| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
2024 01 25 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Янжиндулам, хохирогч Ч.***,
шүүгдэгч В.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.***ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 02455 2165 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, харуул хамгаалалтын ажил хийдэг, ам бүл 2, төрсөн ахын хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч В.*** нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчиний 96-34 тоотод байх хохирогч Ч.***ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэр дотроос 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1495 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч В.***:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч В.*** нь гэм буруугүй хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч В.*** нь согтуугаар 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн өдрийн цагаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчиний 96-34 тоотод байх хохирогч Ч.***ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хохирогчийн нөхөр П.***ын хамт орохдоо 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулж авч гарсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ч.***ийн “...Миний нөхөр П.*** нь 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 05 цагт хаашаа явахаа хэлэлгүйгээр гэрээс гарсан. Хүү бид хоёр 10 цагт гараад Хархорин зах ороод 14 цагт гэртээ ирээд хартал гэрийн цоож эвдэлсэн, орж харахад гэрийн хаалганы баруун талаас 3 дахь унь хугарсан, тооноор хүн орсон байдалтай байсан. Гэрийн үүдэнд гэрийн баруун хавтсанд байсан модон хайрцаг доторх таслагчийн ирийг гадна хаясан байсан. Гэрийн зүүн хойд талд байсан модон авдрыг онгойлгож үзэхэд 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан. Уг нь авдар дотор хөөрөг байсан ба түүнийг аваагүй байсан. Мөнгөн аяга авдар дотор байсныг манай нөхөр л мэднэ, өөр хүн мэдэхгүй. Ломбардад тавьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,
- гэрч Б.***н “...Би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хилчний 96-38 тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ нохойгоо хооллох гээд гарахад манай зүүн талын хөрш айлын монгол гэр дээр жижиг биетэй, цээж нүцгэн, саарал өмдтэй, богино арзгар үстэй, эрэгтэй хүн гарчихсан тоон руу нь толгойгоороо шагайчихсан харагдаж байсан. Би бодохдоо айлын эзэн нь байх гэж бодсон юм. Тэгээд удалгүй нэг эмэгтэй, нэг хар футболктой эрэгтэй хүүхэд ирчихсэн харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,
- гэрч П.***ын “...Би 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн өглөө эрт гэрээсээ гарч яваад урьд танилцаж байсан *** гэх хүнтэй таарсан бөгөөд уулзаад дэлгүүр орж 1 шил архи аваад тэдний гэрт уугаад манай гэр рүү явъя, манайд машины радиатор байгаа тэрийг хөнгөн цагаан аваачиж тушаая гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчний 96-36 тоотод байх гэртээ ирэхэд өдрийн 12-оос 13 цаг орчим болж байсан байх. Манай эхнэр гэрээ цоожлоод ажилдаа явчихсан байхаар нь ***ыг гэрийн тооноор ороод төмрийн таслагч, тогны уртасгагч аваад өг, би гэрийн цоожийг тасалъя гэж хэлээд гэрийнхээ тооноор ***ыг оруулахад *** хэсэг таслагч, уртасгагч хайгаад ойролцоогоор 5-6 минут орчим болоод надад таслагчийг уртасгагчийн хамт хаалганы хатавчаар гаргаж өгөхөд би гэрийн цоожийг эвдээд гэртээ ороод гэрийн үүдэнд байсан радиаторыг аваад бид 2 хамт гарч яваад хөнгөн цагаан төмөр авдаг цэг дээр очиж тушаахад 8000 төгрөг болсон байх. Тэр мөнгөөрөө нэг шил архи аваад буцаж явж байхдаа би нэг айлаар орох ажилтай болоод *** бид 2 салж яваад ойролцоогоор 2-3 цаг дараа нэлээн оройхон ***ынд 1 шил архиа аваад очиход *** байхгүй байхаар нь буцаад гараад явж байтал *** гэртээ ирж байхад нь таарсан бөгөөд тус авчихсан байсан 1 шил архиа хувааж уугаад би гэртээ харихаар тэднийхээс гарч яваад гэртээ ирэхэд харанхуй болчихсон байсан. Хэдэн цаг болж байсныг санахгүй байна, эхнэр гэртээ ирчихсэн гэрт хулгай орсон байна цагдаад дуудлага өгөөд цагдаагийнхан ирээд явлаа гээд байж байсан. Тэгээд би гэрийн цоож эвдэж радиатор авч явсан талаар хэлэхэд гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх25-26/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023.07.29-ний өдрийн 13:04:18 цагт хүлээн авсан тэмдэглэл /хх8/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “мөнгөн аяга алдагдсан гэх ба авдрын тагны гадна талаас 1 ширхэг гарын мөр, авдар дотор байсан шар өнгийн гялгар уутны гадна талаас 1 ширхэг гарын мөрийг криминалистикийн шинжээч илрүүлж наалдамхай тууз ашиглан бэхжүүлж авав...” гэж тусгасан /хх10-11/, криминалистикийн шинжээчийн 2023.08.03-ны өдрийн 04/279 дугаар дүгнэлт /хх35-41/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн дахин мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч нь хохирогчийн нөхөртэй хамт архи уусан, түүний зөвшөөрлөөр гэрийнх нь тооноор орж таслагч авч өгсөн дээр маргаагүй боловч гэр дотор авдарт хүрээгүй, аяганы талаар огт мэдэхгүй, хулгай хийгээгүй гэсэн тайлбар гаргасаныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрийг харьцуулан дүгнэлт гаргасан криминалистикийн 04/279 дугаар дүгнэлтэд 1 дугаартай гарын мөр нь Валдий овогтой ***ын зүүн гарын долоовор хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байгааг тогтоосон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд авдар дотор байсан гялгар уут дээрээс уг 1 дугаартай гарын мөрийг бэхжүүлэн авсан байх ба энэ нь шүүгдэгч авдрыг онгойлгосон, улмаар уг авдар дотор байсан гялгар уут дээр түүний гарын мөр үлдсэн нь эргэлзээгүй тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.*** гэрээсээ гарч яваад буцаж ирэх хооронд хохирогчийн нөхөр П.***, шүүгдэгч В.***ын хамт ирээд явсан, энэхүү нөхцөл байдлыг хажуу айлын хүн Б.*** тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч авдарт хүрээгүй гэх боловч түүний гарын мөр авдар дотор байсан гялгар уутнаас илэрсэн байх тул түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учирсан байна. Тодруулбал, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 898 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг нийт 400,000 төгрөгөөр үнийн дүнг тогтоожээ. /хх30/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заахдаа “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-ыг тооцохоор заасан. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч В.*** нь хохирогчийн гэрт гэрийн эзэн П.***ын зөвшөөрлөөр нэвтэрсэн үедээ П.***ын согтуу байдлыг ашиглан авдар дотор байсан 2 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч В.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Хохирогч Ч.*** нь хохирол төлөгдөөгүй, хохирлоо нэхэмжилж байна, үнэлгээгээр 400.000 төгрөг гэж арай багаар тогтоосон байсан гэжээ.
6. Хохирлын үнэлгээг эрх бүхий үнэлгээчнээр тогтоолгосон нь хуульд нийцсэн байх ба Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.***аас 400.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.***т олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч В.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.
8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
10. Шүүгдэгчийн хулгайлах үйлдэлд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялын төрлөөс сонгон оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
11. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.***ад 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.***аас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.***т олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР