Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0628

 

Е.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч С.Ч

Гуравдагч этгээд Ц.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Е.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, өмгөөлөгч Ж.У

Хариуцагч Д.Б, өмгөөлөгч С.Ч

Гуравдагч этгээд Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 114/2026/0010/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е.О-ээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаан даргалагч Д.Б нарт холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:

32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах;

32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

32.5.3.Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;

32.5.4.Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох;

32.5.5.хуралдааны дэгийг сахих

32.6. Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна” гэж маш тодорхой хуульчилсан байна.

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгууль гэж хариуцагчийн хувьд ойлгож байгаа бөгөөд энэ сонгуулийн үр дүнгээр 2024-2028 онуудад ажиллах Шарын гол сумын Засаг даргаар М.М томилогдсон.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэсэн заалтыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/162 дугаартай албан тоотоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан, Дархан, Санжинт багийн иргэдийн Нийтийн хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14.00 цагт зарлаж, дараах асуудлуудыг буюу Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай, Багийн Засаг даргыг сонгох тухай, Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүнд иргэний төлөөлөл сонгох тухай гэж нэрлэж, багийн хуралдаан явуулах байршил, цаг, багийн хэсгийн ахлагч нарын мэдээллийг зааж өгсөн.

Ингэж багийн иргэдийн Нийтийн хуралдааныг товлон зарласнаараа урд нь ажиллаж байсан буюу тухайлбал Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Г, Л.А, н.У, О.Ц, Хайрхан багийн Засаг дарга Е.О нарын бүрэн эрх дуусгавар болсон гэж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

3.3. Тухайн хуралдаанд Хайрхан багийн Засаг даргад Монгол Ардын намаас нэр дэвших ёстой байсан Шарын гол сумын Засаг даргын орлогчоор 2020-2024 онуудад ажиллаж байсан Н.Б нь би тэгж доошоо орж чадахгүй гэж хэлээд хуралд оролцоогүйгээс болоод дээр нэр дурдсан бүрэн эрх нь дуусгавар болсон нөхдүүд бид нар тамга тэмдэг байгаа учир яаж ч болно гээд хурлыг орхин гарч явсан

3.4. 2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэн эрх нь дуусгавар болсон Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Гантулга, зөвлөлийн гишүүд болох Л.А, н.У, О.Ц, Хайрхан багийн Засаг дарга Е.О нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д заасан “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ” гэсэн заалтыг маш бүдүүлгээр буюу өөрсдийн таалалд нийцүүлэн бид хуралдааныг товлон зарлах эрхтэй гэж ойлгон, өөрсдөдөө байгаа тамга тэмдэг, албан бланкийг ашиглан 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 албан тоот гэгчээр 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах боломжгүй байна гэсэн илт хууль бус буюу хуурамч бичиг үйлджээ.

3.5. Шууд хэлэхэд өөрт оногдсон үүргийг эрх гэж ойлгож 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 албан тоот гэгчээр 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13.00 цагт хурлын товыг тогтоосон гэж мэдэгдэж байгаа нь хуулийн дээр ганцхан бид гэсэн ойлголтыг төрүүлж байна.

2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шарын гол сумын Дархан, Санжинт багууд иргэдийн Нийтийн Хурлаа амжилттай зохион байгуулсан. Мөн энэ өдөр байгалийн гамшиг, гоц халдварт өвчин гараагүй буюу давагдашгүй хүчин зүйл болоогүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нийтийг хамарсан эмх замбараагүй зүйл болоогүй байхад ямар учир шалтгаанаар зөвхөн Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/202 албан тоотоор иргэн Э.Г та өөрөө хууль бусаар томилогдсон, мөн бүрэн эрх дуусгавар болсон тул та багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах, шийдвэр гаргах эрхгүй гэж товч бөгөөд тодорхой хариу өгчээ.

3.7. Нэхэмжлэгч Е.О нь зөвхөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 3-д “...Хайрхан багийн иргэдийн нийтийн хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шарын гол сумын Соёлын төвийн байранд зохион байгуулагдаж, Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэдийг бүртгэж, 198 хүн оролцжээ. Дээрх хуралдааны 01 дүгээр тэмдэглэлд хэлэлцэх асуудал гээд иргэдийн нийтийн хуралдааны даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах гэж тэмдэглэсэн байна” гэж шүүх Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль ёсны гэж үзсэн байна.

Хэсгийн 5-д “...багийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргын үүрэгт ажлаас Э.Г-ыг чөлөөлж, 02 дугаар тогтоолоор Д.Б-ыг сонгож, 03 дугаар тогтоолоор Ц.Г-ийг Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, уг тогтоолд хуралдааны дарга Д.Б, хуралдааны дэд дарга Э.Д нар гарын үсэг зурагдсан байх ба тамга тэмдэг дарагдаагүй, баталгаажаагүй үйл баримт тогтоогдож байна гэсэн ч зөв.

...Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Г болон хуучин зөвлөлийн гишүүд болох О.Ц, н.А, Е.О нар нь хуралдааныг орхин гарсан ... зэргээс үзэхэд тухайн хуралдааны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь шүүх хуулийг буруу ойлгож дүгнэсэн гэж үзэх нэгдүгээр үндэслэл бол мөн.

Учир нь бүрэн эрх нь дуусгавар болсон нөхдүүд хурал даргалах эрхгүй, бас шийдвэр гаргах эрхгүй бөгөөд Хайрхан багийн иргэдийн хуралд 198 хүн оролцсон, ирц хүрсэн байхад бүрэн эрх нь дууссан нөхдүүдийн ашиг сонирхолд нийцүүлж, тэдний тааламжтай өдөр, цагт тааруулж хурлыг хойшлуулах заалт, үндэслэл ямар ч хуульд байхгүй. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, зөвлөлийн гишүүд хурлыг орхин гарвал тухайн хурал хүчингүй болох хуулийн зохицуулалт бүр ч байхгүй.

Мөн шүүх ямар үндэслэлээр хариуцагч Д.Б-ыг хууль бусаар сонгогдсон дарга гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Учир нь Хайрхан багийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргын үүрэгт ажлаас Э.Г-ыг чөлөөлж, 02 дугаар тогтоолоор Д.Б-ыг сонгосон тогтоолууд өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Тамга тэмдэг дарагдаагүй, баталгаажаагүй гэж шүүх үзсэн шүүх хуулийг буруу ойлгож дүгнэсэн гэж үзэх хоёрдугаар үндэслэл бол мөн.

Учир нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан гэх багийн иргэдийн нийтийн хуралдаанаар Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон гэх М.Г нь шударга иргэний хувиар, өөрөө биечлэн би хууль бусаар сонгогдсон дарга юм байна гээд энэ хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч, дахиж би энэ заваан юманд оролцохгүй гээд Шарын гол сумын Засаг даргаас товлосон буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хууль ёсны Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн.

Энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 1 жил 2 сарын дараа болж байгаа үйл явдал юм. Иргэн Ш.Г ч энэ болсон баримтыг үгүйсгэхгүй.

Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Э.Г нь өөрөө тамга, тэмдгээ хууль ёсоор сонгогдсон даргад өгөхгүй зугтаж яваа нь төрийн залгамж халаа, тасралгүй байх зарчмыг уландаа гишгэж байгаа үйлдэл бөгөөд энэ завхарсан алдааг шударга иргэн Ш.Г маш сайн мэдэж залруулсан юм.

Тухайн албан тушаалыг төрийн тамга, тэмдэг дагалдаж явдаг болохоос биш хэн нэгэн албан тушаалтныг буюу иргэн Э.Г-ыг төрийн тамга, тэмдэг дагаж явдаггүй. Ийм л энгийн нэгэн ойлголт.

Нэхэмжлэгч, тэтгэвэрт гарсан Е.О нь өөрийгөө мөнхийн Хайрхан багийн Засаг дарга гэж ойлгож байдаг хүний хувьд бүхий л аргаар энэ албан тушаалыг авах гэж улайрч байгаа бөгөөд түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай захирамжид дурдсан Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Дээд шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...4.1. Анхан шатны шүүх нь маргаан бүхий иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохдоо зөвхөн процедурын зарим асуудалд тулгуурлан дүгнэлт хийсэн боловч тухайн өдөр болсон үйл баримт, иргэдийн оролцоо, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах шаардлага, нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн зарчим зэрэг маргааны гол асуудлуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

4.2. 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал хуульд заасан журмын дагуу зарлагдсан бөгөөд хуралд нийт 198 иргэн оролцож, ирц бүрэн хангагдсан болохыг анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Энэ нь тухайн хурал хуульд заасан ирцийн шаардлагыг хангаж, иргэдийн төлөөлөл бодитоор бүрдсэн болохыг нотолж байгаа баримт юм.

4.3. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг зөвхөн үйл баримтын хэмжээнд дурдсан бөгөөд тухайн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн удирдлагад оролцох, нутгийн өөрөө удирдах ажиллагаанд оролцох эрхийн хүрээнд ямар эрх зүйн ач холбогдолтой болох талаар огт дүгнэлт хийгээгүй. Ингэснээр нотлох баримтын агуулгыг бүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Хурал эхэлсний дараа Монгол Ардын намаас Хайрхан багийн Засаг даргад нэр дэвших ёстой байсан 2020-2024 онуудад Шарын гол сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Б би тэгж доошоо орж ажиллахгүй, нэр дэвшихээсээ ичиж байна гэснээс болоод Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга гэх Э.Г болон зөвлөлийн гишүүд хуралдааныг орхин гарсан.

4.5. Ингэж орхиж гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүний улмаас хуралдаанд оролцож байсан 198 иргэд хурлыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар хуралдаанаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, хуралдааныг даргалах этгээдийг сонгон санал хураалтыг явуулсан. Улмаар багийн Засаг даргад нэр дэвшигч Ц.Г нийт санал өгсөн иргэдийн 90.4 хувийн санал авч дэмжигдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

4.6. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлэлгүйгээр зөвхөн дараах үндэслэлүүдийг голлон авч үзсэн. Үүнд:

-иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хурлыг зохион байгуулаагүй,

-Хурлын дарга хуралдааныг үргэлжлүүлээгүй,

-Дэд даргыг тухайн өдөр сонгосон,

-Тооллогын комиссыг тухайн өдөр байгуулсан,

-Тогтоолд тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй,

-Хурлын дэгийг тухайн өдөр дахин батлаагүй.

4.7. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 3.1-д төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх бөгөөд ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт иргэн төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй болохыг баталгаажуулсан. Анхан шатны шүүх энэхүү Үндсэн хуулийн зарчмыг огт авч үзээгүй бөгөөд зөвхөн процедурын зөрчилд төвлөрсөн нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэл болно.

4.8. “Илт хууль бус захиргааны акт” гэх ойлголтыг буруу хэрэглэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл нь захиргааны акт нь анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй, ноцтой зөрчилтэй тохиолдолд хэрэглэгдэх онцгой зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл энэхүү зохицуулалт нь дараахтай адил ноцтой нөхцөл байдалд хэрэглэгдэх зорилготой. Үүнд:

-эрх бүхий бус этгээд захиргааны акт гаргасан

-хуульд огт заагаагүй байгууллага шийдвэр гаргасан

-захиргааны актын агуулга илт хууль зөрчсөн

-хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл хуульд харш үр дагавартай акт гарсан.

Гэтэл энэ хэрэгт дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй.

4.9. Энэ хэрэг нь процедурын маргаан бөгөөд “илт хууль бус” гэх ангилалд хамаарахгүй.

Анхан шатны шүүх өөрөө дараах үйл баримтыг тогтоосон.

-иргэдийн Нийтийн Хурал хуульд заасан журмын дагуу зарлагдсан

-иргэд хуралд хүрэлцэн ирсэн

-ирц бүрэн хангагдсан

-санал хураалт явагдсан

-нэр дэвшигч Ц.Г олонхын санал авсан.

Эдгээр нөхцөл байдлыг тогтоосон атлаа зөвхөн хурлын дарга болон зөвлөлийн гишүүд хурлыг орхин гарсан, дэд дарга сонгосон, тогтоолд тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй гэдэг үндэслэлээр бүхэл бүтэн тогтоолыг “илт хууль бус” гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн агуулгад нийцэхгүй байна.

Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харилцан уялдаа холбоотой үнэлж, аль нь тухайн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд бодитоор нөлөөлсөн төлөөр үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой, харилцан уялдаа холбоотой үнэлээгүй гэж үзэж байна.

4.10. Нэхэмжлэгч Хайрхан багийн Засаг дарга асан Е.О нь би гэр бүлээрээ Монгол Ардын намын төлөө насаараа зүтгэж байхад надад багийн Засаг даргын ажлыг заавал өгөх ёстой гэсэн муйхар бодлоор түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай захирамжид дурдсан Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч тэтгэвэрт гарсан Е.О нь миний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ёстой, 2026 оны 9 сард дуусах ёстой гэсэн шаардлагыг Дархан-Уул аймгийн МАН-ын дарга буюу Засаг дарга Б.А-д тавьж түүнийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлснийг миний бие эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд түүнийг Захиргааны хэргийн давж заалдах болон Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх Ц.Г намайг хууль ёсоор сонгогдсон Хайрхан багийн Засаг дарга гэдгийг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

4.11. Шарын гоол сумын Хайрхан багийн нийтийн хурлын хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргын үүрэгт ажлаас Э.Г-ыг чөлөөлж, 02 дугаар тогтоолоор Д.Б-ыг сонгосон тогтоолууд өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

           

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Е.О-ээс “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Багийн Засаг даргад нэр дэвшигч Ц.Г 179 санал буюу 90.4 хувийн олонхын санал авсан тул сумын Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжилсан” байх бөгөөд нэхэмжлэгчээс “...багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах товыг сумын Засаг дарга гаргасан, ...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр тус иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хуралдааны товыг тогтоогоогүй байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах боломжгүй талаарх хариуг сумын Засаг даргад явуулсан, ... багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Шарын гол сумын Соёлын төвд 13:00 цагт хуралдуулахаар хурлын товыг тогтоосон, ... 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал анхнаасаа хууль бус эхэлсэн, ... 2025 оны 04 дүгээ сарын 13-ны өдөр албан ёсоор багийн иргэдийн Нийтийн хурлаа хийсэн,... тухайн хурал дээр би багийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах тухайн өргөдөл гаргасан байсан бөгөөд ажиллах байх хугацаанд Ковид-19 гэх өвчин тархсан учир багийн иргэдийн Нийтийн Хурал хойшлоод 2022 онд хийгдсэн, миний бүрэн эрхийн хугацаа 2026 оны 09 дүгээр сард дуусах байсан, ... намайг хууль бусаар огцруулахаар зохион байгуулсан, ... эрх бүхий албан тушаалтан тухайн өдрийн хурлын шийдвэрийг албажуулан баталгаажуулаагүй, ... хуульд заасан бүрэн эрхгүй этгээд хуульд заасан байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан...” гэж тус тус тайлбарлан уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан байна.

2.3. Анхан шатны шүүхээс “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргын үүрэгт ажлаас Э.Г-ыг чөлөөлж, 02 дугаар тогтоолоор Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар Д.Б-ыг сонгож, 03 дугаар тогтоолоор Ц.Г-ийг Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, уг тогтоолд хуралдааны дарга Д.Б, хуралдааны дэд дарга Э.Д нар гарын үсэг зурагдсан байх ба тамга, тэмдэг дарагдаагүй, баталгаажаагүй, ... Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Г болон хуучин зөвлөлийн гишүүд О.Ц, н.А, Е.О нар нь хуралдааныг орхин гарсан, үүний дараа Шарын гол сумын орлогч дарга Э.Д тухайн хурлыг удирдан явуулж, хуралдааны дэд даргаар сонгогдож, улмаар тооллогын комиссыг баталж, бичиг баримт боловсруулах гишүүдийг байгуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох ажиллагаа явуулсан зэргээс үзэхэд тухайн хуралдааны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй, ... хууль бусаар сонгогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч, дэд дарга нар нь гарын үсэг зурсан, мөн хурлаас гарсан тогтоол нь баталгаажаагүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.2-д заасантай нийцээгүй ... илт хууль бус шийдвэр” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцсэнгүй.

2.4. Учир нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулсан илт хууль бус захиргааны акт байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор сэргэх онцгой ашиг сонирхол байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь сэргээгдэх, эрх зүйн байдал дээрдэх, давуу байдал бий болох боломжтой байх ёстой.

2.5. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий 03 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Е.О-ийг Хайрхан багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Б/13 дугаар захирамжаар Ц.Г-ийг Хайрхан багийн Засаг даргаар томилсон бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжаар “Е.О нь Хайрхан багийн Засаг даргаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон, “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр дээрх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон байна.

Аймгийн Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч Ц.Г-оос шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх хуулийн заалтыг нутгийн өөрөө удирдах ёс болон орон нутгийн сонгуулийн агуулга, мөн чанартай системчлэн авч үзэж, “...багийн Засаг дарга нь тухайн нэгж дэх төрийн удирдлага буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болохын хувьд Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлдэг үндсэн этгээд бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр томилогдсоноор эхэлж, хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулснаас бусад тохиолдолд дараагийн Засаг дарга томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж дүгнэснээс үзвэл, нэхэмжлэгч Е.О-ийн бүрэн эрхийн хугацаа нэгэнт дууссан төдийгүй аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/418 дугаар захирамж хүчингүй болсноор гуравдагч этгээд Ц.Г Хайрхан багийн Засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдсон энэ тохиолдолд нэгэнт бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нэхэмжлэгчид сэргэх онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

2.6. Нөгөөтээгүүр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулахаар зохицуулсан, түүнчлэн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд Хайрхан багийн 198 иргэн оролцсон буюу мөн зүйлийн 32.6-д заасан ирц хүрсэн байгаа энэ тохиолдолд “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл товлоогүй, өмнөх иргэдийн Нийтийн Хурлын дарга болон хуучин иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүд хурлыг орхин гарсан, хурлын шийдвэрт тамга, тэмдэг дарагдаагүй” гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 32.7, 32.8.4, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Е.О-ээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаан даргалагч Д.Батболд нарт  холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Ц.Г нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тэдгээрт буцаан олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН