Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01192

 

 

 2022          12           01                                          001/ХТ2022/01192

 

Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

Б ын нэхэмжлэлтэй

Э т холбогдох

Гэм хорын хохиролд 6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Э т холбогдуулан гэм хорын хохиролд 6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э өөс 5,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дээрх шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондын маргаан бүхий харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс магадлал үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо маргаан бүхий харилцааг тодорхойлохдоо уг ослоос болж мэс засалд орох гэмтэл учирсан эсэх, уг ослын улмаас тус зардал гарсан эсэх, түүнтэй ямар шалтгаант холбоотой мөн уг үений мэс заслыг зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан эсэх дээр маргаантай байгаа талаар дурдсан. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд “Эмийн эмчилгээнд зарцуулсан 210,000 төгрөг нь 5,000,000 төгрөгт багтсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.” гэж дүгнэсэн. Хариуцагчаас мэс заслын төлбөр 5,000,000 төгрөг, эмийн эмчилгээний зардал 210,000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлагын задаргаа дээр огт маргаагүй. Харин хариуцагчаас зам тээврийн ослын талаарх гомдлыг шалгах явцад нэхэмжлэгчид учирсан хохиролд нийт 4,400,000 төгрөгийг 2020.08.07-ны өдөр харилцан тохиролцож, хэлцэл байгуулан хүлээлгэн өгсөн. Зам тээврийн осол болсон 2020.07.21-ний өдрөөс хэлцэл байгуулагдсан өдөр болох 2020.08.07-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн хохиролд нийт 1,531,875 төгрөгийг зарцуулсан гэх нэхэмжлэгч Г аас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн тухайн хугацаанд учирсан бүх хохирлыг хариуцагч бүрэн барагдуулж, цаашид гарч болох эмчилгээний зардлыг 2,868,125 төгрөгөөр тооцон, нийт 4,400,000 төгрөгийг Г т 2020.08.07-ны өдөр хүлээлгэн өгч, хэлцэл байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Иймээс хэлцэл байгуулсан гэх 2020.08.07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бий болсон хохиролд дээр дурдсан эмчилгээний зардал болгон илүү төлсөн 2,868,125 төгрөг багтаж байгаа учраас үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь үндэслэлтэй байна гэж хариуцагчаас гомдолдоо дурдсан. Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “нэхэмжлэгч Б  болон хариуцагч Э  нар 2020.08.07-ны өдөр хэлцэл байгуулж, эрүүл мэнд болон Ямаха маркийн мотоциклд учирсан хохиролд нийт 4,400,000 төгрөг өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.” гэж дүгнэсэн атлаа магадлалд энэ талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Мөн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.07.27-ны өдрийн 8470 дугаар дүгнэлт, 2020.07.21-ний өдрийн ГССҮТ-ийн ХАЯТТ-ийн эмчийн үзлэгт зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж тус тус дүгнэснийг хариуцагч үгүйсгээгүй байна.” гэж хариуцагчийн маргаагүй үйл баримтыг дүгнэсэн байна. Нэхэмжлэгчид хөнгөн гэмтэл учирсан эсэх дээр хариуцагч маргаагүй учраас үүнийг хариуцагчаас үгүйсгэх, нотлох шаардлагагүй юм. Иргэний хуульд заасан гэм хор учруулсны улмаас үүрэг үүсэхийн тулд гэм буруутай хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд л учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг атал давж заалдах шатны шүүхээс эдгээр урьдчилсан нөхцөлийг анхаарч үзээгүйгээс гадна хариуцагчийн үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоог дүгнэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн, хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ” гэж ямар нотлох баримтыг үндэслэн хэрхэн үнэлснээ заагаагүй, мөн нотлох баримтаар нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсан тайлбараа хангалттай нотолж чадаагүй гэж үзсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т нэхэмжлэгч болон хариуцагчийн аль алинд нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хүлээлгэсэн бөгөөд шүүхээс аливаа маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 505.1-т заасан эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагчаас нөхөн төлүүлэх үндэслэл нь хариуцагчийн хохирол учруулсан үйлдэл, хохирол, үйлдэл болон хохирлын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг учраас энэхүү гэм хорын хохирлыг шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч нотлох үүрэгтэй байх тул хариуцагчийг татгалзсан тайлбараа нотолж чадаагүй гэж үзэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлээгүйг зөвтгөж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь талуудын нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргийг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.30-ны өдрийн 59 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Э т холбогдуулан, зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,210,000 төгрөг, олох байсан орлого 1,000,000 төгрөг, нийт 6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийн орсон гэх мэс засал нь тухайн ослын улмаас учирсан гэмтэл болох нь нотлогдоогүй бөгөөд уг мэс заслын дагуу хэрэглэсэн эм тарианы зардал учир 5,210,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Б ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн, түрээсийн төлбөр нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан цалин хөлс түүнтэй адилтгах орлогод хамаарахгүй тул олох байсан орлого 1,000,000 төгрөгийг шаардах эрхгүй...” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Э өөс 5,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хариуцагч “...шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

9. Э  нь Тоёота Харрьер маркийн 68-73 УБЯ улсын дугаартай автомашиныг 2020.07.21-ний өдөр жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Б ын жолоодон явсан Ямаха маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж, Б ын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.  

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Тээврийн прокурорын газрын 2020.08.17-ны өдрийн 567 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор Э ийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргасны улмаас Б ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон боловч, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02967 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 98,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА        

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН