Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/03079

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2020          11             11                                             183/ШШ2020/03079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........... тоот хаягт оршин суух Х овогт Ш.Н /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух Б овогт Ю.Г /РД:00000000/-д холбогдох

Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 69,35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Н 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн П.Эаас 2 өрөө байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба улмаар өөрийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх гэтэл иргэн Ю.Г нь орон сууцанд нүүж орчхоод гарахгүй байна. Учир нь Ю.Г нь уг орон сууцыг худалдан авах гэрээг “М” ХХК-ийн захирал А.Цтай байгуулж 40.000.000 төгрөгийг өгч авсан гэх боловч гэрээнээс сайн дураараа өөрөө татгалзаж, дээрх мөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг мөнгийг хариуцагч А.Цаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг байрыг захиалан бариулсан П.Эыг хариуцагчаар татсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээр хариуцагч биш гэж үзсэн шийдвэр гарсан. Ш.Н шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж, уг орон сууц ямар нэгэн маргаангүй байх тул өөрийн нэр дээр Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Иймд  орон сууцыг Ю.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ю овогтой Г би 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г “М” ХХК-ийн захирал А.Цтай байгуулан Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлах 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга төгрөгөөр тооцон, нийт 104.025.000 /нэг зуун дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож анх орон сууцны захиалгын гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулах үед “М” ХХК-ийн захирал А.Ц болон С.Н нарын хооронд мөн орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байсан бөгөөд намайг дамжуулан худалдан авагч гэж гэрээнд миний нэрийг оруулсан. Тухайн үед А.Цаас энэ нь ямар учиртай юм бэ гэдгийг тодруулахад манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Нтэй “Арматур нийлүүлэх гэрээ” байгуулсан байгаа, энэ гэрээнд зааснаар танай захиалсан 412 дугаар байрны 3 давхрын 13 тоотын 69.35 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцон 104.025.000 /нэг зуун дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгөөр тооцож С.Нд төмрийн үнэнд өгөхөөр харилцан тохиролцсон байгаа. Энэ 2 өрөө орон сууцыг С.Н өөрөө зарах сонирхолтой байгаа ба арматур төмрийн үнийг бэлэн мөнгөөр авах саналтай байгаа, чиний зүгээс гэрээний урьдчилгаа болох 40.000.000 /дөчин/ сая төгрөгийг С.Нд төлөхөд болно харин үлдэгдэл төлбөрөө банкны зээлийн эх үүсвэрээр шийдээд өгчих гэж надад хэлж байсан юм. Гүйцэтгэгч компанийн захирал гэх А.Цын хэлсний дагуу 2019 оны 7 дугаар арын 26-ны өдөр байрны урьдчилгаа болох 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг С.Нийн өөрийнх нь өгсөн 0000000000 Хаан банкны данс руу шилжүүлэх гэсэн боловч түүний нэр дээр ямар нэгэн данс бүртгэлгүй байсан, энэ талаар өөрт нь хэлэхэд “...бид энэ мөнгийг төмрийн үнэ...”-нд шилжүүлэх ёстой гэж хэлээд арматур төмөр худалдан авсан БНХАУ-ын иргэн Г-ийн Хаан банкны 000000000 тоот төгрөгийн дансанд өөрөө зааж өгч шилжүүлж байсан. Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан нь үнэн болох талаар барилгын гүйцэтгэгч “М” ХХК-нийн захирал А.Ц өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд бидний зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкаар судлуулах үед тэрээр “Голомт банк”-нд намайг урьдчилгаа мөнгийг бүрэн төлсөн талаар тодорхойлолт гарган өгч байсан болно. Барилгын гүйцэтгэгч компанийн захирал А.Ц нь надаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсны дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин надтай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан уг гэрээндээ төлбөр төлөх графикийн хувьд өөрчлөлт оруулан 2019 оны 8 дугаар сарын 31-ний дотор үлдэгдэл төлбөр болох 64.025.000 /жаран дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгийг Банкны зээлийн эх үүсвэрээр төлнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар дээрх гэрээний дагуу манайх өөрийн захиалсан 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа нүүн орж амьдарч байгаа бөгөөд орон сууц захиалгын гэрээний дагуу тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн ойлголттой хүлээж байсан. П.Э гэгч нь хэлэхдээ “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтад орсон сууцыг 1 м.кв-ыг нь 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан борлуулахаар бид харилцан тохиролцсон байгаа, 1 м.кв-ыг нь 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр та нартай огт тохирохгүй, хэрэв та нар энэ 2 өрөө орон сууцыг авна гэвэл 1 м.кв-ыг нь дор хаяж 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тооцно гэх зэргээр шантаачилж, сүүлдээ гэрт ирж байрнаас гар, яаралтай чөлөөл, энэ миний байр гэх зэргээр байнга дарамталж байсан болно. Бидний зүгээс анх гэрээ байгуулахдаа П.Э болон “М”ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээтэй гэж огт мэдээгүй бөгөөд П.Эад бид санал тавьж орон сууцны үлдэгдэл төлбөрт бүтэн сийлбэртэй 8 ханатай, иж бүрэн тавилгатай гэрийг 60.000.000 /жаран сая/ төгрөгт тооцоод авах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах талаар ярилцахад “...бүтэн сийлбэртэй 8 ханатай, иж бүрэн тавилгатай гэрийг чинь авъя, мөн банкнаас гарах 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг надад төлөөд...” үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж ав гэсэн хууль бус шаардлага хүртэл тавьж байсан. Улмаар би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан П.Э, “М” ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээс уг нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд 183/ШШ2020/00459 дугаар шийдвэр гарч хариуцагч “М” ХХК-иас 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 377.950 /гурван зуун далан долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Гт олгохоор шийдвэрлэсэн болно. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан ажиллагааг хийлгүүлж байгаа болно. Уг ажиллагааг хийлгүүлж байгаатай холбогдуулан уг 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах болон шилжилт хөдөлгөөн хийх талаар хориг тавигдсан байгаа болно. Гэтэл П.Э гэгч этгээд нэхэмжлэгч Ш.Над дахин худалдан борлуулсан болохыг энэ нэхэмжлэлтэй танилцах үедээ олж мэдлээ. Өөрийгөө захиалагч гэх П.Э нь барилгын гүйцэтгэгч гэх “М” ХХК-иар дамжуулан надтай захиалгын гэрээ байгуулах нэрээр надаас авсан урьдчилгаагаар уг барилгаа үргэлжлүүлэн барьчхаад шүүхийн шийдвэрийн дагуу надад мөнгө төлөх болохоор давхар бусдад зарж ашиг хонжоо олж байна гэж үзэхэд хүргэж байна. Миний бие дээр дурдсан 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны талаар Ш.Наас өмнө шүүхээр маргаан үүсгэж, уг маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэгч гэх Ш.Н надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ нэхэмжлэлийн шаардлагыг надад холбогдуулан гаргахаас илүү худалдагч П.Эад холбогдуулан гаргах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа болно. Иймд Ш.Нын гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь би биш тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.07.26-ны өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан ба анхны захиалагч нэхэмжлэгч байсан юм бол гэрээ байгуулсан байх ёстой. Харамсалтай нь ийм гэрээ байхгүй. 2019 оны 9 дүгээр сараас маргаан гарч Э гэдэг хүн метр квадратыг 2,2 сая төгрөгөөр зарах байсан гэх мэт маргаан гарч шүүхэд хандахад хүргэсэн. Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад байрыг Н дээр гэрчилгээ гаргуулж байгаа нь хууль бус бөгөөд энэ хүний өмчлөх эрх хэрхэн үүссэн нь ойлгомжгүй байна. Анхнаасаа орон сууцыг захиалсан байсан юм бол шүүх дээр маргаад явж байхад мэддэггүй юм уу, 44 000 000 төгрөгөөс М ХХК нэг ч төгрөг өгөөгүй гэв.

         Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 69,35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Н 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ш.Н нь байрны эзэн П.Эаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр уг байрыг өмчлөлдөө шилжүүлж авсан боловч Ю.Г байр чөлөөлж өгөхгүй байгаа, Ю.Г М ХХК-тай маргаантай үндэслэлээр байр чөлөөлж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй” гэсэн бол хариуцагч “....энэ орон сууцанд миний арматур төмрийн үнэ шингэсэн буюу анхнаасаа өмчлөгч байсан, түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу М ХХК нь уг байрны урьдчилгаанд төлсөн миний 44 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул чөлөөлөх боломжгүй” гэж татгалздаг байна.

          Хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00459 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан байх ба нэхэмжлэгч Ю.Г нь Хан-Уул дүүргийн ............. тоот орон сууцын худалдах авах гэрээнээсээ татгалзсаныг дүгнээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу талуудын гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж, хариуцагч М ХХК-иас 44 000 000 төгрөгийг гаргуулж Ю.Гт олгохоор шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн агуулгад өөрчлөлт оруулалгүйгээр хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 998 дугаартай магадлал гаргажээ.

Улмаар уг хэрэгт зохигчдоос хяналтын гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

           Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 69,35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.Н бүртгэгдсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу өмчлөгчийн өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй эзэмшиж ашиглах эрхэнд бусад этгээд саад болох үндэслэлгүй.

        Иймд хариуцагч Ю.Г маргаан бүхий орон сууцыг худалдан авах гэрээнээсээ татгалзаж, татгалзлын үр дагаврыг шийдвэрлэсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00459 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн 13 тоот орон сууцны хувьд хууль ёсоор эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

          Иймд нэхэмжлэгч Ш.Н нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Ю.Гын хууль бус эзэмшлээс  Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 69,35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ю.Гын хууль бус эзэмшлээс дурдсан орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч нь 13 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Ш.Над өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх гомдолтой асуудлаар бүртгэлийн байгууллагад холбогдуулан шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Нын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 69,35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч Ю.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ю.Гоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Над олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.ЧУЛУУНЧИМЭГ