Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0296

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар

128/ШШ2020/0296

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: П Д ХХК /РД:2813017/

Хаяг:

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ц.С.

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ц.С нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0297777 дугаар шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч П Д ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн 2014 оноос 2017 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 21180800323 тоот томилолтын дагуу тус газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Т.З нар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

Уг хяналт шалгалтаар 2016 онд 92,066,174.80 төгрөгийг оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхдээ татвар суутган тооцож, тайлагнаагүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.г, 17.2.9.д заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж, 18,413,235 төгрөгийн нөхөн татвар, 5,523,970.50 төгрөгийн торгууль, 3,682,647 төгрөгийн алданги ногдуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь давхар даатгагч руу шилжүүлж буй дээрх хураамж нь татвар суутгах орлого биш бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжийн даатгалын үйл ажиллагааны нийт орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасны дагуу нөөцийн сангийн хэмжээг нэмэгдүүлж буй хөрөнгө болно.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын холбогдох заалтуудыг авч үзье.

1.1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18 Орлогоын Зорилго хэсэгт Эдийн засгийн ирээдүйн өгөөжийг тухайн аж ахуйн нэгж хүртэх магадлалтай, түүнчлэн уг өгөөжийг үнэн бодитойгоор хэмжих боломжтой байгаа нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Уг шаардлагын дагуу давхар даатгагчид шилжүүлсэн даатгалын хураамжийн хувьд эдийн засгийн өгөөжийг үнэн бодитойгоор хэмжих нөхцөл бүрдээгүй тул татвар ногдох орлого гэж үзэхгүй. Тиймээс Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 18 Орлого-ийн 6в-д зааснаар Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 4 даатгалын гэрээ-ний хамрах хүрээнд багтсан даатгалын гэрээнд энэ 18-р стандарт хамаарахгүйг дурдсан байна. Өөрөөр хэлбэл Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 18 Орлого-д заасан даатгалын гэрээ /хураамж/ нь орлого биш,

1.2. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 4 Даатгалын гэрээ-ний ТЗ-д Энэ Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг бусад Санхүүгийн тайлагналын олон улсын стандартаар зохицуулагдах тусгай гэрээнээс бусад аж ахуйн нэгжийн санал болгож байгаа даатгалын бүх гэрээ /давхар даатгалын гэрээг оролцуулаад/ болон эзэмшиж байгаа давхар даатгалын гэрээнд дагаж мөрдөнө гэж заасан байна. Энэ даатгалын гэрээ гэдэгт нь дотоод даатгалын гэрээ, давхар даатгалын гэрээг адилтган авч үзсэнийг илэрхийлж байна.

1.3. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 4 Даатгалын гэрээ-ний Т4в-д Даатгагч нь үүргээ биелүүлэх, эсхүл цуцлах, эсвэл гэрээний хугацаа дуусах хүртэл даатгалын өр төлбөрийг холбогдох давхар даатгалын хөрөнгөөс суутган тооцохгүйгээр даатгалын өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд толилуулахыг шаардаж байна гэж заасан нь даатгалын гэрээ нь хугацаанаасаа өмнө цуцлагдах магадлалтайг, даатгалын нөөц сан буюу өр төлбөрийг түүний давхар даатгагчид ногдох хэсгээр даатгалын хөрөнгийг бүртгэхийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартаар шаардаж буйг харуулж байна.

Хоёр: Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 306/307 тоот тушаалаар даатгалын компанид мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн заавар-ыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн баталсан бөгөөд холбогдох заалтуудыг авч үзье.

2.1 Нягтлан бодох бүртгэлийн зааврын 3.5-д даатгалын хөрөнгө гэсэн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг дурьдсан байгаа нь Даатгалын хөрөнгө нь орлогын тайлангийн үзүүлэлт биш балансын үзүүлэлт буюу хөрөнгөөр ангилагдаж байгаа харуулж байна.

2.2 Нягтлан бодох бүртгэлийн зааврын 3.5-ийн Б-д зааснаар давхар даатгалын хойшлогдсон хураамж, даатгалын нөөцийн давхар даатгагчид ногдох хэсэг нь дээрх даатгалын хөрөнгөнд ангилагдаж байна. Өөрөөр хэлбэл компани нь давхар даатгалд байршуулж байгаа хураамжийг даатгалын хөрөнгөөр бүртгэдэг байна. Тиймээс энэ нь орлого биш юм.

Дээрх үндэслэлүүдээс харахад давхар даатгагч руу шилжүүлсэн даатгалын хураамжийг татвар ногдох орлого гэж шууд үзэх боломжгүй байх бөгөөд татварын улсын байцаагч нар нь манай компанийг 2016 онд 92,066,174.80 төгрөгийн оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож тайлагнаагүй гэж зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.

Даатгалын хураамжийн цэвэр орлого гэдэг нь даатгалын хураамжийн нийт орлогоос даатгалын хураамжийн буцаалт болон давхар даатгалын хураамжийн зардлыг хассан дүнг хэлнэ гэж байгаа юм. Даатгалын хураамжийн тухайд тухайн байгуулагдсан даатгалын гэрээнд заасан үндэслэлээр цуцлагдах хуулийн боломж нөхцөлтэй учраас гэрээ цуцлагдсан тохиолдолд хураамжийг буцаах ойлголт байгаа. Тухайн давхар даатгагдсан буюу хураамжийг шилжүүлэх үед хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр цуцлагдах үндэслэл боломжгүй байсан.

Мөн нөөц сангийн журмаар давхар даатгагч буюу шилжүүлж байгаа хураамж нь ердийн даатгагчийн хувьд хураамжийн зардал гэж бүртгэгдэж байгаа. Давхар даатгагч руу шилжүүлж байгаа даатгалын хураамж нь бид нарын хувьд орлого биш. Энэ журам болон хуулийнхаа энэ заалтыг үндэслээд бид нар ямар нэгэн байдлаар санаатайгаар шилжүүлээгүй. Тухайн үед нь хураамжийн дагуу шилжүүлсэн. Ингээд шалгалт хийсэнтэй холбоотойгоор нэгэнт үүргийн биелүүлэх асуудал яригдсан учраас давхар даатгагч руу холбоо бариад маргаан таслах зөвлөл рүү ирүүлсэн мэйлийг, Сингапурт манайх үйл ажиллагаа явуулж байгаа давхар даатгагч нь олсон орлогодоо татвараа төлсөн эсэхийг тодруулахаар мэйл ирүүлсэн боловч маргаан таслах зөвлөлийн бичиг улсын байгууллагаас ирүүлсэн албан бичиг биш байна. Хувийн байгууллагын тодорхойлолт байна гэдэг үндэслэлээр маргаан таслах зөвлөл нь тухайн баримтын ирүүлж байгаагүй. Тухайн үед шилжүүлэхдээ давхар даатгагч нь Хонконгийн хаягтай байсан байдаг. Тэр нь хураамжийн төлбөр шилжүүлсэн баримтаар харагддаг. Үндэслэлдээ Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр давхар татварын гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээний 1б хэсэгт Хятад гэж юуг ойлгох вэ гэдэг ойлголтыг тайлбарласан. Хятад гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улс. Газар зүйн утгаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх нутаг дэвсгэрийг хэлэх бөгөөд, мөн Хятадын татварын хууль үйлчлэх нутаг дэвсгэрт багтах тэнгис, түүнчлэн олон улсын хуулийн дагуу нөөцийг нь Хятад улс олборлох, ашиглах эрх бүхий далайн ёроол, түүний хэвлий, далайн ёроолоос дээшхи усны нөөц баялаг, нутаг дэвсгэрт багтах тэнгисээс гадагш орших нутгийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Хонконг гэж бие даасан тусгаар улс байхгүй. Хятадын засаг захиргааны нэгжид орж байгаа. Хэлэлцээрт хамаарах юм байна гэж үзсэн. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш Хонконг нь Хятадын засаг, захиргааны нэгж болсон учраас Хонконг энд хамаарах юм гэж гэрээний заалтыг үндэслээд ойлгож байгаа. Иймд төлөх үндэслэлгүй байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0297777 дугаар шийтгэлийн хуудасны 92,066,174.80 төгрөгийн оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож тайлагнаагүй зөрчилд 18,413,235 төгрөгийн нөхөн татвар, 5,523,970.50 төгрөгийн торгууль, 3,682,647 төгрөгийн алданги ногдуулан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Willis HK Limited компанид давхар даатгалын хураамж 92,066,174.80 төгрөгийг 2016 онд шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан суутгагч-ийн үүргээ биелүүлээгүй, албан татвар суутган авч төсөвт төлөөгүй болох нь нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт, анхан шатны баримтаар нотлогдсон тул Монгол Улсын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар; г/ Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого; д/ Монгол улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого/ гэж заасныг зөрчсөн гэж үзэж татварын улсын байцаагчийн 0297777 тоот шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс гадагш шилжүүлсэн давхар даатгалын хураамжтай холбоотой баримт материалыг шаардсан боловч Willis HK Limited компани нь аль улсын байнгын оршин суугч болохыг нотолсон сертификат болон бусад нотлох баримтуудыг ирүүлээгүй болно. Иймээс Татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээр -ын дагуу албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй гэж үзсэн.

Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хятадын нутаг дэвсгэрт хамаарахгүй гэдэг нь хэрэгт авсан нотлох баримтаар хангагдаж байгаа байх гэж үзэж байна. Тухайн аж ахуйн нэгжийн хувьд орлого биш зарлага байгаа. Суутгагчийн хувьд Монгол Улсаас эх үүсвэрээ олсон бол 20 хувиар ногдуулна. Давхар даатгагчийн төлөх ёстой татварыг суутгал төлөгч үүргээ биелүүлээгүй байна гээд торгууль, алданги тавьж байгаа нь учир дутагдалтай байна гэж тайлбарлаад байна. Тэгэхээр давхар даатгалыг даатгуулагчидтай хийгээд байгаа юм биш шүү дээ. Жишээ нь Ц.Т даатгалын үйлчилгээ аваад П Д ХХК-тай гэрээ хийж байгаа юм. Давхар даатгалын ажил үйлчилгээг П Д ХХК нь бусад орнуудад байгаа компанитай гэрээ байгуулж, ажил үйлчилгээ авсан байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Тайлбараас нь харахад давхар даатгагч шимтгэл төлөх ёстой юм байна. Түүнийг нь манайхаас авчихаад байгаа нь буруу байна гэж байгаа юм. Тэгэхээр хуулийн зохицуулалт нь давхар даатгагч ажил үйлчилгээний орлогоо шилжүүлж байгаа бол тухайн цаг хугацаанд нь суутгаж ав гэсэн үүрэг байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй байна гэдэг асуудал байгаа. Суутгагчийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой татварын асуудлыг иргэний эрх зүйн зарчмаар зохицуулах боломжтой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч П Д ХХК-иас тус шүүхэд хандан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ц.С нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0297777 дугаар шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн 21180800323 дугаар томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн хүрээнд тус газрын татварын улсын байцаагч Ц.С, Т.З нар П Д ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ижил бүрэн хяналт, шалгалтыг хийж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0297777 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 408,945,919.30 төгрөгийн зөрчилд нийт 46,146,018.30 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2. Гомдол гаргагч П Д ХХК дээрх маргаан бүхий актын зарим хэсгийг буюу ...2016 онд 92,066,174.80 төгрөгийн оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхдээ татвар суутган тооцож, тайлагнаагүй гэх үндэслэлээр 18,413,235 төгрөгийн нөхөн татвар, 5,523,970.50 төгрөгийн торгууль, 3,682,647 төгрөгийн алданги нийт 27,619,582.50 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, ...давхар даатгагч руу шилжүүлж буй хураамж нь татвар суутгах орлого биш, давхар даатгал хийсэн компани болох Willis HK limited компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгай захиргааны бүс Хонгконгд бүртгэлтэй компани тул хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсад татвар төлөх ёсгүй зэрэг үндэслэлээр маргаж байна.

3. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6-д  татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн  4.1.6-д суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 5 дугаар зүйлийн 5.4.2-т энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэх ойлголтод хамаарна хэмээн тус тус заасан байх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн  17.2.9-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар албан татвар ногдуулан, 21 дүгээр зүйлийн 21.5-д дээрх орлогод ногдуулах албан татварыг суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ хэмээн тус тус хуульчлан заажээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гомдол гаргагчийн зүгээс маргаан бүхий актаар ...давхар даатгагч руу шилжүүлж буй хураамжийг татвар суутгах орлого хэмээх ойлголтод хамаарахгүй, Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн дагуу Монгол Улсад татвар төлөх ёсгүй хэмээн тайлбарлан маргаж байх боловч Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасанчлан даатгалын гэрээ гэж даатгагчаас даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож байгуулсан хэлцлийг ойлгох бөгөөд Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д даатгалын хураамж гэж даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 4.1.9-т давхар даатгалын үйл ажиллагаа гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгахыг тус тус ойлгохоор тодорхойлсон.

Үүнтэй холбогдуулан гомдол гаргагч П Д ХХК-ийн зүгээс даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ хэсэгчлэн дахин даатгах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгай захиргааны бүс Хонгконгд бүртгэлтэй гэх Willis Hong Kong Limited компанид 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 44,376.94 ам долларыг давхар даатгал-ын зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн  17.2.9-ын д-д заагдсан Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого хэмээн тодорхойлж, Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого хэмээн үзсэн хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.

Мөн, П Д ХХК-ны давхар даатгалын гэрээ байгуулсан Willis Hong Kong Limited компани нь гомдол гаргагчаас анхлан тайлбарлаж байсанчлан Бүгд Найрамдах Сингапур Улсад бүртгэлгүй, харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгай захиргааны бүс Хонгконгд үйл ажиллагаа явуулдаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10/480 дугаар албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий Улаанбаатар хотын банкны Гадаад гуйвуулгын даалгаврын баримт болон холбогдох бусад баримтаар,

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгай захиргааны бүс Хонгконгийн хувьд үйлчлэхгүй болох нь Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4-2/1191 албан бичиг болон Татварын ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10/1288 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх тул хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн  17.2.9-ын д-д заагдсан орлогод ногдох албан татварыг төсөвт төлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй П Д ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэл хүлээлгэсэн хариуцагч нарын шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч П Д ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.2.9-ын д, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ц.С нарт холбогдуулан гаргасан гомдол гаргагч П Д ХХК-ийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Т.З, Ц.С нарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0297777 дугаар шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.М