| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
2024 01 11 2024/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч С.Чимэдцэеэ /томилолтоор/,
Шүүгдэгч М.М , Х.М , тэдний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309000002257 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч М.М , Х.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь Х.М тэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ таур” барилгын урд талын явган хүний гарц дээр зам гарахаар зогсож байсан Америкийн Нэгдсэн улсын иргэн К.К ы цэнхэр өнгийн жижиг гар цүнхтэй эд зүйл болох Бүгд Найрамдах Хятад Ард улсын мөнгөн тэмдэгт болох 7300 юань, Америкийн Нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт болох 11 доллар, виза карт 6 ширхэг, хятад ном 1 ширхэг, ногоон өнгийн паспорт 1 ширхэг, онгоцны билет 1 ширхэг, айрпод чихэвч 1 ширхэг, сим 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,494,620 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдер Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Irish” паб орчим хохирогч Б.Г ын “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,625,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” сургуулийн орчимд хохирогч Н.С ын халааснаас нь “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Х.М нь М.М тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ таур” барилгын урд талын явган хүний гарц дээр зам гарахаар зогсож байсан Америкийн Нэгдсэн улсын иргэн К.К ы цэнхэр өнгийн жижиг гар цүнхтэй эд зүйл болох Бүгд Найрамдах Хятад Ард улсын мөнгөн тэмдэгт болох 7300 юань, Америкийн Нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт болох 11 доллар, виза карт 6 ширхэг, хятад ном 1 ширхэг, ногоон өнгийн паспорт 1 ширхэг, онгоцны билет 1 ширхэг, айрпод чихэвч 1 ширхэг, сим 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,494,620 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орос 3” дугаар сургуулийн орчимд Б.А гийн эзэмшлийн “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Ревалүшн" нэртэй уушийн газрын орчим явж байсан иргэн Б.А ийн өмчлөлийн “Самсунг галакси эс-23 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2,639,600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн 1 дүгээр давхарт хохирогч ... -ийн эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, ... -д 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар тал), хохирогч К.К ы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал), хохирогч Б.Г ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал), насанд хүрээгүй хохирогч Н.С ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал), насанд хүрээгүй хохирогч Б.А гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал), хохирогч Б.А ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал), хохирогч ... -ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 76-78 дугаар тал), гэрч Н.М ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал), гэрч С.О ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал), гэрч М.О гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 97-98, 127-128, 157-158 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр тал), мөрдөгчийн магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 99, 130-131, 159-160 дугаар тал), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 45, 49, 110-111, 134-135 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 82, 89-90 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.М , Х.М нар нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч, мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч К.К д 3,494,620 төгрөгийн, хохирогч Б.Г од 3,625,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Н.С од 2,050,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.А д 1,225,000 төгрөгийн, хохирогч Б.А д 2,639,600 төгрөгийн, хохирогч ... -д 2,250,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.М , Х.М нараас дээрх нэр бүхий хохирогч нарын эд зүйлийг хураан авч, тэдэнд биет байдлаар хүлээлгэн өгсөн (1хх-ийн 22-23, 45, 49, 110-111, 134-135, 2хх-ийн 82, 89-90 дүгээр тал) байх тул шүүгдэгч М.М , Х.М нарыг тус тус бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч М.М , Х.М нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.М , Х.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоногийг;
Шүүгдэгч Х.М ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч М.М ад оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 744 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Х.М т оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 728 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хасч, тэднийг ял эдэлсэнд тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М.М , Б овогт Х.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М , Х.М нарыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг;
Шүүгдэгч Х.М ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч М.М ад оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 744 /долоон зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Х.М т оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 728 /долоон зуун хорин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хасч, тэднийг ял эдэлсэнд тооцсугай.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М , Х.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М , Х.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М , Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН