| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0610/З |
| Дугаар | 221/МА2026/0666 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0666
Б.Уын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Н.Ут жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, жирэмсний тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг даалгах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0673 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0610/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.У нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан "Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Н.Ут жирэмсний тэтгэмж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, жирэмсний тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохыг даалгах"-аар маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0673 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 6 дах хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох журмын 1.4-т "Энэ журмын 2.1-т заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно" гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас эмнэлгийн хуудсыг үндэслэн Б.Уыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралтаа авсан гэж үзээд тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэвч уг шийдвэрийн үндэслэл болсон эмнэлгийн хуудсыг өөрчлөх, хүчингүй болгох талаар ямар нэгэн дүгнэлт, шийдвэрийг шүүхийн шийдвэртээ тусгаагүй байна.
2.2 Иргэн Б.У нь 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба ажил олгогч даатгуулагчийн дээрх хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт "хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах" ажил олгогчийн үүрэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5 дах хэсгийн “ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ болон энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлсөн эсэхэд хяналт тавих" хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байна. Гэтэл шүүх ажил олгогчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, даатгуулагчийн үүнд хяналт тавих эрхийг хэрэгжүүлээгүй улмаас үүссэн үр дагаврыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт хариуцуулж иргэн Б.Ут жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаар үзэхэд нэхэмжлэгч Б.У нь “З”ХХК-д ажиллаж байгаад 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 03 дугаарын сарын хугацаанд сайн дурын даатгал төлжээ.
4. Нэхэмжлэгч жирэмсний 33-34 долоо хоногтойдоо буюу 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж Жирэмсний амаржсаны эмнэлгийн хуудас бичүүлсэн байх бөгөөд хяналтын эмч эхлэх хугацааг 32 долоо хоног таарч байсан үе буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр бичсэн болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/1185 дугаартай албан тоотоор “... жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх 5 сард тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх тул танд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.” гэх хариуг хүргүүлжээ.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 5/-д “... хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж,
7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:” гээд 6.1.1 дэх хэсэгт “хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх;” гэж тус тус хуульчилсан.
8. Дээрх хуулийн заалтуудыг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 49 дүгээр тогтоолд “...“хүүхэд төрүүлэх, асрах” тохиолдолд эд мөнгөний тусламж авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний баталгаатай эдлэх эрх ба энэ эрх хэрэгжих урьдчилсан нөхцөлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн” гэж хууль тогтоогч тодорхой болгож, үүнээс өөрөөр аливаа хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн ... нөхцөл хангагдсан л бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж “олгоно” гэж салаа утгагүйгээр захиргааны байгууллагад үүрэг болгожээ.” гэж тайлбарлан хууль хэрэглээний жишиг тогтоожээ.
9. Нэхэмжлэгч Б.Уын хувьд жирэмсний чөлөө авахыг хүссэн (33-34 долоо хоногтой) үед хуульд заасан тодорхой хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөл бүрэн хангагдсан байхад “жирэмсний 32 долоо хоногтой үедээ тэтгэмж авах эрх үүсээгүй байсан гэх” үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзаж байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна.
Тодруулбал, жирэмсний 31-32 долоо хоног хүрснээр жирэмсний тэтгэмж авах хүсэлт гаргах эрх үүсэх бөгөөд үүнийг хуульд заасан доод болзол, нөхцөл гэж үзэхээр байна. Үүнээс хойш даатгуулагч хэдийд ч хүсэлтээ гаргаж, тэтгэмжээ авах эрхтэй буюу 32-оос дээш долоо хоногтойд жирэмсний тэтгэмж авах хүсэлт гаргасан нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэмж авч буй хуульд заасан эрхийг хязгаарлах нөхцөл болохгүй.
10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны А/267 дугаар тушаал хавсралтаар баталсан Тэтгэмж бодох зааврын 5.1 дэх хэсэгт “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан албан журмын болон сайн дурын даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтооно. Санамж10: Даатгуулагчийн жирэмсний эмнэлгийн хуудсыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан "Жирэмсэн үед үзүүлэх тусламж, үйлчилгээ, хяналтын товлол"-ын дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн эхийн жирэмсний 32 долоо хоногтойд нь бичигдсэн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар тэтгэмжийн эрхийг үүсгэнэ гэж ойлгоно.” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгчийн хувьд 32 долоо хоногтойдоо 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх хуулийн шаардлагыг хангаагүй.” гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР