Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,  

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх худалдааны төвийн Барилгын материалын дэлгүүрээс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн ******* эзэмшлийн SAMSUNG GALAXY S7H маркийн шаргал өнгийн юнителийн сүлжээний дугаартай гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :     

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим би дэлгүүрээ ажиллуулж байгаад өөрийн эзэмшлийн самсунг S7H маркийн шаргал өнгийн корпустай, юнителийн сүлжээний дугаартай гар утсаа хулгайд алдсан. Тэр едөр би гар утсаа лангууны дэргэд байх хананы дэргэд хураасан бараан дээрээ тавьсан байсан. Ингээд 30 минутын дотор гар утсаа авах гэсэн чинь алга болсон байсан. Манай дэлгүүрээр тухайн цаг хугацаанд тоотоо хэдхэн үйлчлүүлэгч орж ирсэн юм. Тэгээд маш хурдан хугацаанд миний гар утас алдагдсан. Тухайн цаг хугацаанд манай дэлгүүрт миний таньдаг Батсайхан гэдэг хүн орж ирээд надтай архи хувааж ууя гээд байхаар нь би архи уухгүй гэж байсан юм. Тэр л миний утастай ойрхон байсан болохоор би түүнийг сэжиглэж байсан юм. Тэгтэл тэр хүн миний гар утсыг аваагүй гэдгийг би сүүлд ойлгосон. Харин миний rap утсыг П.******* гэдэг эмэгтэй хулгайлсан болохыг би сая мэдлээ. Би хулгайд алдагдсан гар утсаа 2016 оны хавар 4 дүгээр сарын сүүлчээр 1.850.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Үнэлгээний комисс миний утсыг 1,800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ үнэлгээг Хүлээн зөвшөөрч байна. Миний утас нэг хүний гараар эдлэгдсэн, ямар нэгэн сэв байхгүй, шилэн наалттай онцлог содон шинж тэмдэггүй шинээрээ утас байсан. Миний хувьд ******* гэдэг эмэгтэйг огт танихгүй. *******өөс гар утасныхаа мөнгийг нь төлүүлж авна. *******өд гомдолтой байна, ******* миний гар утсыг бусдад 650.000 төгрөгөөр худалдсан байна. *******ийн ахуй амьдралыг мэддэг л хүн байж байгаа байх гэж бодож байна, ямар ч нөхцөлд миний утас 650.000 төгрөгөөр худалдаалагдах утас биш болохоор утсыг *******өөс худалдаж авсан хүн хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан гэж би бодож байна. Тэр хүмүүст ч гэсэн гомдолтой байна ... Миний утас нь дэлгэцэн дээрээ англи Z үсгэн кодыг 123-ыг луу татаад 357 руу диагнальдаж татаад 789 рүү буцааж татсан кодтой мөн миний өөрийн зүүн гарын эрхий хурууны хээгээр тайлагддаг 2 нууцлалтай байсан. Z үсгэн кодыг тайлчихвал ашиглах боломжтой, харин тайлж чадахгүй бол ашиглах боломжгүй утас байгаа юм. Надаас гадна манай эхнэр утасны үсгэн кодыг мэднэ ... Миний хувьд алдагдсан Samsung galaxy S7H маркийн шаргал өнгийн утсаа буцаан авсан боловч утасны арын тагны хэсгийг хагалсан байсан. Энэ хагарсан хэсгийг солиулахад 100.000 төгрөгийн сэлбэг орно гэж засварын төвөөс хэлсэн тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж авах хүсэлтэй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44/,

Иргэний нэхэмжпэгч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай эхнэр Д.Эрдэнэчимэг 2016 оны 09 сарын 16-нд Samsung galaxy S7H маркийн шаргал өнгийн гар утсыг хүн зарах гэж байна авах уу? гэхлээр нь би хэд гэж байна гэхэд 700.000 төгрөг гэж байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ жоохон хямдруулах юм бол худалдаад авчих гэж хэлсэн. Би ингэж ярьж байхад нь Улаанбаатар хотод сургалтанд сууж байсан юм. Ингээд нэг бил үү хоёр хоноод байж байхад манай эхнэр нөгөө утсыг чинь 650.000 төгрөгөөр худалдаад авчихлаа гэж байсан. Ингээд би 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт ирэхэд Samsung galaxy S7H маркийн шаргал өнгийн гар утсыг худалдаж авсан гээд надад өгсөн. Би энэ утсанд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн өөрийнхөө 88825661 гэсэн дугаарыг хийж барих болсон. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын сүүлээр надруу цагдаагаас залгаад таны барьж байгаа утас чинь хулгайн утас байна гэж хэлж би хулгайн утас худалдаж авснаа мэдсэн. Тэрнээс өмнө энэ талаар мэдээгүй. Уг утсыг би барьж байхдаа унагаж утасны арын тагны доод буланг нь хагалж жоохон цууралт үүссэн байгаа бусдаар хэвийн сайн ажиллаж байгаа. Миний худалдаж авсан утас нь хулгайн утас байсан гээд надаас хураан авч байгаа тул би уг утсыг худалдаж авсан үнэ болох 650.000 төгрөгийг буруутай этгээд болох П.*******өөс нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн .... 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* манай гэрт ирээд "би ийм утас зарах гэж байгаа, энэ утсыг би хүнээс авсан юм" гэж хэлсэн, тухайн цаг хугацаанд би нөхөр Баярсайхандаа гар утас авч өгнө, утас нь гацаад болохгүй байна" гэж хэлж байсан юм. Тэгээд зарна гэсэн утсыг нь үзэхэд SAMSUNG GALAXY S7H маркийн шаргал энгийн, Солонгосоос орж ирсэн шинэвтэр бол биш бага зэрэг эдэлсэн байдалтай утас байсан. Утасны энд тэнд ямар нэгэн сэв байгаагүй, утасны хойд талд бага зэрэг зурагдсан утас байсан. Галарей цэс рүү нь орж үзэхэд *******ийн хүүхдийнх нь зурагнаас өөр зураг байгаагүй. Ингээд би нөхөр Баярсайхандаа үзүүлсэн чинь тэр авъя гэж хэлсэн болохоор *******өөс хэдэн төгрөгөнд өгөх юм бэ гэхэд тэр 700.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Надад 650.000 төгрөг бэлэн байсан учраас түүний rap утсыг 650.000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан. Худалдаж авсан утсаа нөхөртөө өгсөн, манай нөхөр Баярсайхан одоо Баянхонгор аймагт байхгүй байгаа тэрээр Улаанбаатар хотод Хууль Сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хичээл нь дуусаад ирэх байх. Нөхөр худалдаж авсан утсандаа 88825661 гэсэн дугаар суулгасан байгаа. ******* тэр утсыг надад өөрийнхөө утас гэж хэлсэн бөгөөд би тэр утсыг хулгайн утас гэж огт мэдээгүй .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/, 

Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16-17 цагийн үед байх Дэлгэрэх зах дээрх барилгын материалын дэлгүүрт юм үзэх гэж ороод байхад дэлгүүрийн баруун хойд өнцөгт бараан дээр нэг rap утас байхаар нь эзэнд нь мэдэгдэхгүйгээр авч гарсан. Уг дэлгүүрт дэлгүүрийн эзэн эхнэрийн хамтаар наана нь нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Энэ хүмүүс намайг гар утас авахыг хараагүй юм. Би бусдын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна ... Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68-71-72/,

Хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 35-37/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39/,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 58-59/,

Шүүгдэгч П.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 73-98, 112-119/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 99-103/,

Иргэний нэхэмжлэгчийн хохирол барагдууагүй тухай шүүхэд гарган өсөн өргөдөл /хх-ийн 132/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол төлсөн баримт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч П.******* нь урьд 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх худалдааны төвийн Барилгын материалын дэлгүүрээс иргэн ******* эзэмшлийн SAMSUNG GALAXY S7H маркийн шаргал өнгийн утас хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.*******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.     

Хохирогч Д.Амгалан нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болохоо илэрхийлсэн ба харин иргэний нэхэмжлэгч учирсан 650.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгов.

Шүүгдэгч П.******* нь урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан ба ялтай байх хугацаандаа хулгайлах гэмт хэргийг дахин үйлдэж 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг ялгүйд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.******* нь тус шүүхийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцогдон торгох ялаар шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхад дахин хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнд тооцогдоно.

Харин шүүгдэгчийн ялтай байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байх тул уг ялтай байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй бөгөөд түүнийг хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг өмнө нь 3 удаа үйлдэж гэм буруутайд тооцогдсон боловч өмнөх ялтай байдал буюу 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байдал нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болж ялгүйд тооцогдсон, 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хүндэвтэр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа ба түүнчлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх боломжгүй учир 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн гэмт хэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх боломжгүй юм.  

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.  

Шүүгдэгч П.Отгонсүрэн нь 5 сартай жирэмсэн болох нь хэргийн 80-85 дугаар хуудсанд авагдсан жирэмсэн эмэгтэй хяналтын картаар тогтоогдсон байх тул түүний эрүүл мэнд, хэвлий дэх ургийн хэвийн нөхцөлд өсөж торних боломжийг бүрдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөртэй тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.*******ийн эзэмшлийн телевизор, зурагт, хөлдөөгч зэргийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т тус тус зааснаар шүүгдэгч ******* 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******өөс 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.*******ийн эзэмшлийн телевизор, зурагт, хөлдөөгч зэргийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА