Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00673

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00673

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар ................ тоотод оршин суух, ..............овогт У-н Бн //-ийн нэхэмжлэлтэй, ........ тоотод оршин суух, Б овогт Л-ын Д-д // холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  08 дугаар 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00716/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Б миний бие нь 2013 онд Л.Дтай танилцаж, улмаар 2014 оны 03 сарын 18-нд гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулснаас хойш 2014 оны 05 сарын 28-нд хүү Д.Дөлгөөн төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд Л.Дыг өөр эмэгтэйтэй уулзаж байна гэх яриа надад их сонсогддог байсан. Мөн Л.Д нь намайг хардаж зодох болсон. Согтуу ирээд зодох үед нь манай найз П.А цагдаа дуудаж эрүүлжүүлж байсан удаатай. Энэ үеэс бид хоорондоо таарамжгүй харилцаатай болж, 2015 оны 10 дугаар сард бид хоорондоо хэрэлдээд Л.Д нь гэрээсээ гарч яваад, хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон. Би ээжийн хамт хүүгээ асарч амьдарсаар ирсэн. Л.Д нь 2015 оны 10 дугаар сард гэрээсээ гарч явснаас хойш бидэнтэй огт холбоо бариагүй бөгөөд хүүгээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж эдийн засгийн ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй. Л.Д бид 2 нь 2015 оноос хойш 5 жил тусдаа амьдарч байна. Би одоо өөр хүнтэй гэр бүл болж 1 хүүхэд төрүүлээд байна. Тус шүүхэд нэхэмжлэл гаргахад Эвлэрүүлэн зуучлалд хандаад дараа нь шүүхэд ханд гэсэн үндэслэлээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан тул Ховд аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Л.Д бид цаашид хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн харилцаа дуусгавар болсон тул Л.Д, У.Б бидний гэрлэлтийг цуцалж, 2014 оны 05 сарын 28-нд төрсөн хүү Дын Дөлгөөнийг эх У.Б миний асрамжид үлдээж, эцэг Л.Даас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагч Л.Д нь 2013 оноос У.Бтэй танилцаад, 2014 оны 4 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулсны дараа хүү Д.Б төрсөн. Нэхэмжлэгч, хариуцагч нар хэсэг хугацаанд эвтэй амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан гарсан. Энэ маргааны улмаас 2015 оноос хойш Л.Д, У.Б нар нь тус тусдаа амьдарсан. Эдгээр хүмүүсийн хувьд гэр бүлийн таарамжгүй харилцаа даамжирсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан боловч эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь У.Б нь өөр хүнтэй гэр бүл зохиосон бөгөөд хүүхэд төрүүлсэн. Л.Дын хувьд оршин суух тодорхой хаяггүй бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Одоогийн байдлаар Л.Дын хувьд улирлын чанартай ажил хийдэг. Мөн амьжиргааны төвшний хувьд боломжгүй хүн байгаа. Хариуцагч Л.Дын хувьд У.Бээс нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, хүү Д.Дөлгөөнийг эх У.Бий асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцоод эвлэрсэн.  Тэтгэлгийн талаар хариуцагчийн ажил хөдөлмөр эхэлдэг болон оршин суух газраасаа шалтгаалаад хоорондоо ярилцаад эвлэрсэн. Эдгээр хүмүүсийн хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  У.Б нь хариуцагч Л.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2013 оны 06 дугаар сарын 10 өдөр гэр бүл болж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 8401000066 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Дөлгөөн төрсөн болох нь 8401000362 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7,8 дугаар тал/

Нэхэмжлэгч У.Б, хариуцагч Л.Д нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч болон 2020 онд шүүхэд хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Дөлгөөний нас  болон  хүүхдэд тавих эхийн халамж, өссөн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийг эх У.Бий асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар нь хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай шаардлагад эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ. Ирүүлсэн эвлэрлийн гэрээнд хариуцагч Л.Д нь Д.Д-ний тэтгэлэгт 2020 оны 10 сарын 31-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 2021 оноос эхлэн хүү Д.Д-ийг 18 нас хүртэл буюу 2032 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд жил бүр 800.000 төгрөгийн тэтгэлэг төлөх, тэтгэлэгийг жил бүрийн 4 сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 8 сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөгөөр тус тус төлөх нөхцөлтэйгээр зохигчид эвлэрч байна гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, ... тэжээн тэтгэх... тухайгаа бие даан ... харицан тохиролцож болно гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлнэ гэж, 46.1-д тэжээн тэтгэх тухай гэрээг талуудын харилцан тохиролцсоноор өөрчилж, цуцалж болно гэж, 45.3-т тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлэгийн хэмжээ нь энэ хуулийн 40.4 буюу /тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна гэж тус тус хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлүүлэхээр Н.О-т, хариуцагч нь өөрийгөө төлөөлүүлэхээр Б.М-д тус тус итгэмжлэл олгосон байх ба гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гэрлэгчид нь тухайн хэрэгт эвлэрэх эрхийг олгосон байна. Гэрлэлтийн харилцаа нь бусад нийгмийн харилцаанаас илүү нарийн, хувь хүний үндсэн эрхэд хамаарах тул гэр бүлийн гишүүдийн эрх, хүсэл сонирхлыг нэн тэргүүнд тавих нь зүйтэй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан талууд гэдэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хамаарахгүй гэж үзэж тэжээн тэтгүүлэх гэрээний хэлбэрийн шаардлагыг шүүх хангахыг чухалчилсангүй. Учир нь бодит байдал дээр хариуцагч нь эрхэлсэн тодорхой, тогтвортой ажилгүй, орлогогүй байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн эрх ашгийн үүднээс энэхүү эвлэрлийг батлаж шийдвэрлэлээ.

Шүүхээс энэхүү хүүхдийн тэтгэлэгийн талаар эвлэрсэн эвлэрлийг баталсан хэдий ч нэхэмжлэгч У.Б нь хүү Д.Д-д олгогдох тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх, дутуу олгогдсон тэтгэлгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Д.Д-нийг  эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.Д-ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Л.Д-аас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх У.Б нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Л.Д-аас 3,840 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 100,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Бд   олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч У.Бд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  Товсон овогт Торгууд овогт Улаанхүүгийн Б // Борголдой овогт Лхагватогтохын Д // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Д-ийг эх У.Б-ний асрамжид үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариуцагч Л.Д нь Д.Д-ний тэтгэлэгт 2020 оны 10 сарын 31-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 2021 оноос эхлэн хүү Д.Дөлгөөнийг 18 нас хүртэл буюу 2032 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд жил бүр 800.000 төгрөгийн тэтгэлэг төлөх, тэтгэлэгийг жил бүрийн 4 сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөг, 8 сарын 30-ны өдрийн дотор 400.000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохирч байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүү Д.Дөлгөөний тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, дутуу авсан тэтгэлгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Дд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч У.Бд  тус тус даалгасугай.

5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Л.Д-аас 3,840 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 100,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Бд  олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Б-д  даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч У.Бд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч  Л.Д-д  тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ