Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

2020              5              14                                       2020/ДШМ/614

 

Б.Ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Бын А, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, эгч, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ...УББ улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гаднаас хохирогч Д.Бийг суулгаж, гэр рүү нь хүргэж өгөхөөр явах замдаа хохирогчийн итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утасны мобайл банкыг ашиглан өөрийн данс руу 260.000 төгрөг шилжүүлж, гар утсыг нь буцааж өгөлгүй завшиж нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Бын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 294.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бэд олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлж байсан. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэн харгалзах ял, торгох ял, нийтэд тустай ажил хийх ялаар сольж, хөнгөрүүлж өгөхийг гуйж байна. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ...УББ улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны гаднаас хохирогч Д.Бийг суулгаж, гэр рүү нь хүргэж өгөхөөр явах замдаа хохирогчийн итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утасны мобайл банкыг ашиглан өөрийн данс руу 260.000 төгрөг шилжүүлж, гар утсыг нь буцааж өгөлгүй завшиж нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “...Нэг ухаан ороход би гэрийнхээ орцонд сууж байсан. Миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод өөрийнхөө дансны хуулгыг банкнаас авч үзэхэд миний данснаас, миний гар утасны мобайл банкаар 5032903191 данс руу 40.000 төгрөг, 5042460917 дугаарын дансанд 260.000 төгрөгийн гүйлгээ хийж авсан байсан. ...40.000 төгрөг нь таксины мөнгө, автомашины суудлыг бохирдуулсан цэвэрлэгээний мөнгө тул нэхэхгүй. ...” гэх /хх 27-30/,

гэрч С.Отгонжаргалын “...2019 оны 8 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Б.А нь миний ...УББ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг “Халтуур хийчхээд ирье” гэж хэлээд авч явсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед миний 5032903191 гэх Хаан банкны данс руу 40.000 төгрөгийг халтуур хийхэд түрээсэлсэн болон бензиний мөнгө гэж шилжүүлсэн. ...Машинаа үзэхэд ар талын суудал цус болсон байсан. Тэгээд Б.Аээс асуутал “Уучлаарай ах аа харин хүнд зодуулсан бололтой хувцас нь цус болсон хүн суусан байна лээ” гэж хэлсэн. ...” гэх /хх 38-39/,

шүүгдэгч Б.Аийн “...Тэгээд би тэр хүний гар утаснаас мобайл банкаар машины эзэн Отгонжаргал ахын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө залуу гэрээ зааж өгөөд Жуковын автобусны буудал дээр буусан. Харин би тэр үед нь нөгөө хүний гар утаснаас мобайл банкаар дахин 260.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж аваад гар утсыг нь авч явж байгаад танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Тухайн залуу надад гар утсаа өгөөд мөнгө шилжүүлж ав гэж өгөх үед нь гар утсыг нь аваад буцааж өгөөгүй юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан болохоор ийм гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх /хх 52-53/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ЧД2-19-630 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45/, хохирогч Д.Бийн Хаан банкны 5411106652 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 23/, шүүгдэгч Б.Аийн Хаан банкны 5042460917 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Б.Аийг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Аийн гаргасан “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын           17-ны өдрийн 2020/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                     ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ