Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1806

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэртэй, Г.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК, Л.А, Л.Ө нарт холбогдох, гэм хорын хохиролд 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд,

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбилэг, Н.Мөнхзаяа нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц би 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 34-09 УБН улсын дугаартай Приус загварын автомашиныг нөхөр Жаргалсайханаар жолоо бариулан хүүхдийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойргийн замд явж байтал Л.А нь Х.Верна загварын 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4, 9.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас надад 3 333 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс даатгалын байгууллагаас 2 935 000 төгрөгийг нь авсан ба тухайн автомашины эзэмшигч “Н” ХХК-иас гэм хорын хохирол болох эмчилгээний төлбөр 290 000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 105 000 төгрөг, архиваас материал гаргуулсны хөлс 16 000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 418 000 төгрөгийг гаргуулана гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А нь 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Н” ХХК-иас Хьюндай верна загварын 32-46 УНН улсын дугаартай автомашиныг барьцаалан 1 350 000 төгрөгийн зээл авахдаа зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Манай байгууллага зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд түүний өмчлөлд байгаа автомашиныг “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгч автомашинаа унаж ашиглуулдаг юм. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 5.1.4-т барьцааны тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд байгууллагад хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцахыг баталсан. Тиймээс Г.Цд учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Н” ХХК-ийн 398 000 төгрөг гаргуулан Г.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Л.А, Л.Ө нарт холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-ийн 12 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг Л.Ад шилжүүлэн өгсөн байх тул Г.Цд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна” гэжээ. Л.А нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7, 8.4 дэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Г.Цд хохирол учирсан байдаг. Нотлох баримтуудаар Л.Агийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагчаас шаардах нь зүйтэй. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм буруутай үйлдэл, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдэл нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой нь тогдоогдсон боловч шүүх “Н” ХХК-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг өөрөө томилсон буюу Л.Ад шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн. Уг тээврийн хэрэгсэл нь “Н” ХХК-ийн өмч хөрөнгө биш бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар байгууллагын өмчлөлд түр шилжүүлсэн үйлдэл. Энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагчаар төлүүлэх нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд гэм хор учруулсан этгээд хохирол, хор уршигийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарч тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад өмчлөгчийн шууд болон шууд бус нөлөө бий эсэхийг харгалзан үзэж дүгнэлт өгөх учиртай атал шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн үйлдэл, түүний талаар тодруулаагүй нь шийдвэрийн үндэслэх хэсэг хууль зүйн алдаатай болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “Н” ХХК, Л.А, Л.Ө нарт холбогдуулан гэм хорын хохиролд 418 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч “Н” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Н” ХХК нь Л.Атай байгуулсан 204203063 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, үүгээр Хьюндай аксент верна загварын 32-46 УНН улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлсэн байна. /хх34-37,39/ Харин зээлдэгч Л.А 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа өөрийн буруутай үйлдлийн улмаас Г.Цгийн эзэмшлийн Тоёота приус загварын 34-09 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон болно. /хх10-11/

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлоо зам тээврийн осол гаргасан жолооч Л.А, хамтран зээлдэгч  Л.Ө нараас нэхэмжилж, тэдгээрийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч “оршин суух хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. /хх78,84,121-171/ Тухайн ажиллагааны явцад хариуцагч нарын оршин суух хаяг тогтоогдоогүй тул тэдгээрт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах үүрэг, хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас гэм хорын хохиролд 398 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Харин хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч Г.Цд учирсан хохирлыг хариуцан арилгасан хэмжээгээр Л.А, Л.Ө нараас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй юм.

 

Хариуцагч “Н” ХХК нь Л.Атай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 5.1.4 болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцах үүрэггүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх38/ уг автомашины эзэмшигч, өмчлөгч нь “Н” ХХК болох нь тогтоогдсон тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжгүйгээр шүүх хуралдаан хойшлуулсан байх боловч 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцэн шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчийн захирамж гарган албажуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА