| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00684/и |
| Дугаар | 153/ШШ2020/00669 |
| Огноо | 2020-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00669
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00669 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ц овогт Г-н Б / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00684/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1965 онд Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багт Гэзэгтэйн ууган хүү болон төрсөн. 1973 онд Ховд аймгийн ******* сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1974 онд 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. 1981 онд 16 нас хүрч эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны 06 сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаж 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдлийг тартал малчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр сумын архив шатсаны улмаас олдохгүй байгаа, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар 08-ны өдрийн 1476 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан бригадын 1980-1984, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-11 дүгээр тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 14 дүгээр тал/
3.1988 онд малчдын зөвлөгөөн дээр авахуулсан гэх зураг /хх-ийн 15 дугаар тал/
4.1983 оны 7 дугаар сарын 23-ны өдөр авсан гэрчилгээ /хх-ийн 18 дугаар тал/
5.Гэрч Ж.*******ын....Би 1983 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд даргын жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Г.Б нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Нэгдлийн дарга нэгдлийн малчин айлуудаар их явдаг байсан болохоор би мэдэж байна. Г.Б нь 1989 он хүртэл эцэг, эхийн хамт мал малласан. 1989 онд хуримаа хийж байсан. Одоо ч гэсэн хувийн мал аж ахуйтан байгаа юм. Б-ын аавыг Гэзэгтэй, ээжийнх нь нэрийг Норов гэдэг байсан. Гэзэгтэй гуай 5 хүүхэдтэй айл байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
6.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягтын лавлага /хх-ийн 37 дугаар тал/
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ