Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Чулуунхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А /цахимаар/,

хохирогч С.Б, Л.О /цахимаар/,

иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.М /цахимаар/,

шинжээч Т.Т /цахимаар/

гэрч Б.Б /цахимаар/,

хохирогч нарын өмгөөлөгч Д.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т, М.Х / цахимаар/

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.А /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч В.С

шүүгдэгч П.Отгонбилэг,

нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт П-ийн О-т холбогдох эрүүгийн 2224000710107 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,……,  оны ,,,, дүгээр сарын ,…,-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, өмнө нь Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш ажилтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 12-15 насны 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух,  регистрийн дугаартай, Шар овогт П О

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.О нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы ам гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 69-25 УНА улсын дугаартай Chevrolet Gruze маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я.Ц нас барж, зорчигч С.Б, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-р  бүлэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”... Шүүгдэгч П.О 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы ам гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 69-25 УНА улсын дугаартай “Chevrolet Gruze” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан жолооч дараахь үүргийг хүлээнэ, а. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я.Ц нас барж, С.Б, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч зохих арга хэмжээ аваагүйн улмаас хохирол хор, уршиг учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Хохирлын тухайд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А зүгээс шүүх хуралдаан дээр оршуулгын зардал 18,743,151 төгрөгийн нэхэмжилсэн. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс 3 сая төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Тиймээс тухайн оршуулгын зардалд 15,743,151 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулъя гэсэн шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргасан. 78,120,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Харин иргэний хариуцагчийн зүгээс хууль ёсны төлөөлөгчид ямар нэгэн байдлаар хохирол төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй байна. Хохирогч Л.О тухайд эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардал 1,900,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын хугацааны цалин болох 2,600,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,854,200 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн бүтнээрээ төлөгдөх байсан, түүний зөрүү болох 3,620,136 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч болон иргэний хариуцагчийн зүгээс ямар нэгэн төлбөр барагдуулсан зүйл байхгүй байна. Хохирогч С.Б тухайд эрүүл мэндэд учирсан хохирол 3,200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалингийн орлого 2,500,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,854,224 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 3,620,136 төгрөг, нийт 13,274,360 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнээс иргэний хариуцагчийн тухайд төлбөр барагдуулсан зүйл байхгүй байна гэж дүгнэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие амь хохирогчтой 2007 онд гэр бүл болсон. 4-15 насны 3 хүүхэдтэй. Осол 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болсон, хамт явсан багш нараас нэг нь ч холбогдоогүй яриагүй, уучлалт гуйгаагүй, яаж байна ч гэж асуугаагүй. Үүнд маш их гомдолтой байна. Өсвөр насны 2 охин байна. Нэг нь дуугарахаа байсан, сэтгэл зүйн хувьд маш хүнд байна. Нийт 93,863,151 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа, амь хохирогч 16,500,000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан мөн лизингээр машин авсан байсан, тэр зээлүүдийг төлсөн. Маш их  гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: “... Би Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгт 2018 оноос ажиллаж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа орсон. Тэр өдөр сургалтад явах яриа гарсан хэдий ч албан ёсоор мэдэгдээгүй байж байгаад өдөр нь захирал цахимаар холбогдож сургалтын талаар мэдээлэл өгөөд та нар намайг очтол байж байгаарай гэж хэлсэн. 08 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа ирээд биднийг сургалтад явчхаад ир гэсэн. 08 дугаар сарын 24-ний өглөө Улиастайгаас гараад 08 дугаар сарын 25-ны үүрийн 3 цагийн үед Улаанбаатар хот руу орсон. Өглөө 08 цаг 30 минутад Баянхошуунд байрлах сургалт болох газарт очсон. Цэцэрлэг дээр очиход сургалт болох газар Бөхийн өргөөний тэнд болж өөрчлөгдсөн гэж хэлэхээр нь дахиад тийшээ явсан.  Сургалт дуусаад буцаад ирсэн машинтайгаа Улиастай явсан. Явах замдаа “Хаан бууз” гэх газарт амарч хоол идсэн, Архангай дээр амарч ус ундаа авсан, Солонготын даваан дээр амарсан, Их-Уул сум дээр бие засаад, гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан. Тэндээс хөдлөөд явж байтал П.О багш үрүүл хатуураад болдоггүй гэж хэлэхээр нь юу болсон бэ гэж хэлсэн нэг мэдэхэд л осол гарсан. Тухайн үед сургалтанд оролцохоор явахад цаг хугацаа маш давчуу байсан бөгөөд автобусны билет олдохгүй байсан учраас манай багш нараас хувийн машинаараа яваад ирэх боломжтой хүн болгоноос асууж байсан. Машинтай хүн олдохгүй байсан харин П.О багшийг хотын хөдөлгөөнд машин сайн барьдаг болохоор та  машинаараа яваад ирээч гэж эрхлэгч хэлж байсан, ер нь бол үүрэг өгсөн учраас О багш машинаа жолоодоод бид нэг машинаар явсан. Харин буцахад автобусны билет олдох боломжтой байсан хэдий ч ирэхдээ О багштай ирчихээд буцаад явахдаа орхиод явах боломжгүй. Тийм учраас  бид  нар буцаад хамт явсан. Байгууллагын удирлагад маш их гомдолтой байна, олон эмэгтэй хүмүүс явж байхад аюулгүй байдлыг нь хангаад машин хөлслөх ч юмуу, эсвэл эрэгтэй ажилтан гаргаад машин жолоодуулж явуулаагүй, сургалтын талаар мэдээллийг боломжит байдлаар урьдчилж хэлээгүй, тулгаж хэлсэн, ажлаа дуусгаад яв гэсэн шаардлага тавьж байсан.  Бид хол замд явах ямар ч бэлтгэл хангах боломжгүй давчуу хугацаанд ажлаа хийж байгаад явсан. Буцаж ирэхэд ч гэсэн 29-ний өглөө ажилдаа бэлэн ирэх шаардлагатай гэж байсан.  Ийм байдлаас болж эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Хохирлын тухайд өмгөөлөгчтэйгээ санал нэг байна...” гэв.

Хохирогч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 5 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид ажилдаа цугалсан. Өдөр 16-17 цагийн үед эрхлэгч багш нарыг цугал гэж хэлсэн. Багш нар цуглаад эрхлэгчтэй цахимаар ярихад “Би замд явж байна, багш нарт хүүхдийн шим тэжээлийн талаар сургалт орно, ийм ийм багш нар явна” гэж хэлсэн. Манай нэг багш явахгүй, нэг багш жирэмсний амралттай байсан учраас бусад багш нар явахаар болсон. Эрхлэгч хэлэхдээ автобусны билет бичүүлээд яваарай, ирж, очих зардлыг чинь өгөх юм байна лээ гэж хэлсэн. Тэр хурал дуусаад багш нар автобусны билет бичүүлэх гээд очиход автобусны билет дуусчихсан, бичихгүй гэж хэлсэн. Учир нь тэр үед оюутнууд Улаанбаатар хот руу буцаж байсан учраас автобусны суудал олдохгүй, нэмж автобус гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Эргээд бид нар ажил дээрээ ирээд ярилцаад Улаанбаатар хот руу явах зар тавьсан. Эрхлэгч 23-ны өглөө ирээд хурал хийсэн. Тэр үед машинтай багш нараасаа явуулбал яадаг юм бэ гэсэн яриа гарчихсан байсан. Эрхлэгч намайг та машинаараа яваад ирээч гэсэн “манай нөхөр зөвшөөрөхгүй” гээд би татгалзсан. Тэр үед манай ажлынхан П.О багш та машинаараа явчихаач гэсэн чинь хажуу талаас нь нээрээ та явчихаач та хот дотор машин сайн барьдаг юм чинь гэж хэлсэн. Билет олдохгүй байгаа талаар 22-нд эрхлэгчид хэлсэн. Эрхлэгч Батдаваа 23-ны өдрийн хурал дээр 25-ны өглөө УБ хотод сургалт болох газар бэлэн байх ёстой, сургалтандаа суучихаад 29-ний өглөө ажилдаа бэлэн ирээрэй гэж хэлсэн. Бид нар үүрээр 04 цагт Завханаас гараад 25-ны үүрээр 03 цагт хот руу ороод шууд сургалтандаа оролцсон. 2 өдөр сургалтандаа суусан, 2 дахь өдрийн сургалт оройны 7 цаг хүртэл үргэлжилсэн. Маргааш нь бүтэн сайн өдөр байсан. Захирал хүүхдийн сургууль орох гэж байгаа юм чинь та нар захаар гарчихаад 29-ний өглөө бэлэн байгаарай гэж хэлсэн. Мөн манай ажлын групп дээр 29-ний өглөө бэлтгэл бүлгийн багш нар сургалттай шүү гэсэн зар тавигдсан байсан. Бид нар яаралтай маш давчуу хугацаанд явж байсан. Наашаа явж байгаад 6 цагийн үед Тосонцэнгэл сумын тэнд осол болсон. Тэр үед О багш гараа өргөхөөр нь цайгаа авах гэж байгаа юм байлгүй гэж бодоод нэг хартал замын хажуу талаа руу гарсан байсан “миний найз юу болж байна аа” гэсэн чинь харин тиймээ гэж хэлээд үрүүлтэйгээ ноцолдсон байдалтай байсан. Тэр үед яах ийхийн зуургүй осол болсон. Үнэхээр харамсалтай. Н.А’ээс уучлалт гуйж байна. Санамсаргүй осол болсон, ийм юм болно гэж бодоогүй. Н.А нэг ч удаа  яриагүй гэж гомдох нь зөв байх. Бид хэд осол болсноос хойш нэг ч өдөр тайван байгаагүй. Яг тухайн үед осол болсны дараа амь хохирогчийг би тэврээд унтах гээд байхаар нь унтуулж болохгүй шүү гэж хэлээд сууж байсан. 20-30 минутын дараа царай нь хөхөрч эхэлсэн. Осол болсноос цаг гарангийн дараа цагдаа, эмнэлэгийнхэн ирсэн. Бид эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Би одоо удаан сууж чадахгүй, байнга эм уусаар байгаад бүдүүн гэдэсний үрэвсэлтэй болчихсон.  Маш их гомдолтой байна, цэцэрлэгийн  захирлын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж бодож байна. Бүгдээрээ эмэгтэй хүмүүс явж байхад яагаад ганц эрэгтэй хүн явуулаад аюулгүй байдлыг нь хангуулж болоогүй юм бэ гэж бодож байна. Хохирлын тухайд өмгөөлөгчтэйгээ санал нэг байна...” гэв.

Иргэний хариуцагч Б.М нь шүүх хуралдааны өгсөн тайлбартаа: “... Манай хамт олонд ийм зүйл тохиолдсонд харамсаж байна. Миний бие тухайн байгууллагыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцож байна. Боловсрол соёлын газраас сургалт зохион байгуулж, Завхан аймгаас манай цэцэрлэг сонгогдож манай 7 багш оролцохоор болсон байдаг. Манайх төсвийн байгууллага байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн тоогоор санхүүжилт ордог. Байгууллагын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа хохирлыг төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Манайх тухайн жилийн төсөвтөө багтааж үйл ажиллагаагаа явуулдаг, тухайн хүмүүсийн листийг олгоод явж байсан. Хуульд зааснаар 180 дээш хоногийн хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсан учраас нийгмийн даатгалаас шимтгэлийг 550,000 төгрөгөөр тооцож С.Б, П.О, Л.О багш нарт олгосон байгаа. Бид бүхэн албан хаагчдаа хохироохгүйн үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явж байсан. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж байхгүй гэж бодож байна. Амралтын мөнгөний тухайд хуулиараа өмнөх ээлжийн амралтаас дараагийн ээлжийн амралт эхлэх хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ээлжийн амралтын мөнгийг олгоно гэж заасан. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй учраас ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.A’ийн тухайд осол болсны дараа Н.А-тэй уулзаж холбогдох материалыг явуулж, байгууллагын дансаар дамжуулж 60 сарын тэтгэмжийг олгосон байгаа. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “... Эрүүгийн хэрэгт яллагдагчаар П.О-ийг, харин иргэний хариуцагчаар 5 дугаар цэцэрлэгийг тогтоосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирол хор, уршгийг барагдуулах үүрэгтэй тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4. 511.5, Монгол Улсын Дээд шүүхийн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан, сэтгэл санааны хохирол бодох аргачлалын дагуу гэм хорыг тооцож 78,120,000 төгрөгийг иргэний хариуцагч 5 дугаар цэцэрлэгээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгч П.О-ээс хохирогчийн оршуулгын зардлыг  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй....” гэж зааснаар хохирогч нас барсан бол буруутай этгээдээс оршуулгын зардлыг гаргуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс оршуулгын зардалд 15,743,151 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Х нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа “... Сэтгэцэд учирсан хохирол 78,120,000 төгрөг шаардаж байгаа асуудлыг тодорхой тайлбарлаж дүгнэлтээ хэлье. Шүүх шинжилгээний тухай хуулийн 41, 43, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гэмтлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.5, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор, уршгийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх аргачлалын 3.3, Иргэний хуулийн 498.1, 511.4, 508.1, 511.5-д заасны дагуу амь хохирогч Я.Ц-ын хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн сэтгэцэд учирсан хохирол болох 78,120,000 төгрөгийг шаардсан. Энэ нь Иргэний хуулийн 511.5-т гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Хавтаст хэрэгт амь хохирогч Я.Ц-ын нас барсны гэрчилгээ нотлох баримтаар авагдсан. Үүн дээр амь нас хохирогч Я. нь 1984 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 37 нас, 8 сар, 26 хоногтой байхдаа нас барсан. Үндэсний статистикийн хорооны хүн амын дундаж наслалтын үзүүлэлтээр 2022 онд Завхан аймаг дахь эмэгтэй хүний дундаж наслалтыг 75 нас гэж тооцоолсон. Иймээс амь хохирогч Я.Ц-ын нас болон хүн амын дундаж наслалтын зөрүү нь 37 нас, 2 сар болж байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2022 онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг дүнг 5 дахин нэмэгдүүлэхээр 2,100,000 төгрөг болж байна. Дундаж наслалтын зөрүү нь 37 нас, 2 сар, үүгээр үржүүлэхээр 78,1200,000 төгрөг болж байгаа. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож үзэхээр 63,000,000 болж байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 511.5-д зааснаар хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 5 дахин нэмэгдүүлснээр хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтооход 78,120,000 төгрөгөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагч буюу Завхан аймгийн 5 дугаар цэцэрлэгээс гаргуулахаар шаардаж байна. П.О-ийн хөдөлмөрийн гэрээг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу албан томилолтоор явах хугацаандаа бусдын эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 498.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу уг хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна...” гэв.

Хохирогч Л.О, С.Б нарын өмгөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Хохирогч С.Баярмаа, Л.О нарын хохирсон эрхийг сэргээлгэх, иргэний хариуцагч байгууллагаас гэм хор учруулсны хохирлыг төлүүлэх байр суурьтай оролцож байгаа. Нэгдүгээрт сургалт болсон байна. Сургалт болсон үйл явдал нь хэрэгт авагдсан Боловсролын ерөнхий газрын албан бичиг баримтуудаар нотлогдож байна. Иймд П.О-ийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас  Л  учирсан 11,974,300 төгрөг, С.Б учирсан 13,274,360 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч байгууллагаас гаргаж хохирлыг барагдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна...” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “... Завхан аймгийн 5 дугаар цэцэрлэгийг иргэний хариуцагч биш гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийг тухайн цэцэрлэг хариуцах боломжгүй гэдэг байр суурьтай оролцож, иргэний хариуцагчаар тогтоох боломжгүй дараах нөхцөл байдал үүсэж байгаа. Иргэний хуулийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Тухайн машиныг зогсоох арга хэмжээ авах байсан боловч аваагүйн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хохирол учирсан.  Өөрөөр хэлбэл жолоочийн буруутай үйлдлээс хохирогч нарт хохирол учирсан, тээврийн хэрэгслийн эзэмшигч буруутай. Мөн багш нар буцахдаа автобусаар явах боломж байсан ч автобусаар ирээгүй, шүүгдэгч П.О-ийн машинаар ирсэн. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч ямар нэгэн зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Ажиллаагүй учраас амралтын мөнгө олгох боломжгүй. Хэрвээ ажилласан тохиолдолд амралтын мөнгө тооцоод явах боломжтой. Ажиллаагүй хүнд амралтын мөнгө олгосон тохиолдолд тухайн байгууллага нь акт тавиулах нөхцөл үүсэж байна. Иймд иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон шинжээч Т.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би дүгнэлтээ тормозны систем, үрүүл, тэнхлэгийн тохиргоо, гэрлийн тохиргоо гэсэн голлох 4 хүчин зүйлээр техникийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Завхан аймгийн автотээврийн гаргасан дүгнэлтэд дандаа тогтоох боломжгүй гэж дутуу, дулимаг хариулсан байсан. Үүнийг тогтоох боломжтой гэж үзсэн. Осол болох үед 4 зорчигчтой явж байсан. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой, өөрөөр хэлбэл бүрэн зогсолт гэдэг нь тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөхгүйгээр, гадны үйлчлэлгүйгээр өөрийнх нь чөлөөлт явалтаар нь зогсоох ёстой, гэтэл  чиглэлийг нь өөрчилж замаас гарч өөр хүч үйлчилж байгаа нь осол гарахад нөлөөлсөн, жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн сол гарсан гэж үзэж байна, зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй... ” гэв.

Иргэний хариацагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: “... Намайг 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Нарантуул зах дээр явж байхад боловсролын газрын С гэх хүн яриад ерөнхий газрын Э гэх хүн чам руу ярина, чиний мэйл хаягийг авна, сургалттай гэж хэлсэн. Тэгээд ерөнхий газрын хүн яриад танайх сургалттай юм байна, мэйл хаягаа өгөөч гэхээр нь мэйл хаягаа явуулсан, сургалттай гэсэн мэйл 21-ний өдөр ирсэн байсан, би 21-ний орой уг мэйлийг уншсан. Тэгээд би 08 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Улаанбаатараас Завхан руу гараад 14 цагийн үед Архангай аймагт хоол идчихээд, сургалттай талаар багш нарт хэлэхгүй бол оройтох юм байна гэж бодоод 15 цагийн үед арга зүйч С сургалттай талаар хэлсэн, тэгээд ажлынхантай цахимаар 12 минут ярьсан. Ингэж ярихдаа Боловсролын ерөнхий газрын регистрийн дугаар дээр билетээ бичүүлэх юм байна, эртхэн шиг билетээ  бичүүлээрэй гэх мэдээлэл өгчхөөд Завхан руу гараад явсан. Маргааш ажил дээр очиход 1-2 хүн билетээ бичүүлсэн, зарим нь билетээ бичүүлээгүй гэж байсан. Би яаж ийж байгаад билетээ бичүүлэхгүй бол зардал нь олдохгүй шүү гэж хэлсэн...,  Тэгээд 28-ны өдөр О багшийн дугаараас залгаад өөрөө ярьж чадахгүй байсан, эмнэлгийн хүн яриад осол гарсан талаар хэлсэн. Сургалтад явах хугацаанд О багш над руу яриад сургалт болох газар өөрчлөгдсөн юм уу, хаана юм бэ гэж асуухаар нь би сайн мэдэхгүй гэж хэлсэн, ийм л яриа болсон. Тэрнээс хойш би ямар ч багштай яриагүй. Хаана юу болж байна, яаж байна, тэдэнд ирээрэй гэж яаруулсан янз бүрийн юм яриагүй. Харин 29-ний өдөр бэлтгэл бүлгийн багш А, О нарт цахим сургалттай талаар хэлсэн. Би багш нарт нэгэнт Улаанбаатарт очсон юм чинь хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийн эд зүйлсийг бэлдээд 1 өдөр захаар явчихаад ирээрэй гэж хэлсэн...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.С нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй, гэм буруутайд тооцоогүй хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт гаргаж асуудал ярьж байгаа нь хууль зөрчиж байна гэж харж байна. Гэм буруугийн хувьд П.O-ийн машин осолдсны улмаас хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтлүүд учирсан. Энэ хариуцлагаас би чөлөөлөгдөхийн тулд саналаа хэлж байгаа юм биш, хэргийн бодит үнэн нөхцөл байдлыг тогтоохын тулд өөрийнхөө санал, дүгнэлтийг гаргаж байгаа юм. Нэгдүгээрт шинжээч Т.Т гаргасан дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Энэ дүгнэлтийг гаргахдаа Завхан аймгийн шинжээч нарын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтээр тухайн үед автомашинд үүссэн гэмтлүүд нь тухайн осол болохоос өмнө үүссэн байх боломжтой эсэхийг тодруулах асуултад боломжгүй байна, өмнө нь үүссэн гэх нөхцөл боломж байхгүй байна гэсэн утга агуулгатай шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг үндэслээд шинжээч Т.Түвшинбаатар дүгнэлт гаргахдаа урьд өмнө нь тормозны болон үрүүлийн механизмын ажиллагаа эвдэрсэн байх боломжтой гэж таамаг хэлбэрээр асуудлыг ярьж дүгнэлт гаргасан.        Өнөөдрийн шүүх хураладааны хэлэлцүүлэгт үед оролцсон шинжээчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, бидний тавьсан асуултад хариулж байгаа байдлуудаар мөн эргэлзээ төрж байна. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.О-ийн эзэмшлийн уг машин улсын үзлэгт ороод улсын үзлэгээр тэнцсэн дүгнэлтийг гаргасан. Гэтэл үүнээс хойш сар гаруйн дараа осол болсон, осол болох үед тухайн жолооны механизм, тормозны механизм нь Завхан аймгийн төвийн гаргасан дүгнэлтээр гэмтэлтэй гарсан. Гэтэл энэ хоорондох хугацаанд тухайн гэмтлүүд үүсэх боломжтой байсан юм уу, боломжгүй байсан юм уу гэдэг асуудал тогтоогдоогүй. Мөн тээврийн хэрэгслийн тормозны систем жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн байна. Гэтэл Улаанбаатараас Завхан явахад уг машинд гэмтэл үүсээгүй байсан байна. Жолооч зогсоох арга хэмжээ авахдаа тухайн жолооч самбаачлах хугацаа, хөл шалнаас тормозны гишгүүр хүрэх хүртэл хугацаа, гишгүүрээс шал хүрэх хугацаа, гишгүүрээс үйлчилж байгаа цаг хугацаануудыг тодруулж гаргаж байж, ямар хугацаанд тормоз гишгээд машин өнхрөх вэ, ямар хугацаанд гишгэсэн тормозны мөр гарах вэ, энэ зайг тодорхойлж харах ёстой байсан. Энэ дүгнэлтэд тийм зүйл гараагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээтэй нотлох баримт байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч П.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: “...Тухайн үед санамсар, болгоомжгүйгээс осол гарч хүний амь нас, эрүүл мэнд хохирсонд маш их харамсаж байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан хохирлыг төлж барагдуулна. Миний өөрийн эрүүл мэндийн байдал маш муу байгаа, босож явж чадахгүй тэргэнцэрээр явж байна, би өөрөө 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, амьдрлын нөхцөл байдал хүнд байна. Албаны ажлаар явж байгаад өөрийн буруутай үйлдлээс болоод хүний амь нас, эрүүл мэнд хохироосондоо харамсаж гэмшиж байна, осол маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Талийгаачийн гэр бүл хохирогч Н.А-ээс уучлалт хүсэж байна...” гэж тус тус тайлбарлажээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн үед манай хүүхдийн 95408498 дугаар руу 94118196 дугаараас хүн залгаж ярьсан. Хүү ээж даваан дээр явж байна гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа машин угаагаад байж байтал охин П эмээ залгаад таныг юм өргөөд өгөөч гэж хэлж байна гэхээр нь би ээж М-ийн гэрт ороход эхнэр Ц-ыг зам тээврийн осолд орж нас барсан байна гэж надад хэлсэн..., ...Эхнэр маань 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үүрээр буюу 03 цаг 40 минутад Улаанбаатар хотод сургалтанд суухаар явсан. П.О-ийн машинд манай эхнэр, С.Б, Э, О нарын хамт явсан...П.О надад буяны ажилд зориулан 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-129-р хуудас/,

Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хот руу сургалтанд суухаар Отгонбилэгийн машинд О, Ц нарын хамт 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр явсан. Улаанбаатар хотод очоод 25, 26-ны өдрүүдэд сургалтанд хамрагдсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих үүрийн 04 цагийн үед Улаанбаатар хотоос О-ийн машинд би, О, Ц нарын хамт суугаад гарсан. Замдаа Архангай аймаг дээр зогсож тэндээсээ дэлгүүрээс ус ундаа аваад МТ гэх нэртэй шатахуун түгээх станцаас бензин аваад хөдөлсөн. Тухайн үед би машинд суугаад унтсан. Солонготын даваан дээр зогсож талийгаач Ц нь миний утсаар гэр рүүгээ ярьсан. Тэгээд Их-Уул суманд орж ирээд бүгд гэр рүүгээ ярих нь яриад, хэсэг байж байгаад хөдөлсөн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар О эгч “хүүе замаас гарлаа” гэж хэлэхээр нь би юу болов гээд босоод иртэл О нь машины үрүүл хүчрэгдэхээ болилоо гээд тэр чигтээ машин унасан. Тухайн үед би айсандаа юу болоод байгааг мэдээгүй нэг мэдсэн машин хажуу тал руугаа унасан байсан. Би босч ирээд толгой эргээд манараад байхаар нь толгойгоо сэгсэрсэн чинь болохгүй байсан. Нөгөө хэд маань урд, хажууд тийчигнээд байхаар нь хэдэн залуус ирсэн. Тэгээд байж байтал эмнэлэг цагдаа ирээд бид бүгдийг аваад явсан. Жолоочийн суудал дээр О, түүний хажуу талын суудал дээр О, О-ийн ард талын суудал дээр би, миний баруун гар талд талийгаач Ц сууж явж байсан. О уг тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Замдаа нилээн олон газар амарсан. Хаан бууз гэх нэртэй газарт эхлээд, дараагаар Архангай аймаг, Солонготын даваа, Их-уул сумын наана гэх газруудад амарсан. Миний өвчүү бүрэн хугарсан гэмтэлтэй байгаа. Уг гэмтэл нь машины ослоос болж үүссэн гэмтэл байгаа. Эмчилгээний зардал, эм тарианы мөнгө, бензиний мөнгөнүүд гэх зардлууд нийлээд 1,901,850 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Эрхлэгч Б.Б бид нарыг билет олоод яваарай цаанаас нь 2 талын зардал олгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар авто тээврийн билетний касс ороод явах гэж байгаа таньдаг хүмүүсийн билетийг өөрсдийн нэр дээр бичүүлсэн.  Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явах билет байсан. Гэхдээ бид нар хамт ирсэн машинтайгаа буцаад явъя гээд автобусанд суугаагүй. Надад учирсан хохирлыг 5 дугаар цэцэрлэгээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 150-151-р хуудас/,

Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би 2022 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод сургалтанд суусан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үүрийн 03 цаг 30 минутад О манайд машинтайгаа ирээд намайг авсан. Түүний дараагаар Б, талийгаач Я.Ц нарыг замаасаа аваад 05 цаг өнгөрч байхад эмээлтээс гарсан. Замдаа нилээн олон газар зогссон. Тэгээд Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постоор гараад тус сумын баруун талын уул даваад машинаа зогсоосон. Тэнд зогсоод бид нар өөр өөрсдийн утсаар ар гэр лүүгээ Их-Уул сумаас гараад явж байна гэж хэл дуулгасан юм. Утсаар ярьж дууссаныхаа дараагаар бид нар Улиастай сумын чиглэл рүү явсан. Тэгээд засмал замаар явж байгаад засмал замын өгсүүр хэсэг гарч ирэхэд би жолоочийн хяналтын салбарыг харахад 74 км/цагийн хурдтай явж байсан. Тэр үед О нь зүүн гарын тохой хэсэг нь хөдлөхөөр би хуванцар савтай усыг уух гэж байгаа юм болов уу гэж бодоод савтай ус авах гээд сандлын хажуу талд болон хөлний хэсэг рүү харахад байхгүй байсан. Тэгээд би засмал зам руу хартал шороон замын хөвөө хэсэгрүү нилээн орчихсон харагдахад Отгонбилэг нь жолооныхоо үрүүлийг дийлэхгүй, үрүүлээ онож барихад хэцүү харагдаж байсан. Тэгээд буцаад зам руугаа ороход замын эсрэг урсгалын шороон хөвөө хэсэг рүү тулсан. Нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод машин баруун талаараа газарт хажуулдсан байдалтай унаад Улаанбаатар хот руу машины нүүрэн хэсэг харсан байсан. Тухайн үед миний талын машины хаалганы цонхны шил хагарсан байсан. Хамгийн эхлээд суудлын бүсээ тайлаад машинаас гарах гээд толгойгоо цухуйлгахад машин хөдлөх шиг болсон. Тэгэхлээр би хөдлөхгүй босоод зогссон. О суудлын бүсээ тайлаад босч ирсэн. Тэгээд бид 2 Б арын суудлаас татаж босгож ирсэн. Дараа нь Б нь талийгаач Ц-ыг босгох гэтэл бие эвгүй байна чадахгүй байна гэж шивнэх төдий хэлсэн. Жолоочийн суудал дээр О жолоо барьж явсан. Жолоочийн  хажуу  талын  суудалд  би сууж явсан. Арын суудал дээр буюу миний чанх арын суудал дээр Б сууж явсан. О-ийн чанх арын суудал дээр талийгаач Ц сууж явсан. Тухайн үед урд суудал дээр суусан О бид хоёр суудлын бүсээ зүүж явсан. Машины жолооны үрүүлээ өөр хүнд шилжүүлээгүй. Миний бие тухайн үед зовиургүй байсан дараа нь Тосонгийн эмнэлэг дээр очоод сууж байгаад босоод явах гэтэл гэнэт нуруу руу хатгаж өвдөөд би гишгэж явж чадахаа байсан.  Дээрх ослоос болж миний нурууны L2 нугалам хугарсан Улаанбаатар хотод онгоцоор очиж хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо би удаан явж чадахгүй зогсож чадахгүй гар, хөл, гуя руу хатгаж өвдөөд машинд суугаад явахаар нуруу дугараад байгаа. Бид нарыг Улаанбаатар руу сургалтад явах талаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болох Б гэх хүн албан бичиг нь хэзээ ирсэн болох, мөн ирсэн даруйд нь бид нарт танилцаагүй гэнэт 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой Улаанбаатар хотод бэлэн очиж сургалтад суух талаар мэдэгдсэн. Тэгээд бид нар сургалтад явах гээд билет бичүүлэх гэтэл 23, 24-ний өдрийн билет дууссан гээд автобусаар явах боломжгүй байсан. Энэ тухай хэлэхэд унаа олоод гарцгаа гэж хэлсэн.  Зар тавьж унаа хайсан боловч унаа олдохгүй байсан учир арга зүйч С П.О-ийг та машинаараа явахаас гэж санал гаргасны дагуу бид нар П.О-ийн машинаар аргагүйн эрхэнд явсан.  Миний тухайд жолооч П.О-ээс нэхэмжлэх зүйл, түүнтэй холбоотой гомдол, санал байхгүй. Харин байгууллагаас эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилнэ. Бид нар зардалаа авах гэж танидаг хүмүүсээрээ дамжуулж автобусны билет бичүүлсэн.  Уг осолд орсны улмаас эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 164-165-р хуудас,  2-р хх-ийн 143-148 хуудас/,

         Гэрч  Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...8 дугаар сарын 28-ны орой 22 цагийн  үед 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч Б над руу залгаж манай цэцэрлэгийн багш нар осолдсон байна гэж хэлсэн.  Тухайн үед надад сургалттай холбоотой ямар нэгэн бичиг Боловсролын ерөнхий газраас ирээгүй болохоор багш нар явсан талаар би мэдээгүй.  Тэгээд хаанаас ямар бичиг ирээд явсан гэж асуухад СӨБ-ийн мэргэжилтэн С болон надад мэйлээр ирсэн гэж хэлсэн, мэйл ирснийг би дараа нь мэдсэн. Тухайн 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгчийг би ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна. Аймгийн багшийн ёс зүйн зөрчлийн хурлаар 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б оруулсан. Тэгээд тэр хурлаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн  дүрэмд заасны дагуу хамт олноосоо уучлалт гуйх, сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар БСШУГ-аас талийгаачийн ар гэрт нь манай газраар дамжуулан мөнгөн төлбөр оногдуулсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 158-159-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сургалтын талаар 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Энхцэцэг гэх хүнээс 08 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд бага насны хүүхдийн шим тэжээлийн мэдлэг олгох сургалт орохоор бэлтгэл ажил хийгдэж байна гэсэн утгатай зурвас мэйлээр ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 22-ны өглөө эрт Улаанбаатар хотоос гараад явах замдаа Архангай аймаг дээр ирээд ерөөсөө багш нартайгаа холбогдож мэдээлэл өгөхгүй бол болохгүй нь гэж бодоод Архангай аймагт хоолонд оронгоо арга зүйч С-ийн чатаар багш нартай видео каал хийж ярьж бүлгийн багш Б, О, О, Ө, Э, Ц, А нарыг явуулахаар болсон боловч 2 багш нь  нэг нь жирэмсний амралтай, нэг жирэмсэн байсан болохоор үлдсэн 6  багш нь явахаар болсон. Тэгээд  уг багш нарыг ямар унаагаар ирж очих талаар Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Энхцэцэг гэх хүнээс ирсэн зурвас дээр байсан болохоор багш нартай видео калл хийж байхдаа эртхэн явах автобусны билетээ бичүүлээрэй ирэх, явах зардлын хөлсийг буцааж болгох юм байна  шүү гэж хэлсэн. Албан ёсны сургалт байсан.  Би 16 цагийн үед видео каал хийж үүрэг өгсөн. Уг багш нар нь нийтийн тээврийн унаа буюу автобусаар явах байсан. Тухайн үед оюутанууд автобусаар их явж байсан болохоор билет олдохгүй байна  гэж ярьж байсан.  Манайх жолооч  байхгүй, тээврийн хэрэгсэл байхгүй болохоор унаагаар хангах талаар шийдвэрлэсэн асуудал байхгүй. Би багш нарыг ямар тээврийн хэрэгслээр хэн хэн явах гэж байгаа талаар мэдээгүй. Би багш нарыг нийтийн тээвэр автобусаар явах чиглэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 163-164-р хуудас/,

Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сард хоол шим тэжээлийн мэдлэг олгох сургалттай гээд эрхлэгч багш нартаа хэлээрэй гэж хэлсэн.  Хэдний өдөр гэдгийг санахгүй байна.  Тухайн үед эрхлэгч байхгүй Улаанбаатар хотод амарч байгаад Улиастай сум руу гараад явах замдаа видео каал хийж багш нарт сургалтын талаар мэдээлэл өгсөн. Тухайн сургалтад баруун таван аймгаас манай цэцэрлэг сонгогдсон байсан учир бүлгийн бүх багш нар хамрагдахаар байсан. О, Б, Ц, Ө, О, Э, А багш нарыг хамруулахаар болсон.  Ирэх очих зардлыг буцааж өгнө гэсэн байсан.  Эрхлэгч цахим хурал хийж байх үедээ автобусны билетээ бичүүл гэж хэлж байсан. 08 дугаар сарын 22-ны орой автобусны билет олохоор тал  тал тийшээ асууж үзсэн боловч хоёр багшид билет олдсон . Тэгээд би гэртээ гарсан. Бусад багш нарыг ямар унаагаар явах болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2- р хх-ийн 169-170 р хуудас/,

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх сургалтад сууж магадгүй байна гэж Сарангэрэл арга зүйч надад чатаар хэлсэн. Гэхдээ дарга ирээд хэлэх байх гэсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 08 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд сургалттай гээд захирал бүх багш нартай видео колл хийж хуралдаад О, Б, Ц, Ө, О, А, миний бие явахаар болсон. Хурал дуусаад автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй. Тэгээд гарч ирээд унаа хайж Завхан аймгийн группт зар тавьсан. Тэгээд О багшид хэлсэн чинь нөхөр машин өгөхгүй байх гэсэн. Тэгээд намайг яваач гэхэд нь би нэг хоногийн өмнө ирсэн  машин эвдэрсэн болохоор би явж чадахгүй гэсэн. Тэгээд ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд О багшийг та явахаас гэж хэлсэн. Тэгээд О багшийн машинаар явъя гэж ярилцсан.  Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй О багшийн машинаар явахаар болсон. Тухайн үед А,  Ө багшид автобусны билет олдоод автобусаар явахаар болсон.  Тухайн үед багш нар явахаас өмнө хурал хийж байхад эрхлэгч сургалтад явсан хүмүүсийг нэг дэх өдрийн өглөө буюу 29-ний өглөө гэхэд бэлэн байгаарай гэдэг чиглэл өгч байсан.  Тэгээд би сургалтандаа суучихаад хувийн ажилтай байсан учир түрүүлээд автобусанд суугаад ирсэн. Сургалтад хамрагдах нь багш нарын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөн.  Ажил үүргийн хувьд мэдлэг чадвар, арга зүйгээ дээшлүүлэхийн тулд хамрагдахаар явсан.  Билет дууссан талаар эрхлэгчид утсаар мэдэгдсэн. О-ийн машинаар явахыг эрхлэгч мэдсэн. Тэгээд О-ийн машинаар явахыг зөвшөөрсөн. Гэхдээ ямар нэгэн байдлаар хориглоогүй. Тээврийн хэрэгслийн ажиллагаа, аюулгүй байдлаа мэдээлж байх үүрэг бид нарт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 172-174-р хуудас/,

Гэрч Ц.Ө-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “...  08 дугаар сарын 22-ны өдрийн 16  цагийн үед захирал Улиастай руу ирэх замдаа сургалтад хамрагдах талаар мэдээлэл өгнө гээд видео каал хийж цахимаар хурал хийсэн. Хурал дуусаад автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй.  Тэгээд машинтай хүмүүсийг явъя гэж санал тавьж ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд О багшийг та машинаараа яваад өгөөч гэж хэлсэн.  Тэгээд О багшийн машинааар явъя гэж ярилцсан. Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй болоод О багшийн машинаар явахаар болсон. 08 дугаар сарын 22-ны орой нягтлан бодогч М 2 билет оллоо гээд А багш бид хоёрыг явчих гэж хэлсэн.  Бусад багш нарт билет олдоогүй тул Отгонбилэг багшийн машинтай 08 дугаар сарын 24-ний өглөө явсан байна лээ. Боловсролын газраас сургалтанд ямар унаагаар ир гэсэн талаар би мэдээгүй. Цахим хурлын үеэр одоо гараад унаагаа олоорой гэж эрхлэгч хэлж байсан. Мөн тухайн үед эрхлэгч “намайг иртэл байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаа хийж байгаад явцгаасан. Билет олдохгүй талаар 08 дугаар сарын 22-ны орой утсаар мэдэгдсэн. О-ийг машинтай явахыг мэдсэн. Гэхдээ хориглосон зүйл байгаагүй.  Бид нарт сургалтын талаар маш давчуу хэлсэн. Бусад аймгийн багш нар бүр 08 дугаар сарын 18, 19-н д мэдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 178-179 хуудас/,

Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрхлэгч Улаанбаатар хотоос ирэх замдаа интернэтээр холбогдох гэсэн боловч болохгүй байна гээд багш нарын өрөөнд багш нарыг цуглуулан арга зүйчийн компьютерээр холбогдсон.  Тэр хурал дээр багш нарыг бүгдийг яв гээд О, Б, Ц Ө, О, Э  тэгээд миний бие явахаар болоод багш нарыг нийтийн тээврийн унаагаар явна гэдгийг хэлэхээр хурал дуусаад авто тээврийн үндэсний төв дээр очиход явах билет олдоогүй.  Нягтлан М автотээврийн дугаар луу залгахад 08 дугаар сарын 23-ны өдрийн 2 билет олдсон. Тэгсэн залуучууд хөгшин настай хүн гээд Ө бид хоёрыг явуулахаар болсон. Тэгээд О багшид хэлсэн нөхөр нь машин өгөхгүй байх гэсэн. Тэгээд О багшийн машинааар явъя гэж ярилцсан. Тухайн үед явах машин олдохгүй байсан учир яалт ч үгүй О-ийн машинаар О, Б, Ц, О нар явахаар болсон. Тэгээд Ө бид хоёр 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн автобусанд суусан.  08 дугаар сарын 25-26-нд сургалтандаа суусан. Сургалтанд сууж байх үед ажлын чатанд арга зүйч бэлтгэл бүлгийн багш нар сургалттай 29-ний өдөр ирсэн байх ёстой гэсэн байсан. Тэгээд О бид хоёр түрүүлж очсон нь хэн нь ч яахав гээд би тэгээд би Ө багшийн хамтаар 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн автобусанд суусан. Тэгээд Ө бид хоёр ирж явах замдаа осол болсон талаар мэдсэн. Бид нарт аюулгүй байдлын талаар мэдээлж байх ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 181-182-р хуудас /,

Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай байгууллага 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж эхэлсэн. Захирал бүх багш нартай цахимаар хурал хийнэ гээд видео каал хийж хуралдаад О, Б, Ц, Ө, О, А, Э нар сургалтанд явахаар болсон. Тухайн үед Ө, А багш нар автобусаар явах болсон. О Б, Ц, О, Э нар О-ийн машинтай явсан юм.  Тэгээд захирал Б сургалтанд явсан хүмүүсийг нэг дэх өдрийн өглөө буюу 29-ний өглөө гэхэд бэлэн байгаарай гэдэг чиглэл өгсөн байсан. Явах унааг бол тухайн үед автобусаар явах гэхэд билет олдохгүй цаг нь тулсан байсан болохоор О, билет олдохгүй байгаа юм чинь би машинтайгаа явчих уу гэж хэлэхэд захирал тэг гэж хэлсэн. Сургалтад хамрагдах нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. О-ийг эрхлэгч явахыг мэдсэн. Тэгээд О-ийн машинаар явахыг зөвшөөрсөн. Хориглосон, жолоочоор хангах талаар яриагүй. Аюулгүй байдлаа мэдээлж байх талаар үүрэг өгсөн талаар би мэдэхгүй.  Явсаны дараа араас арга зүйч ярьж О, А багш нарыг Дэвшил сургууль дээр бэлэн байгаарай гэсэн үүрэг өгсөн болохоор О багш яарсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 194-195-р хуудас/,

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сард надтай боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн Э утсаар холбогдоод 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн утасны дугаарыг өгөөч НҮБ-ын гал тогооны түшиц цэцэрлэг учраас Улаанбаатар хотод сургалтанд хамруулах гэсэн юм гээд 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б-ийн утасны дугаарыг нь авсан. Надад ийм л мэдээлэл байна. Өөр мэдэх юм байхгүй. Манай боловсролын газарт ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. 5 дугаар цэцэрлэг рүү албан бичиг явуулсан байсан. Би хэн нэгэнд үүрэг чиглэл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 190-191 хуудас/,

Иргэний хариуцагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай цэцэрлэг нь нийт 30 ажилтантай, эрхлэгч 1, арга зүйч 1, бүлгийн багш 8, дуу хөгжмийн багш 1, туслах багш  8, тогооч 2,  туслах 1, сав угаагч 1, нягтлан 1, нярав 1, үйлчлэгч 1,  жижүүр 4 гэсэн орон тоотой ажилладаг.  Тухайн үед манай цэцэрлэгийн 7 багш 2022 оны 08 дугаар сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шим тэжээлийн сургалтад хамрагдаад буцаад явж байгаад осолд орсон байсан. Боловсролын ерөнхий газраас багш нараа явуулаарай гэсэн бичиг Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу ирээд тэндээс манай эрхлэгч рүү ярьсан гэсэн. Энэ сургалтад явж байгаа багш нарын бүх зардал боловсролын ерөнхий газраас гарсан байсан. Тийм болохоор унааны асуудлыг бас боловсролын ерөнхий газраас шийдэх байсан байх. Манай байгууллагаас О, О, Б нарт үйлдвэрийн ослын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлаа хийхгүй байгаа ч гэсэн сар болгон тэтгэмж олгоод явж байгаа.  Энэ тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа. Талийгаачийн ар гэрт  боловсролын ерөнхий газраас 60 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 196-197-р хуудас/,

Эмч О.О-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн: “... Нэр Л.О, нас 45, хүйс эм.2022.08.29-ны гавал тархи, бүсэлхий нурууны КТГ /CD-2ш/-р: Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3,4-р ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн. Субарахнойдал зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын яс, таславчинд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын гайморовын хөндийн салст бага зэрэг зузаарсан /синусит/. Хоёр нүдний алим, харааны мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн. Бүсэлхийн лордоз хэвийн, баруун талруу мурийлттай. Сээр, бүсэлхийн нугалмуудын зах ирмэгээр остеофит ургалттай, Тһ9-L2 нугалмуудын их биеийн гадаргууд шморлийн ивэрхий үүссэн. L4/L5 фасет үе артроз өөрчлөлттэй...” гэсэн дүрслэл оношилгооны хариу /1-р хх-ийн 249 хуу/,

Хохирогч С.Б, Л.О-ийн нарын ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээнүүд,  ажилд томилсон тушаалын хуулбарууд, фэйсбүүкээр харилцсан чатын зураг, Сургуулийн өмнөх насны хүүхдэд шим тэжээлийн мэдлэг олгох сургалтын удирдамжийн зураг, Боловсролын ерөнхий газраас сургалтад хамруулах тухай албан бичиг, хохирогч С.Б, Л.О нарын сургалтад хамрагдсан батламжийн хуулбар,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч Л.О-ийн өвчний түүх, амь хохирогч Я.Ц-ын ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж болох 60 сарын үндсэн цалинтай 63,812,200 төгрөгийг олгосон талаархи нотлох баримтуудын хуулбар, Улиастай сумын 5-р цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнүүд, ажилд томилсон тушаалууд, Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022 онд техникийн хяналтын үзлэгт орсон тодорхойлолт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, 2022 оны 08 дугаар сарын 25-26-ны хооронд зохион байгуулсан багш Я.Ц, Г.Э, П.О, Л.О, Ц.Ө нарын сургалтад хамрагдсан, санхүүгийн баримтууд, багш , П.О, Л.О, С.Б, Я.Ц нарын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        мөн шинжээчийн дүгнэлтүүд болон дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн шинжээчийн мэдүүлэг:

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №000000063 дугаартай: “...1 Амь хохирогч Я.Ц-ын цогцост уушгины цооролт, элэгний задрал, дэлүүний задрал, нойр булчирхайн няцрал цус хуралт, баруун талын 2,3-р хавирганы хугарал, духны зүүн хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүсэж үхэлд хүргэхэд нөлөөлсөн.  3. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой.  4. Амь хохирогч Я.Ц-ын цогцост шууд үхэлд хүргэх аргах хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Я.Ц нь уушгины цооролт, элэгний задрал, дэлүүний задрал, нойр булчирхайн няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 173-176-р хуудас/, цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл болон цогцост хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.А-ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4244 дугаартай: “...1,2,3 шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  П-ийн О  гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 192-193 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт,

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4243 дугаартай: “...1,2,3 шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  Я.Ц 38 настай гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 201-202 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Завхан аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн: “...1. 2004 онд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн. 2013.06.24-нд Монголд орж ирсэн. 2.Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй байна. 3. Урд тэнхлэгийн тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12,1 мм /стандарт 5мм/, 2-р тэнхлэг дэх дугайн тоормосны хүч зүүн талдаа 1,2 кН, баруун талдаа 0,5 кН, зөрүү 58%, стандарт 30%,/. Зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5700 сd, зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5700сd8  зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5700 сd, /стандарт 10000-225000 сd/. Урд купер эвдрэлтэй, урд салхины шил хагарсан, баруун талын урд, зүүн талын урд, зүүн талын хойд салхины шилнүүд хагарсан, үүрсэн, баруун талын тол хугарсан, баруун, зүүн талын карлон цөмөрсөн, зурагдсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд хаалга гажсан, хойд хаалганы түгжээ эвдэрсэн, бүхээг хэв гажилтанд орсон, баруун урд талын обуд бага зэрэг эмтэрсэн, дуут дохио ажиллахгүй байна. 4. Урд купер эвдрэлтэй, урд салхины шил хагарсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд салхины шилнүүд хагарсан үүрсэн, баруун талын толь хугарсан, баруун, зүүн талын карлон цөмөрсөн, зурагдсан, баруун талын урд, зүүн талын урд, хойд хаалга гажсан, хойд хаалганы түгжээ эвдэрсэн, бүхээг хэв гажилтанд орсон, баруун урд талын обуд бага зэрэг эмтэрсэн, зүүн талын урд дугуй хийгүй болсон нь осол болох үед үүссэн байх магадлалтай. Бусад гэмтлүүдийг өмнө нь хойно хэдүүд үүссэнийг тодорхойлох боломжгүй. 5. Осол болохоос өмнө ямар үзүүлэлттэй байсныг тодорхойлох боломжгүй учир уг эвдрэл гэмтлүүд нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 6. Тухайн тээврийн хэрэгслийн жолооны механизм нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -12.1мм (стандарт 5мм) байгаа нь ослын улмаас үүссэн байх магадлалтай.7. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2мм-2,8мм (стандарт суудлын автомашин дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн урд дугуй осол болох үед хийгүй болсон, үзлэг хийхэд нөөц дугуй тавьсан байсан....” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215-217 ху/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас,

   Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000506 дугаартай: ...1. С овогтой Б-ийн биед: Өвчүү ясны бүрэн бус хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь дарагдах болон шахагдах үед хатуу мохоо зүйлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна.3. С Овогтой Б-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ шинэ гэмтэл байсан байна. 4. С овогтой Б-ийн биед гэмтэл учирсан бол уг гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байж болно. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.6. С овогтой Б-ийн биед: Өвчүү ясны бүрэн бус хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-240-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13602 дугаартай: “...Л.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 249-р хуу/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12028 дугаартай: “...1.П.О-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 230-231-р хуу/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/187 дугаартай: “...1.Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины жолооч 7. О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. "Жолооч дараахь ургийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, Техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", дүрмийн 12.3. "Жолооч хеделгеенд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.3. Дээрх зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж 4. Нэмж тусгах саналгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 9-10-р хуудас/,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000000125 дугаартай: “...1. Л.О-ийн биед бүсэлхийн 2-р нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 08 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарна. 4. Л.О-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн буюу авто ослын үед үүссэн байх боломжтой. 5. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 206-207-р хуудас/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23/40 дугаартай: “1.Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" мөн дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 3.Дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан, улмаар ослоос үүдэн гарсан үр дагавар болох хохирол учирсан гэж үзэж байна.

4. Тээврийн хэрэгслийн зорчигч нар хамгаалах бүс хэрэглэсэн эсэх талаар өмнө ирүүлсэн хэргийн материалд тодорхой дурдагдсан зүйл алга байсан. /2022 оны 08 дугаар сард ирүүлсэн 5.Энэхүү дүгнэлтийн 4 дүгээр хариултаар хариулсан болно. 6. Тээврийн хэрэгслийн зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй бөгөөд хэрэглээгүйн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан талаар бидний зүгээс хариулах боломжгүй. Энэ талаар эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандан хариулт авах нь зүйтэй гэж үзэж байна. 7. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. 8.Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины зүүн талын урд дугуйн хий ашиглалтын /хөдөлгөөний/ явцад гарсан бол автомашины хүндийн төв тэр тал руу огцом шилжиж, тэнцвэржилт алдагдана гэж үзэж байна.  9. Тухайн үед Chevrolet Cruze маркийн 69-25 УНА улсын дугаартай автомашины зүүн талын урд дугуйн хий хэзээ гарсаныг тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Шинжээч Т.Т-ын мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн “...Хэргийн материалд байгаа Завхан аймгийн Авто тээврийн ажилтнуудын гаргасан техник хяналтын үзлэгийн дүгнэлтэд Chevrolet cruze маркийн 69-25 УНА  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны систем, урд тэнхлэгийн тохиргоо, жолооны механизм техникийн шаардлага хангахгүй байна гэж тусгасан байсан тул Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтыг жолооч болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт Жолооч жолооны хүрд хүчрэгдэхгүй байсан хэмээн тусгасан байсан тул П.О-ийг тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна, мөн дүрмийн 12.3 дугаар заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан. Тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан гэж гэрчийн мэдүүлэгт тусгадсан байсан. Тээврийн хэрэгслийн зорчигч нар зорчин явахдаа хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй. Хамгаалах бүх хэрэглээгүй нь ослоос үүдэн гарах хохирлыг ихэсгэх, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах байдлаар нөлөөлнө гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 168-169-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох шүүгдэгч П.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Нийслсэлийн Баянзүрх дүүргийн 45 дугаар цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолт, ажилласан үеийн хийсэн ажлын талаарх гэрэл зураг, Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, гэрэл зураг, шавь нарын эцэг эхчүүдийн шүүгдэгч П.О-ийн талаар тодорхойлсон тодорхойлолтууд, арга зүйч тэмдэгийн шагналын үнэмлэхний хуулбар, мэдээлэл технологийн операторын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, бага насны хүүхэдтэй ажиллах ур чадварын сургалтын сертификатын хуулбар, 45-р цэцэрлэгт ажилласан үеийн батламж, өргөмжлөл, талархал, бага насны хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлэх сургалтын сертификатын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэн талаарх хохиролтой холбоотой баримтууд зэрэг  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.О-ийг 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы ам гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 69-25 УНА улсын дугаартай Chevrolet Gruze маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”  гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я.Ц нас барж, зорчигч С.Б, Л.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хэргийн газар үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Дээд харганы ам” гэх газарт... замын гадаргуу нойтон байсан..., ...тээврийн хэрэгслийн мөр нь шороон замаас гарсан хэсгийг А гэж тэмдэглэв, 1,2 гэж машин замаас гарсан мөрийг тэмдэглэв. ...тухайн замаас гарсан гэх мөр нь асфальтан замын хойд талын ирмэгээс асфальтан замын хөвөө хэсэгт үүссэн байлаа. ... уг асфальтан замын хойд талын ирмэгээс хойд талруу Chevrolet cruze маркийн  саарал өнгийн 69-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун талаараа налсан байдалтай байлаа. ...Уг машины зүүн тал урд дугуй хэсэг нь обуд хэсгээрээ салсан /хийгүй/, зүүн талын урд хаалганы шил цуурсан, багажны хаалга нь нээлттэй, ...машины тээшний хэсэг буюу улсын дугаар байрласан хэсгээс доош дотогш цөмөрсөн..., урд гупер нь зүүн талын хэсгээрээ дотогш хонхойсон, ... машины гадна хэсэгт хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй. ... уг замын өргөн 7.10 метр, хөвөө хэсэг 2.30 метр, замын хөвөөний өндөр, налуу нь 3.0 метр байв. ... №1 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөрний эхлэлээс баруун хойд зүгрүү 12,60 метр урттай тээврийн хэрэгслийн мөр нь замын хөвөө хэсэгт үүссэн байна. ... А цэгээс зүүн талруу 219 метрт өгсүүр гэсэн тэмдэг байв. ...Тээврийн хэрэгсэл дотор эмэгтэй хүний цогцос байсныг “Б” үсгээр тэмдэглэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

1.2 Хохирогч С.Б-ийн “... О эгч “хүүе замаас гарлаа” гэж хэлэхээр нь би юу болов гээд босоод иртэл О нь машины үрүүл хүчрэгдэхээ болилоо гээд тэр чигтээ машин унасан. Тухайн үед би айсандаа юу болоод байгааг мэдээгүй нэг мэдсэн машин хажуу тал руугаа унасан байсан. ...Жолоочийн суудал дээр О, түүний хажуу талын суудал дээр О, О-ийн ард талын суудал дээр би, миний баруун гар талд талийгаач Ц сууж явж байсан. О уг тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.О-ийн “... засмал замаар явж байгаад засмал замын өгсүүр хэсэг гарч ирэхэд би жолоочийн хяналтын салбарыг харахад 74 км/цагийн хурдтай явж байсан. Тэр үед О нь зүүн гарын тохой хэсэг нь хөдлөхөөр би хуванцар савтай усыг уух гэж байгаа юм болов уу гэж бодоод савтай усаа авах гээд сандлын хажуу талд болон хөлний хэсэг рүү харахад байхгүй байсан. Тэгээд би засмал зам руу хартал шороон замын хөвөө хэсэгрүү нилээн орчихсон харагдахад О нь жолооныхоо үрүүлийг дийлэхгүй, үрүүлээ онож барихад хэцүү харагдаж байсан. Тэгээд буцаад зам руугаа ороход замын эсрэг урсгалын шороон хөвөө хэсэг рүү тулсан. Нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод машин баруун талаараа газарт хажуулдсан байдалтай унасан, Улаанбаатар хот руу машины нүүрэн хэсэг харсан байсан...” гэсэн мэдүүлэг

Шинжээч Т.Т-ын “...П.O-ийг тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна, мөн дүрмийн 12.3 дугаар заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг,

1.3  Завхан аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн: “... 2004 онд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн. 2013.06.24-нд Монголд орж ирсэн. Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй,  ... дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй..., дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн урд дугуй осол болох үед хийгүй болсон, үзлэг хийхэд нөөц дугуй тавьсан байсан....” гэсэн шинжээчийн дүгнэлт,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 22/187 дугаартай: “... жолооч О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Жолооч ...эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан..., зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй ...” гэсэн агуулга бүхий  шинжээчийн дүгнэлтүүд

Дээр дурдагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч П.О-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “... Би өөрийн эзэмшлийн 69-25 УНА дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан нь үнэн. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед уг осолд болсон. Осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоохоор хурдыг сааруулсан..., тухайн үед юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд осол болсон, осол гаргасандаа маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг зэргээр зам тээврийн осол гарах үед Chevrolet cruze загварын, саарал өнгийн 69-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг П.О жолоодож явсан, тухайн автомашинд амь хохирогч Я.Ц, хохирогч С.Б, Л.О нар зорчиж явсан нь тус тус нотлогдож байна.

1.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4244 дугаартай: “...1,2,3 шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.  П-ийн О  гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлтээр П.О нь автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болох нь тогтоогджээ.

1.5 Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл “... жолооч П.О нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы ам гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 69-25 УНА улсын дугаартай Chevrolet Gruze загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ эвдрэл, гэмтэлгүй, техникийн зөрчилгүй бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож, улмаар  аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөхгүйгээр хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Я.Ц-ын биед уушгины цооролт, элэг, дэлүүний задрал, нойр булчирхайн няцрал цус хуралт гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн хохирогч С.Б-ийн биед өвчүү ясны бүрэн бус хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирогч Л.О-ийн биед нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтлүүд учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Шүүгдэгч П.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. "...Жолооч... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, ...Техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд шүүгдэгчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзлээ.

2.4 Шүүгдэгч П.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг, эдийн, эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

3.1. Иргэний хариуцагч байгууллага нь иргэний нэхэмжлэлийг хариуцах үндэслэлийн талаар 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор уг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд буюу иргэний хариуцагчаар Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгийг татан оролцуулж, уг цэцэрлэгийг төлөөлөн иргэний хариуцагчаар оролцох этгээдээр Б.М-ыг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогч нарт учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зардал, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, мөн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх зардал болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барж түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг иргэний хариуцагч буюу Завхан аймгийн 5-р цэцэрлэг хариуцан төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ. 

Харин иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагч тал нь “... гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эдийн болон эдийн бус хохирол, нөхөн төлбөр бусад зардлуудыг иргэний хариуцагч хариуцан төлөх үүрэг үүсээгүй өөрөөр хэлбэл хохирогч нар сургалтанд явахдаа шүүгдэгчийн автомашинаар явсан, харин буцаж ирэхдээ осолд орж гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэтэл багш нар сургалтанаас буцаж ирэхэд нийтийн тээврийн хэрэгсэл буюу тасалбараа аваад автобусаар зорчих бүрэн боломжтой байсан, иймээс иргэний хариуцагч хариуцах үндэслэлгүй, мөн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар энэ талаар ажил олгогч хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй гэж ...” гэж мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ....” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж, мөн 509 дүгээр зүйлийн 509.1-д “... Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө..” гэж тус тус зааснаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иргэний хуульд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх тул шүүгдэгч П.О-ийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрлын Ерөнхий газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын  Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан  “Сургуулийн өмнөх насны хүүхдэд шим тэжээлийн мэдлэг олгох” сургалтанд  өөрөө биечлэн оролцож, мөн уг цэцэрлэгийн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу тус цэцэрлэгийн багш нарыг өөрийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж явах явцдаа зам тээврийн осол гаргаж бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгийн дотоод журам,  Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгийн  эрхлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Б/37 дугаар П.О-ийг ажилд томилсон тушаал, 2022 оны 01 сарын 11-ний өдрийн П.О-эй байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  Боловсролын  Ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/1470 дугаартай сургалтанд хамруулах тухай албан бичиг, Боловсрлын Ерөнхий газрын даргын 2022 оны 08 сарын 19-ний өдрийн А/178 дугаартай Сургалт зохион байгуулах зардал гаргах тухай тушаал, “Сургуулийн өмнөх насны хүүхдэд шим тэжээлийн мэдлэг олгох” сургалтын удирдамж, зардал олгосон төлбөрийн баримт болон зардал тооцсон хүснэгт болон хэрэг хянан ажиллагааны явцад өгсөн

         Гэрч  Б.Б-ын “...багш нар сургалтанд явсан талаар би мэдээгүй.  Тэгээд хаанаас ямар бичиг ирээд явсан гэж асуухад СӨБ-ийн мэргэжилтэн С болон надад мэйлээр ирсэн гэж хэлсэн, мэйл ирснийг би дараа нь мэдсэн. Тухайн 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгчийг би ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна..., ... Төрийн албаны тухай хуульд зааснаар БСШУГ-аас талийгаачийн ар гэрт нь манай газраар дамжуулан мөнгөн төлбөр өгсөн...” гэсэн,

Гэрч Б.Б-ийн: “... Сургалтын талаар 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Энхцэцэг гэх хүнээс..., мэйл ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 22-ны өглөө эрт Улаанбаатар хотоос гараад явах замдаа Архангай аймаг дээр ирээд ..., арга зүйч С-ийн чатаар багш нартай видео каал хийж яриад бүлгийн багш Б, О, О, Ө, Э, Ц, А нарыг явуулахаар болсон..., эртхэн явах автобусны билетээ бичүүлээрэй ирэх, явах зардлын хөлсийг буцааж болгох юм байна  шүү гэж хэлсэн. Албан ёсны сургалт байсан.  ..., ... Тухайн үед оюутнууд автобусаар их явж байсан болохоор билет олдохгүй байна гэж ярьж байсан.  Манайх тээврийн хэрэгсэл байхгүй жолоочгүй болохоор унаагаар хангах талаар шийдвэрлэсэн асуудал байхгүй...” гэсэн,

Гэрч С.С-ийн “ ... тухайн үед эрхлэгч байхгүй Улаанбаатар хотод амарч байгаад Улиастай сум руу гараад явах ...замдаа видео каал хийж багш нарт сургалтын талаар мэдээлэл өгсөн..., ...бүлгийн бүх багш нар хамрагдахаар байсан, О, Б, Ц, Ө, О, Э, А багш нарыг хамруулахаар болсон.  Ирэх очих зардлыг буцааж өгнө гэсэн байсан.  Эрхлэгч цахим хурал хийж байх үедээ автобусны билетээ бичүүл гэж хэлж байсан. 08 дугаар сарын 22-ны орой автобусны билет олохоор тал  тал тийшээ асууж үзсэн боловч хоёр багшид билет олдсон... бусдад нь билет олдоогүй...” гэсэн,

Гэрч Г.Э-ын “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 08 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд сургалттай гээд захирал бүх багш нартай видео колл хийж хуралдаад О, Б, Ц, Ө, О, А, миний бие явахаар болсон. Хурал дуусаад Автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй. Тэгээд гарч ирээд унаа хайж Завхан аймгийн группт зар тавьсан. Тэгээд О багшид хэлсэн чинь нөхөр машин өгөхгүй байх гэсэн.  Тэгээд намайг яваач гэхэд нь би нэг хоногийн өмнө ирсэн  машин эвдэрсэн болохоор би явж чадахгүй гэсэн. Тэгээд ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд О багшийг та явахаас гэж хэлсэн. Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй О багшийн машинаар явахаар болсон. ... О-ийн машинаар явахыг эрхлэгч, арга зүй багш нар мэдсэн..., ...Тээврийн хэрэгслийн ажиллагаа, аюулгүй байдлаа мэдээлж байх үүрэг бид нарт өгөөгүй...” гэсэн,

Гэрч Ц.Ө-ын “...2022 оны  08 дугаар сарын 22-ны өдрийн 16  цагийн үед захирал Улиастай руу ирэх замдаа сургалтад хамрагдах талаар мэдээлэл өгнө гээд видео колл хийж цахимаар хурал хийсэн. Хурал дуусаад автотээврийн үндэсний төв дээр очиход билет олдоогүй.  Тэгээд машинтай хүмүүсийг явъя гэж санал тавьж ярилцаад сууж байтал арга зүйч багш ирээд О багшийг та машинаараа яваад өгөөч гэж хэлсэн.  Тэгээд О багшийн машинаар явъя гэж ярилцсан. Тухайн үед билет байхгүй, явах машин олдохгүй байсан учир ямар ч аргагүй болоод О багшийн машинаар явахаар болсон. Эрхлэгч О-ийг машинтай явахыг мэдсэн, хориглосон зүйл байгаагүй.  Бид нарт сургалтын талаар маш давчуу хэлсэн...” гэсэн,

Гэрч С.А-ийн “...хурал дээр багш нарыг бүгдийг яв гээд О, Б, Ц Ө, О, Э  тэгээд миний бие явахаар болоод багш нарыг нийтийн тээврийн унаагаар явна гэдгийг хэлэхээр хурал дуусаад авто тээврийн үндэсний төв дээр очиход явах билет олдоогүй.  О багшид хэлсэн нөхөр машин өгөхгүй байх гэсэн. Тэгээд О багшийн машинаар явъя гэж ярилцсан. Тухайн үед явах машин олдохгүй байсан учир яалт ч үгүй О-ийн машинаар О, Б, Ц, О нар явахаар болсон...” гэсэн,

Гэрч П.Ц-ын “... Эрхлэгч бүх багш нартай цахимаар хурал хийнэ гээд видео каал хийж хуралдаад О, Б, Ц, Ө, О, А, Э нар сургалтанд явахаар болсон.  О Б, Ц, О, О нар О-ийн машинтай явсан юм. Тэгээд захирал Б сургалтанд явсан хүмүүсийг нэг дэх өдрийн өглөө буюу 29-ний өглөө гэхэд бэлэн байгаарай гэдэг чиглэл өгсөн байсан. Явах унааг бол тухайн үед автобусаар явах гэхэд билет олдохгүй цаг нь тулсан байсан болохоор О, билет олдохгүй байгаа юм чинь би машинтайгаа явчих уу гэж хэлэхэд захирал тэг гэж хэлсэн. Сургалтад хамрагдах нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. О-ийн машинаар хот явахыг эрхлэгч мэдсэн. Тэгээд О-ийн машинаар явахыг зөвшөөрсөн..., гэсэн,

Иргэний хариуцагч Б.М-ын: “... Боловсролын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 25-26-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шим тэжээлийн сургалтад багш нараа явуулаарай гэсэн бичиг Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу ирээд тэндээс манай эрхлэгч рүү ярьсан гэсэн. Энэ сургалтад явж байгаа багш нарын бүх зардал Боловсролын ерөнхий газраас гарсан байсан. Тийм болохоор унааны асуудлыг бас Боловсролын ерөнхий газраас шийдэх байсан байх. Манай байгууллагаас О-, О, Б нарт үйлдвэрийн ослын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлаа хийхгүй байгаа ч гэсэн сар болгон тэтгэмж олгоод явж байгаа.  Энэ тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа. Талийгаачийн ар гэрт  боловсролын ерөнхий газраас 60 сартай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон....” гэсэн ,

Хохирогч С.Б-ийн “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сургалтанд яваад 25, 26-ны өдрүүдэд сургалтандаа хамрагдсан. Сургалтанд заавал суух шаардлагатай байсан, тухайн үед оюутнууд УБ хот буцаж байсан болохоор билет, суудал олдоогүй. Машинтай хүмүүсийг явуулахаар ярилцсан боловч явах хүн олдоогүй учраас эрхлэгч Б нь О багшийг машинаараа яваад ир гэж хэлсэн учраас бид нар явсан. Буцаж ирэхэд автобусаар ирэх боломжтой байсан ч бид нэгэнт хамт явсан хүнээ орхиод явах боломжгүй, мөн эрхлэгч О багштай яваад буцаад ирээрэй гэсэн. Бид хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийнхээ дагуу сургалтанд сууж, томилолтоор ажиллаж байхдаа осолд орсон...” гэсэн.

Хохирогч Л.О-ийн “...гэнэт 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой Улаанбаатар хотод бэлэн очиж сургалтад суух талаар мэдэгдсэн, гэтэл 23, 24-ний өдрийн билет дууссан гээд автобусаар явах боломжгүй байсан. Энэ тухай эрхлэгчид хэлэхэд унаа олоод гарцгаа гэж хэлсэн, эрхлэгч болон арга зүйч Сарангэрэл нар П.О-ийг та машинаараа явахаас гэж санал гаргасны дагуу бид нар П.О-ийн машинаар аргагүйн эрхэнд явсан. Бид нар зардлаа авах гэж л танидаг хүмүүсээрээ дамжуулж автобусны билет бичүүлсэн.  Бид хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж томилолтоор ажиллаж сургалтанд суухаар яваад ирэхдээ осолд орсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 164-165-р хуудас,  2-р хх-ийн 143-148 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Иймд иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч П.О нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдэл үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын  5-р цэцэрлэг хариуцан төлөх үндэслэл тогтоогдож байна.

3.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Хохирогч тал нь талийгаачийн оршуулгын зардалд 18,743,151 төгрөг зарцуулагдсан үүнээс П.О 3,000,000 төгрөг өгсөн, түүнийг хасаад үлдэгдэл 15,743,151 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж дүгнэж шүүгдэгч П.О-ээс гаргуулахаар,

уг гэмт хэргийн улмаас хохирогч нас барж түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 78,128,000 төгрөгийг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 3.2.1 Хохирогч тал нь талийгаачийн оршуулгын зардал 18,743,151 төгрөг нэхэмжилж хэрэгт нийт 42 хуудас нотлох баримтуудыг ирүүлсэн боловч дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан дараах зардлуудыг гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

-Яруу Алдар ХХК-наас 2023.08.29-ний өдөр  710,000 төгрөгний мах худалдан авсан зарлагын баримт, /104-р хуудас/

-Хаяа хутагт ХХК-наас 2023.08.29-ний өдөр  451,000 төгрөгний хүнсний ногоо худалдан авсан зарлагын баримт, /105-р хуудас/

- мөн 2023.09.01-ний өдөр  604,000 төгрөгний сүү, цагаан идээ худалдан авсан зарлагын баримт, /106-р хуудас/

-Яруу Алдар ХХК-наас 2023.09.05-ны өдөр  400,000 төгрөгний мах худалдан авсан зарлагын баримт, /107-р хуудас/

мөн 2023.09.05-ны өдөр 742,000 төгрөгний мах худалдан авсан зарлагын баримтууд /108-р хуудас/ бөгөөд уг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан гэх эд зүйл, худалдан авсан хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, амь хохирогчийг оршуулах зардалд зориулагдаж зарцуулсан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй тул Яруу Алдар болон Хаяа хутагт ХХК-наас 5 удаагийн худалдан авалтаар худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ болох 2,907,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

   3.2.2 Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Аийн 5517090800 дугаартай ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, 1-р хавтаст хэргийн 73-89-р хуудас,

- Чын М-ийн 5495365596 дугаартай ХААН банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, 1-р хавтаст хэргийн 97-99-р хуудас

- Ч-ын М-ийн 5005345215 дугаартай Хас банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга, 1-р хавтаст хэргийн 100-103-р хуудас,

амь хохирогч Я.Ц-ын 17,000,000 төгрөгний цалингийн зээлийн Хас банктай байгуулсан гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, /109-113-р хуудас/

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн 9,535,000 төгрөгний цалингийн зээлийн Төрийн банктай байгуулсан гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, /114-116-р хуудас/

- Зээлдэгч Н.Ц, Н.Д нарын 14,000,000 төгрөгний “Инвескор ББСБ ХХК” -тай байгуулсан автомашины зээлийн гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ /117-121-р хуудас/ зэрэг нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан, юунд зарцуулсан ямар хохирлыг нотлож байгаа, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй, хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул дээрх баримтуудаар нэхэмжилсэн болон нотлох баримт гаргаж өгөөгүй нэхэмжилсэн нийт 15,836,151 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч тал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... хохирогч Н.А-ийн болон түүний ээж Ч.М-ийн дансны хуулгыг гарган өгч  уг данснаас гарсан зарлагууд нь бүгд талийгаачийн оршуулгын зардалд зарцуулагдсан ...” гэж тайлбарлаж байх боловч уг баримтаар данс эзэмшигч Н.А болон Ч.М нарын харилцах дансанд гүйлгээ хийгдсэн үйл баримтыг нотлож байгаа хэдий ч уг зарлага болж гарсан мөнгө нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулагдсан зардал, түүний мөнгөн дүн гэж үзэх боломжгүй, түүнчлэн  өөр нотлох баримт гаргаж өгөөгүй учир дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

 Иймд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй  тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж гэм хорын хохирлоо арилгуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

   3.2.3 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж зааснаар амь хохирогч Я.Ц-ын хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хохирол болох 78,120,000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “... Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна. 

Гэвч Н-ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд хохирол учруулах болсон буюу зам тээврийн осол болж Я.Ц-ын амь насыг хохироосон гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, харин гэмт хэргийн улмаас хохирогч нас барсанаар түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр олгох асуудлыг шийдвэрлэсэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийн заалтыг Монгол Улсын Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж хуульчилсан байна.

Монгол улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь “Иргэний хууль болон хуульчилсан акт хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ” гэсэн агуулгатай.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Алтангэрэлийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хохирол болох 78,120,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3.3 Хохирогч Л.О түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Хохирогч Л.О нь “... гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зардал 1,900,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 6,454,224 төгрөг, мөн нийгмийн даатгалд 3,620,136 төгрөг нөхөн төлүүлэх, нийт 11,974,336 төгрөгийг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 3.3.1 Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 1,900,000 төгрөг нэхэмжилж хэрэгт нийт 15 хуудас нотлох баримтуудыг ирүүлсэн боловч дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон дараах зардлуудыг гаргуулах нь зүйтэй байна.

Үүнд: 3-р хавтаст хэргийг 173-р хуудсанд авагдсан  2022.12.15-ны өдрийн эмчилгээний тосны үнэ 11,500 төгрөгийн,

-2022.09.12-ны өдрийн эмний үнэ 60,000 төгрөгийн,

- 2022.12.14-ний өдрийн эм, тарианы үнэ  63,000 төгрөгийн

- 2022.11.01-ний өдрийн бензины үнэ 106,409 төгрөгийн

-2022.11.02-ны өдрийн бензины үнэ 15,000 төгрөгийн

-174-р хуудсанд авагдсан 2023.03.03-ны өдрийн эмний үнэ 10,000 төгргөийн,

- 2023.04.21-ний өдрийн эм тарианы үнэ 25,200 төгрөгийн,

- 2023.02.19-ний өдрийн эмний үнэ 9,000 төгрөгийн,

-2023.05.03-ны өдрийн “мэдрэлийн эмчийн анхан шатны  үзлэг, зөвлөгөөний үнэ” 40,000 төгрөгийн,

- 2023.04.26-ны өдрийн Диколодинк эмний үнэ 3,300 төгрөгийн,

- 2023.04.26-ны өдрийн автобусны билетны үнэ  78,700 төгрөгийн,

- 2023.02.26-ны өдрийн эмний үнэ 12,500 төгрөгийн,

- 2023.04.29-ний өдрийн бүтэн нурууны дүрс оношлогооны төлбөр 450,000 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан гэх эм, эмийн бүтээгдэхүүн, тэдгээрийг худалдан авсан хугацаа, эмчилгээний төлбөр, түүнийг төлсөн хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, хохирогчийн эрүүл мэндэд зориулагдаж зарцуулсан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байх тул эм, эмчилгээ, эмийн бүтээгдэхүүн болон, эмчлүүлэхээр автомашинаар явахдаа зарцуулсан бензин шатахууны үнэ болох 884,609 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3.3.2 Харин 3-р хавтаст хэргийн 174-р хуудасны 8 дугаартай он, сар, өдөр тодорхойгүй эм тарианы үнэ 12,500 төгрөгийн баримт, мөн хуудсанд байгаа Мед траума эмнэлэгт 2023.04.29-ний өдөр үзүүлсэн В1-МRI  дүрс оношлогоо, үзлэгийн үнэ 450,000 төгрөгний е-баримт нь үзлэгийн хуудас гэх 29 дугаартай зарлагын баримттай давхардсан, 175-176 дугаар хуудаст авагдсан үнийн дүнг тодруулсан 447,891 төгрөгийг бичгийн баримт, 176-р хуудаст “Лазермед эмнэлэгт томограф хийлгэсэн гэх 105,000 төгрөг” гэж бичиж тэмдэглэсэн бичиглэл бүхий баримтаар нэхэмжилсэн нийт 1,015,391 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, давхардсан, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зарцуулсан зардалд гэж 1,900,000 төгрөг нэхэмжэлснээс 884,609 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,015,391 нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж гэм хорын хохирлоо арилгуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

3.3.3  Мөн хохирогч Л.О нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчид үзүүлж эмчилгээ оношилгоонд хамрагдахаар Улаанбаатар хот явсан, мөн хэвтэн эмчлүүлсэн хугацаанд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө хийх боломжгүй болсон учраас ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 6,454,224 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн тухайн хугацаанд  нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-н 3-р хавтаст хэргийн 126 хуудас/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүх  ажилгүй байсан хугацааны цалинг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан байна.

Хохирогч Л.О-ийн ажлын 1 өдрийн цалинг тооцохдоо түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сард нийт 3,946,038 төгрөгийн цалин авсанаас тооцоход /1192288+1553750+1200830=3,946,038/3=1,315,622 / 1 сард 1,315,346 төгрөгийн, 1 өдрийн 59,788 төгрөгийн цалинтай байна.  Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2023 оны 04,05, 06 сард авах цалин 3,946,038 төгрөг байна. Гэвч хохирогч тал ажилгүй байсан хугацааны цалинд 3,900,000 төгрөг гэж нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 3,900,000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж хохирогч Л.О олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,900,000 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон хасаж хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.

Харин хохирогч ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогчтой хэзээ ямар гэрээ байгуулж, ямар хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ямар ажил хөдөлмөр, албан тушаал эрхэлж байгаа буюу ажлын жилийн хугацаанд хичнээн өдрийн ээлжийн амралтын хоног тооцуулах талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.3.4  Хохирогч  Л.О нь Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар  алдсан учир 1 сарын дундаж цалинг 18 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас, олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд /1994 оны/ зааснаар ердийн өвчин ахуйн ослын улмаас  хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж авах эрхтэй бөгөөд дээрх тэтгэмжийг хуулийн 5 дугаар бүлэгт заасан зохих хувь хэмжээгээр, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан тодорхой аргачлалын дагуу тооцож, Нийгмийн даатгалын байгууллага олгохоор хуульчилсан байх тул хохирогч нь хүсэлтээ бусад нотлох баримтын хамт зохих байгууллагад гаргаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд шүүх энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр  хэлбэл  Нийгмийн  даатгалын  тухай  хуульд  заасны  дагуу шимтгэл

 төлж, тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бөгөөд Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэг нь энэхүү нэхэмжлэлийг  хариуцан төлөх иргэний хариуцагч биш байна.  

Иймд хохирогч Л.О-ийн ... гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зардал 1,900,000 төгрөг нэхэмжилснээс 884,609 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,015,391 нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

  ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 6,454,224 төгрөг, мөн нийгмийн даатгалд 3,620,136 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас 3,900,000 төгрөг гаргуулах болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж, нийт 4,784,609 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж хохирогч Л.О олгож, Л.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж Нийгмийн даатгалын мэдээллийн санд тусгахыг  иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгаж, ээлжийн амралтын мөнгө гаргуулах болон хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.4 Хохирогч С.Б болон түүний өмгөөлгчийн зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Хохирогч С.Б “... гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зардал 3,325,850 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 6,354,224 төгрөг, мөн нийгмийн даатгалд 3,620,136 төгрөг нөхөн төлүүлэх, нийт 13,247,360 төгрөгийг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 3.4.1 Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 3,200,000 төгрөг нэхэмжилж хэрэгт нийт 14 хуудас нотлох баримтуудыг ирүүлсэн боловч дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон дараах зардлуудыг гаргуулах нь зүйтэй байна.

Үүнд: 1-р хавтаст хэргийг 91-р хуудасанд авагдсан 

- Оксмэн ХХК ЭХНТөвөөс эм, тариа худалдан авсан  972,950 төгрөгний зарлагын баримт,

            -  2022.11.09-ний өдрийн эмчилгээний үнэ 105,000 төгрөгийн,

            -  чих хамар хоолойны эмчилгээний төлбөр 30,000 төгрөгийн,

            - 2022.11.10-ний өдрийн хулхи цэвэрлэх эмчилгээний төлбөр 20,000 төгрөгийн,

            - 2022.10.13-ны өдрийн автобусны билетны үнэ 78,700 төгрөгийн,

            - 2022.10.18-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгийн төлбөр 25,000 төгрөгийн,

            - 2022.11.01-ний өдрийн эмний үнэ 181,350 төгрөгийн,

1-р хавтаст хэргийн 92 дугаар хуудас дахь:

-2022.10.28-ны өдрийн эмний үнэ  54,000 төгрөгийн,

            - 2022.10.18-ны өдрийн эмчилгээ, үйлчилгээний үнэ 36,000 төгрөгийн,

            - 2022.10.26-ны өдрийн эмний үнэ 7,250 төгрөгийн,

            - 2022.10.18-ны өдрийн бензины үнэ 100,000 төгрөгийн,

            - 2022.11.11-ний өдрийн автобусны билетны үнэ 78,700 төгрөгийн, 2022.10.08-ны өдрийн эмний үнэ 41,900 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан гэх эм, эмийн бүтээгдэхүүн, тэдгээрийг худалдан авсан хугацаа, эмчилгээний төлбөр, түүнийг төлсөн хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, хохирогчийн эрүүл мэндэд зориулагдаж зарцуулсан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байх тул эм, эмчилгээ, эмийн бүтээгдэхүүн болон, эмчлүүлэхээр автомашинаар явахдаа зарцуулсан бинзен шатахууны үнэ болох 1,755,850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3.4.2 Харин 3-р хавтаст хэргийн 145-р хуудас дахь нотлох 1,570,000 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зарцуулсан зардалд гэж 3,325,850 төгрөг нэхэмжилснээс 1,755,850 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,570,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж гэм хорын хохирлоо арилгуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

3.4.3  Мөн хохирогч С.Б нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчид үзүүлж эмчилгээ оношилгоонд хамрагдахаар явсан, мөн хэвтэн эмчлүүлсэн хугацаанд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө хийх боломжгүй болсон учраас ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 9,974,360 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн тухайн хугацаанд  нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-н 3-р хавтаст хэргийн 125-р хуудас/

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүх  ажилгүй байсан хугацааны цалинг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан байна.

Хохирогч С.Б-ийн ажлын 1 өдрийн цалинг тооцохдоо түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сард нийт 3,324,141 төгрөгийн цалин авсанаас тооцоход 1 сард 1,108,047 төгрөгийн, 1 өдрийн 55,402 төгрөгийн цалинтай байна. Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2023 оны 04, 05, 06 сард авах цалин 3,324,141 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 3,324,141 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж хохирогч С.Б олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,324,141 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон хасаж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.

Харин хохирогч ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогчтой хэзээ ямар гэрээ байгуулж, ямар хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж, ямар ажил хөдөлмөр, албан тушаал эрхэлж байгаа буюу ажлын жилийн хугацаанд хичнээн өдрийн ээлжийн амралтын хоног тооцуулах талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардалгыг мөн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.4.4  Хохирогч С.Б нь Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар  алдсан учир 1 сарын дундаж цалинг 18 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас, олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд /1994 оны/ зааснаар ердийн өвчин ахуйн ослын улмаас  хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж авах эрхтэй бөгөөд дээрх тэтгэмжийг хуулийн 5 дугаар бүлэгт заасан зохих хувь хэмжээгээр,  нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан тодорхой аргачлалын дагуу тооцож, Нийгмийн даатгалын байгууллага олгохоор хуульчилсан байх тул хохирогч нь хүсэлтээ бусад нотлох баримтын хамт зохих байгууллагад гаргаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд шүүх энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж, тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бөгөөд Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэг нь энэхүү нэхэмжлэлийг  хариуцан төлөх иргэний хариуцагч биш байна. 

Иймд хохирогч С.Б-ийн ... гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон эрүүл мэндээ сэргээхтэй холбоотой зардал 3,325,850 төгрөг нэхэмжилснээс 1,755,850 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,570,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө 6,354,224 төгрөг, мөн нийгмийн даатгалд 3,620,136 төгрөг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас 3,324,141 төгрөг гаргуулах болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж, нийт 5,079,990 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж хохирогч С.Б олгож, С.Б-ийн 3,324,141 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 3,324,141 төгрөгийн нөхөн бичилт хийж Нийгмийн даатгалын мэдээллийн санд тусгахыг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгаж, ээлжийн амралтын мөнгө гаргуулах болон хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн  шүүгдэгч  П.О  нь   хохирогчийн  хууль   ёсны  төлөөлөгч

Н.А 3,000,000 төгрөгний хохиролд  төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс П.О-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болон түүнийг эмчлүүлэхтэй холбоотой 104 хуудас нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Шүүх дээрх нотлох бармтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримт  гэж дүгнэлээ.

4 .Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

4.1 Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч нь  “...Шүүгдэгч П.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, ялыг шүүгдэгчийн оршин сууж байгаа Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх...” санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Болгоомжгүй үйлдлээсээ хүний амь насыг хохироосон. Өөрөө ч бас эрүүл мэндийн хувьд нэлээд хохирол хүлээсэн, насанд хүрээгүй хүүхдүүдтэй ганц бие эмэгтэй гэдгийг харгалзан үзээд зорчих эрх хязгаарлах ял оногдуулахыг хүсэж  байна ...” гэх санал,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч нар нь “... Хүний амь нас хохирсон, 3 өнчин хүүхэдтэй үлдэж байгаа, маш их гомдолтой байна, иймээс шүүгдэгчид хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн санал тус тус гаргасан байна.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас буюу хохирогч нас барсантай холбогдуулан гарсан оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй байна.

4.2 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч П.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дээрх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Засаг даргын тодорхойлолт шүүгдэгч П.О-ийн өгсөн “...Миний хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Би бага насны 2 хүүхдийнхээ хамт өрх толгойлж амьдардаг ганц бие ээж юм. Энэ  ослын улмаас өөрийн биед гэмтэл авч одоогийн байдлаар босож явж чадахгүй тэргэнцэртэй явж, байнгын хүний асаргаанд байгаа. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд болон хохирогч С.Б, Л.О нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гэмшиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу гарсан хохирлыг чадах чинээгээрээ заавал төлнө..., гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.

4.3 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.О-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал буюу насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ганц бие эх, уг гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн улмаас эмчлүүлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 4.4 Шүүгдэгч нь Завхан аймгийн Улиастай суманд байнга оршин суудаг, тус сумын 5-р цэцэрлэгт бүлгийн багшаар ажилладаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийнУлиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

4.5 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №7837834 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.О нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн  эд хөрөнгө байхгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт П-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт П О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Завхан аймгийн Улиастай сумын бүсчлэлээс гарахгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих, ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгээс 2,907,000 /хоёр сая есөн зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, 4,784,609 /дөрвөн сая долоон зуун наян дөрөв мянга зургаан зуун ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.О, 5,079,990 /таван сая далан есөн мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Баярмаад тус тус олгож,

 хохирогч Л.О-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгнөөс тооцож, хохирогч С.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3,324,141 /гурван сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгнөөс тооцож тус тус нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, мэдээллийн санд тусгахыг иргэний хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын 5-р цэцэрлэгт даалгаж,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ийн нэхэмжилсэн 15,836,151/арван таван сая найман зуун гучин зургаан мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн, хохирогч Л.О-ийн нэхэмжилсэн 1,015,391/ нэг сая арван тавин мянга гурван ерөн нэг/  төгрөгийн, хохирогч С.Б-ийн нэхэмжилсэн 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, Л.О, С.Б нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А*-ийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт нэхэмжилсэн 78,120,00 /далан найман сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Л.О, С.Б нарын нэхэмжилсэн ээлжийн амралтын мөнгө гаргуулах болон хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг тоолсугай.

6. Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ