, дотор салст, цээж, баруун шууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Ц.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч Ц.Баянмөнх нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 21 дүгээр байрны 70 тоотод буюу гэртээ согтуугаар хамтран амьдрагч Н.Оюунчимэгтэй маргалдан улмаар хоолойг нь боож эрүүл мэндэд нь баруун, зүүн нүд, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулын дээд хэсэг, дотор салст, цээж, баруун шууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үдийн дараа 16 цагийн үед Баяндун сумаас Дорнод аймагт ирсэн. Хөдөөнөөс ирээд эхнэр рүү залгахад “ажил дээрээ байна” гэхээр нь ажил руу нь очиход ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь дахиад залгахад “ажил дээрээ байна” гэж худлаа яриад байхад нь бид хоёр утсаар бага зэрэг маргалдаад би Зангиатад байдаг хашаан дээр очиж машиндаа жоохон юм хийж байгаад захын зүүн талд байдаг танил Батбаярынд 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи аваад очсон. ...Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед согтуудаа эхнэртэйгээ маргалдаад биед нь халдсан байсан. Тухайн үед болсон асуудлын талаар манай эхнэрийн хэлж ярьсан зүйлүүд бүгдээрээ үнэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Оюунчимэгийн “...Тухайн үед манай нөхөр Баянмөнх миний хоолойг боох гээд дайраад байхаар нь би эсэргүүцэж хэл амаар доромжилж дунд нь 2-3 минут хэрэлдээд янз бүрээр хэлээд байхаар нь би бас дуугүй байхгүй өөдөөс нь хэрэлдээд шарыг нь малтаад үргэлжлүүлээд хоолой боох гэхээр нь өөдөөс нь юм авч шидээд болиулж байгаад яг сүүлийн боолт нь орсон. Ер нь бол зүгээр байж байгаад шууд бооно гэж байхгүй, дунд нь хэрэлдэнэ, маргалдана тэгж байгаад  боосон. Манай охин Биндэръяа нь тухайн үед унтлагын өрөөнд унтаж байсан. Нөхөр бид хоёрыг маргалдсан талаар огт мэдэхгүй байгаа. Ер нь охиноо энэ асуудалд оруулахыг хүсэхгүй байна. ...Манай нөхөр өмнө нь 2019 онд намайг зодоод миний биед гэмтэл гарч шүүхээр орж торгуулж байсан. Тэрнээс өөр гэмтэл гарах хэмжээний цохиж зодож байсан удаа байхгүй. Ганц нэг удаа архи уусан үедээ хэрэлдэж, маргалдах, тэгээд уурандаа нэг хоёр удаа алгадаж байснаас өөр гэмтэл учиртал цохиж зодож байсан удаа байхгүй. Манай нөхөр архи уусан үедээ тогтворгүй болчихдог. Түүнээс биш эрүүлдээ чанга ч дуугарч чадахгүй, дөлгөөхөн дуу цөөтэй хүн байгаа юм. Манай нөхөр Баянмөнх нь нэлээн согтсон байсан ба өөрийгөө удирдаж чадахгүй хэмжээний болтлоо архи уусан байсан. Өөрөө ч  надтай хэрэлдэж маргалдсан гэдгээ  санахгүй байна гэж байсан. ...Миний хувьд ямар ч гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол гээд нөхрөөсөө нэг ч төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Шагдаррагчаагийн “...Манай ээж Оюунчимэгийн нүүр нь хөхөрч хавдсан, хоёр нүд нь хөхөрчихсөн, уруул нь хавдсан, хоолой нь улайсан гарын оромтой байсан. Тэгэхээр нь таныг ямар аймар болгочихсон юм бэ гэхэд ээж “ээжийг нь нэг ч удаа гараараа цохиж зодоогүй, зөвхөн хоолой боосон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 625 тоот “...Н.Оюунчимэгийн биед баруун, зүүн нүд, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруулын дээд хэсэг, дотор салст, цээж, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 2023.11.17-ны өдөр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оюунчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Балжир овогт Цэрэнтогтохын Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балжир овогт Цэрэнтогтохын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэнтогтохын Баянмөнхийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА