| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
2024 01 31 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Ц.***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 2146 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “*** галчийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ***
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.*** нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ иргэн Л.***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1523 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.*** нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ иргэн Л.***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.***ын “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж гурил авчхаад ...цагаан худгийн хажуугаар явж байтал тухайн худгийн хажууд үл таних 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай автомашины зам дээр зогсоод машинд зам тавьж өгөхгүй болохоор нь би тухайн хүмүүст хандаж “Та нар автомашины замаас холдоод өгөөч ээ” гэсэн чинь тэр 2 эрэгтэйн арай өндөр залуу нь хүрч ирээд “Чамд ямар хамаатай юм бэ” гээд намайг барьж аваад миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь миний хамар гэмтсэн. Миний хамар эвгүй болоод цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх7-11/,
Шүүгдэгч Ц.***ийн яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Тунгалагболорын төрсөн өдөр байсан юм. ...Эхнэрийн төрсөн өдөр охин маань нэг шилтэй дарс авч өгснийг бид хоёр хувааж уугаад, мөн нэг хашаанд байдаг Тамираа эгч дарс авч ирэхээр нь мөн адил хувааж уугаад дахин нэг том пиво хувааж уусан юм. Уух юм дуусаад ...гэрийн ойролцоо байдаг дэлгүүр рүү эхнэрийн хамт явсан. ...Бид хоёр гудамд явж байхад урд явж байсан үл таних залуу эхнэр рүү янз бүрийн үгээр доромжлоод байсан ба бид хоёр тоолгүй явсан юм. Тухайн залуу намайг дэлгүүр рүү ороход араас орж ирчхээд, надаас түрүүлээд гарсан юм. ...Буцаад гэр рүүгээ явж байхад тухайн үл таних залуу бас явж байсан ба тухайн залуутай эхнэрээ өмөөрч барьцалдаж аваад би тухайн залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохисон юм. Бид хоёр бас халтиргаатай байсан тул барьцалдаж байхдаа газар унацгаасан ба тухайн залуу босож ирээд нүүрээ цасаар үрээд байсан. ...Би тухайн залуугийн биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх46/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 14108 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14108 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Л.***ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх18-19/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг мөргөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй, боловч сэтгэцэд учирсан гэм хорыг хүлээн зөвшөөрч байна гэсэн /хх51/ ба улсын яллагчаас сэтгэцийн хохирлыг гаргуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлд хамааруулахаар зааж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заажээ.
Журамд заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, мөрдөгч батлагдсан маягтын дагуу баталгаажуулж, хэрэгт хавсаргажээ. /хх51/
Хохирогчид хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэх нь зөв байна. Иймд дээрх хууль, жишиг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж тооцон шүүгдэгчээс 2.750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.***т олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол,
8.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулах дүгнэлт гаргасан.
9. Шүүгдэгч Ө.Ган-Өлзий нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
11. Иймд шүүгдэгч Ц.***ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 230.2, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***өөс 2.750.000 /хоёр сая, долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Л.***т олгуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР