Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В А Д Г ХХК /РД:00000/,

Хариуцагч: Ч.Ө /РД:000000/-д холбогдох,

10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэр, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч С.Г-аасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нь 6 жилийн өмнө 10,500,000 төгрөгийг Ч.Өд өгсөн. 3,500,000 төгрөгийн үнэ бүхий нарны хавтанг худалдан авснаар сар бүр тогтмол ашиг орно гэж сурталчилсанд итгэж С.Г нь болчимгүй үйлдэл гаргаж хувь хүнд 10,500,000 төгрөгийг өгсөн. Ч.Өгийн анх тайлбарласны дагуу огт ашиг, орлого олоогүй. Эрүүгийн журмаар шалгагдаж дууссан. Иргэн хоорондын маргаан гэж үзсэн. Ч.Ө нь В А Д Г ХХК-ийн нэрийг барьж залилангийн үйлдэл гаргасан. Иймд Ч.Ө, В А Д Г ХХК-иас 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В А Д Г ХХК-ийн дансаар 2,500,000 төгрөгийг С.Г шилжүүлсэн. Ворлд голбал нетворк-ийн цахим хаягаар нэвтэрч ороход С.Ганбатын нэр дээр нэг хавтан бүртгэлтэй байгаа нь нотлогдож байна. Харин Ч.Ө миний бие 2,500,000 төгрөгийг иргэний хувиар аваагүй. А Д Г ХХКболон Ч.Ө миний бие С.Г-аас10,500,000 төгрөгийг аваагүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ч.Ө болон В А Д Г ХХК-д холбогдуулан 10,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Ч.Ө иргэнийхээ хувьд мөнгө аваагүй, В А Д Г ХХК-ийн дансанд С.Г-ааснарны хавтан худалдан авахаар 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Төлбөрийг гэрээгээр тохиролцсоны дагуу Ворлд глобал нетворк компанийн дансанд шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргажээ.   

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч В А Д Г ХХК-тай 2013 оны 06 сарын 18-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл С.Г нь В А Д Г ХХК-тай гадаад улс дахь Ворлд глобал нетворк компанид нарны хавтан худалдан авч хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгийн хувьд ногдох ашиг авахад зуучлуулах, зуучлагч нь хөрөнгө оруулалтын ногдох ашгаас 10 хувийг авахаар харилцан тохиролцсон байна.  

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.  

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуорорын газрын прокурорын 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 438 дугаар тогтоол, шүүхээс www.worldgn.com вэб сайтад хийсэн үзлэг зэргээр В А Д Г ХХК нь Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг Ворлд глобал нетворк компанид хөрөнгө оруулагч нараас шилжүүлсэн мөнгийг ам.доллараар дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Түүнчлэн шүүхээс www.worldgn.com вэб сайтад хийсэн үзлэг, Ворлд глобал нетворк компанийн Нарны хавтан худалдан авсан тухай баримтаар С.Ганбат, С.Бурмаа нар нь тус тус 1700 ам.долларын нарын хавтан худалдан авсан бүртгэлтэй байгаа нь нотлогдож байна.

Хариуцагч В А Д Г ХХК нь нэхэмжлэгчээс дансаар 2,500,000 төгрөг шилжүүлж авсан тухайд маргаагүй. Харин хариуцагч Ч.Ө нь нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч В А Д Г ХХК нь С.Ганбаттай байгуулсан гэрээний үүргээ зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцсаан шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч Ч.Ө, В А Д Г ХХК-д холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасны дагуу хариуцагч Ч.Ө, В А Д Г ХХК-д холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Г-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР