Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1832

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01297 дугаар шийдвэртэй, Д.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Зт холбогдох, 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Д.Заас Хан-Уул дүүргийн Засаг даргын 224 тоот захирамж бүхий 0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гэрчилгээ нь хууль бус байсан. Мөн 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн хаягийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2-4б гэжээ. Энэ газар нь миний нэр дээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдож Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №769 албан тоотоор баталгаажина. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Сайдын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн а/07 тоот тушаалаар Д.Оын ашиглах эрх нь цуцлагдаж, надад олгогдсон. Үүнийг мэдсээр байж хаягаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2-4б гэсэн нь шүүхийг хуурч байгаа хэрэг. Би Д.Оаас 1 600 000 төгрөг авсан болон өгч чадахгүй удаасан нь үнэн. 2014 оны 01 дүгээр сард Д.О мөнгө өгсөн 2 баримтаа үрэгдүүлсэн байна. Би нэгтгээд бичлээ гээд нэг бичигт гарын үсэг зуруулсан шиг санаж байна. Үүнээс хойш 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг төлж, 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Гэтэл Д.О миний газрыг булааж яамнаас гэрчилгээ авсан байсан ба Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр миний газар гэдгийг тогтоосон. Мөн тухайн үед надаас гэрчилгээ авсан ч гэж зарга үүсгэж байсан, уг хэргийн материалд дээрх мөнгийг авсан тухай эх баримт байгаа. Газрын гэрчилгээ худалдан авах зорилгоор гэжээ. Газаргүй гэрчилгээ байсан гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Д.Эрдэнэ гэгч мэдүүлж байсан. Гэтэл 2014 онд газартай байсан гэдгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр тогтоосон байгаа. Баримтад хашааны үнэ 200 000 төгрөг, нэмж бэлнээр авсан гэж 2 гарын үсэг, мөн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн гэсэн он сар өдрөөс хойш бичсэн байгаа нь уг баримт зохиомол болохыг баталж байна. Үнэмшилтэй болгохын тулд нотариатаар батлуулсан боловч бага бус мөнгөний баримт болохоор хоёр тал байж хүчин төгөлдөр болно. Би 2 800 000 төгрөг аваагүй, 1 600 000 төгрөг авснаас одоо 200 000 төгрөг үлдсэн. Бидний хооронд газрын үнэ төлбөр гэсэн асуудал яригдаагүй. Дээрх нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Заас 2 400 000 төгрөг гаргуулж Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 53 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ нар надаас газаргүй гэрчилгээ авах зорилгоор 2 400 000 төгрөг авсан гэж нэхэмжилсэн, би 2 400 000 төгрөг огт аваагүй. 2009 онд 1 600 000 төгрөг зээлсэн. Гэтэл Д.О 2014 онд өмнөх 2 баримтаа үрэгдүүлсэн тул нэгтгээд бичээд ирлээ, та гарын үсэг зур гэж тулган шаардсан, би тухайн үед өгөх мөнгө байгаагүй учир зурсан. Үүний дараа 1 400 000 төгрөгийг цувуулж өгсөн. Д.О надаар гарын үсэг зуруулсан байтал нөхөр нь их мэдэж оролцож байна. Тэдний гаргаж тавьж буй баримт хуурамч гэдгийг хялбархан тогтоож болно. Цаг хугацааны үзүүлэлтийг шинжлүүлэх хүсэлтэй байна. Уг баримтад хашааны үнэ 200 000 төгрөг нэмж өглөө гэдгийг гарын үсэгнээс доош бичсэн байгааг шүүх хүчингүйд тооцсон нь зөв бөгөөд баримт бүхэлдээ хуурамч гэдгийг нотлох баримт болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Зт холбогдуулан газрын гэрчилгээний үнэ болон бусад зардалд 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Эрдэнэ оролцохдоо 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112 тоот итгэмжлэлд үндэслэсэн байна. /хх33/ Гэтэл уг итгэмжлэлийг “Д.Оын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, БОАЖЯ-ны сайдын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгч Д.Эрдэнэд олгосон нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Оыг төлөөлөх эрх олгосон гэж үзэхгүй.

 

Гэтэл шүүх дээрх итгэмжлэлийг шалгаагүйн улмаас хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасан төлөөлөл хэрэгжүүлэх зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/05868 дугаар шүүгчийн захирамж шүүгчийн гарын үсэг, шүүхийн тамгаар баталгаажсан байхад “нотлох баримт гаргах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах, оригдсон байна” гэх бичвэрийг гараар үйлдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА