Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

 

 

 

 

  2024           01          30                                         2024/ШЦТ/124                          

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Э ын А д холбогдох эрүүгийн 2309000002895 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 04 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Э.Б тэй маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч Э.А нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 04 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Э.Б тэй маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Б ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед Ү  тэй фейсбүүк мессенжер чатаар холбогдоод уулзахаар болсон. Бид хоёр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, "..." лоунжид уулзаад нэг хүний хоёр ширхэг 500 граммын савлагаатай “Tiger” нэртэй пиво уусан. Тэндээсээ 00 цагийн үед гараад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “...” бааранд орсон. Тэндээ бүжиглэж байгаад 50 граммын коньяк, нэг хүний гурван ширхэг пиво, нэг ширхэг “Лонг айланд” коктейль уусан. Би “...” баарны текэн дээр суугаад “Лонг айланд” уугаад сууж байхад бие нь туранхай галбиртай, шөвгөр царайтай нэг эмэгтэй надаас холгүйхэн бүжиглэж байсан. Би тухайн эмэгтэй дээр очоод “Танилцъя, Инстаграмаа өгөөч” гэхэд намайг тоохгүй байсан. Би буцаад сууж байсан газраа очоод суусан. Тэгж байтал нөгөө эмэгтэй над дээр ирээд миний насыг асуусан. Бид хоёр ярилцаж байгаад /Яагаад явсныг нь сайн мэдэхгүй байна. Би их согтсон байсан/ нөгөө эмэгтэй гараад хажуу талын “...” гэх баар луу орсон. Би дагаад “...” баар луу орсон... Миний санаж байгаагаар бол би тэр эмэгтэйтэй хамт явсан хүмүүстэй ул ойлголцсон. Миний “...” руу хамт орсон эмэгтэйн найз намайг найзыг нь дагуулж явах гэж байна гэж бодоод байх шиг байсан. Би үл ойлголцол болоод байна гэж мэдээд “За явъя даа” гэж бодоод нэг хоёр алхтал үл ойлгосон эмэгтэй намайг цохиод авсан. “...” баарны хамгаалагч нар салгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд надад цус арчих цаас өгсөн. ...Миний биед “...” бааранд танилцсан эмэгтэйн найз л ганцхан халдсан. Гэнэт л миний баруун нүдний хэсэг рүү нэг зүйлээр хүчтэй цохигдох шиг болсон. Би баруун нүдний доод талд 5 ширхэг оёдол болон баруун нүдний сормуусны дээд талд 2 ширхэг оёдол тус тус тавиулсан. ...Би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй. Би зун 150,000 төгрөгөөр хамлионтой харааны шил хийлгүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Эхнэр А  хэлсэн шаардлагыг нь биелүүлэхгүй зөрөөд байсан учраас нүдний шилтэй өндөр залууг нэг удаа алгадсан. Алгадах үед тухайн залуугийн нүдний шил нь цохигдоод хамрын хажуугийн хэсэг нь шалбарч цус гарсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14349 дугаартай “...Э.Б ий биед баруун нүдний гадна булан, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн ү...лэлт /хх-ийн 11-13 дугаар тал/,

 

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-20 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:...Нүдний шилтэй үл таних залуу манай найз Уугийг согтууг нь далимдуулаад авч явах гээд байсан. Би найзыгаа өгч явуулахгүй гэж тухайн залууд хэлсэн боловч миний үгийг авахгүй байсан учир найзыгаа хамгаалаад тухайн нүдний шилтэй залууг нэг удаа алгадсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Э.А гаас шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Э.А нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 04 цаг 24 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Э.Б тэй маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний гадна булан, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч нь 150,000 төгрөгийн шилээ хагалуулсан зүйл мэдүүлсэн боловч баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй учраас энэ талаар баримтаа бүрдүүлээд Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.А нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14349 дугаар дүгнэлтээр хохирогч Э.Б ий биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.А нь хохирогч Э.Б ий биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.А г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Харин хохирогч Э.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Э.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.А нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Э.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Э.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Э ын А г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН