Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02493

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           09             07                                                102/ШШ2020/02493 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: БЗД, 0 хороо, 000-0000 тоот хаягт оршин суух БНСУ-ын иргэн Л К /L K/, РД: ААА00000000/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, 0 хороолол, З гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ө гэлэн овогтой Д-ын Ц /РД: АА00000000/,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, 0 хороолол, З гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, У овогтой Т-Ө-гийн Б /РД: АА00000000/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн L K нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр иргэн Д.Ц болон Т.Б нартай “Зээлийн гэрээ" байгуулж 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байдаг. Хариуцагч нар нь гэрээний 2.2-т зааснаар 2019 оны 1 сарын 2-ны өдөр мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш удаа дараа удахгүй төлнө гэж худлаа хэлж цаг хугацаа өнгөрөөсөөр өдийг хүрсэн. Заримдаа мөнгөнийхөө оронд бараа авах уу, мах авах уу гэх мэтээр биелэх боломжгүй зүйл ярьж байгаад алга болдог. Хариуцагч нарын үйлдлийг харвал залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч хэлж байснаараа төлөх арга хэмжээ авах байх гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад хандалгүй шүүхэд хандлаа. Хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байна. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, гэрээний 2.2-д зааснаар зээлийн хүү 2,500,000 төгрөг, хохирол 12,500,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн L K -той зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн болно. L K болон түүний монголд ажиллуулдаг салбар солонгос хоолны газруудтай хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг харилцагч бизнесийн түншүүд байсан. Харин миний эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлсэн мөнгөө хугацаандаа өгч чадахгүйд хүрсэн болно. Зээлсэн мөнгөө төлөхийн тулд надад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна. Гэсэн ч харилцаа холбоотой цаашид дахин хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн зорилготой байсан. Харин нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л к нь хариуцагч Т.Б, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 2,500,000 төгрөг, хохирол 12,500,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар гаргажээ.

 

            Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

         Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л к нь хариуцагч Т.Б, Д.Ц нартай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан байна. /хэргийн 7 тал/

 

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасаны дагуу зээлдүүлэгч БНСУ-ын иргэн Л к нь 20,000,000 төгрөгийг зээлдэгч Т.Б, Д.Ц нарт шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээний 2.4-т зааснаар зээлдэгч Т.Б, Д.Ц нар үндсэн зээл 20,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үндсэн зээл 20,000,000 төгрөгийг зээлдэгч нараас шаардах эрхтэй байна. 

 

            Талууд гэрээний 2.2-т зээлдэгч нэг сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул зээлдүүлэгч БНСУ-ын иргэн Л к нь зээлдэгч Т.Б, Д.Ц нараас 3 сарын хүү 2,400,000 төгрөг шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу Т.Б, Д.Ц нар нь зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг БНСУ-ын иргэн Л к шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч нарт холбогдуулан хохирол 12,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчид ямар хохирол учирсан болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, 12,500,000 төгрөгийн ямар хохирол учирсан, тэрхүү хохирол нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Т.Б, Д.Ц нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 22,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л кд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б, Д.Ц нараас үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 22,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л кд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л к-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 269,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л к-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  • ШҮҮГЧ                                            Ч.БАТЧИМЭГ