Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

      2024         01            16                                      2024/ШЦТ/96  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1764 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын холбооны инженер мэргэжилтэй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаант өртөөний 02 дугаар байрны гадна 2023 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.***ийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1224 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохиролтой холбоотой, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.***.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрх, ашгийг хамгаалж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.

Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд: Шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаант өртөөний 02 дугаар байрны гадна 2023 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.***ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, улмаар түүний биед эрүү ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн доогуур зөрүүтэй хоёрлосон хугарал, үүдэн зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Б.***ийн “...Нямсүрэн ахлахтай 2 тоотоос гарч тамхи татаад Нямсүрэнтэй яриад өдөөд байж байтал 2 тоотоос Мандал өртөөний механикч *** араас согтуу гарч ирээд “чи намайг бацаан гэдэг хэн бэ, би чамаас өмнө энэ өртөөнд ажиллаж байсан” гэж орилоод над руу дайрсан бөгөөд *** бид хоёр барилцаад хоорондоо заамдалцсан. Тэгтэл манай эхнэр *** гэнэт хүрч ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон ба би ***тай барилцаж байгаад газар унагаасан бөгөөд би ***ын дээр нь гарсан юм. Тэгтэл *** дотроос гарж ирээд "Манай хүнийг зодож байна” гээд *** байшин дотроос хүмүүс дагуулаад ирсэн ба *** миний нүүрний зүүн шанаа руу нэг юмаар хүчтэй цохих шиг болсон. Хөлөөрөө эсвэл гараараа цохисон эсэх талаар би мэдэхгүй. Тухайн үед би өөрөө согтсон мөн гадаа харанхуй байсан ба ямартай ч *** миний зүүн эрүү хэсэгт гэмтэл учруулсан. Түүний дараа миний эрүү эвгүй болоод амаа ангайж чадахгүй болсон бөгөөд манай эхнэр цагдаа дуудсаны дараа тухайн үед байсан бүх хүмүүс бүгд тарж алга болсон. Миний зүүн эрүү 2 хугарч гэмтэл үүссэн. Мөн үүдэн шүднүүд ёзоорууд унасан. ...Мандал өртөөний ахлах *** гэдэг хүн миний зүүн эрүүнд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх7-9/,

- гэрч Д.***ын “...*** намайг заамдаад гараад ир гэсэн. Тэгээд бид 2 маргалдаад намайг цохисон, би газар унасан ба миний дээр *** гарсан бөгөөд *** 2 тоотоос гарж ирсэн ба "манай хүнийг энд зодож байна" гэж орилоод гүйгээд хүрээд ирсэн ба гүйсэн эрчээрээ *** ***ийн толгой руу 1 удаа хүчтэй цохих шиг болсон юм. *** ***ийг цохиж унагасан ба дахиад цохисон эсэх талаар би мэдэхгүй байна. Би зарим зүйлсийг сайн санахгүй байна. Тухайн үед нүүрээ дараад хэвтэж байсан юм. Тэгээд би босож ирэхэд бүгд салсан байсан ба *** "та нар сайхан амарна гэж бодож байна уу, та нарыг амраахгүй за юу" гэсэн ба *** Нямсүрэн бид гурав 2 тоот өрөө рүү орж унтсан юм. Төд удалгүй цагдаа нар ирсэн ба *** бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх16-17/

- гэрч З.***ийн “...2 тоотоос Мандалын ахлах *** гарч ирээд "Манайхан манай хүнийг зодож байна" гэж орилоод гүйж ирээд манай нөхөр ***ийн нүүр лүү хүчтэй цохих шиг болсон ба манай нөхөр газар хүчтэй унасан. Яг нүүр лүү нь цохисон эсвэл өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Манай нөхөр унасны дараа *** дээрээс нь толгой руу нь гараараа цохиод байсан ба би ***ыг татаж холдуулсан. Би ***д хандаж "чи яагаад хүн зодоод байгаа юм бэ" гэж уурлатал *** "чи зайл янхан минь" гэх зэргээр намайг хараасан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэх сургаар тухайн үед байсан хүмүүс тараад алга болсон. *** *** хоёр цагдаа ирэхэд 2 тоот гэртээ байсан бөгөөд цагдаагийн хэлтэс дээр манай нөхөр ***, *** болон манай нөхөр *** бид дөрөв ирсэн юм. Цагдаагийн хэлтэс дээр иртэл *** цагдаа нарт хэлэхдээ "*** намайг архи авч өг гэж дарамталсан тэгээд байрнаас чирч гаргаад зодсон” гэж худлаа хэлсэн гэсэн мэдүүлэг /хх21-22/, шүүгдэгч М.*** шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч *** нь механикч ***ыг цохисон байхаар нь түүнийг 2 удаа цохисон гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

3. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12135 дугаар дүгнэлтэд “...Б.***ийн биед эрүү ясны ооч, зүүн талын үений сэртэнгийн доогуур зөрүүтэй хоёрлосон хугарал, үүдэн зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх хоёр шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ. /хх26-27/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр  хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүн тус газарт гараараа цохисноос шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

Хохирогч М.*** нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримтаар нийт 4.470.170 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид нийт 6.000.000 төгрөгийг эрүүл мэндэд болон сэтгэцэд учруулсан хор уршигт нөхөн төлжээ.  

7. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч М.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

9. Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: шүүгдэгч нь хохирогчтой тохиролцон хохирлыг төлсөн тул сэтгэцийн хор уршиг нэхэмжлэх шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан, мөн хохирогч шүүхэд гаргасан хүсэлтдээ хөнгөн ял шийтгэж өгөх хүсэлт гаргасныг уламжилсан бол шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын маргаанаас болж хүний эрүүл мэндэд халдсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдгийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч М.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ыг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР