Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Г.О,          

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х О овогт Г-ийн О холбогдох эрүүгийн 2324000000051  дугаартай хэргийг ердийн журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,……, бүхий иргэний үнэмлэхтэй, Хонин онход овогт Г-ны О нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил хороололд байрлах хохирогч С.Б-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 750,000 төгрөгийн үнэ бүхий 30 кг өрөм /үхрийн/, 60,000 төгрөгийн үнэ бүхий 5 кг хонины мах /гуя/ хулгайлж, гэмт хэрэг үйлдэх явцдаа 40х30 см хэмжээтэй, 30,000 төгрөгийн үнэ бүхий цонхны шил хагалж, иргэн С.Б нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Өвөгдий” ХХК-ийн 1 давхарт байрлах худалдааны төвийн касс дээрээс хохирогч Г.О-ийн Самсунг Галакси А-50, Самсунг галакси А-20 маркийн гар утас болон гар утасны хавтсыг хулгайлж, иргэн Г.О 438,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 803 тоотод оршин суух хохирогч Ө.М-ын гэрээс 32 инчийн телевизор, ДДИШ-ийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ө.М 376,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”... шүүгдэгч Г.О 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил хороололд байрлах хохирогч С.Б-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 750,000 төгрөгийн үнэ бүхий 30 кг үхрийн өрөм, 60,000 төгрөгийн үнэ бүхий 5 кг хонины мах, гэмт хэрэг үйлдэх явцдаа 40х30 см хэмжээтэй, 30,000 төгрөгийн үнэ бүхий цонхны шил хагалж, иргэн С.Бүдрагчаад нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Өвөгдий” ХХК-ийн 1 давхарт байрлах худалдааны төвийн касс дээрээс хохирогч Г.О-ийн Самсунг галакси А-50, А-20 маркийн гар утас, мөн утасны хавтсыг хулгайлж, иргэн Г.О 438,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны  өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 803 тоотод оршин суух хохирогч Ө.М-ын гэрээс 32 инчийн телевизор, ДДиШ-ийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ө.М 376,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэв.

 Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.О-ын үйлдэлд хариуцлага ногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. 1,171,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгчийн 74 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар, 18 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмаар нэмж тооцуулах нь үндэслэл бүхий байна. 86 хоног биеэр эдэлсэн байгаа. Үүнийг хасахаар 06 сар 22 хоног үлдэж байгаа гэсэн тооцоо гарч байна. Үүнийг үндсэн ялд нэмж тооцуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид 2 жил, 6 сар, 22 хоногийн хорих ял оногдуулах боломжтой. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ “...Манайх Тосонцэнгэл сумын Идэр багт мал маллаж амьдардаг сүү цагаан идээгээ хураагаад сумын төвд Дархан-Уул багийн Хөгжил хэсгийн шинэ хороололд байх хашаа байшиндаа оруулж ирж хураадаг юм, хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс 4 ширхэг том тортой өрөм оруулж ирж сумын төвд байх гэртээ хөлдөөгчинд хийж хөлдөөгөөд явсан юм. Маргааш нь буюу 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс дахин сумын төв рүү орж ирэхэд манай байшингийн цонхыг хагалж хөлдөөгчинд байсан 3 ширхэг тортой өрөм, 1 ширхэг хонины гуя зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. 1 торонд 10 кг өрөм байсан нийт 4 тор өрөм байснаас 3 тор өрөм нь буюу 30 кг өрөм байхгүй болсон. Манайх хөдөөнөөс өрөм оруулж ирэхдээ 10 кг-ын хуванцар саванд хийж дүүргэж байгаад тэрийгээ 1 торонд 10 килограммаар хийж хөлдөөдөг байсан. 750.000 төгрөгөөр үнэлж байна. 1 ширхэг хонины гуя 50.000 төгрөгөөр үнэлж байна, вакум цонхны поорчикны хагарсан шилийг 50.000 төгрөгөөр солиулсан. Гомдолтой байна, хулгайд алдсан эд зүйлийн хохирлыг барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/ 

 Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Өвөгдий ХХК-ны 2 давхарт байрлах ажлынхаа өрөөнөөс 19 цаг 30 минут орчмын үед буугаад 1 давхарт байрлах худалдааны төвөөс ойр зуурын юмаа аваад касс нь дээр очоод буцаж дутуу авсан зүйлээ авахаар эргэж явахдаа касс нь дээр 2 ширхэг гар утсаа үлдээснээ мэдэхгүй яваад эргэж ирээд гар утсаараа мобайл банкаар гүйлгээ хийх гэхэд миний утас байхгүй байсан тэгээд дээшээ гарч ажлын өрөөндөө утсаа үлдээсэн байх гэж бодоод орж үзэхэд байхгүй байсан. Тэгээд кассны охидуудынхаа утсыг аваад өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байсан тэгээд би хяналтын камер шүүж үзэхэд улаан өнгийн өмдтэй, цагаан фодболктой саравчтай малгайтай танихгүй хүн касс дээрээс миний гар утсыг авч кармаалаад гарч явсан нь бичигдсэн байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Самсунг Галакси А-50 маркийн хар хөх өнгөтэй гар утсыг 2022 оны 06 дугаар сард 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан улаан хүрэн өнгийн гэртэй /кэйс/. Самсунг Галакси А-22 маркийн хар өнгөтэй гар утас ар талдаа өнгөгүй тунгалаг резинэн гэртэй аваад жил болоогүй 2022 оны 11 сард авсан гар утас 400.000 төгрөгөөр авч байсан. Цагдаагийн байгууллагаас өөрийн хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Миний эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утасны арын тагийг салгаж батарейг нь хөшиж асах боломжгүй болгосон байна. Тухайн гар утасны хавтас буюу кейс нь алга болсон тухайн кейсийг 15,000 төгрөгөөр утсаа авахдаа анх авч байсан. Самсунг А-22 маркийн гар утас нь эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан. Би эвдэрсэн Самсунг А-50 маркийн гар утасны үнийг нэхэмжилж байна. Тэр эвдэрсэн гар утас надад байгаа ашиглах ямар ч боломжгүй хэрэгтэй гэвэл гар утсыг  нь буцааж өгч болно.. Би Samsung A-50 маркийн гар утсаа төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 61-62, 64-р хуудас/

Хохирогч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 8-803 тоот хашаанд 5 жил амьдарч байна. Манайх хашаандаа 2 гэрээрээ байдаг. Манай гэр баруун талынх, аавын гэр зүүн талынх. Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны үед Сүхбаатар аймгийн Даланжаргалан сум руу ажил руугаа эхнэр О-У-ын хамт явсан. Эхнэр бид хоёр явахдаа хүүхдүүдээ гэртээ үлдээгээд аавыг манай гэрийг харж байгаарай гээд гэрийн цоож түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой дүү Оргилбаатар залгаад танай гэрт хулгай ороод телевизор, DDSH хүлээн авагч төхөөрөмж алга болсон байна залгууруудыг нь салгаад ширээн дээр орхисон байна гэж хэлсэн. Манай гэрийн баруун талд буюу 804 тоот хашаанд өмнө нь удаа дараа хулгай хийж, хулгайн хэргээр ял эдэлж байгаад өнгөрсөн хавар суллагдсан нэг хүн байдаг би тэр хүнийг л манайхыг ухсан байх гэж бодож байна. Манай хашаа нохойгүй, манайд болон аавын гэрт ч янз бүрийн хүн ирээд байдаггүй. Манай гэрээс 32 инчийн хар өнгийн лед телевизор, DDISH хүлээн авагч төхөөрөмж алдагдсан. Би алдагдсан эд зүйлүүдээ харвал шууд танина. Хар өнгийн лед телевизор маань нүүрний доод хэсэгт байх үсэгнүүдээс нэг үсэг нь унасан байсан. Би 5-6 жилийн өмнө хуучин ашиглаж байсан 32 инчийн лед телевизорыг 500,000 төгрөгөөр худалдан авч байсан, харин DDSH хүлээн авагч төхөөрөмжийг комоор нь 2023 оны 04 дүгээр сард 175,000 төгрөгөөр шинээр худалдан авч байсан. Би хулгайд алдагдсан эд зүйлүүдээ анх авсан үнээрээ үнэлж байна. Г.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи уудаг, архи уухдаа гэр орондоо янз бүрийн хүмүүс дагуулж ирдэггүй ганцаараа уудаг юм шиг байна лээ. Найз нөхөд гээд байх юм байхгүй байхаа. Г.О гэх хүн нь манайд орж ирж байгаагүй. Би Г.О гэх хүнийг манай эд зүйлийг хулгайлсан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 189-190-р хуудас/,

 Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Мөрөн гэх барилгын материал зардаг дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 07 дугаар сарын 12-13-ны өдөр байсан уу өдрийг нь яг сайн санахгүй байна би тус өдөр дэлгүүрт худалдагч хийж байсан чинь манайд орж ирээд нэг үл таних залуу өрөм зарна хямдхан өгнө би хар бор ажил хийдэг ба надад нэг хүн ажилласны хөлс гэж өрөм өгсөн. Тэгээд тэр өрмөө мөнгө болгомоор байна 1 кг нь 15.000 төгрөг гэсэн. Би үнэтэй байна та надад 2-3 кг өгчих өөр авахгүй гэсэн. Тэгэхээр чи тэгвэл энэ өрмийг бүгдийг нь 40.000 төгрөгөөр ав, хувааж өгөхгүй гэсэн би тэгээд бүгдийг нь 40.000 төгрөгөөр авсан юм. Хямдхан байсан болохоор л авсан өмнө ингэж манайд цагаан идээ авах уу гэж хүн орж ирдэггүй байсан.Би тэр хүнийг танихгүй надад хямдхан өгнө гэсэн болохоор авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү эхнэр О-Уын хамт 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Сүхбаатар аймгийн Даланжаргалан суманд байх нүүрсний уурхайд ажиллахаар явсан. Эхнэр бид хоёр хүүхдүүдийг нь хардаг заримдаа хүүхдүүд нь хадмынх руу нь явчихдаг байсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед М-ын 3 хүүхдийн хадам аавынд нь аваачиж өгөөд буцаж ирээд хоёр гэрээ цоожилсон. Энэ үед баруун талын хамар хашааны Г.О гэх эрхэлсэн тодорхой ажилгүй өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж байгаад саяхан суллагдсан залуу та хаашаа явж байгаа юм бэ? гэхээр нь ах нь жимсэнд явж байна 2 хоногийн дараа ирнэ гэж хэлээд явсан. Би хүү М-ын гэрийг хар өнгийн төмөр даруулгаар даруулаад, цагаан өнгийн зүүдэг цоожоор цоожилсон. Уг цоож нь 561 гэсэн кодоор түгжээ нь тайлагддаг байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө гэртээ ирэхэд хүүхдүүд М ахын гэрт хулгай орсон гэхээр нь мэдсэн. Тэгээд гэрийн хаалганы цоож, хаалганы даруулга нь байхгүй байсан. Гэрийн хаалгыг нь онгойлгож үзэхэд гэрийн хоймрын авдар дээр байсан хар өнгийн 32 инчийн NEXT брэндийн LCD телевизор, DDISH төхөөрөмжийн хүлээн авагч нь хулгайд алдагдсан байдалтай авдрын урд талын ширээн дээр залгуурууд нь хэвтэж байсан. Би манай хүүгийн гэр рүү хажуу айлын Г.О гэх залуу орж хулгай хийсэн байх гэж бодож байна. Уг залуу нь эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи уудаг, удаа дараа орон байрны хулгай хийж байсан болохоор түүнийг хулгайлсан гэж бодож байна. Уг залуугийн гэрт хааяа л нэг архи уудаг гэмээр ганц нэг хүн ирж харагддаг ихэвчлэн ганцаараа л согтуу байдаг. Хүү М нь 2-3 жилийн өмнө Улаанбаатар хотоос 32 инчийн NEXT брэндийн LCD телевизорыг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин DDISH төхөөрөмжийг 2023 оны 04 дүгээр сард 175,000 төгрөгөөр комоор нь худалдан авч байсан. Одоо алдагдсан хүлээн авагч төхөөрөмж нь ямар үнэтэйг нь мэдэхгүй байна. Содон шинж тэмдэг гэвэл дэлгэцийн нэг үсэг нь уначихсан байсан. Манай хүүгийн гэрт хулгай орсныг нь манай худ Ш-ийн хүү О нь дүү нарынхаа хувцсыг солих гээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед ирэхэд гэрийн цоож, даруулга нь байхгүй байхаар нь хаалгыг нь онгойлгож үзээд хулгай орсныг нь мэдсэн. Манай хүүгийн гэрийн цоожны кодыг нь манай хүүхдүүд л мэднэ. Өөр хүн мэдэхгүй, гараар татаад онгойдоггүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 192-193-р хуудас/ 

 Насанд хүрээгүй гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг Хөдөө аж ахуйн хороо 8 дугаар гудамжны 803 тоот хашаанд манай хүргэн ах Ө.М түүний аав Ө нарын гэр байдаг. Манай хүргэн ах Ө.М нь эхнэр О-У-ын хамт 2023 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Сүхбаатар аймгийн Даланжаргал сум руу нүүрсний уурхайд ажиллахаар явсан. Ө.М ахын 3-10 насны 3 хүүхэд нь манайд үлдсэн. 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд М ахын гэрт дүү нарынхаа хувцсыг нь солих гээд очиход М ахын гэрийн цагаан цоож болон хаалганы хар даруулга нь байхгүй байхаар нь гэр рүү нь орж үзэхэд гэрийн хийморийн хээтэй улаан өнгийн авдар дээр тавьсан хар өнгийн телевизор болон DDISH төхөөрөмжийн хүлээн авагч нь байхгүй залгууруудыг нь авдрын урд болон ширээн дээр сугалж хаясан байхаар нь ах М руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхэд ахын дүү цагдаад дуудлага өгчих гэхээр нь би цагдаад өөрийн 96269951 дугаараас дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 195-196-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан салбарын хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай: “...30 кг үхрийн шинэ өрөм, хонины гуя 1 ширхэг /5 кг/,  хагарсан вакум цонхны 40х30 хэмжээтэй поорчикны шил зэргийн үнэлгээг  840,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Отгонпүрэвийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 000000068  дугаартай: “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүл авсан №1, 3, №4 гэж дугаарласан гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь бүдэг дүрслэгдсэн, адилтгалын ач холбогдол бүхий шинж тэмдгүүд цөөн, мөр нь гулссан, давхардсан, тоон болон чанарын хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харин 2, №5 гэж дугаарласан гарын мөрүүдийн папилляр шугамуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд тод, жигд дүрслэгдсэн, шууд дүгнэлт өгөхөд тоон болон чанарын хувьд хангалтай байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Папилон системийн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан №2, 4, 5 дугаартай гарын мөрийн ерөнхий болон хувийн шинж тэмдгүүд бүдэг дүрслэгдсэн, давхардсан, арчигдсан байх шинж тэмдэг илэрч байх тул хуучин мөр байна гэж үзлээ. Харин 1, 3 дугаартай гарын мөрүүд нь шинээр үүссэн байх боломжтой мөрүүд байна. 4. 1 5 дугаартай гарын мөрүүд нь өөр эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан салбарын хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай: “...Samsung galaxy A-50, Samsung galaxy A-22 маркийн 2 ширхэг гар утас,  Samsung galaxy A-50 маркийн гар утасны хавтас зэргийн үнэлгээг 438,000 төгрөг гэж тогтоолоо...”  гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан салбарын хөрөнгийн үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаартай: “...32 инчийн Led телевизор, DDSH-ийн хүлээн авагч, хаалганы цоож, хаалганы даруулгын үнэлгээг 376,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 199-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/

 Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 171-175-р хуудас/ 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53-р хуудас/,  Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 55-57-р хуудас/ Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Ө.М хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 179-184-р хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/  зэрэг нотлох баримтууд болно.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох шүүгдэгч Г.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгэтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, хурууны дардасны зураг, Хааны банкны дансны хуулга, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 40, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 230, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.  

Дээрх бичгийн нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь  86 хоног цагдан хоригдсон бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 09 сар 18 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна. Иймд  эдлээгүй үлсэн ялыг нэмж нэгтгэн, харин цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг,

харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь “...шүүгдэгч Г.О нь хохирогч нарт 1,171,000 төгрөгийн хохирол төлөөгүй байгаа хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх, мөн Г.О  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас  эдлээгүй үлдсэн 9 сар, 18 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмаар нэмж тооцуулах, харин цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.      

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон байх ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил хороололд байрлах хохирогч С.Б-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 750,000 төгрөгийн үнэ бүхий 30 кг өрөм, 60,000 төгрөгийн үнэ бүхий 5 кг хонины мах хулгайлж, гэмт хэрэг үйлдэх явцдаа 40х30 см хэмжээтэй, 30,000 төгрөгийн үнэ бүхий цонхны шил хагалж, иргэн С.Б нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Өвөгдий” ХХК-ийн 1 давхарт байрлах худалдааны төвийн касс дээрээс хохирогч Г.Оийн Самсунг галакси А-50, Самсунг галакси А-20 болон гар утасны хавтсыг хулгайлж, иргэн Г.О 438,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 803 тоотод оршин суух хохирогч Ө.М-ын гэрээс 32 инчийн телевизор, ДДиШ-ийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ө.М 376,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд  шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Г.О-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биеэ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, амар хялбар аргаар орлого олж амьдрах санаа зорилготой байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч  2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил хороололд байрлах хохирогч С.Б-ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 750,000 төгрөгийн үнэ бүхий 30 кг  өрөм, 60,000 төгрөгийн үнэ бүхий 5 кг хонины махыг хулгайлан авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа 40х30 см хэмжээтэй, 30,000 төгрөгийн үнэ бүхий цонхны шил хагалж, иргэн С.Б нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирол болох 840,000 төгрөгийг хохирогч С.Б,

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Өвөгдий” ХХК-ийн1 давхарт байрлах худалдааны төвийн касс дээрээс хохирогч Г.О-ийн Самсунг галакси А-50, Самсунг галакси А-20 болон гар утасны хавтсыг хулгайлж, 438,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.О учируулсан 438,000 төгрөгийн төгрөгний хохирлоос 235,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А-20 гар утсыг буцааж өгсөн,  харин 195,000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси А-50 маркийн утасны үнэ болон гар утасны хавтасны үнэ 8,000 төгрөг, нийт 203,500 төгрөгийн хохирлыг хохирогч  Г.О,

2023 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн хорооны 803 тоотод оршин суух хохирогч Ө.М-ын гэрээс 32 инчийн телевизор, ДДиШ-ийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 376,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Моломжамцад 248,000 төгрөгийн үнэлгээтэй телевизорыг буцааж өгч, 120,000 төгрөгийн үнэлгээтэй ДДиШ-ийн хүлээн авагч, 5,600 төгрөгийн үнэлгээтэй цоож, 2,400 төгрөгийн үнэлгээтэй цоожны даруулга үнэ нийт 128,000 төгрөгийн хохирлыг хохирогч Ө.М тус тус төлж барагдуулаагүй байгаа болох нь  хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Иймд шүүгдэгч Г.О-аас хохиролд нийт 1,171,000 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч С.Б-аад 840,000 төгрөг, хохирогч Г.О-д 203,000 төгрөг,  хохирогч Ө.М-д 128,000 төгрөгийг хохиролд тооцон олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.О нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохиролоо нөхөн төлөөгүй, нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил, 6  сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Г.О-т Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил, 8 сар, 6 хоногийн хорих ялаас 9 сар 18 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.  Энэ нь хэрэгт авагдсан тус шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоол,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай захирамжаар нотлогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж,  мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус  хуульчилжээ.

Иймд шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар, 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, мөн шүүгдэгч Г.О-ын цагдан хорих хоригдсон 86 хоногийн ялыг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 4 жил, 19 хоногийн хугацаагаар тогтоож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хүчинтэй бөгөөд хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрллээ.

Түүнчлэн шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, битүүмжлэгдсэн эд  зүйл байхгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.4, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х О овогт Гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х о овогт Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял дээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг эдлэх ялаас хасаж нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О оногдуулсан 4 /дөрөв/ жил, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас хохиролд 1,171,000 /нэг сая нэгэн зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч С.Б, 203,000 /хоёр зуун гурван мянга/ төгрөгийг хохирогч Г.О, 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг хохирогч Ө.М тус тус олгосугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд  зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч Г.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ