Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00672

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00672

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 87 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00735/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ц.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэлх овогт Цэвээний Б миний бие нь 1965 онд Ховд аймгийн ******* суманд Цэвээний хоёрдох хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад Ховд аймгийн ******* сумын найман жилийн сургуулийн нэгдүгээр ангид 1973 онд элсэн оржсуралцаад, 1980 онд долдугаар анги төгсөөд миний эх нас барсан учраас ар гэрийн гачигдлаар сургуульд сурч чадалгүй сургуулиасаа гарч Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд эцгийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаад, 1987 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллажэхэлсэн ба 1988 онд Л.Бат-Оюунтай гэр бүл болж эхнэрийн хамт мөн малласан. Тус нэгдэл тарж тус нэгдлийн суурь дээр байгуулагдсан ХК-д малчнаар ажилласан ба одоог хүртэл нутагтаа тасралтгүй мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч цалин хөлс олгож байсан талаарх бичилт хийсэн 70 дугаар данс дээр цалингийн бичилтийг эцэг эхийн нэр дээр хамт бичээд байсан учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо. Иймд П365090719 регистрийн дугаартай, Цэлх овогт Цэвээний Б намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Быг 1981 оны 10 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар 05-ны өдрийн 590 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1981 оноос 1984 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан талаархи 1611000811 дугаартай баталгаажилтийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

3. Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг

4. Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон баярын бичгийн эх хувь,

5. Ц.Бын нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/937 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6. Гэрч С.Нямдоржийн Би 1981 оны 6 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадын тоо бүртгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үед Ц.Б нь тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ үеэс эхлэн танина. Би 1976 онд 8 дугаар анги төгсөөд ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадын нярваар ажиллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадын тоо бүртгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Би Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадын тоо бүртгэгчээр 1990 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэл нь 1990 онд тарж эхэлсэн бөгөөд Чандмань ХК, Чацаргант ХК, Баянбулаг ХК, Баянхошуу ХК гээд 4 компани болж тарсан. Ц.Б нь намайг 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирэхэд манай Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригадад аав Цэвээний хамт малчнаар ажиллаж байсан. Ц.Б нь 1984 оны 5 дугаар сард цэргйин албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Ц.Б нь 1987 онд дахиад Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригаддаа малчнаар ажилласан. Ц.Б нь1987 он билүү, 1989 он билүү онд Лхагвын Оюунаатай гэр бүл болж, мөн л Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаан булан бригаддаа 1990 оны 12 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Намайг жилийн эцсээр тоо бүртгэгэхд малтайгаа байсан хүн юм... гэх мэдүүлэг

7. Гэрч Л.Баттөмөрийн ...Би 1980 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу одоогийн ******* багт нэгдлийн адуу хариулдаг байсан. Ингээд 1992 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэл тарсан ба би байгаль орчны байцаагчаар ажиллаж эхэлсэн. Би 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан юм. Ц.Бынхтой манайх айл байсан. Ц.Б нь 1980 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Ц.Б нь 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Ц.Б нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1990 он хүртэл бог мал малласан. Ц.Б нь 1987 онд цэргээс халагдаж ирсний дараа Лхагвын Бат-Оюунтай гэр бүл болсон юм. Ц.Б нь гэр бүл болсныхоо дараа Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* багт 1990 онд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Ц.Б нь өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа... гэх мэдүүлэг

Харин нэхэмжлэгч нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  , Ц овогт Ц-ий Б-ыг 1981 оны 10 дугаар сараас 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч  Ц.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ