Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02530

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           09             09                                                 102/ШШ2020/02530

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД, 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, У овогтой Ж-ны Б /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 00-0 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогтой М-ын Б /РД: АА00000000/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б миний бие 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр М.Б-тэй танилцаж******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б-ын А******* оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Ингээд М.Б бид хоёрын хоорондын харилцаа 2015 оноос эхлэн эрс муудаж маргалдах болсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.Б нь согтуу байх үедээ хөлчүүрхэн хайчаар миний биед гэмтэл учруулсны улмаас гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Хэдийгээр надад гэмтэл учруулсан ч гэсэн охин Б.А-гийн ирээдүйг бодож М.Б-тэй эвлэрч******* оны 9 дүгээр сараас эхлэн дахин хамт амьдарч эхэлсэн. Ингээд бидний дундаас ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Х маань төрсөн. Гэтэл******* оны 07 дугаар сараас эхлэн М.Б-ийн зан ааш эрс өөрчлөгдөж 1 настай хүү Б.Х-ийг авч гэрээс явахыг шаардаж, хөөж эхэлсэн тул би арга буюу хүү Б.Х-ийн хамт 2020 оны******* дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл орон сууц хөлсөлж амьдарч байгаа болно.

М.Б нь энэ хугацаанд хүү Б.Х-ийг авчирч өгөхийг шаардах бүрт нь би аваачиж өгдөг байсан боловч тэрээр хэд хоногийн дараа хүүхдээ ав гэхчилэн харааж зүхэж эхэлдэг тул буцааж хүүгээ өөр дээрээ авдаг. Миний хүү Б.Х нь миний асрамжинд байх хугацаанд цаг тухай бүрт эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдаж эрүүл саруул өсөн бойжиж байгаа болно. М.Б бидний хооронд үүссэн зөрчил, харилцаа цаашид хоёр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, эрүүл тайван орчинд өсөн хүмүүжихэд нь муугаар нөлөөлөх магадлал өндөр байгаа тул Ж.Б миний бие М.Б-тэй гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хүүхдийн асрамж болон, дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хариуцагчтай харилцан тохиролцсон болно гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Б-тай******* оны 08 сараас гэр бүл болж,*******.12.05-ны өдөр том охин болох Б.А төрсөн. Гэр бүл болсон үеэс л эхпэн Б-ын муу зан авирууд нь ар араасаа танигдаж, бие махбодод минь санаатайгаар 6 удаа халдаж хүчирхийлсэн байдаг. Үүнийг нэг бүрчлэн дор дурдвал:

1.******* онд Быг ажлаас ирэхэд нь “Гоё хоол хийсэн" гээд үзүүлтэл: "Хоолондоо ямар их мах хэрчиж хийсэн юм бэ? Би хоол идэхгүй шүү” гээд уурсаж, тогоотой халуун хоолыг авч, миний бие рүү цацахад нь маш хурдан холдсон учир ямар нэгэн түлэгдэл, гэмтэл авалгүй өнгөрсөн байдаг.

2. 2014 онд охин 5 сартай байхад орой согтуу гэртээ орж ирэн охин бид хоёрын өөдөөс хутга барин дайрсан бөгөөд хутгыг арай гэж холдуултал нүүр амруу гараараа хүчтэй цохиж, эрүү рүү маш хүчтэй юмаар цохисноос үүдэн эрүү зуурч хөдлөхгүй 2 хонож, хоол идээгүй 2-3 хоносноос үүдэн хөхний сүү хүртэл татарч байсан.

3. 2014 онд аавынхаа гэрт охины хамтаар хэд хоногоор байж байгаад, гэртээ ирсэн орой Бын утсанд урьд их сургуульд байхдаа Б-тай үерхэж байсан Нямка гэгч нь: “Нуруу чинь гайгүй юу? Дахиж уулзах зав байна уу?” гэсэн мессэж ирүүлснээс үүдэн, бидний хооронд маргаан гарахад Б нь миний нүүрэн тус газар гараа атган хэд хэд цохиж, хүзүүний араас чангаан хана мөргүүлэн чирч унагаан зодсон байдаг. Тухайн үед хацрын баруун тал хөхөрсөн, нуруу гарын дотор тал зулгарч шалбарсан байдалтай 7, 8 хонож байж эдгэж байсан.

4. 2015 онд манай 8-н жилийн ангийн уулзалт болоод хэсэг сууж байгаад гэртээ ирэхэд мөн л “Улаанбаатар” фитнест хамт хичээллэдэг хүүхэнтэй маш дотно чаталсан байсныг олж мэдээд бас л бидний дунд маргаан үүсэхэд, намайг чирч, унтлагын том өрөөний орон дээр цээжин дээр өвдөгөөрөө дарж сууж байгаад хоолойг нэг гараараа боож, нөгөө гараараа шанааны 2 талаас тасралтгүй цохиж зодсон байдаг. Миний орилох чимээгээр доод айлын эгч мөн л цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан бөгөөд маргааш нь аав, ахын хамтаар шүүх эмнэлэг орж, гэмтлийн зэрэг тогтоолгоход хөнгөн гэмтлийн зэрэгтэй гарч байсан.

5. Дээрх үйл явдлын дараа буюу 2015 оны 08 сарын 10-ны өдөр Баас нэг мөр салаад охины хамтаар аавындаа ирсэн байж байхад, Б нь утсаар намайг дарамталж, хаагуур байгаа юм. Ер нь ямар хүмүүстэй нийлж байна гэхчлэн дарамталсаар гэрийнхнийг амралтад явсныг мэдээд гэрт ирж, хэл амаар доромжлон мөн л нүүр амруу цохиж зодсон бөгөөд хамар амнаас цус гараад байсан учраас Б нь айж, хоёулаа эмнэлэг орьё гэсний дагуу ГССҮТ-д очиж тархины зургаа авахуулж эмчид үзүүлж зөвлөгөө авахад эмч “Хүчтэй доргилт гэмтэл авсан даруйд зурагаар мэдэгдэхгүй хэдэн жилийн дараа л илрэх явцтай байдаг” гэж хэлж байсан бөгөөд одоо миний толгой үе үе хатгаж өвддөг зовиуртай үлдсэн.

6. 2015 оны намар мөн л ажлаасаа тарж ирэн элдэв зүйлээр шалтаглан хэрүүл өдөн зодож, том өрөөний хаалга толгойгоор хүчтэй савуулан мөргүүлж зодсон.

Дээрх бүх үйл явдлын дараа охиноо аавындаа харж өсгөн, цэцэрлэгт оруулж, охиныхоо бүхий л хэрэгцээг ээж аавын дэмжлэг тусламжаар ханган Баас нэг ч мөнгө төгрөг аваагүй нэхээгүй бөгөөд 3 жил болоход нэг ч удаа охин яаж байна. Та 2-т мөнгө төгрөг хэрэг болж байна уу? гэж асууж байгаагүй бөгөөд өөрөө ажлаа хийж мөнгөө цуглуулсаар******* оны эхээр Америк руу 6 сарын хугацаагаар аялж байгаад ирэхдээ охиндоо ганц чихмэл тоглоом авчирч өгсөн бөгөөд ирэхдээ: “Би Америкт байхдаа маш их юм бодож тунгаалаа. Одоо охиноо бодоод хамт байх уу? Та 2-ыгоо их саналаа” гэж уучлалт гуйсан учир боломж олгон эвлэрч, дахин хамт амьдарч эхэлсэн бөгөөд *******.08.25-ны өдөр бага хүү Б.Х мэндэлсэн байдаг. Эргээд нийлж амьдарсан үеэс л эхлэн Б-ын урьдын зан авирууд бас л гарч эхэлсэн бөгөөд энэ удаа манай аавынхтай тун ойр байранд амьдарч эхэлсэн учраас зодох дарамт нь багассан хэдий ч сэтгэл санааны байнга давтагдах шинжтэй дарамтууд үзүүлж эхэлсэн байдаг. Үүнийг дор дурдвал;

Охиноо хамт өсгөлцөөгүй, өөрөө гэрээсээ хөөж явуулсан мөртлөө “Энэ охины ааш зан надтай тохирохгүй байна. Яг танай ээжийн хүмүүжил байна. Би энэ охинтой таарахгүй ээ” гэхчлэн загнаж, намайг ажилд явсан хойгуур охин Амирлангаа хацар амыг нь чимхэж, нүүрлүү нь нясалж зодож байсныг охин удаа дараа надад сэм хэлж байсан бөгөөд нэг удаа миний нүдэн дээр гараа угаасангүй чи хэмээн чирч гудчин, өмсөж байсан хувцсыг нь урж тасдан зодсон байдаг. Энэ байдал зогсохгүй хүү Хурбилэгийг хүртэл “Эрэгтэй хүүхдийг багаас нь хатуужил суулгах хэрэгтэй" гэж хэлээд нүүрлүү нь нясалж, хэд хэдэн удаа уйлуулж байсан.

2020 оны******* сард намайг ажилдаа явсан хойгуур хөхөө хөхдөг 1 ой 5 сартай байсан хүү Хурбилэгийг хүүхэд хардаг хүний хамтаар үгсэн хуйвалдаж хулгайлан авч яваад, байр түрээслэн амьдарсан байсан. Би тухайн үед Б-ыг гэрээсээ “Зайл, яв” гэж хэлээгүй. Учир нь харшилтай олон жил явснаас үүдэн гуурсан хоолойн бөглөрөл гэсэн оноштой 1 сар гаруй ханиалгаж, халуурч өвдөж байсан үе тохиосон бөгөөд “Дохтой хүн шиг ханиалгаад унтуулахгүй байна" гээд загнаад байхаар нь гомдоод 2 өдөр дараалан Ж.Б-тай юу ч дуугараагүй учраас л хүүг маань аваад явсан байсан. Би тухайн үед ажил ихтэй, бие хүндээр өвдсөн учир биеэ эмчлүүлж, ажилдаа явж, хүүг удахгүй аваад ирэх байх гээд хүлээж байсан боловч авчирч өгөөгүй удсан. Утсаар залгаад Батжаргап ч утсаа авахгүй хүүхэд асруулахаар тохиролцон ажлын гэрээ байгуулж, байсан Алтанцэцэг эгч ч утсаа авахгүй байхаар нь манай ээж Б-ын ээж Цэцгээтэй утсаар холбогдож “Танай хүүхэд чинь ээжийг нь байхгүй ажилдаа явсан хойгуур хүүг нь хулгайлаад аваад явсан байна. Хаана байгааг нь хүүгээсээ асуугаад өгөөч ээж нь энд санаа нь зовоод байна” гэхэд Ж.Б-ын ээж “Өө тэр цагдаа сэргийлэхдээ өгвөл өг, нэг хүүхэд чирээд бид нарт ч гай болоод яваад байна” гэсэн хариу хэлсэн байдаг. Тэгээд Б-тай хэрэлдэн байж хүүгээ автал хүүхэд үнэхээр айдас түгшүүртэй болсон байсан, жоохон чимээ гарахад уйлж орилоод, бүх юмруу зааж ии-ии-ии гээд уйлдаг хүүхэд болсон байсан. Б-аас яагаад ингээд байгааг асуухад: “Бид 2 айлын сүнстэй байшин түрээслээд орсон байналээ” гэж хээв нэг инээгээд хэлж байсан. Тэгээд зогсохгүй хүүхэд айлгаж хүчирхийлсэн байна гэхээр намайг болон ээж аавыг минь элдвээр хэлж утасны цаанаас доромжилж, харааж зүхэж, гүтгэж байсан.

Ж.Б-ын ааш авир үүгээр ч зогсохгүй эдийн засгийн шинжтэй хүчирхийлэлүүд мөн байнга үйлддэг.Үүнийг дор дурдвал:

Анх гэр бүл болсон цагаас эхлүүлэн биднээс хоолны мах харамлаж, хоолонд их мах хийлээ, охины хүүгийн бантанд их мах хийж байна гэнэ. Тэгээд ихэвчлэн өөрөө амт чанар муутай хоол унд байнга хийж тавина. Охиныг дургүйлхээд идэхгүй болохоор “Чи өвөө эмээгийндээ очиж, тос өөхтэй заваан хоолоо идээрэй” гэж загнаж зүхдэг байсан. Мөн фитнесээр хичээллэдэг гээд гэрийн хөргөгчинд дан тахианы цээж мах, өөрт хэрэгтэй гэх самар жимс овоолж тавиад хүүхдүүд тэрнээс нь идэх гэхлээр өндөр юман дээр тавчихаад “Наадах чинь том хүний хоол, дандаа хоол тайван идүүлэхгүй ядаргаатай юм. Тэмцээн уралдаан болох гээд байхад гээд уурладаг байсан. Хонь, үхрийн мах маш бага хэмжээтэй авна. Өөр өөр төрлийн бага насны хүүхдүүдэд зориулсан шим тэжээлтэй хоол хүнс огт авдаггүй. Ихэвчлэн би цалинтай бол цалингаараа аав ээж мөнгө өгвөл тэр мөнгөөрөө хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол хүнс авч өгсөөр өдийг хүрсэн байдаг. Ж.Б нь хамт амьдрах хугацаандаа хоёр хүүхдэд минь нэг ч удаа хувцас авч өгч байгаагүй, охин сургуульд ороход л анх удаа сургуулийн формыг нь онц сураарай гээд авч өгч байсан хэдий боловч сургалтын төлбөрийг ааваар минь гаргуулж, дараа бага багаар М.Б-ийн дансанд хийж байгаад төлж барагдуулна гээд өдийг хүртэл төлөөгүй байна. Миний аав тэтгэврийн 76 настай хөгшин байдаг бөгөөд эрүүл мэнддээ хэрэг болно гэж хуримтлуулсан байсан 4 сая төгрөгөө хүргэндээ өгөөд алдчихаад байж байна. Энэ мөнгийг үнэхээр нэхэн гаргуулж, охины 1 жилийн сургалтын төлбөрийг ч болтугай хиймээр байгаа боловч Б нь би ажил төрөл хийхгүй байгаа гээд худал хэлж өгөхгүй бөгөөд намайг хүүхдүүдтэй минь харааж зүхээд ямар ч байдал үүсгэж магадгүй учраас үнэхээр айж байна. Ж.Б нь хувиараа ажил эрхэлдэг бөгөөд банкны баталгаа гаргах болон бичиг баримт боловсруулах ахынхаа аялал жуулчлалын компаний өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, аавынхаа машин борлуулах бизнест туслах зэргээр өдөртөө 65.000-300.000 төгрөг тогтмол олдог бөгөөд зарим өдрүүдэд 500.000-1.000.000 төгрөгийн орлоготой ажилладаг. Ж.Б нь амиа бодож хувиа хичээсэн зангаа хүү Б.Х-т хүртэл гаргадаг бөгөөд хүүдээ 1-2 шинэ тоглоом, ганц хоёр оймс л авч өгч байсан бөгөөд бүх хувцас тоглоомыг зөвхөн би болон манай ар гэрийн зүгээс авч өгсөөр өдий хүрчээ.

М.Б би Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх бүх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нь энийг баталж байна. Ж.Б нь надтай тохиролцохдоо хоёр хүүхдийнхээ тэтгэмжээ ямар ч асуудалгүй өгөөд явна. Гол нь гэрлэлтээ нэн даруй цуцлах шаардлага тулгарсан гэж ойлгуулсан боловч мөн л худал тохиролцоо хийсэн байна. Тиймээс шүүхийн журмаар бидний гэрлэлтийг цуцалж, үр хүүхдүүдийг минь холбогдох хууль тогтоомж болон үр хүүхдээ асран халамжлах, хүмүүжүүлэх эрх үүргийн минь дагуу М.Б миний асрамжид үлдээж, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг Ж.Б-д үүрүүлж 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэтгэлгийг хувь хэмжээ болон тэтгэлэг олгох хэлбэр журмыг шүүх хуралдааны явцад тохиролцож болохоор байгааг минь хүлээн авна уу гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч М.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрлэгчид нь 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0690 дугаарт бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас******* оны 12 дугаар сарын 05-ний өдөр охин Б.А, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Х нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчид тодорхой хэмжээний сэтгэл санаа, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Хүүхдүүдийн насны онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул******* оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн охин Б.А, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Х нарыг эх М.Б-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Ж.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Б хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгч Ж.Б-аас тэтгэлэг гаргуулан охин Б.А, хүү Б.Х нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар У овогтой Ж-ны Б /РД: АА00000000/, Б овогтой М-ын Б /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар******* оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн охин Б.А, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Х нарыг эх М.Б-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.

           

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар******* оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн охин Б.А, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Х нарыг тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Б-аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид /2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,110 + асрамж 70,200/ 129,310 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ