Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,    

            Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ц-гийн Н-д холбогдох эрүүгийн 2324000000074 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны ... дугаар сарын ..-нд .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, ........., боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... аймгийн ...... сумын ...... багт түр оршин суух, ........ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ш....овогт Ц-гийн Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ........ аймгийн ...... сумын .............. багийн Наран хороололд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.О-ийн толгойн тус газарт нь данхаар цохиж, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн    өмгөөлөгч    М.Гомборагчаа   нь   шүүх   хуралдаанд  гаргасан

 тайлбартаа: “...Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэж тус тус тайлбарлажээ.

Харин шүүгдэгч Ц.Н нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид төлөх хохирол төлбөргүй байгаа...” гэж мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад би өөрийн нөхрийн хамт Н-ийн байшинд 2 шил архи уусан. Тухайн үед Н-ийн гэрт Н түүний эхнэр А, би, манай нөхөр байсан. Тэр үед Н ширээн дээр байсан саарал өнгийн данхыг аваад миний толгойны зүүн талд нэг удаа данхаар хүчтэй цохисон. Тэгээд манай нөхөр Г цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг данхаар цохихоос өмнө бид дөрөв хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гэнэт л Нацагаа ширээн дээр байсан данхаар намайг цохисон. Тэгээд цагдаагаас хүн ирээд би эмнэлэгт үзүүлээд нөхрийнхөө хамт гэртээ очиж амарсан. Толгойн зүүн талд 1 ширхэг оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Н-ийн гэрлүү би, Н, түүний эхнэр А, манай эхнэр О нарын хамт бой хийсэн газраасаа шууд тэднийх рүү ирсэн. Тэгээд тэднийд хоол унд хийж идчихээд нэг шил Хараа гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи задлаад түүнийг ууж дуусгасны дараагаар дахин нэг шил Хараа гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг бид 4 хувааж уусан. Тэгээд байж байтал шөнийн 01 цагийн үед манай эхнэр О-ийг Н нь ширээн дээр байсан данхаар нэг удаа хүчтэй цохисон. Яагаад цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед бой хийх ажлаасаа тараад шууд манай гэрт Н, О, Г нарын хамт ирээд хоол хийж идчихээд нэг шил Хараа гэх нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи задлаад ууж дуусгасныхаа дараа дахин нэг шил Хараа нэртэй 0,5 литрийн архийг бид дөрөв хувааж ууж дууссан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай нөхөр Н ширээн дээр байсан данхыг цонх нь дээр  тавих гэж байхдаа алдаад О-ийн толгой дээр нь унагаачихсан. Тухайн үед бид дөрөв хоорондоо маргалдсан муудалцсан зүйл байхгүй. Хоорондоо зодолцсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн

өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр гарсан, 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цаг болж байхад манай эмнэлэг дээр нэг эмэгтэй толгойн зүүн чамархайн дээд талын хэсэгт цус гарсан, шархтай хүн ирсэн. Тэгээд би тухайн эмэгтэйг үзээд толгойн зүүн чамархайн дээд талын хэсэгт нь нэг оёдол тавьж, анхны тусламж үзүүлсэн. Тухайн эмэгтэй хүнд тусламж үзүүлээд байж байтал түүний дагаж явсан гэх нэг эрэгтэй түүнийг ханиа гэж дуудаж байсан. Би анхны тусламж  үзүүлээд дууссаны дараа тухайн эмэгтэйд шархаа өдөр болгон ирж цэвэрлүүлээрэй, хүйтэн жин тавиарай гэж зөвлөсөн. Тэр эмэгтэй Д-ийн О гэж өөрийгөө танилцуулж байсан. Айлд архи ууж байхад намайг данхаар хүн толгой руу цохисон гэж хэлж байсан. Би тэр хүнээс хэн толгой руу нь цохисон талаар лавлаж асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000000367 дугаартай: "...Д.О-гийн зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Д.О-гийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Д.О-гийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Д.О-гийн биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. 5. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй...”гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000000366 дугаартай: “...1.Ц.Н-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Мөрдөгчийн 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “...Монгол гэр 3,000,000 төгрөг, данх 20,000 төгрөг нийт 3,020,000 төгрөг...” гэсэн магадлагаа, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.О-гийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч Ц.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэх, гэрлэсний, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай, регистрийн дугаар, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд, Хаан банкны тодорхойлолт, З- аймгийн ._... сумын __ багийн засаг даргын тодорхойлолт, Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Ц.Н-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ..... аймгийн ..... сумын ..... багийн Наран хороололд байрлах өөрийн гэртээ согтуугаар Д.О-гийн толгойн тус газарт нь данхаар цохиж, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Д.О-гийн бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

 

Шүүгдэгч Ц.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч Д.О-ийг данхаар цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.О-гийн “...Толгойны болон өвчин намдаах 2000-3000 төгрөгний эм авсан. Би Ц.Н-той найз учир уг мөнгийг нэхэмжлэхгүй. Надад учирсан хохирол гэх юм байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Н надаас уучлалт гуйсан учраас гомдолгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 литрийн багтаамжтай 1 ширхэг данхыг шүүгдэгчид буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн  Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчийн эзэмшлийн 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 литрийн багтаамжтай 1 ширхэг данхыг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ