| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0413/З |
| Дугаар | 221/МА2026/0661 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0661
Г.Тын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Т
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0663 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0413/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрх дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0663 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1 Анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48.2.2, 49.3.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.6., 40.2 дахь заалтыг баримтлан "Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/434 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь: "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/434 дүгээр захирамжийг иргэн Г.Тт холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэх, захиргааны хэргийн оролцогчдын эрхийн талаарх ойлголт, хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхээс нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй. Мөн усан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хэзээ орсныг мэргэжлийн байгууллагаас баримтаар тогтоогүй үйл баримтыг тогтоох, үнэлэх үүргээ биелүүлээгүй тул ЗХШХШТХ-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаанд заавал мөрдөгдөх нотлох ажиллагааны зарчим буюу захиргааны байгууллагаас хууль ёсны, зарчмыг хангаж буй эсэхэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуултыг асуугаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмын хүрээнд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 19-р хороо /одоогийн 24-р хороо/, Ар согоотод байрлах 700 м.кв газрыг О.Мт эзэмшүүлсэн байх ба уг газар эзэмших эрхийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/577 дугаар захирамжаар “15 жилийн хугацаагаар, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар” иргэн Г.Тт шилжүүлжээ.
4. Улмаар нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаар эрхийн улсын бүртгэлийн Э-2202000432 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 000008524 дугаартай гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгож, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01125-2019/00454 дугаартай гэрээг байгуулжээ.
5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслээд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Жигжид зусланд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон ************** нэгж талбарын дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.” гээд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
6. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасныг үндэслэн хүчингүй болгожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “... Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж,
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 64 дүгээр тогтоолын 22 дахь хэсэгт “Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай, ... өөрөөр хэлбэл, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ.”, 23 дахь хэсэгт “Ийм зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших” гэх хуулийн агуулгад хамаарахаар байна.” гэж тус тус тайлбарласан байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г.Т нь “2020 онд анх хашаа барьж, түүнээс хойш хашаа хороогоо арчилсаар ирсэн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Хуягт ган хашаа” ХХК-иар хашаагаа сайжруулж, шинэчлэн бариулсан.” гэж тайлбарлах бөгөөд хариуцагчаас энэ үйл баримтад маргадаггүй. Хэрэгт 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байх ба 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр уг нөхцөл тогтоогджээ.
8. Иймээс маргаан бүхий актад дурдсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нь цаг хугацааны /6 жил 10 сар/ хувьд тогтоогдож байна. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч нь тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болох үндэслэл болохгүй.
9. Нөгөөтээгүүр, хариуцагчаас “иргэн Г.Тт холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэх, захиргааны хэргийн оролцогчдын эрхийн талаарх ойлголт, хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхээс нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй.” гэж маргаж буйг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
9.1 Тодруулбал, анхан шатны шүүхээс 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/4803 дугаартай албан тоотоор Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “... сонсох ажиллагаа явуулсан эсэх, уг ажиллагааны тэмдэглэл, холбогдох тайлбар, баримт, хүсэлт, гомдол гаргасан эсэх лавлагаа, холбогдох баримтууд”-ыг ирүүлнэ үү” гэжээ.
9.2 Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 05 сарын 27-ны өдрийн 08-18/470 дугаар албан тоотоор “... Иргэн Г.Тт 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10-17/802, 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 10-17/1317 тоот албан бичгүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж ажилласан 9144**** дугаарын утсанд мессеж илгээсний дагуу иргэн Г.Т нь эзэмшил газартаа хашаа барьсан талаар хариу тайлбар тус албанд ирүүлж байсан болно.” гэх хариуг ирүүлжээ.
9.3 Энэ талаар анхан шатны шүүх “... Хэрэвзээ хариуцагчийн тайлбарлаж байгаачлан мэдэгдэх сонсгох ажиллагааг утсаар хэрэгжүүлсэн, Г.Таас хашаа барьсан талаар мэдэгдсэн гэж үзвэл, мэдэгдэлд дурдсан “гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл арилсан болохыг мэдэгдсэн байхад энэ үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт нь “бодит нөхцөл байдалд тохирсон байх" зарчимд нийцэхгүй гэж үзнэ. ... Түүнчлэн 10-17/802 тоот мэдэгдэлд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтсан, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9.4 Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж зааснаар сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзвэл түүнийгээ нотлох үүрэгтэй. Иймээс энэ үүргийг зөвхөн захиргааны хэргийн шүүх хүлээнэ гэж тайлбарлаж буйг зөвтгөх боломжгүй.
10. Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.
10.1 Маргаан бүхий актад “... газраа, 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон” гэх хэдий ч актын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр хуулийн 40.1.6 гэжээ. Газрын тухай хуулийн 40.1-д “... усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон” гэх урьдчилсан нөхцөл тусгагдаагүй, хариуцагчаас Усны тухай хууль гэх зэрэг холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР