| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0045/э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2421000000047 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-ийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, “******* ” хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суваргачин овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, “******* ” хотхоны тоотод орших өөрийн гэртээ эхнэр болох хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед зүүн хөмсгөнд шарх, дух, цээж, баруун бугалга, бүсэлхий нуруу, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Суваргачин овогт ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, “******* ” хотхоны тоотод байх гэртээ эхнэр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, түүний биед зүүн хөмсгөнд шарх, дух, цээж, баруун бугалга, бүсэлхий нуруу, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний хувьд тухайн залууг гарсны дараа эхнэртээ хандан “чи албан ёсоор гэрлэлтээ салгаагүй байж, мөн миний бурхан тахилгатай гэрт эр хүн авчраад гэр бузарлалаа, хүүхдүүдээ хаана аваачсан юм бэ” гэж хэлэхэд миний өөдөөс санаа зовсон шинжгүй “чи бид хоёр салсан биз дээ, сая гэрээс гарсан залуутай бэлгийн харьцаанд орсон, хүүхдүүдээ найз Чингүүнээгийн гэрт аваачсан” гэж хэлээд дотуур өмдөө өмссөн бөгөөд тэр үед би уурлаад түүний үснээс зулгааж хэд хэдэн удаа алгадаж хоолойг нь гараараа боож үснээс нь зулгаасан. Тухайн үед эхнэрийгээ цохиход цааш унахдаа хувцасны шкаф мөргөөд зүүн хөмсгөө сэтэлж цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ гэх залуугийн хамт байхад гаднаас нөхөр ******* өдрийн 14 цагийн орчим өөрийнхөө түлхүүрээр хаалга онгойлгож орж ирээд намайг эрэгтэй хүнтэй байхыг хараад уурлаж “гэр бузарлалаа” гэх мэтийн үг хэлж хэрүүл маргаан үүсгэсэн. Нөхрийн хувьд 2023 оны 08 дугаар сараас хойш архи уугаад согтохоороо шөнө хэд хэдэн удаа ирснээс өөрөөр гэрт ирээгүй байсан. Энэ үед гэрт байсан хувьд гэрээс гарч түүний дараа нөхөр ******* улам уурлаад миний толгой руу гараараа /яг хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна/ цохиж байгаад үснээс зулгааж шкаф мөргүүлсэн, мөн хоолой багалзуурдаж зодсон. Тухайн үед миний зүүн хөмсөг сэтэрч их хэмжээний цус гарсны дараа мөн нэмж гараараа алгадаад байсан. ...Хэсэг хугацааны дараа намайг зодохоо больж уур нь гарсан бололтой намайг аргадаж “санасан шүү” гээд тэврээд байсан. Тухайн үед бид хоёр хоорондоо ярилцаад тайвширч байгаад миний хувьд гэрээсээ ажил хөөцөлдлөө гээд гарсан. Намайг гэрээс гарахаас өмнө нь нөхөр маань надад хандаж “чи одоо өөр хүнтэй болсон бол 3 хүүхэд үлдээгээд яв” гэж хэлж байсан. ...******* нь гаднаас орж ирээд уурлаж бухимдан миний хоолойг гараараа боож үснээс зулгааж толгойгоор маань шкаф нэг удаа мөргүүлэхэд зүүн хөмсөг сэтэрч цус гарсан ба толгой руу зангидсан гараараа нэлээд олон удаа цохисон. Баруун хацар руу хэд хэдэн удаа алгадаж зодсон бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар гар хүрч байгаагүй. ...Миний хувьд нөхөр *******аас эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. *******тай эвлэрсэн урчаас шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 84 тоот “... биед зүүн хөмсгөнд шарх, дух, цээж, баруун бугалга, бүсэлхийн нуруу, доод уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх зүүн хөмсөгний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Суваргачин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА