| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | н.баасанжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Н.Баасанжав,
Шүүгдэгч Н.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Н-ын Л-д холбогдох эрүүгийн 2324000000056 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, …… бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт Н-ын Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Улсын яллагч Б.Чулуунхүү шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Л нь Завхан аймгийн Асгат сумын төвд байх н.Б-ийн гэрт нь Р.Ц-тай маргалдаж улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь нүдний алимны салстад цус харвалт, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
Харин шүүгдэгч Н.Л нь “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн, хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Ц-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “... Би Завхан аймгийн Асгат сумын Суврага багт байх гэрээсээ 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 11 цагийн үед эхнэр Н-ийн хамт мотоциклтой гараад Асгат сумын төв дээр найр хийсэн Б.Л-ийнд ирээд найранд хэрэглэсэн аяга таваг зэрэг эд зүйлээ авах гэж ирээд тэндээ архи ууж байгаад согтоод унтаад байж байтал нэг мэдсэн нэг хүн зодоод байх шиг байсан тэгээд хүүхдээр хүргүүлээд гэртээ хариад унтаад өглөө босох гэсэн чинь толгой тархи өвдөөд байхаар нь эхнэр Н хэлсэн. Манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Намайг сумын М гэх хочтой Н.Л гэх залуу зодсон байсан. Би өөрөө санахгүй байгаа тэнд байсан хүмүүс М бид хоёрыг муудалцсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “...Р-ийн Ц нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдэснээр нийт 398.000 төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Р-ийн Ц эрүүл мэндийн даатгалын сангаас 398.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Суварга баг сумын төв дээр манай найз Б-ийн хүү Л-ийн хурим болоод нөхөр Ц-ын хамт хуриманд суугаад орой гэртээ очиж хоноод маргааш өглөө 11 цагийн үед хурим хийсэн айлд аяга таваг гэх мэт хэрэглүүлсэн зүйлээ авах гээд нөхөр Ц-ын хамт очоод тэнд байсан хүмүүстэй манай нөхөр архи уугаад байхаар нь би хөдөө өвөлжөө рүүгээ яваад байж байтал манай хүү Б аав зодуулаад гэртээ ирчихлээ гэхээр нь би хөдөөнөөс гэртээ иртэл манай нөхөр Ц нүдэндээ цохиулаад хавдсан байдалтай намайг ирэхэд унтчихсан байсан. Орой эмч дуудаад үзүүлсэн, эмч даралт пүүлс нь хэвийн байна гээд үзээд явсан. Шөнө 3 цагийн үед манай нөхрийн хамар нь таглараад толгой өвдөөд байна гэхээр нь эм өгөөд унтуулсан. Тэгээд өглөө эмч дуудаж үзүүлсэн чинь даралт нь ихэдсэн байхаар тариа хийлгэсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг манай сумын М гэх хочтой Н.Л гэдэг залууд зодуулсан гэж Б надад хэлсэн гэсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Ж.Ц-ын мөрдөн бацаалтын ажиллагаанд өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын төвд манай дүү Б-ийн хүү Л-ийн хурим болоод маргааш өглөө нь хотын хүмүүсийг гаргаж өгөх гээд манай дүү нар явсан байсан, манай хүү Л бид 2 Б-ийнд байж байтал Ц гаднаас согтуу орж ирээд Л шээсээ гуйлгачин гээд орилоод байсан чинь манай хүүхэд Н.Л манай аавыг өчигдрөөс хойш доромжлоод юу юм гээд гараад барьцалдаад байж байхад нь би салгаад хүүгээ хойш нь гэрлүүгээ явуулаад Ц-ыг гудамжнаас хүүхэд гуйгаад гэр рүү нь явуулаад чимээ намдсан ийм л зүйл болсон..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/,ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
Гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн Мараатын 1-112 тоотод манай хүүгийн хурим найр болсон. Маргааш нь Ц-ыг ирэх үед хотоос ирсэн хүмүүсээ гаргаж өгөх гээд явчихсан байсан хойгуур Р.Ц, Н.Л хоёр муудалцсан гээд Ц-ын эхнэр манайд ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №000000302 дугаартай: “... 1. Үзүүлэгч Р овогтой Ц-ын биед нүдний алимны салстад цус харвалт, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.6. дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ шүүгдэгч Н.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын нотлох баримтууд болох иргэний үнэмлэхний мэдээлэл, гэрч В.Ч, Б.А нарын мэдүүлэг, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт, 2022 оны малын тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 57 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа нь түүний өөрийнх нь хүсэл зоргийн илэрхийлэл мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх, дарамтлах, ятгах, тулган шаардах зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Н.Л-ийн Завхан аймгийн Асгат сумын төвд байх н.Б-ийн гэрт нь Р.Ц-тай маргалдаж улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь нүдний алимны салстад цус харвалт, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Н.Л нь хохирогч Р.Ц-ын бие эрх чөлөөнд халдаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Н.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч Р.Ц-ыг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Н.Л Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Р.Цэрэнхандын “...Н.Л хохирол, гэм хор, эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг авсан. Одоо надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь “...Эрүүл мэндийн даатгалын сангийн 1000900020080 тоот 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 388,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000 төгрөг төлсөн Төрийн банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Н.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-О-ын Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лхагварагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ