Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

    2024             02          06                                          2024/ШЦТ/178                

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч, хохирогч Б.***, шүүгдэгч С.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.***т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 2167 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21/633 дугаар тогтоолоор торгууль өршөөгдсөн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгох ялаас чөлөөлөгдсөн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 23/802 дугаар тогтоолоор ял биелэсэн.

 

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1480 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 28-ны оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 50-08 тоот гэрийнхээ ойролцоох гудамд шүүгдэгч Б.*** нь төрсөн хүү болох 8 настай Т.***г “мөнгө хулгайллаа" гэж гурилын ганжингаар гар, гуя, бөгс зэрэг газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.*** нь гудамжинд Б.***ыг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар түүнээс хүүхдийг хамгаалан Б.***тай маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

3. Шүүхээс шүүгдэгч Б.***ыг хүүхдээ цүнхнээс зөвшөөрөлгүй мөнгө авлаа гэж загнан, улмаар гэрээсээ гарч зугтаахад нь араас нь очиж гудамжинд ганжингаар цохиж зодсоны улмаас хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, харин уг үйлдлийг таслан зогсоох, болиулах зорилгоор Б.***ын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан шүүгдэгч С.***ийн үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэж дүгнэлээ.

4. Хэргийн талаар насанд хүрээгүй хохирогч Т.*** мэдүүлэхдээ “...би ээжийн өрөөнд орсон чинь цүнх дээрээ ээж түрийвчээ гаргаад тавьчихсан байхаар нь би түрийвчийг онгойлгоод 16.000 төгрөг авчихсан тэгээд би манай гудамжны дэлгүүрт орж байгаад покемоны алтан карт, чихэр аваад мөнгө нь дуусчихсан. Тэгээд маргааш орой нь ээж миний түрүүвчнээс хулгай хийсэн байна гэхээр нь би үгүй гэсэн чинь гурил элддэг ганжингаар зодоод байхаар нь би гэрээс гараад зугтаагаад дэлгүүр дотор орчихсон чинь араас орж ирээд манай хүүхэд түрүүвчнээс хулгай хийсэн байна, танайхаас юу авсан гэж асуугаад намайг зодоод байхаар нь би гадаа гүйгээд гарсан чинь 2 эмэгтэй том эгч ирээд хүүхдээ битгий зод гэсэн чинь ээж хэрэлдээд тэгээд ээж ганжингаараа намайг цохисон чинь нэг эгч нь намайг гэртээ оруулчихсан тэгээд ээж тэр хүмүүстэй хэрэлдээд байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Манай ээж намайг урьд нь зодож байгаагүй...” гэсэн бол /хх09/,

  Гэрч З.*** мэдүүлэхдээ “...21 цагийн орчим манай явахаар болоод хашааны гадна талд такси барьж өгөх гээд зогсож байтал манай гудамжинд байдаг дэлгүүрийн наад талд 6-10 орчим насны хүүхэд чангаар уйлаад байхаар нь ойртоод очиход ээж нь гэх эмэгтэй хүүхдээ цүнхнээс мөнгө хулгайллаа гээд гурилын элдүүр модоор хүүхдээ гудамжинд зодож байхаар нь би *** эгчтэй очоод боль гэхэд тоохгүй үргэлжлүүлээд зодоод хүүхэд нь зөвхөн бандааштайгаа гэрээсээ гүйгээд гараад ирсэн бололтой зодуулаад уйлаад байхаар нь бид хоёр салгах гэхэд ээж нь намайг миний зүүн гарын бугалга руу барьж байсан элдүүр модоороо цохиод бас эгчийг гуя руу нь бас цохиод байхаар нь би хүүхдийг нь аваад гэртээ оруулсан. Тэр эмэгтэй хүүхдээ авна гээд дайраад байж байтал манай нөхөр гарч ирээд салгаж байтал манай нөхрийн ам руу нь цохиод амнаас нь цус гарсан тэгээд бид нар гэртээ оруулахгүй байж байгаад цагдаа дуудаад өгөөд явуулсан. Тухайн эмэгтэйн нүүрэнд гэмтэл учруулсныг сайн хараагүй бөгөөд манай эгч ноцолдоод үлдсэн ба манай эгч өөрөө тэр эмэгтэйн нүүрэнд цохиж гэмтэл учруулсан талаараа ярьсан...” гэжээ. /хх17-18/,

Шүүгдэгч Б.*** хохирогчоор мэдүүлэхдээ “...зөвшөөрөлгүй надаас хулгай хийлээ өмнө бас 2 удаа хулгай хийж байсан талаар хэлээд загнасан чинь манай хүүхэд тоохгүй байхаар нь айлгах гээд гар далайсан чинь гэрээс хөл нүцгэн гараад зугтаахаар араас нь гурилын элдүүр аваад гүйж очоод ...хүүхдээ айлгах зорилгоор гуя болон гар тус газар нь барьж байсан элдүүр модоороо цохисон чинь манай хүүхэд орилоод бид 2 зууралдаж байтал үл таних 2 эмэгтэй хүн над дээр ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд би болсон явдлыг хэлээд энэ манай хүүхэд байгаа юм гэхэд жижиг биетэй хүүхэн нь манай хүүхдийг өөрийнхөө гэр рүү ор гээд оруулчихаар нь би уг 2 эмэгтэйгээс хүүхдээ авах талаар хэлэхэд миний барьж байсан гурилын модыг булааж аваад би чамд энэ хүүхдийг өгөхгүй цагдаад өгнө гээд байсан. Би уурлаад уг хүүхнийг зүүн гарынх нь булчинд нэг удаа гурилын модоо булааж авч байгаад цохисон чинь цаанаас нь эгч нь гээд том биетэй бүдүүн хүүхэн гарч ирээд чи манай дүүг яахаараа зоддог юм бэ гээд шууд гараараа миний нүүр рүү цохиод намайг газар унагаасан. Намайг газар унахад миний толгой руу зулай хэсэгт миний барьж байсан гурилын элдүүрийг булааж аваад нэг цохисон...” /хх12/ гэсэн бол,

Шүүгдэгч С.*** яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хүүхдийг хамгаалах зорилгоор ийм зүйл болсон, тухайн үед гараараа цохисон, элдүүрээр цохиогүй, орой болсон хойно хүүхэд доогуураа нүцгэн байхад хүүхэд зодоод болихгүй байсан юм, тэгээд бид нар цагдаа дуудсан, гэм буруу дээр маргахгүй...” гэжээ.

Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудаст “хүүхдээ зодоод байна гэх” дуудлагыг 20 цаг 17 минутад ирүүлсэн баримт /хх02/, шинжээчийн 13811, 14140, 14024, 14139 дугаар дүгнэлтүүд хэрэгт авагджээ.

5. Дээрх баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээс насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нар болсон үйл явдлын талаар харилцан зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой дурдан мэдүүлсэн байх ба шүүгдэгч Б.***ын хүүхдээ ганжингаар цохиж гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ. Мөн тэрээр гэм буруу дээр маргаагүй бөгөөд хүүхдээ буруу зүйл хийснийг ойлгуулах гэсэндээ ийм зүйл болсон, биеэ барьж чадаагүй, урьд нь цохиж зодож байгаагүй гэжээ.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14024 дугаар шинжилгээгээр Т.***гийн хоёр бугалга, зүүн тохой, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тодорхойлжээ. /хх37-38/

Иймд шүүгдэгч Б.***ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр бага насны хохирогчийг зодсон, түүний үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирчээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг 8 настай хүүхдээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.*** нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр хүүхдээ зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч мэдүүлэхдээ урьд нь цохиж зодож байгаагүй талаар мэдүүлсэн, мөн хэргийн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч нь хүүхдээ буруу зүйл хийснийг ойлгуулах, хүмүүжүүлэх зорилготой байсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүүхдээ зодсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Б.***д холбогдох хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч С.***ийн үйлдлийг нийгэмд аюултай довтолгооныг таслан зогсоохын тулд хариу хүч хэрэглэсэн аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч С.*** нь бага насны хүүхдийг оройн цагаар, гудамжинд цохиж зодож байх үед З.*** хамтаар хүүхдээ цохиж, зодохыг болиулах шаардлага тавьсан, шүүгдэгч Б.*** нь үргэлжлүүлээд хүүхдээ цохисон учраас хүүхдийг хамгаалан гэрт оруулан цагдаа дуудсан, энэ үед Б.*** нь хүүхдээ авъя гэж гартаа барьсан ганжингаар гэрч З.***ын гар руу, шүүгдэгч С.***ийн гуя руу, З.***ын нөхрийн нүүр рүү цохисон нь тэдний мэдүүлэг, З.***, С.*** нарт гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улмаар шүүгдэгч С.*** нь Б.***ын нүүр, толгой тус газар нь цохисон нөхцөл байдал тогтоогдсон.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13811 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Б.***ын биед зүүн дээд, доод зовхи, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан.

Дээр дурдсанаар шүүгдэгч Б.***ын бага насны хохирогч руу чиглэсэн довтолгоон төгсөөгүй, бусдын боль гэсэн шаардлагыг үл тоон үргэлжлүүлж байсан, мөн тэрээр гартаа байсан модон ганжингаар З.***, С.*** нарыг цохисныг таслан зогсоох зорилгоор шүүгдэгч С.*** нь Б.***ын эрүүл мэндэд халджээ. Шүүгдэгч Б.***ын хүүхдээ хүмүүжүүлэхдээ зодох, хүчирхийллийн аргаар хандсан нь хууль, ёс суртахуунд нийцэхгүй бөгөөд түүнийг таслан зогсоох зорилготой С.***ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох нь үндэслэлгүй юм.

Халдсан нийгмийн харилцаа, учирсан хохирол зэрэг гадаад илрэх хэлбэр, агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч ямагт нийгэм, төр, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн болон өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгын үүднээс нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийсэн, үйлдэл, эс үйлдлүүдийг гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн хувьд агуулсан боловч үйлдэгдэх болсон онцгой нөхцөл, агуулгын хувьд нийгэмд ашигтай сэдэлтийн улмаас гэмт хэрэгт тооцохгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд заасан онцлог нөхцөл байдлыг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үздэг. Тиймээс шүүгдэгч С.***ийн үйлдэл нь тулгарсан бодитой довтолгооноос бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байсан тул аргагүй хамгаалалтад хамаарах юм.

Иймд шүүгдэгч С.***т холбогдох үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Б.***ыг биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан. 

10. Шүүгдэгч Б.***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүүхдээ хүмүүжүүлэх зорилготой байсан, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг байдал, мөн түүний эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Б.Мөнзулын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   ***т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “аргагүй хамгаалалт”-ын нөхцөл тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.  

2. Шүүгдэгч Б.***д холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч   ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. Шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*** нь торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР