Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/1024/З |
Дугаар | 128/ШШ2020/0109 |
Огноо | 2020-02-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2020/0109
2020 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2020/0109 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: Ш.Э //
Хаяг:
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулах олгох шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр гаргуулахыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Э-ын гаргасан мөнгөн урамшуулал авах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан байна.
Дээрх Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр Ш.Э нь цагдаагийн албанаас халагдсан байна. Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 14-д Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан цагдаагийн албан хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй" гэж заасны дагуу төрийн албанаас халагдах нь төрийн албанаас чөлөөлөгдөх гэсэн ойлголтод хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул мөнгөн урамшил олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж Ш.Э-ын мөнгөн урамшуулал авах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус байна.
Нэхэмжлэгч Ш.Э нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицероор, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ш.Э Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тасралтгүй 5 жил буюу 60 сар ажилласан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн урамшил авах эрхтэй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална., Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2-т Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Э нь мөнгөн урамшуулал авах болзлыг хангасан байна. Гэтэл Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 14 дэх хэсгийг үндэслэн Ш.Э-ын мөнгөн урамшил авах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзаад байгаа нь хууль бус байх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ш.Э-ын Цагдаагийн албаны тухай хуульд заасан мөнгөн урамшуулал авах эрх зөрчигдөж байна.
Иймд Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшил олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр гаргуулахыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хариуцагч ...цагдаагийн албанаас халагдсан байх тул мөнгөн урамшуулал авах эрхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон. Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болох тухай хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр ...Ш.Э-д мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж Ш.Э-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна. Татгалзсан шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3-д заасны дагуу захиргааны актад хамаарч байгаа. Захиргааны байгууллага нь хүн, хуулийн этгээдийн өргөдөл гомдолд хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй. Иймд хариу өгөхгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан захиргааны эс үйлдэхүй ямар ч тохиолдолд хууль бус байх тул Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр буюу мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газар нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 14 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү урамшууллыг олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэснийг үндэслэн албанаас чөлөөлөгдсөн гэсэн ойлголтод албанаас халагдсан нь багтах эсэх нь тодорхойгүй байна гэж мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахаас татгалзах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ш.Э нь Цагдаагийн албаны тухай хууль, Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-д заасны дагуу мөнгөн урамшуулал авах болзлыг хангасан байх бөгөөд Ш.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчээр 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тасралтгүй 60 сар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр албанаас халагдсан. Иймд мөнгөн урамшуулал авах эрх үүссэн байна.
Гэтэл Цагдаагийн Ерөнхий газраас Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 14 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн албан хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн Ш.Э албанаас халагдсан тул мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журмын 14 дүгээр зүйл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан албан хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшууллыг олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэсэн болохоос биш албанаас халагдсан бол мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хориглосон зохицуулалт бол биш юм.
Нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчимтай. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага зөвхөн хуульд заасан үйл ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэтэл хуульд ...албанаас халагдсан бол мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй байхад энэ үндэслэлээр мөнгөн урамшуулал олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Цагдаагийн Ерөнхий газрын шийдвэр нь хууль бус байна гэж үзэж байна. Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 тоот захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухайд иргэн хуулийн этгээд нь захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгох, Төрийн албаны тухай 61 дүгээр зүйлийн 61.1.1-д албан тушаалын цалин хөлс нөхөх, төлбөр тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах гэж заасан байх тул Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэрээр мөнгөн урамшуулал олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгч Ш.Э-ын мөнгөн урамшуулал авах эрхийг зөрчиж байна. Мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг гаргах тухай Цагдаагийн Ерөнхий газарт даалгах хангалттай үндэслэл байгаа тухайд захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Тодруулбал, нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эрх зүйн болон бодит нөхцөл байдал нь бүгд тодорхой байх ёстой. Хэрэв нөхцөл байдал хангалттай тодорхой бол шүүх хариуцагчид захиргааны акт гаргахыг шууд даалгана. Харин захиргааны акт гаргах эсэх нь захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарч байгаа буюу захиргааны акт гаргах эсэхийг захиргааны байгууллага шийдвэрлэх эрхтэй байгаа нөхцөлд шүүхээс захиргааны акт гаргахыг даалгах боломжгүй. Маргааны тухайд Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ын 2 дугаар зүйлд цагдаагийн албан хаагч аймгийн төвөөс буюу бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол 5 жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл Цагдаагийн ерөнхий газрын аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан цагдаагийн албан хаагч мөнгөн урамшуулал олгох үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, мөнгөн урамшуулал олгох эсэхийг Цагдаагийн Ерөнхий газар шийдвэрлэх эрхгүй бөгөөд энэ нь Цагдаагийн Ерөнхий газрын сонгох боломжид хамаарахгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ш.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчээр 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн албанаас халагдсан байх бөгөөд Өмнөговь аймаг дахь Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст тасралтгүй 5 жил буюу 60 сар ажилласан болох нь тогтоогддог.
Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, Засгийн газрын баталсан 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай журам-ын 2 дугаар зүйлд Цагдаагийн албан хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол 5 жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж заасны дагуу Ш.Э нь мөнгөн урамшуулал авах эрхтэй. Мөнгөн урамшуулал авах хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ш.Э-д мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр гаргахыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална. гэж заасан. Хуульд заасан хугацааны тухайд нэхэмжлэгч Ш.Э нь тус хугацааг хангасан тул үүн дээр маргах хэрэг байхгүй. Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор баталсан журмын 14-д Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан 5 жил ажилласан нөхцөлийг хангасан албан хаагч албанаас чөлөөлөгдсөн нь мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэж заасан байна. Албанаас чөлөөлөгдөх гэдэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлд Цагдаагийн албанаас түр чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх гэсэн зохицуулалт байна. Тус хуулийн 81 дүгээр зүйлд Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага, 82 дугаар зүйлд Албанаас халах гэсэн зохицуулалт байна. Мөн албанаас халах, чөлөөлөх гэсэн ойлголтыг Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх үндэслэлийн талаар заасан. 47 дугаар зүйл бол төрийн албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалтын талаар заасан. Нэхэмжлэгч мөнгөн урамшуулал олгох журмын 14-т зааснаар албанаас чөлөөлөгдсөн бус албанаас халагдсан хүн. Тэгэхээр тус шаардлагыг хангахгүй учир хуульд заасан мөнгөн урамшууллыг олгох боломжгүй гэж үзэж байна.
2014 оноос хөдөө алслагдсан суманд ажилласан албан хаагчид 5 жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгох хуулийн зохицуулалт орж ирсэн юм. Энэ хуулийн гол агуулга нь цагдаагийн албан хаагчдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэгдсэн хууль зүйн баталгаа байгаа юм. Нэхэмжлэгч нь тухайн орон нутагт ажилласан хэдий ч өөрийн буруутай үйлдлээс болж албанаас халагдаж, цаашид тогтвор суурьшилтай албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул хуульд заасан мөнгөн урамшууллыг олгох боломжгүй гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э тус шүүхэд хандан Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулах олгох шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,
1. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай 421 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ш.Э-ыг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер-ийн албан тушаалд томилжээ.
Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс хийсэн цагдаагийн албан хаагчтай холбоотой мэдээллүүдийг шалгах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Ш.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа ...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,... хахууль авах зэрэг үйлдэлд холбогдсон болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар Ш.Э-ыг ...цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураажээ.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаар тушаалтай холбогдуулан хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч нь гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн алдаа дутагдалдаа маш их гэмшиж санал хүсэлт байхгүй байна хэмээн тэмдэглэсэн байна.
2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 38/1895 дугаар албан бичгээр цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э-д мөнгөн урамшил олгуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлснийг хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар албан бичгээр ...Таныг ... Төрийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримтлан цагдаагийн албанаас халж... хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. ... хуульд заасан албанаас чөлөөлөгдсөн гэсэн ойлголтод албанаас халагдсан... тохиолдол багтах эсэх нь тодорхойгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар хариуцагчийн дээрх шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн01/1386 дугаар албан бичгээр ...Та Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халагдсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 14-т заасан зохицуулалтад хамаарахгүй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу хүргүүлсэн.
3. Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар албан бичгийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...мөнгөн урамшил авах болзлыг хангасан, хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус хэмээн тайлбарлан маргаж байна.
4. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 89 дүгээр зүйлийн 89.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална., Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 2-т Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй., 3-т Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно, 14-т Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй хэмээн тус тус заажээ.
5. Маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүх, нэхэмжлэгч Ш.Э-ын ...зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.1-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халагдсан нөхцөл байдлыг Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 14 /Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй/-т заасан албанаас чөлөөлөгдсөн гэх ойлголтод хамааруулан ойлгох боломжгүй хэмээн үзлээ.
Учир нь Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжид заагдсан албанаас чөлөөлөх болон халах эрх зүйн зохицуулалтууд нь мөн чанар, эрх зүйн үр дагаврын хувьд өөр хоорондоо ялгаатай ойлголтууд бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ш.Э-ын хөдөлмөрийн харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуульд заагдсан чөлөөлөх үндэслэлээр бус харин Ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халагдсантай холбоотойгоор дуусгавар болсон байх тул Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам-ын 14-т заасан зохицуулалтад хамаарахгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар албан бичгийг шүүх зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Э-ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулах олгох шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М