| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ш-ын Н-д холбогдох эрүүгийн 2324000000073 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-нд.... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, ..........., ............., мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........аймгийн ..... сумын ............. багт оршин суух,................ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овогт Ш-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух А овгийн Ш-ын Н нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр З аймгийн .... сумын ........ багийн нутаг "Элстий" гэх газрын ойгоос хэрэглээний шинэс төрлийн 0,5711 метр куб, түлээний 1,1088 метр куб, нийт 1,6799 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 234,532 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын дагуу шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэж тус тус тайлбарлажээ.
Харин шүүгдэгч Ш.Н нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ш.Н нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ.Тухайн газар ойн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. ..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Их-Уул сумын байгаль хамгаалагч С.О-өөс № 23-059166 дугаартай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг авсан. Тэгээд эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж Их-Уул сумын төв рүү Ш.Н-гийн "Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, тэднийхтэй манай хүүхэд О.Б-нх хамт Элстийн ам гэх газарт намаржиж байгаа юм. Манай гэр Их-Уул сумын төвд байдаг бөгөөд би хагас бүтэн сайнаар өөрийн хүүхэд О.Б-д очдог юм. Намайг 2023 оны 10 дугаар сарын 03, 04-ний үед О.Б-д очсон байхад Ш.Н гэрийн гадаа түлэх түлээ муутай боллоо Элстийгээс галын мод бэлтгэнэ гээд өөрийнхөө Бонго маркийн автомашинтайгаа явж байсан. Би сүүлд нь сонсоход Ш.Н галын түлээний модоо Элстийгээс бэлтгээд буцах замдаа автомашинаа эвдээд хүнээр чирүүлж ирсэн гэж сонссон. Тэгээд саяхан 2 хоногийн өмнө хотоос автомашиныхаа сэлбэгийг авчирсан гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 12-ны орой 21.00 цагийн үед Ш.Н надтай уулзаад өнөөдөр Тосонцэнгэл сумаас ирсэн цагдаа нар Элстийгээс Г.Х-ын мод бэлтгэж хашаа барьсныг шалгаж явахдаа Элстийгээс миний бэлтгэсэн модтой таарсан байна надаас эрхийн бичиг гоожин байна уу гээд асуугаад байна, танд 09 сард авсан түлээний модны эрхийн бичиг байгаа биздээ надад өгч туслаач гээд гуйхаар нь би 2023 оны 09 дүгээр сард авсан өөрийнхөө No23-059166 дугаартай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг Ш.Н-д өгсөн юм. Миний хувьд Ш.Н-г эрхийн бичиг байхгүй гээд гуйгаад байхаар нь тус болох санаатай өөрийнхөө түлээний модны эрхийн бичгийг өгчихсөн юм. Ш.Н надад Элстий гэх газраас галын түлээний мод бэлтгэсэн гэсэн. Миний хувьд тэр модыг нүдээр хараагүй..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Ш.Н 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг өнгөрч байхад миний 98700730 дугаарын утас руу залгаад Хонгор багийн нутаг Элстийд галын түлээний мод бэлтгэсэн чинь машин хөдлөхөө байлаа чи ирээд үзээд өгөөч гэсэн юм. Тэгээд би сумын төвөөс өөрийнхөө Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тухайн газарт яваад очтол манай ахын автомашин нь хөдлөхөө байсан бөгс нь эвдэрчихсэн юм шиг байсан. Тэгээд би өөрийнхөө Приус-20 маркийн 33-73 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Элстий гэх газраас ахынхаа Бонго 2 маркийн 80-21 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирээд Элстийн аманд гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Намайг Элстийд очих үед уулын бэлд шинэс төрлийн хуурай Бонго арай хүрэхгүй галын түлээг манай ах Ш.Н ганцаараа бэлтгээд уулнаас цагаалсан байсан. Тэгээд манай ах Ш.Н автомашиныхаа сэлбэгийг хот руу захисан гээд нэлээн хэд хоносон. Тэгээд саяхнаас машины нь сэлбэг ирээд засаж янзалсан байгаа. Манай ах гоожин эрхийн бичгийн талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй, би ч асуугаагүй. Ямар ч байсан галын түлээний мод бэлтгэсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,
Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түлээний 8 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин өөр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар хуурай унанги мөчир, гишүүг бэлтгэх ёстой. Мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авч эрхийн бичигт заагдсан газраас бэлтгэж эрхийн бичгийн хугацаанд тээвэрлэх ёстой. Хэрэв эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Тухайн газар нутаг ойн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Иргэд цэвэрлэгээний ажлаар хатсан хуурай унанги модыг хэрэглээ түлээний зориулалтаар бэлтгэж болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2023 оны 10 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ер нь 2023 он гарсаар мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь ойн ангийн шинжээч Б.Д-гийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай: “...1. Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ хуурай мод байна. 2. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний мод байна. 2,20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. 3. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх модны тайралт жигд 2023 оны 10 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой. 4 Хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.660.20-E98.802.498 N 48.659.44, Е 98.802.93 цэгүүдээр мод бэлтгэсэн газар нутаг Их-Уул сумын Хонгор сумын Нутаг Элстий гэх газар байна. 5. Мод бэлтгэсэн газар нь ойн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. 6. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг, хэрэглээний мод 0,5711 метр куб, түлшний мод 1,1088 метр куб нийт 1,6799 метр куб мод байна. Ойгоос бэлтгэсэн модний нийт эдийн засгийн үнэлгээ, БОАЖ-ын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн эколого эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж бэлтгэсэн мод 0,5711 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 112,831 төгрөг.
Түлшний модны 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн үнэлгээ 109,760 төгрөг болж бэлтгэсэн мод 1,1088 метр кубээр үржин экологи эдийн үнэлгээ нь 121,701 төгрөг нийт 234,532 төгрөг болж байна.
7. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Иргэн ойгоос бэлтгэхдээ сумын байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэх ёстой. Босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй.
8. Ойгоос мод бэлтгэсэн гэх иргэн Ц.Н нь Ойн тухай 35.4.2 дугаар зүйл заалт зөрчсөн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай: “...1.Иргэн Ш.Н нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 1,6799 метр куб шинэс төрлийн хэрэглээний болон түлээний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Б.Д-ийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ 234,532 төгрөгний шинжээчийн дүгнэлтийн мөнгөн дүнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн 703,596 төгрөгийн нөхөн төлбөр тавив.
2. Иргэн Ш.Н нь зохих зөвшөөрлийн эрхийн бичиггүй ойгоос 1,6799 метр куб шинэс төрлийн мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д заасныг зөрчсөн байна.
3.Иргэн Ш. нөхөн төлбөр 703,596 төгрөгийг байгаль орчин, уур амьсгалын сангийн 1000900013040 дугаарын дансанд тогтоосон хугацаанд тушааж тасалбарын нэг хувийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг мэдэгдье...” гэсэн нөхөн төлбөр тогтоосон акт, мод бэлтгэсэн газрын тойм зураг,
БУЮА ҮНЭЛГЭЭ ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.С-гийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 79 дугаартай: “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2023 оны 10 сарын байдлаар шинэс төрлийн хар мод 26 ширхэг 1,6799 метр куб, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2016 онд авсан цагаан, улаан хөх өнгөтэй цахилгаан хөрөө, суран уяа зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 274,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч Ш.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч Т.Н-ийн мэдүүлэг, 2022 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо, .......... аймгийн .... сумын ....... багийн засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэл, оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэх, жолооч, гэрлэсний, регистрийн дугаар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрх зэрэг лавлагаанууд, шүүгдэгчийн хүүхдүүд болох Н.Б, Н.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, Хаан банкны тодорхойлолт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Ш.Н нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр .... аймгийн .......... сумын .............. багийн нутаг "Элстий" гэх газрын ойгоос хэрэглээний шинэс төрлийн 0,5711 метр куб, түлээний 1,1088 метр куб, нийт 1,6799 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж сумын ойн санд 234,532 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 234,532 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 234,532 төгрөг гэж үзнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Ш.Нэргүйн ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 234,532 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 703,596 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 703,596 төгрөгийг шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ш.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. .
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хэрэглээний шинэс төрлийн 0,5711 метр куб түлээний 1,1088 метр куб нийт 1,6799 метр куб мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан , улаан хөх өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 3,47 метр суран уяаг тус тус улсын орлого болгож, дээрх эд зүйлсийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ш-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Ш.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэглээний шинэс төрлийн 0,5711 метр куб түлээний 1,1088 метр куб нийт 1,6799 метр куб мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан , улаан хөх өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, 3,47 метр суран уяаг тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ