Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 

 

 

 

2024           01            30                                         2024/ШЦТ/123                     

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Э.Мөнхболд,

Шүүгдэгч Н.Б    нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж      овогт Н   н Б д холбогдох эрүүгийн 2309020232023 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, орцны үйлчлэгч ажилтай, ам бүл 6, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байрны 135 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Н н Б , /РД:ХЛ68072569/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б    нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...  тоотод орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ж.Б ийн зүүн бугалга, цээжний баруун хажуу талд хазаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгын гадна, дунд хэсгийн зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, бугалгын дунд, доод хэсгийн олон тооны шарх, цээжний баруун хажуу доод хэсгийн шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч Н.Б    нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...  тоотод орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ж.Б ийн зүүн бугалга, цээжний баруун хажуу талд хазаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгын гадна, дунд хэсгийн зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, бугалгын дунд, доод хэсгийн олон тооны шарх, цээжний баруун хажуу доод хэсгийн шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд Шинэ замын тэнд нэг том худалдааны төв байх шиг байсан бөгөөд тэр төв рүү орох үед миний гэдэс базлаад бие засах газар орох хэрэгтэй болоод тухайн худалдааны төвийн урд байрлах том газрын тэр хавьд явж байсан эмэгтэйгээс бие засах газар байна уу гэхэд уг том хашаанд бие засах газар байгаа гээд зааж өгөхөөр нь бие засах газар луу явж байхад хажуу талаас буюу баруун талаас нохой дайрч ирээд шууд миний гараас болон хэвлий бөөр хэсгээс хазаад байж байхад ...нэг охин гарч ирээд надад бие засах газар зааж орсон эмэгтэйтэй хамт тэр нохойг салгаж авсан. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү машинаар явсан. Тэр нохойны эзэн гэх 65 орчим насны эмэгтэй хүн байсан. Өөрийгөө тэр нохойны эзэн нь гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг эмнэлэгт хэвтэж байхад тэр нохойны эзэн нь би байна гэж хэлсэн. Өөр онцын зүйл хэлж яриагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

-дахин өгсөн: ...Би одоо нөхөн төлбөр болох 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Надад нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгтэй холбоотой баримт байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр тал/,

 

Гэрч Б.Ү ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн үед би гэртээ байж байтал гадаа хүн хашхирах чимээ гарахаар нь гараад хартал манай нохой нэг эмэгтэйг зуусан, манай ээж уг эмэгтэйг салгах гээд ноцолдож байгаа харагдсан. Би сандраад гүйж очоод өөрийнхөө нохой руу газраас гарт баригдсан шавар болон чулуу авч шидсэн. Тэгээд манай нохой уг эмэгтэйгээс салахаар нь нохойгоо хүзүүнээс нь зуураад салгаад авсан. Гэтэл уг эмэгтэй яваад өгсөн. Б  эгч бид нар цуг тэжээдэг юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

Гэрч Н.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн үед намайг хашаандаа байж байтал нэг үл таних эмэгтэй бие засах газар байна уу гэж асуухаар нь би газарт орсон хашааг нь буулгасан газар байдаг бие засах газрыг зааж өгсөн. Тэгтэл нөгөө хүүхэн цаана чинь байна гэдгийг ойлгохгүй наашаа манай гэрийн зүг рүү явсан. Гэтэл цаанаас нохой гүйж ирээд уг хүүхнийг зуураад авсан. Тэгэхээр нь би сандраад хашаанаас гараад нөгөө хүүхнийг нохойноос салгах гэтэл нөгөө нохой уг хүүхний ханцуй хэсгээс нь зуусан салахгүй байсан. Тэгээд манай охин гэрээс гарч ирээд бид хоёр нийлж байгаад уг хүүхнийг нохойноос салгасан чинь яваад өгсөн. Цаана нь машин байсан юм шиг байсан эргэж ирээгүй. ...Манай хашаанд байдаг эгч Б н нохой байгаа юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8670 дугаартай “...Ж.Б ийн биед зүүн бугалгын гадна дунд хэсгийн зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, бугалгын дунд, доод хэсгийн олон тооны шарх, цээжний баруун хажуу доод хэсгийн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 10 цагийн үед ажилдаа явах үед манай нохойны уяа нь тасарчихсан байх шиг байсан бөгөөд хашааны сүүдэрт хэвтэж байсан. Би ажил руугаа яарч байсан болохоор нохойныхоо уяаг нь солиод уяарай гэж гэрт байсан дүү Н.Г д гадаа байхдаа хэлээд явсан. Намайг орой 18 цагийн үед ажлаа тараад ирэхэд манай нохой хүн урчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.Б    нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Манай нохой дандаа уяатай байдаг. Тухайн үед нохой сул тавигдсан байсан. Намайг ажил тараад орой 18 цаг өнгөрөөд ирэхэд ийм асуудал үүссэн байсан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Н.Б    нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...  тоотод орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ж.Б ийн зүүн бугалга, цээжний баруун хажуу талд хазаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгын гадна, дунд хэсгийн зөөлөн эдийн дутагдал бүхий шарх, бугалгын дунд, доод хэсгийн олон тооны шарх, цээжний баруун хажуу доод хэсгийн шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирогч нь гомдол саналгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Б    нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог юм.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8670 дугаар дүгнэлтээр хохирогч Ж.Б ийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч Н.Б г Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б ийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Н.Б    нь 150,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Ж.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Б    нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Н   н Б г “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан торгох ялыг  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН