Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0296

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0296

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/,

Хаяг: Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: Э ХХК /РД:/,

Хаяг:

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 37.448.511 төгрөг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д заасны дагуу хохирол учирснаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хууль бус шийдвэр гаргасан байх бөгөөд энэхүү хууль бус ажиллагаа шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол үр дагаврыг арилгуулж, 37.448.511 төгрөгийг гаргуулж, үүрэг хүлээлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Төрийн үйл ажиллагаа, шийдвэрт итгэх итгэлийн зарчимд үндэслэн зарцуулсан зардал нь хохирол болж, хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн. Энэхүү нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаал хууль болохыг тогтоолгох шаардлагын хувьд үүгээр олгогдсон 2 га газар нь сайдын 2015 оны А/266 тушаалаар Э ХХК-д ашиглаж байсан газартай давхцалтай буюу энэ газрын эрхийг 2016 оны А/11 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байдаг.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаалаар Э ХХК-ийн ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнээд хүчингүй болгож, 2015 оны А/266 тушаалаар олгогдсон уг газрыг ашиглах эрхийг сэргээжээ. Үүнээс дүгнэвэл, шүүхийн шийдвэрээр Э ХХК-ийн ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус буюу 2015 оны А/266 тушаалаар олгогдсон уг газрыг ашиглах эрх нь хууль ёсны болохыг тогтоож шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр шийдвэртэй хэрэгт хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд оролцож байсан атлаа уг газрын ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгож 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар шийдвэрлэсэн нь хууль бус байдаг. Дээрх нөхцөл байдлыг үндэслэл болгон шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/186 дугаар тушаал гарган 2017 оны 9 дүгээр 07-ны өдрийн А/263 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох эрхийг хүчингүй болгож хууль бус үйлдлээ зассан болохыг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10/3804 дүгээр хариу албан бичгээр мэдэгдсэн.

Санхүүгийн баримтаа шүүхэд өгсөн байгаа. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу дархан цаазат газарт 1 м.кв талбайг 500 төгрөгөөр тооцох бөгөөд манайх 2 га газарт 10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлсөн. Цалингийн задаргаа, санхүүгийн баримтаа шүүхэд хүргүүлсэн. Нийгмийн даатгалын тайланг шүүхэд өгсөн. Иймд гарын үсэг зурж цалин авсан баримтыг өгсөн. Эдгээр хүмүүсийг энэ ажилд зориулж ажилд авсан гэдгийг яаж нотлох вэ гэж байсан. Манай компани 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Санхүүгийн ямар ч гүйлгээ байхгүй. Зөвхөн цалингийн зардал, шуудан холбооны зардлууд гарсан байгаа.

Байгаль орчны үнэлгээ 4.000.000 төгрөг, гэрчилгээний үнэ 22.500 төгрөг, тэмдэгтийн хураамж 10.000.000, ажилчдын цалин 14.148.193 төгрөг, нийгмийн даатгалд 2018 онд төлсөн зардал 1.985.783 төгрөг, 2018 онд гарсан утас, интернетийн зардал 1.317.536 төгрөг, 2018 онд гарсан шатахууны зардал 53.727, 2019 онд гарсан цалин 3.880.000, 2019 онд нийгмийн даатгалд төлсөн зардал 849.000, 2019 оны утас, интернетийн зардал 263.427 төгрөгийн зардал гарсан байгаа. Эдгээр зардал нь тус газартай холбогдуулан гарсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээний үнэ гэж 1 сая төгрөг тушаасан. Гэтэл үүнийг тушаасан баримт байхгүй байгаа учраас 1 сая төгрөгийг хассан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 36.448.511 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон. Өмнөх шүүх хуралдаанд хууль бус шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Үндсэн хуульд зааснаар төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх, хуульд үндэслэсэн байх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, нөхцөл байдалд тохирсон байх, үндэслэл бүхий шийдвэр гарах ёстой. Захиргааны харилцаанд оролцож байгаа хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан төрийн үйл явагдах байсан. Энэ зарчмыг зөрчсөн гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад зөвхөн хохирол нэхэмжилсэн шаардлагаа дэмжиж оролцоно. Өмнөх шүүх хуралдаанд гаргасан бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбаруудаа дэмжиж байна. Өмнөх шүүх хуралдаануудад дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Иймд дахин тайлбар өгөхгүйгээр өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг тайлбарласанд тооцуулах хүсэлттэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах хүсэлтийг гаргана гэж хуульд заасан. Хамгаалалтын захиргаа болон Засаг дарга хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад уламжилна. Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 890/23 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах хүсэлтийг ирүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсний дагуу хүсэлтийг шийдвэрлэж газар ашиглах эрх олгосон. Дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй, хуулийн дагуу олгогдсон. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар 1 м.кв талбайд 500 төгрөг тушаадаг. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаана. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09/2060 дугаар албан бичгээр нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст дээрх тэмдэгтийн хураамж болох 10 сая төгрөгийг тушаасан байгаа. Газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар орон нутаг, сум, дүүргийн Засаг даргад тушаана гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг хууль бус болгох гэж тодорхой заасан. Нэхэмжлэлийн шаардлага тус хуулийн 47 дугаар зүйлд нийцэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч компани тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Газар ашиглах хүсэлт гаргахаасаа өмнө байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ тайланг гаргуулдаг энэ нь хамаарахгүй. Нэхэмжлэгч компани газар ашиглах эрх нь цуцлагдсан газар гэдгийг мэдэж байсан. Бодит байдал дээр төрийн байгууллагад нөлөөлж газар авчхаад дараа ийм байдал гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2017 онд цуцлагдсан, шүүхэд маргаж байгаа газар гэдгийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн мэдэгдсэн байгаа. Сайд, Төрийн нарийн бичгийн даргад нөлөөлж, үүнийг аргална гэдэг байдлаар газар ашиглах эрх авсан нь нотлогдож байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авч байхад 2 хоногийн дотор сайдын тушаал гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Монгол улсын Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/186 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын ... 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Т ХХК-нд холбогдох ... хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын түргэний амны хязгаарлалтын бүсэд Э ХХК ХХК-нд холбогдох 8,0 га газрын ашиглах эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32020/0880 дугаар захирамжаар мөн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэж Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/186 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хянан хэлэлцэх явцад Т ХХК нь өөрт газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага ийнхүү өөрчлөгдсөнөөр гуравдагч этгээд болох манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, ямар нэгэн тайлбар өгөх оролцоогүй болсон байна.

Иймээс нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг хянан хэлэлцэх ажиллагаанд тус компанийн зүгээс оролцох шаардлагагүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-иас анх тус шүүхэд хандан ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/186 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 37.448.511 төгрөг гаргуулах хэмээн өөрчилсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Т ХХК-нд газар ашиглах эрх олгох тухай 2017 оны А/263 дугаар тушаалын хүрээнд тус компани энэ хугацаанд ихээхэн хэмжээний зардал гаргасан. Гэвч шүүхээс нэгэнт сайдын өмнө гаргасан тушаалыг хууль болохыг тогтоосонтой холбоотойгоор сайд өөрийн тушаалыг хүчингүй болгосон тул уг хууль бус шийдвэрийн улмаас тус компанид учирсан хохиролд байгаль орчны зөвлөх үйлчилгээний хөлс 4.000.000 төгрөг, гэрчилгээний үнэ 22.500 төгрөг, тэмдэгтийн хураамж 10.000.000 төгрөг, 2018 онд ажилчдын цалинд төлсөн 14.148.193 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 1.985.785 төгрөг, утас, интернетийн төлбөр 1.317.536 төгрөг, шатахууны зардал 53.723 төгрөг, 2019 онд ажилчдын цалинд төлсөн 4.880.000 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 849.800 төгрөг, утас, интернетийн төлбөр 263.427 төгрөг, газрын төлбөр 1.000.000 төгрөг нийт 37.448.511 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү хэмээн тайлбарлан маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй101 дүгээр зүйлийн 101.1-т Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх-ийг хүсэж буй тухай тусгана хэмээн тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн эсэх, улмаар тухайн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол бодитоор учирсан эсэх, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр тухайн маргааныг шийдвэрлэнэ гэсэн үг юм.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаалаар Э ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн Түргэний аманд байрлах 8 га талбай бүхий газрын газар ашиглах эрхийг цуцалж,

тухайн газарт, Т ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 22/2017 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хамгаалалтын бүсийн 1 га талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлт-ийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар урьд нь Э ХХК-ийн ашиглаж байсан 8 га газартай давхцуулан 2 га газрыг Т ХХК-нд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгохоор шийдвэрлэж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 0160812 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон.

Үүнтэй холбогдуулан, Т ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сан 0000100900013040 тоот дансанд 22.500 төгрөгийг гэрчилгээний тэмдэгтийн хураамжид, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Улаанбаатар хотын банкны 2611184321 тоот дансанд 10.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн.

Улмаар, Э ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаалын Э ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/186 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалын Т ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж тус тус шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаал, 2017 оны А/263 дугаар тушаал, 2020 оны А/186 дугаар тушаал, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн огноо бүхий Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0160812 дугаар гэрчилгээний хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 189 дүгээр шийдвэр, Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10/7806 дугаар албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын лавлагаа зураг, 2021 оны 09/2068 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Т ХХК-ийн төлбөр төлсөн баримтуудын хуулбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч өөрийнх нь Э ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын 2016 оны А/11 дүгээр тушаалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосныг мэдсээр /буюу мэдэх боломжтой байсан/ байж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/263 дугаар тушаалаар Т ХХК-нд тухайн маргаан бүхий газартай давхцуулан 2 га газрыг ашиглах эрхийг хууль бусаар олгосон, улмаар тухайн тушаалын Т ХХК-нд холбогдох хэсгийг өөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/186 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Т ХХК нь тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжид 10.000.000 төгрөгийг, газар ашиглах эрхийн гэрчилгээний хураамжид 22.500 төгрөгийг тус тус төлж хохирсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох байгаль орчны зөвлөх үйлчилгээний хөлс 4.000.000 төгрөг, 2018 онд ажилчдын цалинд төлсөн 14.148.193 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 1.985.785 төгрөг, утас, интернетийн төлбөр 1.317.536 төгрөг, шатахууны зардал 53.723 төгрөг болон 2019 онд ажилчдын цалинд төлсөн 4.880.000 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 849.800 төгрөг, утас, интернетийн төлбөр 263.427 төгрөг, газрын төлбөр 1.000.000 төгрөг-ийг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Т ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг боловсруулж гүйцэтгүүлэхээр Ш ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний буюу байгаль орчны зөвлөх үйлчилгээний хөлс 4.000.000 төгрөг төлсөн гэх үйл баримт нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасанчлан иргэн, аж ахуй нэгжээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргахад бүрдүүлсэн байвал зохих баримтын болохын хувьд захиргааны хууль бус шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/263 дугаар тушаалаас үүдэлтэй шууд хохирол гэж үзэх боломжгүй,

2018 онд ажилчдын цалинд төлсөн 14.148.193 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 1.985.785 төгрөг, утас, интернетийн төлбөр 1.317.536 төгрөг, шатахууны зардал 53.723 төгрөг болон 2019 онд ажилчдын цалинд төлсөн 4.880.000 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалд төлсөн 849.800 төгрөг, утас, интернетийн төлбөр 263.427 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтууд болох Т ХХК-ийн 2018 оны цалин, шуудан холбоо болон шатахууны баримтуудад нь захиргааны хууль бус шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/263 дугаар тушаалтай шууд хамааралтай гэхээс илүүтэй Т ХХК-ийн өөрийн өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой,

тухайлан энэхүү тушаалын улмаас 2018, 2019 онуудад нэр бүхий иргэдийг ажилд авч, цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хөдөлмөрийн гэрээнүүдээр нэхэмжлэгч нь тухай иргэдийг менежер гэх ерөнхий чиг үүрэг бүхий албан тушаалд томилон ажиллуулж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2019 онд газрын төлбөрт төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 16/4585 дугаар албан бичгээр Т ХХК нь газар ашиглах гэрээг байгуулж ирүүлээгүй, мөн тус албаны газрын төлбөрийн орлогын 2603007906 тоот дансны хуулгаас төлбөр төлсөн бүртгэлгүй болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр тухайн шүүхэд дахин хандаж нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэдгийг дурдаж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд 10.022.500 /арван сая хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Т ХХК-нд олгон, үлдэх хэсэг болох 27.426.011 /хорин долоон сая дөрвөн зуун хорин зургаан мянга арван нэг/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М