| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00705/и |
| Дугаар | 153/ШШ2020/00670 |
| Огноо | 2020-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00670
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00670 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт оршин суух, А............ О-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00705/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Айргийнхан овогт Баастын О миний бие нь 1970 онд Ховд аймгийн Алтай суманд Жигдэн овогтой Баастын 5 дахь охин болон мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1978 онд Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1986 онд тус сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдлийн Барлаг буюу 3-р бригадад малчнаар томилогдон, аав Ж.Баастын суурьт малчнаар ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн. Миний аав Ж.Бааст нь нэгдлийн бог мал малладаг, ******* хөгжил нэгдлийн ууган гишүүн хүн байсан. Б.О миний бие нь 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн ******* хөгжил нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсанаас хойш хувиараа мал малласан. Миний бие нь 1995 онд Жандал овогтой Отгонбаяртай гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний нөхөр Ж.Отгонбаяр нь Ховд аймгийн Буянт суманд мал малладаг байсан учраас 1995 оны намар миний бие нь хуримаа хийгээд Ховд аймгийн Буянт сум руу нөхрийгөө даган шилжиж одоо хүртэл мал маллаж байна. Б.О миний бие нь 1986 оноос хойш одоог хүртэл нэгдэлд болон хувиараа 35 дахь жилдээ мал маллаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны 11 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Айргийнхан овогт Б-н О намайг 1986 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О-ыг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр 20-ны өдрийн 1199 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Алтай сумын 3 дугаар бригадын 1986 оноос 1988 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай илгээлтийн эздийг ажилд томилох тухай тогтоолын 1 дүгээр хавсралт,
2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан талаархи 1603000534 дугаартай баталгаажилтийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/
2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1046 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.О-ын Хаатр-1 маягтын хуулбар /хх-ийн 27-28 дугаар хуудас/
3.Гэрч М.Намсрайн ... Би 1986 оны хавар Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчнаар нэгдэл тартал ажилласан. Б.О бид хоёр Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн сургуулийг хамт төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчин болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Харин нэхэмжлэгч нь 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ......... овогт Б-ын О -ыг 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ