Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

2020              5              14                                       2020/ДШМ/615

 

Ц.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч К.У, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхоролоо, С.Энхбат,

хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, Н.Оролжмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч К.У, “...” ХХК-ийн захирал Я.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Бт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Цы Б, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай байсан гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ...УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг 57.000.000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан тээврийн хэрэгслийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан Автотээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч К.Ут 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-нд ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б....т нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт Цы Быг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Боос 57.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “...” ББСБ-д олгож, “...” ББСБ-ын нэхэмжлэлээс үлдэх 83.674.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч “...” ХХК-ийн нэхэмжилсэн 90.358.835 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “...” ХХК нь шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б нь хохирогч “...” ХХК-нд хохирол төлбөрт тооцон 41.439.030 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ц.Бын өмчлөлийн ...УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг хураан авч түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 73.77УНБ улсын дугаартай “...” загварын тэврийн хэрэгслийн болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч ... банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч К.У гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна. Тухайлбал, хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ болон шүүгдэгч Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд тус гэрээний дагуу шүүгдэгч нь 140.674.100 төгрөгийг хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ-д төлөх үүрэгтэй. Гэтэл, хохирогчийн нэхэмжилсэн 140.674.100 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс “...шүүгдэгчийн хувьд анх авсан үндсэн зээлийн хэмжээнээс 2-3 дахин илүү хүү алдангийг төлөх үндэслэлгүй болно...” гэх дүгнэлтийг өгч, хохирогчийн нэхэмжлэлээс 83.674.100 төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцээгүй. Анхан шатны шүүхээс хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хянан шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг бодит зээлийн үүрэг 57.000.000 төгрөгөөр тогтоосон нь буруу биш боловч иргэний эрх зүйн харилцаагаар хүлээсэн шүүгдэгчийн үүргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй холбоотойгоор чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй ба шүүхээс Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасан холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг хохирол, хор уршигтай холбоотойгоор хэрхэн, яаж үнэлсэн буюу хохирогчийн нэхэмжлэлээс хүүгийн 83.674.100 төгрөгийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тодорхой, ойлгомжтой хуулийн үндэслэлтэйгээр дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ болон шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээний дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7377УНБ улсын дугаартай, “...” маркийн тээврийн хэрэгслийн эзэмших эрх шүүгдэгчээс хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ-ийн эзэмшилд шилжсэн. Энэхүү үйл баримтаар 7377УНБ улсын дугаартай,“...” маркийн тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч болох хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ-д шилжүүлэх бүрэн боломжтой ба энэ тухай гаргасан хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ-ийн хүсэлтэд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийн хохирогч нарын нэхэмжилсэн хохирол, иргэний нэхэмжлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс “...гэмт хэрэгт шударгаар ял оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээх, ...хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх...’' зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зарчмын хүрээнд хэргийг бүрэн дүүрэн, нотлогдсон байдлаар шийдвэрлээгүйд гомдолтой байх тул 7377УНБ улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны эзэмшигч, хохирогч Ди Эй Эм Өү Эй ББСБ-д шилжүүлж, анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 83.674.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “...” ХХК-ийн захирал Я.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс “Хохирогч ... ХХК-ийн зүгээс шүүгдэгч Ц.Бын манай байгууллагатай байгуулсан Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь хүчин төгөлдөр гэрээ тул ... маркийн авто машины өмчлөлийг манайд тогтоож хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийн тухайд шүүгдэгч Ц.Б нь анхнаасаа ... ХХК-ийг залилах, хохироох санаа зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэрээ, хэлцэл хийсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн байх тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм." гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь, тус хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхийн шатанд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3-т заасан эрх бүхий этгээд шүүгдэгч Ц.Б болон “...” ХХК нарын хооронд байгуулсан Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ -г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргаагүй байтал шүүхээс шууд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд дээрх талуудын хооронд байгуулсан Зээлийн болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулах шаардлага хэн ч гаргаагүй байхад шүүхээс уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж шүүх тогтоосон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан хэлцэл нь шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан хэлцлүүд байх бөгөөд шүүхэд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлага гаргасны үндсэн дээр шүүх шийдвэрлэхээр хуульд заасан байна. Иймд шүүхээс хохирогч “Тайгын булаг” ХХК болон шүүгдэгч Ц.Бын манай байгууллагатай байгуулсан Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилүүлэх гэрээ/фидуци/-г хүчин төгөлдөр бусад тооцсон нь илт үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх ашгийг хохироосон байна. Шүүхээс Иргэний эрх зүйн зарчмын үүднээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцлийн улмаас хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, хэлцлээр шилжүүлэн авсан зүйлээ буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх ёстой гэж дүгнэсэн байна. Гэтэл дээрх хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл гэж үзсэн атал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж дүгнэсэн нь мөн л хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс дээрх хэлцлийг 59 дүгээр зүйлд заасан хэлцэл гэж үзсэн байтал огт хамааралгүй Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд заасан хэлцлийн үр дагавар үүснэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаараа шүүх шийдвэртээ тайлбар хийгээгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс анх шүүгдэгч Ц.Бтой гэрээ байгуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу “Зээлийн гэрээ” болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/” гэрээ байгуулсан байна. Учир нь, шүүгдэгч Ц.Б нь Ди Эм Эй Өү Эй сарital банк бус санхүүгийн байгууллагатай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... УНБ улсын дугаартай “...” маркийн авто машиныг фидуцийн гэрээний дагуу тус компанийн өмчлөлд шилүүлж 50.000.000 төгрөгийг зээлсэн байдаг. Уг гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд гэрээний дагуу ... УНБ улсын дугаартай “...” маркийн авто машиныг шүүгдэгч Ц.Бт буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч шилжүүлж өгөөгүй байна. Ди Эм Эй Өү Эй сарital банк бус санхүүгийн байгууллагаас тайлбарлахдаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дахин “Зээлийн гэрээ” болон “Фидуцийн гэрээ”-г дахин байгуулсан гэж байгаа боловч өмнөх гэрээний үүргийн дагуу автомашиныг мөн буцаан шилжүүлээгүй талаараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрээний үүргээ илтэд зөрчсөн байдаг. Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Фидуцийн гэрээ” нь илтэд хууль зөрчсөн бөгөөд өмнөх гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр дахин гэрээ хийсэн болох нь харагдаж байх тул уг гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцэл болно. Мөн шүүхээс ...УНБ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашины жинхэнэ өмчлөгчийг тодорхойлоогүй байна. Учир нь, фидуцийн гэрээний үндсэн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа этгээдийг тус автомашины жинхэнэ өмчлөгч гэж үзэж болохгүй зөвхөн тодорхой тохиолдолд буюу гэрээний баталгаа буюу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд тус автомашиныг барьцаа болгон шилжүүлж байгаагаас биш худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон бусад хэлбэрээр тус Ди Эй Эм Өү Эй сарital банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэн өгсөн зүйл байхгүй байна гэтэл шүүхээс тус автомашины өмчлөгч гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Ц овогтой Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь илт үндэслэлгүй бөгөөд түүнд оногдуулсан ял нь хэт хөнгөдсөн байх тул хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Учир нь, ...УНБ улсын дугаартай автомашин нь Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг болон ... ХХК-ийн албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл “...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Харин “...” ХХК нь тус автомашины өмчлөгч биш болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Учир нь, шүүгдэгч Ц.Б, “...” ХХК хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Фидуцийн гэрээ байгуулахдаа Н.Бүжидмаагийн хамт байгуулсан бөгөөд тус гэрээний 3.4.3, 5.1, 5.2-т тус тус заасны дагуу тухайн автомашины өмчлөл 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Бын нэр дээр шилжих ёстой байтал “...” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, түүнд автомашиныг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, “...” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Фидуцийн гэрээ дуусгавар болсон байтал хүчингүй болсон гэрээний дагуу автомашиныг нэхэмжилж болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй ...УНБ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Фидуцийн гэрээний дагуу өмчлөл шилжсэн мэтээр хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй баримтаар хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн “...” ХХК нь ...УНБ автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Бт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйн төлөө өнөөдөр “...” ХХК хохирч болохгүй юм. Нэгэнт “...” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хуульд заасан зохицуулалтын дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд аваагүй учир Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинээр байгуулсан 57 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ...УНБ улсын дугаартай автомашинаар хангуулах боломжгүй юм. Харин “...” ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу байгуулсан гэрээ бөгөөд гэрээ байгуулагдах үед “...” ХХК нь Ц.Бямба- Очирыг автомашиныг хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглаж шилжүүлэн авсан болохыг мэдээгүй байхдаа гэрээ байгуулж, зээл олгож, түүний өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, “...” ХХК нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн автомашины өмчлөгч нь хэвээр байх ёстой тул анхан шатны шүүх Ц.Бтой байгуулсан хэлцлийг хүчингүй болгох эрхгүй юм. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд хөрөнгийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээрх зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч би гэм буруугийн шүүх хуралдаанд дээрх дүгнэлт гаргахад улсын яллагч болон, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч огт тайлбар, няцаалт гаргаагүй юм. Мөрдөн байцаалтын шатанд уг тээврийн хэрэгслийг үнэлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ц.Бын хөрөнгө орлогоос албадан гаргуулж, хохирогч “...” ХХК-д учирсан хохирлыг мөнгөн дүнгээр төлүүлэх ёстой тул Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг буруутай этгээдийн хөрөнгө, орлогоор албадан гаргуулж төлүүлж өгнө үү. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Гэтэл Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК-ийг залилан мэхэлж 57 сая төгрөг залилсан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүүрамч баримт бичиг үйлдэж, ашиглаж Авто тээврийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус гэрээ байгуулж 73- 77УНБ үлсын дүгаартай автомашиныг “Тайгын бүлаг авто” ХХК-ийн өмчлөлд шилжуүлж 50 сая төгрөгийн зээл авч залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх Ц.Быг хэдэн гэмт хэрэг үйлдсэн, хэн хэнийг залилж, үргэлжилсэн үйлдлээр, эсхүл бие даасан үйлдлүүдээр хэд хэдэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг уйлдэх, ашиглах гэмт хэргийн гол шинж нь Ц.Бын үйлдэлтэй тохирч байтал хэрхэн яагаад дээрх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх хянан шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасны дагуу Ц.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэрэг учир Ц.Быг тус зүйлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Мөн анхан шатны шүүх нь ...УНБ дугаартай автомашиныг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хураан авсан. Гэтэл уг автомашин нь Ц.Бямба- Очирын өмчлөлд байгаагүй, харин “...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоор байтал шүүх хуулийг буруу хэрэглэж эд хөрөнгийг хураан авсан байна. Иймд хууль ёсны дагуу байгуулагдсан хэлцлийн үндсэн шилжсэн ...УНБ дугаартай “...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг хураан авч болохгүй юм. Шүүгдэгч Ц.Б нь “...” ХХК-ийг залилж 57 сая төгрөг, “...” ХХК-ийг залилж 50 сая төгрөг авсан, мөн хуурамч баримт бичиг үйлдсэн, ашиглаж төрийн байгууллагаас эрх шилжүүлсэн албан бичиг авсан зэрэг нь хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа бусдыг залилан мэхэлж байхад түүнийг 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь, Ц.Бын үйлдлийг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлээгүй байсан бол зээлдэгч нь зээлийн төлбөрт хүү, алдангийн хамт төлж барагдуулах байсан. Өөрөөр хэлбэл Ц.Б нь 57.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгийн зээлийн хүү алдангийн хамт төлбөл даруй 107 сая төгрөгөөс давах байсан. Харин ч дээрх зээлж авсан мөнгөө арилжааны банканд хадгаламж хэлбэрээр хадгалуулсан бол 15.000.000 төгрөгийн торгуулийн ялаас давсан ашиг олж байх бөгөөд Ц.Бын торгуулийн ялыг хохирогч “...” ХХК нь өөрийн авах ёстой байсан хүү, алдангийн төлбөрөөр төлөхөөр болж байна. Иймд шүүгдэгч Ц.Бт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдэл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч ... банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч К.Уийн өмгөөлөгч Б.Гүнсэнхоролоо тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч ... банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч К.Уийн өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд хуулийн зохих хариуцлага оногдуулж чадаагүй. Ингэснээр хохирогч, холбогдогч, тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг оновчтой шийдвэрлэж чадаагүй. Хохирогч нар тээврийн хэрэгсэлд харилцан адилгүй маргадаг. Хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч нар гэрээ дуусгавар болсон учир өмчлөл шүүгдэгчид буцаж шилжих байсан гэж хэлж байна. Гэвч энэ үүрэг гэхээс илүү шүүгдэгч тухайн үед гэрээ дуусгавар болсон үеэс автомашиныг шилжүүлэн буцаан шаардах эрх байсан. Гэвч талуудад ийм харилцаа үргэлжлүүлэх шаардлагагүй буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дахин эрх зүйн харилцаанд орж зээлийн гэрээ байгуулсан. Улмаар тээврийн хэрэгслийг Автотээврийн үндэсний төвд буцаан шилжүүлэг хийгдэх үндэслэлгүй гэсэн байр сууринаас талууд хандсан байдаг. Анхан шатны шүүхээс “...” ХХК болон шүүгдэгч нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, “... ББСБ” ХХК-ийн өмчлөлд байсан автомашиныг зөвшөөрөлгүйгээр хуурамч бичиг баримт ашиглан дараагийн этгээдэд шилжүүлсэн. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ёстой. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Шүүх хохирол төлбөрийг харилцан адилгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирлыг үндсэн зээл 57.000.000 төгрөг, “...” ХХК-иас авсан 41.000.000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь хэдийгээр зөв байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Тайгыг булаг авто” ХХК”-д шүүгдэгчийн зүгээс үндсэн хохирол төлбөр 41.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл нөгөө хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахыг шүүх хангасан хэрнээ хүү, алдангийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн хэдий ч “...” ХХК-ийн хүү, алданги нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон. Иймд хохирогч нарын гаргасан хохирол төлбөрийн тухайд шүүх тэгш бус хандсан. Түүнчлэн “...” ХХК-ийн өмгөөлөгч нарын тайлбарт санал нэг байна. Гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг. Бичиг баримт буюу эрх олгосон өмчлөлд шилжүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлийн хохирогч хэн болох нь тодорхойгүй. Залилах гэмт хэргийн хохирогч“... ББСБ” ХХК болон “...” ХХК-иийн аль нь болохыг зөв тогтоогоогүйн улмаас иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорын шатанд хийгдэх ёстой ажил юм. Тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокуророос хэргийг дахин татаж сонсгосон ялд өөрчлөлт оруулах байдлаар прокурорт хэргийг буцаах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Өмчлөлийн хувьд тээврийн хэрэгсэл нь “... ББСБ” ХХК -ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн. Харин хууль бусаар эрхийг нь олж авч дараа нь байгуулсан хэлцэл нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хохирогч “...” ХХК-ийн өмгөөлөгч шүүх Иргэний хуулийг хэрэглэснийг буруу гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэх ёстой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол гарах үед иргэний нэхэмжлэл, түүний нотлогдсон байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулийг шүүх хэрэглэх бүрэн эрхтэй. ...” гэв.

Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан ял хэт хөнгөдсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Ц.Бын ...УНБ улсын дугаартай автомашиныг залилж, бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс гадна Автотээврийн үндэсний төвд хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан үйлдлийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийг “... ББСБ” ХХК-ийн өмчлөлийн автомашин гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь, ...УНБ улсын дугаартай автомашин нь Автотээврийн үндэсний төвийн албан бичиг болон “...” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн фидуцийн гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл “...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө хэвээр байна. Харин “... ББСБ” ХХК нь тус автомашины өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан “... ББСБ” ХХК болон Н.Бүжидмаа нарын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн фидуцийн гэрээгээр тухайн автомашины өмчлөл шилжиж дууссан болох нь тогтоогддог. Тухайн фидуцийн гэрээний 3.4.3, 5.1, 5.2-т тус тус заасны дагуу тухайн автомашины өмчлөл 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжих ёстой байтал “... ББСБ” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, түүнд автомашиныг шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, “... ББСБ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн фидуцийн гэрээ дуусгавар болсон байтал хүчингүй болсон гэрээний дагуу автомашиныг нэхэмжилж болохгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “...” ХХК нь фидуцийн гэрээ байгуулахдаа тухайн автомашиныг гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, “...” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан гэрээ хэлцэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...” ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон. Хүчингүй болгох үндэслэлээ заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олдсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн хэлцлийг байгуулсан бол тухайн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцно гэж заасан. Түүнээс өөрөөр Эрүүгийн хуульд гэрээ хэлцлийг хүчингүйд тооцохыг хориглосон зохицуулалт байхгүй. Ийм учир автомашин өнөөдрийг хүртэл “...” ХХК-ийн өмчлөлд байгаа. Автотээврийн үндэсний төвийн албан бичгийн дагуу шилжсэн тухайн автомашинаар “...” ХХК-д учирсан хохирлыг ...УНБ улсын дугаартай автотээврийн хэрэгслээр хангуулж өгнө үү. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Гэтэл Ц.Бын үйлдэл нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 57.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “...” ХХК-д ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж авсан, хуурамч бичиг баримт үйлдэж Автотээврийн үндэсний төвөөр үйлчлүүлж тухайн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэсэн гэх 3 үйлдэл үйлдсэн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, мөн Эрүүгийн хуулийн зарчим ёсоор шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүх тухайн автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж авсан. Гэтэл уг автомашин нь Ц.Бямба- Очирын өмчлөлд байгаагүй, харин “...” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоор байтал шүүх хуулийг буруу хэрэглэж эд хөрөнгийг хураан авсан. Шүүгдэгч Ц.Б нь “...” ХХК-ийг залилж 57.000.000 төгрөг, “...” ХХК-ийг залилж 50.000.000 төгрөг авсан, мөн хуурамч баримт бичиг үйлдсэн, ашиглаж төрийн байгууллагаас эрх шилжүүлсэн албан бичиг авсан зэрэг нь хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа бусдыг залилан мэхэлж байхад түүнийг 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь, Ц.Бын үйлдлийг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлээгүй байсан бол зээлдэгч нь зээлийн төлбөрт хүү, алдангийн хамт төлж барагдуулах байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Б нь 57.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгийн зээлийн хүү алдангийн хамт төлбөл даруй 107 сая төгрөгөөс давах байсан. Харин ч дээрх зээлж авсан мөнгөө арилжааны банканд хадгаламж хэлбэрээр хадгалуулсан бол 15.000.000 төгрөгийн торгуулийн ялаас давсан ашиг олж байх бөгөөд Ц.Бын торгуулийн ялыг хохирогч “...” ХХК нь өөрийн авах ёстой байсан хүү, алдангийн төлбөрөөр төлөхөөр болж байна. Иймд шүүгдэгч Ц.Бт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдэл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээ 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болсон байхад автомашины өмчлөлийг “...” ХХК-ийн өмчлөл гэж үзсэн нь үндэслэлгүй. Тухайн зээлийн гэрээний төлбөрийг төлж дууссан бол зээлдэгчид шилжинэ. Дахин зээл авч сунгасан тохиолдолд өмчлөл зээлдүүлэгчид шилжинэ. Гэтэл дуусгавар болсон гэрээг үндэслэж шаардах эрхгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шалгаж, зүйлчлэх ёстой байсан. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн яллах дүгнэлтэд энэ зүйл заалтаар зүйлчилсэн байсан. Улсын ерөнхий прокуророос хохирогч нарын гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх ёстой байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “манай хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасныг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй. Шүүх Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүх залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэргээр шийдвэрлэж байж яагаад Иргэний хуулийн заалтыг баримталж манай компанийг хохирол төлбөрөө авсан мэтээр хохироож шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн байтал Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулаагүй. Эхлээд хуулийн этгээдийг залилж барьцаанд тавьсан автомашинаа хуурамч баримт бичиг үйлдэж төрийн байгууллагад очиж мэхэлсэн, дараа нь дахин өөр хуулийн этгээдийг залилсан үйлдэл хийсэн байхад торгох ял оногдуулсан нь буруу юм. Иймд тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж хэргийн зүйлчлэлийг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг давхар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь “... ББСБ” ХХК-ийг залилсан шинж байхгүй. Хуурамч бичиг баримт ашигласан гэж байгаа боловч хуурамч бичиг баримт үйлдсэнийг нотолж тогтоосон зүйл хэрэгт байхгүй. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар байдаг. Автотээврийн үндэсний төвд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хуурамч бичиг баримт ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Дараа нь уг хуурамч баримт бичгийг үндэслэж залилсан. “... ББСБ” ХХК-ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд “манайд залилуулсан зүйл байхгүй, 2017 оны байгуулсан гэрээ нь иргэний эрх зүйн харилцаа мөн, биднийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн байцаалтын үеэс эхлэн шүүгдэгчийн үйлдлийг тохирох зүйл ангиар зүйлчилж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан. Гэвч үүнийг мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн шатанд алинд ч зөвтгөөгүй. Энэ талаар гомдол гаргаагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тайгын блуаг авто” ХХК-ийг залилсан үйлдлийг зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байгаа. Хор уршиг гэж хүү, алданги, автомашины зогсоолын төлбөрийг хүртэл нэхэмжилдэг. Гэвч эдгээр нь хор уршиг биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан. Хууль бус харилцаа үүссэний үндсэн дээр эд хөрөнгийн хохирол хүлээлцсэн бол хохиролд тооцно гээд, хохирол үүссэнээс шалтгаалж гарсан үр дагаврыг хор уршигт тооцно. “...” ХХК-д 41.000.000 төгрөг өгснөөс өөр хор уршиг гэх зүйл байхгүй тул уг байгууллагаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин“... ББСБ” ХХК-ийн зөвхөн эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн. Үүнийг шүүх сэргээх боломжтой гэж үзэж байна. Учир нь, энэ нь иргэний эрх зүйн харилцаа тул “...” ХХК-ийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг “... ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Автотээврийн хэрэгслийн үндэсний төвд даалгах замаар зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оролжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бын хувийн байдал болон мэргэжил, гэр бүлийн байдлыг харгалзан үзсэн. “... ББСБ” ХХК-ийн 57.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б авснаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийн ...УНБ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн автомашинаараа үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн “...” ХХК-иас авсан 41.000.000 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн тул шүүгдэгчийг хохиролгүй гэж үзсэн. Өмчлөлийн асуудлын тухайд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмчлөл хохирогч нарын аль нэгэнд үүсэхгүй, Ц.Бт үүсч байгаа нь анхнаасаа зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь зөвхөн зээл авч, хэрэв зээлээ төлж барагдуулж чадахгүй бол өмчлөлөө шилжүүлэх гэсэн утга агуулгатай гэрээ юм. Түүнээс шууд фидуцийн гэрээ байгуулснаар “...” ХХК болон “... ББСБ” ХХК-д өмчлөлд шилжсэн гэх агуулгыг илэрхийлдэггүй. Иймд Иргэний хуулийн дагуу өмчлөлийн асуудлыг Ц.Бынх гэж анхан шатны шүүх дүгнэсэн тул “Ц.Бын өмчлөлийн “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хангуулах тухай шийдвэр гаргасан нь бодит байдалтай нийцсэн. “... ББСБ” ХХК-ийн 57.000.000 төгрөгийг ...УНБ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, “...” ХХК-д учруулсан 41.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул дахин иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, эрүүгийн журмаар аливаа хэргийг шийдвэрлэхдээ хохирлыг бодит учирсан хохирлоор тооцож барагдуулдаг. Бодит учирсан хохирлыг “...” ХХК болон “... ББСБ” ХХК нарын аль аль нь хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхээс хохирлыг зөв дүгнэсэн. Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээний тухайд, анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирогч нарт учруулсан бодит хохирлын хэмжээнд үндэслэж оногдуулсан гэж үзэж байна. Учир нь, гэрээ анхнаасаа залилангийн шинж чанартай хийгдээгүй. Анх “... ББСБ” ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулахад бичиг баримт үнэн байсан. Зөвхөн хуурамч бичиг баримтыг Автотээврийн үндэсний төвд гаргаж өгөхөөр үйл ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн санкцийн шинжтэй тохирдог. Цаашлаад “...” ХХК-д зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан нь залилангийн шинжтэй гэж өмгөөлөгч нар үздэг. Эрүүгийн хэргийн хувьд учирсан хохирлоо бүрэн барагдуулах нь гол учир “...” ХХК-д хохирлоо барагдуулсан, ... ББСБ-д хохирлыг бүрэн барагдуулах боломжтой. Ажил үүргийн хувьд гүйцэтгэх захирлаар ажилладаг, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, тогтвор суурьшилтай зэрэг шүүгдэгчийн нөхцөл байдал, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийн тухайд автомашины өмчлөл дээр хоёр банк бус санхүүгийн байгууллага маргадаг. Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрөхгүй маргаж шүүхэд хоёр удаа шилжсэн. Өмнөх шүүх хуралдаанд эхний үйлдлийг хуурамч бичиг баримт ашиглаж, дараагийн үйлдлийг залилсан гэж үзэж шилжүүлсэн. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэл тохироогүй гэдэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурорын зүгээс залилан мэхлэх гэмт хэргийн санаа зорилго хэзээ төрсөн, уг санаа зорилгоо яаж хэрэгжүүлсэн талаар голлон шалгаж ажилласан. Шүүгдэгч Ц.Б “... ББСБ” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хуурамч бичиг баримтыг Хятад улсад захиалан хийлгэсэн гэдгээ мэдүүлдэг. Ингэхдээ он, сар, өдрийг зөрүүтэй мэдүүлдэг. “... ББСБ” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хийсэн байсан хэлцлийн дүнд гэрээний төлбөрт заасан үүргээ биелүүлж чадахгүй хүндрэлд орж эхэлсэн. Улмаар гэнэт залилах санаа зорилго 2018 оны 1 дүгээр сараас эхлэн төрсөн болох нь шүүгдэгчийн гадаад пасспортын хуулга, шүүгдэгчийн анхны 1 дүгээр сард Хятад руу явсан гэх мэдүүлгээс харагддаг. “... ББСБ” ХХК-ийн нэр дээр байсан автомашиныг өөрийн нэр шилжүүлж, ашиглахын тулд хуурамч бичиг баримт үйлдэж үргэлжилсэн үйлдлээр дараагийн компанийг залилсан. Үүнийг үргэлжилсэн шинжтэй үйлдэл байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх яллах дүгнэлтийг үндэслэж гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийдвэрлэсэн. Харин прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Учир нь, “... ББСБ” ХХК болон “Тайгын будаг авто” ХХК нарын хохиролтой холбоотой маргааныг шүүх хоёр өөр шийдвэрлэсэнд прокурор байр сууриа илэрхийлж байсан. 57.000.000 төгрөгийг төлүүлэх, 41.000.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж, хор уршигтай холбоотой цаашид гарах нэхэмжлэл, хохирогч байгууллагуудын хэн аль нь нэхэмжлэлтэй холбоотой нээлттэй үлдээх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн. Учир нь, тус байгууллагууд хоёулаа ашгийн төлөө байгууллага бөгөөд уг мөнгийг эргэлдүүлж байсан бол орлого олох боломжтой байсан буюу хор уршиг учирсан. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлд зааснаар хохирол, хор уршгийг тодорхойлох ёстой. Хохирлыг зөв тодорхойлсон хэрнээ хор уршиг дээр “... ББСБ” ХХК-ийн хүү, алдангийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ “...” ХХК-ийн  хүү, алданги нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасан эрхийг хаасан. Уг нь “... ББСБ” ХХК-ийн уг эрхийг нээлттэй үлдээх ёстой байсан. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулах, мөн автомашин хэний өмчлөлийнх гэдэг дээр маргадаг. Гэтэл шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “Ц.Бын өмчлөлийн автомашин гээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохирогчид учирсан хохирол, хор уршгийг төлүүлэх арга хэмжээг шүүх зөв гаргасан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Ц.Бын өмчлөлд байсан” гэдэг байдлаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Быг “Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ...УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг 57.000.000 төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан тээврийн хэрэгслийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан Автотээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч К.Ут 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-нд ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Б....т нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн харъяаллын талаар хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харъяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн” үндэслэлд хамаарах ноцтой зөрчлийг гаргасан байна.

2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч Д.Чинзориг: “...эхний үйлдэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, сүүлийн үйлдэл Баянгол дүүрийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн хүсэлт гаргаж байжээ.

Гэтэл хуульд заасан үндэслэлээр өмгөөлөгчийн гаргасан шүүхийн харъяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэж, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн харъяаллыг зөв шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх ... хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харъяаллын бус болохыг тогтоовол харъяалах ... шүүхэд шилжүүлнэ” гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харъяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харъяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харъяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус тодорхой заасныг анхан шатны шүүх цаашид анхаарч ажиллавал зохино.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “...” ББСБ-с 57.000.000 төгрөгийг зээлж авахдаа энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу Фидуцийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ...УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг уг байгууллагын өмчлөлд шилжүүлжээ. Энэхүү Зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулсан талаар болон бусад асуудлаар оролцогчид маргаагүй байна.

Харин гэрээ байгуулсны дараа шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан Автотээврийн төвд хандаж өөрийн нэр дээр автомашиныг буцаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн нь хохирогч “...” ББСБ-ыг Фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгосон асуудалд хууль зүйн зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

Улмаар шүүх Зээлийн гэрээний үнийн дүнгээр, эсхүл Фидуцийн гэрээний зүйлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох эсэх, энэ нь хэргийн зүйлчлэлд  нөлөөлөх эсэхэд тодорхой дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ.

2. Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсхүл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцааж өгөхгүй, үүргээ биелүүлэхгүй /төлбөрийг төлөхгүй/ гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.   

Хэрэв шүүгдэгч Ц.Б нь урьд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу Фидуцийн гэрээ байгуулж бусдад шилжүүлсэн автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэж ашиглан өөрийн өмчлөлд шилжүүлэн буцаан авч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “...” ХХК-тай мөн 31.000.000 төгрөгийг зээлж, автомашиныг уг компанид шилжүүлсэн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байгаа бол уг хэлцлүүдийн хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, үүнтэй уялдуулан хэрэгт битүүмжлэгдсэн байгаа эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Иргэний хуулийн 39, 46 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөв хэрэглэж зохих өмчлөгчид шилжүүлэх шаардлагатай байна.

Гэтэл анхан шатны шүүх ...УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг ямар ямар гэмт үйлдлийн улмаас өмчлөл нь хэнээс хэнд шилжиж байсан, хэзээ шилжсэн, одоо хэний өмчлөлд байгаа талаар, сүүлийн өмчлөгч нь хуулийн дагуу шилжүүлж авсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй “...тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Бын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

3. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг “...” ББСБ болон “...” ХХК-нд нийт 98.4939.300 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон, шийтгэх тогтоолоор хохирогч “...” ББСБ-д 57.000.000 төгрөгийг гаргуулах хохирол төлбөртэй гэж шийдвэрлэсэн атлаа гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй”, “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан” гэж эсрэг байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Энэ асуудлаар “...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн... Үндсэндээ Ц.Б нь залилж авсан мөнгөө банкинд байршуулаад хүүгээр нь торгох ялаа төлж байна. Ялын цээрлүүлэх зорилго алдагдсан” гэж тайлбарлан гаргасан хохирогч “...” ХХК-ийн захирал Я.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахдаа хөрөнгийн тодорхой эх үүсвэртэй эсэх, 57.000.000 төгрөгийн хохирол дээр нэмж торгох ялын 15.000.000 төгрөгийг төлөх бодит бололцоотой, оногдуулсан торгох ял хэзээ, хэрхэн биелэх боломжтой эсэх, ийнхүү торгох ял оногдуулах болсон шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийн алинд хамаарч байгаа, эсхүл уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Онцгой нөхцөл”-д тооцогдох эсэх талаар тус тус дүгнэлт хийгээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн “Хуурч, эсхүл баримт бичиг ашиглах” шинж мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, ашиглах” шинжээс ялгагдах, эсхүл давхар зүйлчлэх нь шүүгдэгч Ц.Бын хуурамч бичиг баримт үйлдэн “...” ББСБ, “...” ХХК-ийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдлын алинд хамаарах, эсхүл залилах гэмт хэргийн аргад хамаарах эсэхэд үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Ц.Бын тайлбар зэргээс үзэхэд тэрээр ганц 2018 оны 4 дүгээр сарын        24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай “...” ББСБ-ын албан бичиг бус уг байгууллагын дүрмийг мөн хуурамчаар үйлдэж бусад баримтуудын хамт  албан бичигт хавсаргаж Автотээврийн Үндэсний төвд өгсөн талаар мэдүүлсэн байхад прокуророос зөвхөн “албан бичгийг хуурамчаар үйлдсэн” гэж яллах дүгнэлтэд дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан дээрх асуудлуудыг шүүх хуралдааны явцад нотлон тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд гэмт хэргийн хохирлыг буруу тогтоосон, эсхүл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал үүссэн гэж үзвэл прокурорт буцаах үндэслэл болохыг энэхүү магадлалд тэмдэглэж байна.

Иймд дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн харъяаллын асуудлыг дахин хянан шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргасан тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Энэ удаад хохирогч “...” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч К.Уийн гаргасан “...Хохирол төлбөрийг үндэслэлгүй дүгнэсэн, ......УНБ улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийг Ди Эй Эм Өү Эй ББСБ-д шилжүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ