| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид нарт холбогдох эрүүгийн 2321000000408 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Үхэрт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг /РД: ЖМ83103166/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид /РД: ЖМ82120462/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух Г.Цэрэннадмидын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Г.Цэрэннадмидыг зодож биед нь тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Цэрэннадмид нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Бадамцэцэгтэй маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр, хүүхдүүдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Г.Цэрэннадмидынх манай зэргэлдээх айл юм. 2023 оны 6 дугаар сард манай хургыг Г.Цэрэннадмидын гэрийн 2 нохой бариад идчихсэн. Тухайн болсон явдлыг Г.Цэрэннадмид хараад тэгж байгаад хургаа авна биз дээ гэж хэлэхээр нь нөхөр бид 2 болох байлгүй дээ гээд явсан. Намар 9 дүгээр сард хургаа авах гээд гэр рүү нь очиход ойртоод очих үедээ авчих гэхээр нь нөхөр бид 2 явсан. Ингээд 11 дүгээр сард хургаа авах гээд дахин очиход танай хургыг чинь өгөхгүй. Танай адуу манай малын хашаа эвдсэн байна лээ гэж хэлэхээр нь манай адуу танай хашааг эвдсэн гэдгийг харсан хүн байгаа юм уу гэж хэлсэн. Ингээд нөхөр бид 2 сууж байхад танай хургыг өгөхгүй гэж байна, 2 бузар минь гээд Г.Цэрэннадмид бидэн рүү давс цацаад зуухны зүүн талд байсан гутлаа авч чулуудсан. Г.Цэрэннадмид савтай давсаа тавиад над руу ирээд намайг цохиж унагаахаар нь би босоод цааш нь түлхэх гэхэд миний гарын чигчий хуруу Г.Цэрэннадмидын ам руу нь орчихсон. Би Г.Цэрэннадмидад миний хурууг тавиачээ гэж хэлэхэд хазаад тавихгүй байхаар нь үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Би Г.Цэрэннадмидын үснээс нь зулгаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... гараа авах гээд зууралдаж байхад бусад гэмтлийг учруулсан байж болно...” гэв.
Шүүгдэгч Г.Цэрэннадмид шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Тухайн өдөр Ч.Бадамцэцэг нөхрийн хамт өглөөний 8 цагт гэрт орж ирээд хургаа авъя гэж хэлсэн. Би тухайн нохой манай нохой биш, хурга өгөхгүй гэдгийг зун хэлсэн биз дээ гэхэд гичий минь, чи үхлээ юу гэж хэлээд зуухны баруун доод талд байсан пүүзийг над руу шидэхэд миний зүүн шанаа хэсэгт оносон. Намайг зодоод эхлэх үед нь би нүүрээ хамгаалсан. Би түүний өөдөөс самардсан зүйл байхгүй. Би нөхөртөө хандан энийг салгаад өгөөч ээ, толгойтой үсийг минь зумлаад дууслаа гэж хэлэхэд нөхөр маань Ч.Бадамцэцэгийн гарыг хөшиж байж гарыг нь миний үснээс салгасан. Тэр үед Ч.Бадамцэцэг танай голомтыг чинь самарна гэж хэлээд яндан өшиглөж унагаагаад зуухыг маань хажуу тийш нь болтол өшиглөөд дараа нь зурагт өшиглөсөн. Тэр үед Ч.Бадамцэцэгийн нөхөр нь чи айлын юм эвдлэх гэж ирсэн юм уу гэж хэлээд эхнэрээ гэрээс аваад гарсан...” гэв.
Г.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: "...2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Бадамцэцэг манайд ирээд танай нохой чинь манай хониноос барьчихлаа гээд хонинууд заасан. Заасан хонин дээр очиход нийт 5 хурга үхсэн, шувуу идэж байсан. Тэгээд би түүнд манай нохой айлын хонь барьдаггүй, манайд ирсэн нохой л барьсан байх, хэний нохой гэдгийг мэдэхгүй гэж хэлж байсан. Тухайн эзэнгүй нохойтой манай нохой хамт явсан л байх. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагт Бадамцэцэг гэдэг эмэгтэй манайд ирээд зун танай нохой манай хургануудыг барьж идсэн, одоо хургаа авъя гэж хэлэхэд нь би манай нохой биш юм чинь бид юу гэж хүний нохой барьсан хургыг өгөхөв дээ гэхэд намайг элдвээр харааж, хэл амаар доромжилж зуухны баруун талд байсан хатуу ултай пүүзэн гутлыг авч шидэн миний зүүн шанаа, хацар хэсэгт цохисон. Ингээд над руу дайрч миний үснээс зулгааж, нүүр, нүдгүй самарч, маажсан. Энэ үед манай нөхөр голоор орж салгасан. Тэгээд тэр чамайг алж байж эндээс гарна, голомтыг чинь самарна гэж дайрч давшлан манай зурагтыг өшиглөж, мөн газарт цэнэглэж байсан гар утсыг дэвсэлж эвдсэн. Энэ үед Бадамцэцэгийн нөхөр түүнийг чи ямар айлд юм эвдэх гэж ирсэн юм уу гэж хэлээд дагуулаад гараад явсан. ...Эм авсан 59,000 төгрөг, толгойны рентген зураг авхуулсан зургийн үнэ 60,000 төгрөг нийт 119,000 төгрөг эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нэхэмжилнэ. Эвдсэн зурагт болон гар утасны төлбөрийг төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 22-23/
Ч.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Цэрэннадмидын нохой өмнө зун манай хэдэн хургыг барьчихсан юм. Түүнээс нь болоод Цэрэннадмид болон Ширнэн нартай уулзахад өөрсдөө хүлээн зөвшөөрч төлнө гэж байсан. 09 дүгээр сард очиж асуухад манайх танайхтай ойртож буухад очоод авчхаарай, өгнө” гэж хэлсэн. ...Тэгтэл харин өөдөөс хургыг чинь өгөхгүй, танай адуу манай хашааг сандаасан гэж хүн хэлж байна, өгөхгүй гэж байна 2 бузар минь гэж хэлсэн. Тэгснээ хоолны том савтай давсаа гаргаж ирээд нөхөр бид хоёр руу цацаж эхэлсэн. Тэгээд пийшингийнхээ зүүн талд байсан том бүдүүн ултай гутлыг авч чулуудсан. Тэр нь миний хөлөн дээр буусан. Өгнө гэж тохирчхоод одоо яагаад хэрүүл маргаан болгоод байгаа юм бэ гэхэд өгөхгүй, барьсан нохойноосоо авахгүй юу гэж хэлсэн. Би тухайн үед тэдний гэрийн баруун орон дээр сууж байхад Цэрэннадмид над руу ирээд шанаа хавьд минь ор руу унатал цохисон. Тэгээд би өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхэхэд миний зүүн гарын чигчий хуруу Цэрэннадмидын ам руу орчихсон чинь миний гарыг хазаад тавихгүй байсан. Гар хазаад байна гэж гуйгаад ч болохгүй тавихгүй байсан. Гараа авах гэж би зөндөө оролдсон. Ядаад үснээс нь зулгаагаад доошоо дарсан. Тэгээд ч миний гарыг тавиагүй. Бас намайг ч бас үсдсэн. Ингээд бид 2 үсдэлцээд ноцолдоод газраар байж байх үед манай нөхөр Батмөнхийг Ширнэн нь гаръя гээд чирч гулдчаад байсан. Харин манай нөхөр танай гадаа олон нохой байна, тэгж нохойд хазуулаад яахав, би гарахгүй гээд гараагүй. Манай нөхрийг ор руу цохисон байсан. Ингээд байж байтал манай 2 нөхөр бид 2-г салгах гээд Ширнэн намайг чангаагаад миний гарыг хөшиж татаад байсан. Ингээд салгаад би нөхөртэйгөө тэдний гэрээс явсан. Тэр үед миний гар хазуулаад шархалсан, нүүр зүүн хэсэгтээ шалбарсан, үсдүүлсэн хэсгийн толгой хөндүүртэй байсан. Гэхдээ цагдаад хандах гэж айхтар хөөцөлдөж яваагүй. Харин Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх хугацаа маань болчихсон болохоор яараад хот яваад өгсөн. Тэгээд хотод эмчилгээ хийлгээд байж байхад миний гэмтлүүд эдгэчихсэн юм. …Би Цэрэннадмидын гэрээс гараад цаг орчмын дараа хонио эргүүлчхээд дүү Бадамзоригийн гэрт очиход манай бэр Одонтуяа байж байсан. Миний гарыг хараад та чинь гар хуруугаа яачихдаг байнаа гэхээр нь хургаа авахаар Ширнэнгийн гэрт очоод Бөбөд гараа хазуулчихлаа. Нохойд нь хургаа хазуулаад, өөрсдөө өөрсдөд нь хазуулчихлаа гээд гараа үзүүлж байсан. Бөбө гэдэг бол Цэрэннадмидын гэрийн нэр байгаа юм. Миний гарыг манай бэр Одонтуяа харж, гарыг маань юмаар боож өгч байсан. ...Эмчилгээний зардал бол нэхэмжлэхгүй. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхдээ их олон эм тариа хийлгэсэн. Тэрэнд л шархлаагүй эдгэсэн байх. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч Г.Ширнэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Цэрэннадмид болон 2 хүүхдийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ байхад нутгийн малчин Бадамцэцэг нөхөр Батмөнхийн хамт ирсэн. Үүний өмнө 09 сард Бадамцэцэг манайд ирж “танай нохой манай 7 хурга барьсан" гэж хэлж байсан бөгөөд тухайн үед нь би “өгнө биз дээ” гэж байсан юм. Тухайн хурга барьсан нохой нь манай нохой биш харин гичий нохой дагаж ирсэн байсан. Хэний нохой гэдгийг мэдээгүй юм. Ингээд Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө ирээд “хургаа авъя” гэж хэлэхээр нь би “та хэд өвөлжөөний хашаа хороо сандаасан, би наад 7 хургыг чинь өгч чадахгүй, тэгээд ч манай нохой биш” гэж хэлсэн. Тэгсэн Бадамцэцэг нь “үхлээ юу гичий минь” гээд эхнэр Цэрэннадмид руу орны хажууд байсан пүүз авч шидэж, нүүрний чинь арьсыг хуулна гээд дайраад манай эхнэрийг үсдээд доороо хийж тавихгүй байсан бөгөөд би болон Бадамцэцэгийн нөхөр бид хоёр салгах гээд чадахгүй байж байгаад арай гэж салгасан. Тэгсэн Бадамцэцэг нь голомтыг чинь самарна гээд гэрийн дотуур явж, яндан өшиглөөд гэрийн зүүн урд хананд өлгөөтэй байсан зурагт өшиглөөд гэрийн хаа хамаагүй яваад хөлдөө таарсан сандал зэрэг эд зүйлсийг өшиглөөд яваад байсан. Ингэж байхад нөхөр Батмөнх нь чи айлын юм эвдэх гэж ирсэн юм уу гээд аваад гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34/
Гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бадамцэцэг, Цэрэннадмид хоёр бие биеэ ээлжлээд үсдэлцээд байсан. ...Цэрэннадмид хурууг нь хазаж байгаа харагдсан, манай эхнэр мөн адил үсдэлцээд ноцолдож байсан. Би тухайн айлаас эхнэрээ салгаад аваад гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38x/
Гэрч Т.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын эхээр байх манайд Батмөнх ах, Бадамцэцэг эгч хоёр өдрийн 14 цагийн орчимд ирэхдээ Ширнэн, Цэрэннадмид хоёрын нохойд бариулсан хонио төлүүлэх гээд очсон чинь өөдөөс уурлаад Цэрэннадмид бид 2 муудалцаад Цэрэннадмид миний гарыг хазчихлаа гээд зүүн гарын чигчий хуруу баруун гарын эрхий хуруугаа харуулж байсан. Тухайн хуруу нь шалбараад хавдчихсан цус нь гарчихсан байсан ба би цэвэрлэж өгөөд боогоод явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Ширнэн гэх хүний төрлийн хүн байгаа юм. Ажилд нь туслаад хамт байдаг. Би тухайн өдөр гэрт цай чанаж байх үед манай нутгийн Батмөнх, эхнэр Бадамцэцэгийн хамт орж ирсэн. Орж ирээд хургаа авна гээд яриад байсан. Тэгтэл Цэрэннадмид манай нохой хазаагүй, өөр айлын нохой хазсан гээд ярьж байсан чинь Бадамцэцэг гэх хүүхэн шууд зуухны баруун талд байсан хатуу ултай пүүзийг аваад Цэрэннадмид руу шидээд, нүүр амыг нь маажаад, дайраад эхэлсэн. Ширнэн, Цэрэннадмид хоёрыг хэл амаар их доромжилж, танай голомтыг самарна гээд л улаан галзуу юм байсан. Тэгэхээр нь би айгаад гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/
Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би ганцхан Цэрэннадмидын биед халдаад байсан юм байхгүй. Би тэр үед баруун орон дээр хургаа яриад сууж байсан. Цэрэннадмид нохойноосоо авахгүй юу бузар минь гээд нөхөр бид 2 руу давс цацсан. Дараа нь над руу зуухны хажууд байсан гутлаа шидээд ор руу түлхсэн. Би цааш түлхэхэд миний гар Цэрэннадмидын ам руу орчихсон. Тэгтэл миний зүүн гарын чигчий хурууг хазаад тавихгүй байхаар нь би Цэрэннадмидын үснээс нь нэг гараараа зулгаагаад доош нь дарсан. Цэрэннадмидын нөхөр нь манай нөхөр Батмөнхийг бас ор руу түлхэж цохиод гараад ир үзье гээд байсан. ...Цэрэннадмид бид 2 тэр газарт бие биеэ үсдээд байж байсан. Нөхрүүд маань маргаж дуусаад бид хоёрыг салгахад Ширнэн гэх Цэрэннадмидын нөхөр нь миний гарыг хөшөөд байсан. ...Би өөрөө элэг муутай Улаанбаатар хотод очиж 10 хоног эмчлүүлж байгаад ирсэн. Явах хугацаа маань болчихсон байсан тул яаралтай явсан. ...Ер нь бол миний шанаанд шалбарсан, гар хавдсан, баруун гарын эрхий хуруу хавдсан, хазсан ормоор нь шархалсан байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд миний гэмтэл шарх эдгэрсэн учир би шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/
Шүүгдэгч Г.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тогтоолд заагдсан Бадамцэцэг гэгч нь их худал ярьсан байна. Би Бадамцэцэгийг элдвээр хэлсэн зүйл байхгүй. Харин Бадамцэцэг намайг гичий минь чи үхлээ юу гэж хэлсэн. Би тухайн үед давс ч цацаагүй. Манай зуухны баруун талд байсан хатуу ултай пүүзийг над руу авч шидэж миний толгойг оносон. Би Бадамцэцэгийн гарыг хазаад тавихгүй байсан зүйл байхгүй. Харин ч Бадамцэцэг намайг нүүрний чинь арьсыг хуулна, алж байж гарна гээд намайг үсдээд, самардаад, уруул, жавж, нүдний орчимд маажсан. Жавжийг маань бүр цуулаад маажчихсан. Тэр нь бүр идээлээд хэцүү байсан. Гараа тэгэхдээ л миний шүдэнд ураагүй юм бол би хазаагүй. Бас манай гэрт голомтыг чинь түйвээнэ гээд хөрзөнтэй аргалын авдар барьж байсан. Тэгэхдээ урсан ч юм билүү, би хазаагүй. Манай хамаг юмыг өшигчиж гэр орон сүйтгэчхээд зүгээр ороод гарсан юм шиг л юм ярьсан байна. ...Бадамцэцэг, Батмөнх 2 манайхаар өглөөний 8 цагийн үед орж ирээд ийм асуудал болоод 9 цаг өнгөрөөгөөд гараад явсан. ...Би эд нарыг гараад явсны дараа зүрх дэлсээд байхаар нь эмнэлэгт очсон. Тэгэхэд тэр дүүгийндээ 14 цагийн үед очсон гэсэн байсан. Ийм олон цаг тэгээд гарынхаа цусыг гоожуулаад явж байна гэж байхгүй шүү дээ. Би Бадамцэцэгийн биед нь хүрээгүй. Үсийг маань аймар зулгаагаад байсан. Над руу шууд дайраад самардаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/
Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 612 тоот дүгнэлтэд:
1. Г.Цэрэннадмидын биед тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх тархи доргилт, доод уруулын язарсан шарх гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 52-53/
Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд:
2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 69-70/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51/
- Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-100/
- Ч.Бадамцэцэгийн хазуулсан гэх гарын зураг /хх-ийн 102-103/
- Ч.Бадамцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106-109/
- Г.Цэрэннадмидын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111-114/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух Г.Цэрэннадмидын гэрт таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдан улмаар Г.Цэрэннадмидын биед тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би тэр үед баруун орон дээр хургаа яриад сууж байсан. Цэрэннадмид нохойноосоо авахгүй юу бузар минь гээд нөхөр бид 2 руу давс цацсан. Дараа нь над руу зуухны хажууд байсан гутлаа шидээд ор руу түлхсэн. Би цааш түлхэхэд миний гар Цэрэннадмидын ам руу орчихсон. Тэгтэл миний зүүн гарын чигчий хурууг хазаад тавихгүй байхаар нь би Цэрэннадмидын үснээс нь нэг гараараа зулгаагаад доош нь дарсан. ...Би өөрөө элэг муутай Улаанбаатар хотод очиж 10 хоног эмчлүүлж байгаад ирсэн. ...Ер нь бол миний шанаанд шалбарсан, гар хавдсан, баруун гарын эрхий хуруу хавдсан, хазсан ормоор нь шархалсан байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд миний гэмтэл шарх эдгэрсэн учир би шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ингээд нөхөр бид 2 сууж байхад танай хургыг өгөхгүй гэж байна, 2 бузар минь гээд Г.Цэрэннадмид бидэн рүү давс цацаад зуухны зүүн талд байсан гутлаа авч чулуудсан. Г.Цэрэннадмид савтай давсаа тавиад над руу ирээд намайг цохиж унагаахаар нь би босоод цааш нь түлхэх гэхэд миний гарын чигчий хуруу Г.Цэрэннадмидын ам руу нь орчихсон. Би Г.Цэрэннадмидад миний хурууг тавиачээ гэж хэлэхэд хазаад тавихгүй байхаар нь үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Би Г.Цэрэннадмидын үснээс нь зулгаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...гараа авах гээд зууралдаж байхад бусад гэмтлийг учруулсан байж болно...” гэх мэдүүлэг,
Г.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 08 цагт Бадамцэцэг гэдэг эмэгтэй манайд ирээд зун танай нохой манай хургануудыг барьж идсэн, одоо хургаа авъя гэж хэлэхэд нь би манай нохой биш юм чинь бид юу гэж хүний нохой барьсан хургыг өгөхөв дээ гэхэд намайг элдвээр харааж, хэл амаар доромжилж зуухны баруун талд байсан хатуу ултай пүүзэн гутлыг авч шидэн миний зүүн шанаа, хацар хэсэгт цохисон. Ингээд над руу дайрч миний үснээс зулгааж, нүүр, нүдгүй самарч, маажсан…” гэх мэдүүлэг,
гэрч Г.Ширнэнгийн “...Бадамцэцэг нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө ирээд хургаа авъя гэж хэлэхээр нь би та хэд өвөлжөөний хашаа хороо сандаасан, би наад 7 хургыг чинь өгч чадахгүй, тэгээд ч манай нохой биш гэж хэлсэн. Тэгсэн Бадамцэцэг нь үхлээ юу гичий минь гээд эхнэр Цэрэннадмид руу орны хажууд байсан пүүз авч шидэж, нүүрний чинь арьсыг хуулна гээд дайраад манай эхнэрийг үсдээд доороо хийж тавихгүй байсан бөгөөд би болон Бадамцэцэгийн нөхөр бид хоёр салгах гээд чадахгүй байж байгаад арай гэж салгасан...” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Цэндсүрэнгийн “...Би тухайн өдөр гэрт цай чанаж байх үед манай нутгийн Батмөнх, эхнэр Бадамцэцэгийн хамт орж ирсэн. Орж ирээд хургаа авна гээд яриад байсан. Тэгтэл Цэрэннадмид манай нохой хазаагүй, өөр айлын нохой хазсан гээд ярьж байсан чинь Бадамцэцэг гэх хүүхэн шууд зуухны баруун талд байсан хатуу ултай пүүзийг аваад Цэрэннадмид руу шидээд, нүүр амыг нь маажаад, дайраад эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 612 тоот “...Г.Цэрэннадмидын биед тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тархи доргилт, доод уруулын язарсан шарх гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
шүүгдэгч Г.Цэрэннадмид нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Бадамцэцэгтэй маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Ч.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би тэр үед баруун орон дээр хургаа яриад сууж байсан. Цэрэннадмид нохойноосоо авахгүй юу бузар минь гээд нөхөр бид 2 руу давс цацсан. Дараа нь над руу зуухны хажууд байсан гутлаа шидээд ор руу түлхсэн. Би цааш түлхэхэд миний гар Цэрэннадмидын ам руу орчихсон. Тэгтэл миний зүүн гарын чигчий хурууг хазаад тавихгүй байхаар нь би Цэрэннадмидын үснээс нь нэг гараараа зулгаагаад доош нь дарсан. ...Би өөрөө элэг муутай Улаанбаатар хотод очиж 10 хоног эмчлүүлж байгаад ирсэн. ...Ер нь бол миний шанаанд шалбарсан, гар хавдсан, баруун гарын эрхий хуруу хавдсан, хазсан ормоор нь шархалсан байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд миний гэмтэл шарх эдгэрсэн учир би шүүх эмнэлэгт үзүүлээгүй…” гэх мэдүүлэг,
гэрч Д.Батмөнхийн “...Бадамцэцэг, Цэрэннадмид хоёр бие биеэ ээлжлээд үсдэлцээд байсан. ...Цэрэннадмид хурууг нь хазаж байгаа харагдсан, манай эхнэр мөн адил үсдэлцээд ноцолдож байсан. Би тухайн айлаас эхнэрээ салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Одонтуяагийн “...2023 оны 11 дүгээр сарын эхээр байх манайд Батмөнх ах, Бадамцэцэг эгч хоёр өдрийн 14 цагийн орчимд ирэхдээ Ширнэн, Цэрэннадмид хоёрын нохойд бариулсан хонио төлүүлэх гээд очсон чинь өөдөөс уурлаад Цэрэннадмид бид 2 муудалцаад Цэрэннадмид миний гарыг хазчихлаа гээд зүүн гарын чигчий хуруу баруун гарын эрхий хуруугаа харуулж байсан. Тухайн хуруу нь шалбараад хавдчихсан цус нь гарчихсан байсан ба би цэвэрлэж өгөөд боогоод явуулсан...” гэх мэдүүлэг,
Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот “...Ч.Бадамцэцэгийн биед зүүн сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Мухлагийн шанд гэх газарт оршин суух Г.Цэрэннадмидын гэрт Г.Цэрэннадмид, Ч.Бадамцэцэг нар нь таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Бадамцэцэг нь Г.Цэрэннадмидын биед тархи доргилт, доод уруулын язарсан шарх, хамар, эрүүний зулгаралт, баруун хөхний цус хуралт, 2 гарын шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол, Г.Цэрэннадмид нь Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хурууг хазаж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд аль аль нь шүүгдэгч, хохирогчоор тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цэрэннадмидын өмгөөлөгч Д.Галтогтох “Г.Цэрэннадмид Ч.Бадамцэцэгийн хурууг хазсан бол хурууны 2 талд хазсан сорви үүсэх ёстой байтал хэрэгт авагдсан Ч.Бадамцэцэгийн гарын зурагт зөвхөн нэг талд шарх үүссэн байгаа тул түүний гарыг хазаагүй гэж үзэж байна. Иймд Г.Цэрэннадмидад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцдэг. Түүнээс гадна шүүгдэгч Г.Цэрэннадмид нь “...би Ч.Бадамцэцэгийн гарыг хазаагүй, намайг гүтгэж байна...” гэж мэдүүлдэг.
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Цэрэннадмидыг өөрөөсөө холдуулж цааш нь түлхэхдээ аманд нь зүүн гарын чигчий хуруугаа хийхэд тэрээр хурууг нь хазсан гэж мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Бадамцэцэгийн зүүн гарын чигчий хуруунд тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан байсан болох нь гэрч Д.Батмөнх, Т.Одонтуяа нарын мэдүүлэг, мөн Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Цэрэннадмид болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.
Үүнээс гадна шүүгдэгч Ч.Бадамцэцэгийг Г.Цэрэннадмидын гэрийн хананд өлгөөтэй байсан зурагт, хананд хавчуулаад цэнэглэж байсан гар утас зэргийг эвдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Бадамцэцэгийн үйлдлийн улмаас хохирогч Г.Цэрэннадмидын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Г.Цэрэннадмидын үйлдлийн улмаас хохирогч Ч.Бадамцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хэн алиндаа учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ч.Бадамцэцэг нь “Улаанбаатар хотод эмнэлэгт элгэндээ эмчилгээ хийлгэж байхад надад учирсан гэмтэл эдгэрсэн тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба шүүгдэгч Г.Цэрэннадмид нь эмчилгээ хийлгэж, эм авсан зардал, эд зүйл эвдсэн төлбөрт нийт 371,000 төгрөгийг Ч.Бадамцэцэгээс нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Г.Цэрэннадмидын шүүхэд ирүүлсэн хохирлын баримтыг шинжлэн судлахад Самсунг А8 маркийн гар утасны дэлгэцийн үнэ 130,000 төгрөг, KEG маркийн 12 инчийн хар шаргал өнгөтэй зурагтын үнэ 102,000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал 19,800 төгрөг зэрэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул Г.Цэрэннадмидын нэхэмжилсэн 371,000 төгрөгөөс 251,800 /130,000+102,000+19,800=251800/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнээс гадна шүүгдэгч Г.Цэрэннадмид нь толгойны рентген зураг 60,000 төгрөгөөр авхуулсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан түүний дансны хуулгаар уг төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн эм авсан 59,200 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Г.Цэрэннадмидын гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Ч.Бадамцэцэгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нар нь харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бие биеэсээ сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нэхэмжилнэ гэж мэдүүлж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нарын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоож ирүүлжээ. Шүүхээс хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бадамцэцэгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэннадмидад, шүүгдэгч Г.Цэрэннадмидаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бадамцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Чулуунбаатарын Бадамцэцэг, Суваргачин овогт Ганболдын Цэрэннадмид нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Бадамцэцэг, Ганболдын Цэрэннадмид нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамцэцэг, Г.Цэрэннадмид нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цэрэннадмидын нэхэмжилсэн 371,000 төгрөгөөс зурагт, гар утасны үнэ, эд зүйлийн үнэлгээ тогтоосон хөлс нийт 251,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадамцэцэгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэрэннадмидад, шүүгдэгч Г.Цэрэннадмидаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бадамцэцэгт тус тус олгосугай.
6. Хохирогч Г.Цэрэннадмид нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Ч.Бадамцэцэгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА