Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,    

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар З.Олонбаяр, З.Наранчимэг нарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201605000324 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :     

1. Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВС74021306 тоот регистрийн дугаартай, Их монгол овогт Зэсхүүгийн Наранчимэг,

2.  Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВС60021618 тоот регистрийн дугаартай, Их монгол овогт Зэсхүүгийн Олонбаяр,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч З.Олонбаяр нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эхийн гол” гэх газар 2016 оны 10 дугаар сарын 02-ны 19 цагийн үед өөрийн төрсөн дүү болох иргэн З.Наранчимэгтэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Наранчимэг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эхийн гол” гэх газар 2016 оны 10 дугаар сарын 02-ны 19 цагийн үед өөрийн төрсөн ах болох иргэн З.Олонбаяртай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар нүүр цээж хэсэгт нь самардаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч З.Наранчимэгийн хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн ... Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нина гэдэг айлын талбай дээр улаан лоолийн хураалт хийж байх үед Олонбаяр ахад аавын өгсөн 2 ишигтэй ямаанууд чинь байгаа юм уу гэж асуусан чинь Олонбаяр ах байхгүй хоёулаа чононд орчихсон гэж нэг их хүний зэвүү хүргэсэн маягтай хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь хажуугаас нь нэг байгаа нэг нь чононд орчихсон гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд маргаан эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14:00 цагийн орчим аймгийн төвд байдаг хүргэн ахынхаа хашаа байшингийн түлхүүрийг нэхээд Олонбаяр ахынд орсон. Тэгсэн Олонбаяр ах дуугарахгүй байсан. Эхнэр нь тоосон шинжгүй тэр түлхүүрийг чинь яалаа даа гээд суугаад байхаар нь хурдлаач гэсэн чинь Олонбаяр ах чиний байшин юм уу гэсэн тэгхээр нь би миний байшин биш ч миний түлхүүр та нар гуйгаад аваа биздээ гэж хэлсэн чинь Олонбаяр ах тэр чинь чиний түлхүүр биш чамаас түлхүүр аваа ч үгүй гэж хэлсэн. Тэгээд дахиад хэрүүл эхэлсэн Олонбаяр ах тэгвэл чи миний 20.000 төгрөгийг өгөөдөх гэхээр нь би танайд өчнөөн мөнгө өгч байсан одоо надад мөнгө алга байна гэж хэлсэн чинь Олонбаяр ах тэр мөнгө аваад ир гээд орилж хашгичаад салаавч гаргаад босч ирсэн. Тэгэхээр нь миний ч уур хүрээд түмпэнтэй хоол байсныг нь аваад урдаас нь цацах гэснээ байчихаад халуун болохоор нь больчихоод хажуу тийш харсан чинь газар нэг хүүхдийн баасны хутга харагдсан. Тэрнийг авсан чинь Олонбаяр ах зог тусхаар нь би хутгаа буцаагаад газар тавьсан чинь Олонбаяр ах ирээд шууд барьж аваад дараад салтаан дороо миний толгойг хийгээд дарсан. Тэгээд миний хаана чинь дүрэх вэ гэх зэргээр гуяанд хатгаад байсан тэр үед нь миний амьсгаа давчдаад байсан би хутга байсан үгүйг нь хараагүй тэр үед миний толгой, ууцруу гараараа цохиод гутлаа авч улыг нь долоо гэж аман дээр тавиад орилоод зодоод байсан. Тэгсэн манай айлд ирсэн байсан Оюун гэдэг хүүхэн орж ирээд боль боль гэсэн тэр үед нь би дуугүй болсон. Олонбаяр ах намайг хэсэг зодож байгаад босоод явсан хойгуур нь би босч гарч гүйх замдаа тортой хог байхаар нь цацчихаад гараад явсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны өглөө босоод малаа бүртгэсэн чинь 2 ишиг дутуу байсан. Тэгээд Олонбаяр ахад очиж хэлхээс айгаад очиж чадаагүй байсаар орой болчихсон. Тэгээд мал ирхээр нь дахиад бүртгэсэн чинь нөгөө 2 ишиг бас л байхгүй байсан тэгхээр нь 19.00 цагийн үед Олонбаяр ахынд ороод гөлөг минь манай хоёр ишиг алга байна гээд хүүхдийн тоглоомон машиныг нь шүүрээд авсан чинь Олонбаяр ах орилж босч ирээд намайг барьж аваад цохьсон. Тэгэхээр нь би нүүрийг нь самардчихсан тэгсэн чинь намайг дарж аваад нүүр нүдгүй зодож эхэлсэн. Тэгэхээр нь би Ундармаа, Батжаргал гэсэн хүмүүс ойрхон байдаг учир дуудсан тэгсэн чинь чи хүн дуудаж намайг алуулах гэж байгаа юм уу ингээд хүн дууд гээд амруу гараа хийж дуу гаргахгүй байсан. Тэгээд нүүр нүдгүй гараараа цохиод цээж нүцгэлээд зодсон. Мөн үснээс зулгаагаад газар мөргүүлээд байсан ременээр ороолгож, модоор нурууруу цохьсон. Тэр үед нь би эсэргүүцээд төмсөгнөөс нь базсан. Тэгсэн миний хоёр гар, хөлийг хүлчихсэн би бараг 1 цаг орчим хүлээтэй байсан. Тэгсэн миний өмдийг шувтлах гээд дайраад байсан тэр үед би уяатай бэлтгэлийн өмдтэй байсан учир тайлагдаагүй. Тэгээд миний нуруу, толгой түрүүгүй цохиод гар хөл, самардаад намайг 1 цаг орчим бол хангалттай зодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29/,

Шүүгдэгч З.Олонбаярын хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн ... Би болсон хэргийн талаар урд нь мэдүүлэг өгсөн байгаа учир надад нэмж яриад байх зүйл бараг байхгүй байна. Миний зүүн талын шанаанд самардаж гүн шарх авсан мөн цээж, зүүн талын хөх орчимд самардаж гүн шарх авсан тухайн үед миний зүүн гарын эрхий хуруу, хүзүү, цавьны дотор тал нилдээ хөхөрсөн байсан. Тэрнээс хойш бараг 1 cap гаран болж байхад зүүн талын шанаанд самардаж гүн шарх авсан, зүүн талын хөх орчимд самардаж гүн шарх авсан гэмтлүүд нь тод сорви болж үлдсэн бусад учирсан гэмтлүүд нь эдгэсэн байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14:00 цагийн үед нөхөр З.Олонбаяр түүний төрсөн дүү болох Наранчимэг бид гурав тайлбай дээр улаан лооль хурааж байсан. Тэгсэн Наранчимэг ахаасаа танайд өгсөн 2 хоёр ямаа байгаа юу гэсэн тэгсэн З.Олонбаяр байхгүй чоно идсэн гэж хэлсэн тэгсэн чинь Наранчимэг уурлаад арчаагүй новшнууд гээд хашигчаад байхаар нь би больцгоо та хоёрыг хэрэлдэхээр манайхны мал боохойд ороод байдаг. Чиний өгсөн 2 ямааны чинь нэг нь чононд орсон нэг нь байгаа гэж хэлсэн. Тэгсэн Наранчимэг арчаагүй гээд хашигчаад байхаар нь би хэрэлдсэн. З.Олонбаяр нэг их юм дуграагүй тэгсэн чинь Наранчимэг надруу дайраад чи миний эцэг эхийг хардаггүй эрийн дэвсгэр болсон новш гээд хэл амаар доромжлоод би ер нь чадах юмаа чадна шүү гэхээр нь чи яадаг юм ном уншдаг юм уу гэсэн чинь чи миний хөлийн өлмийд мөргө манай аав, ээж хоёрыг битгий аав, ээж гэж хэлж байгаарай. Танай гэрийг чинь шатаасан ч чадна би санасандаа хүрдэг хүн шүү гээд орилоод хашигчаад байхаар нь би тэгс гээд яваад өгсөн. Тэгсэн З.Наранчимэг манайд гүйж орж ирээд аймагт байдаг манай нөхрийн хүргэн дүүгийн хашаа байшингийн түлхүүрийг нэхсэн. Би түлхүүрийг нь яалаадаа гэж хэлсэн чинь Нарачимэг юу гэсэн үг юм пиздануудаа тэр түлхүүр өгөөдөхөөчээ гээд хашигчаад түлхүүр өгөхөөс нааш би гарахгүй гээд суусан. Тэгсэн манай нөхөр Наранчимэгт өөрийнхөө юмыг дандаа нэхэж байх юм чамд авчирч өгсөн барааны мөнгө 20.400 төгрөг одоо өгөөдөх гэсэн чинь надад мөнгө байхгүй за юу гээд ширээний хажууд байсан түмпэнтэй халуун шөлтэй хоол байсныг шүүрч аваад цацчихаад түмпэнг нь шидчихсэн шкапны хажууд газар байсан хүүхдийн баасны хутга байсныг шүүрч аваад З.Олонбаярлуу чамайг алчихна шүү гээд дайрсан. Тэгсэн манай нөхөр чи чаддаг юм бол хутгалахгүй юу энэ яасан задарсан хүн бэ гээд очоод барьж аваад доороо хийгээд дарсан. Тэр үед нь би гэрээр цацагдсан байсан хоолыг цэвэрлэж байсан тэр хоёр ноцолдож байснаа З.Олонбаяр таавчигаа аваад чи хүнийг яасан өлмийдөө мөргө гэж хэлдэг юм чи өөрөө миний уланд мөргөж сөхөр чи гэж хэлээд таавчгаараа толгойг нь арчсан тэгсэн гаднаас Оюун гэдэг хүүхэн орж ирээд больцгоо гэсэн чинь тэгс гээд салсан. Тэгсэн З.Олонбаярын гарнаас хазчихаад Наранчимэг гараад гүйсэн. Тэгээд зүгээр байхгүй тэр өдөр чинь З.Олонбаярлуу түлээ шидлээд хэрэлдээд З.Олонбаяр ч барьж аваад хүльчихье гээд мотоциклиор хөөгөөд байгаа юм уу яагаад байгаа юм мэдэхгүй хөөцөлдөөд байсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 19:00 цагийн үед Наранчимэг манайд бас гүйж орж ирээд З.Олонбаярлуу чи гөлөг минь манай хоёр ишиг алга болчихсон байна чамаас боллоо гээд хүүхдийн тоглоомон машин шүүрч аваад шидээд үүдэнд байсан ууттай хог цацсан. Тэгсэн З.Олонбаяр болиоч чи гээд дөхөөд очсон чинь нүүрнээс нь самардчихсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад давхралдаад гэрийн урд тавьсан байсан гишгүүр дээр унаад дээр доороо ороод ноцолдоод байсан. З.Олонбаяр ах нь юм болхоороо доороо хийж дарж аваад гэрийн хаяанд байсан ачаа татдаг татлага аваад ноцолдож байгаад хүлчихсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Наранчимэг миний буруу боллоо би бууж өглөө одоо ингэхгүй гээд гуйгаад байсан. Ах нь ч чи намайг хичнээн зовоох гэсэн юм. Яасан юм ойлгохоо байчихсан хүн бэ чи гээд хэсэг хангинаж байгаад хүлээг нь тавьсан. Тэр үед нь би мал дээр нь очиж хараад малыг нь бүртгэсэн чинь алга болчихсон гэх 2 ишиг нь хонин дотроо байж байсан. Манай нөхөр үнэндээ Наранчимэгийг хоёр хацарлуу нь гараараа хэд хэдэн удаа нидэрснээс өөр зодсон цохьсон зүйл байхгүй. Хүлж байхад гар, тохой нь шалбарсан байсан харин ахыгаа нүүр амыг нь самардаж базлаад найгүй болгоод хаячихсан байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

Гэрч Х.Оюуны хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Би 2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн мэдэхгүй байна. Шинэжинст сумын 4-р багийн нутаг “Эхийн гол” гэх газар аймгаас оччихоод байж байтал ногооны талбай дээр төрсөн ах дүү хоёр болох Олонбаяр, Наранчимэг хоёр хоорондоо ишиг ямаа чоно идсэн энэ тэр гээд хэрэлдээд маргасан. Тэгээд Олонбаяр тариагаа хийлгэнэ гээд яваад өгсөн. Тэгсэн Олонбаярын эхнэр Эрдэнэцэцэг эгчид та нарт хэлж байгаад гэрийг чинь шатаана шүү гээд хашигчаад байсан. Тэгээд гэртээ харьчихаад Олонбаяр ахын гэрт нь яваад орсон чинь Олонбаяр ах Наранчимэгийн хоёр гарыг нь зөрүүлээд барьчихсан доороо хийгээд суучихсан гэрээр нь дүүрэн хоол асгарчихсан байж байсан. Тэгсэн Наранчимэг Олонбаяр ахыг аваадах гэхээр нь боль гээд салгах гээд Олонбаярын ахын гарнаас татсан чинь Олонбаяр ах ёолоод явчихсан чинь Наранчимэг гарнаас нь хазчихсан байсан. Тэгээд салцгаасан тэгсэн Олонбаяр ах Наранчимэгийг заагаад энэ хүүхэн намайг ална гээд хутга бариад дайрлаа гэж байсан харсан чинь гэрийнх нь үүдэнд нэг хутга хэвтэж байгаа харагдсан. Тэгсэн Наранчимэг гэрээс гарахдаа үүдэнд байсан ууттай хогийг аваад Олонбаяр ахруу шидчихээд явсан. Тэгээд Наранчимэг гэрийнхээ хажууд оччихоод Олонбаяр гэж бөөсөг гээд орилоод байсан. Маргааш нь 22:00 цагийн үед талбайгаас гэрлүүгээ явж байсан чинь миний араас Наранчимэг ирээд чи яагаад Олонбаярт туслаад байгаа юм гээд миний нүүрлүү цохьчихсон миний хамраас цус гарсан би Олонбаяр ахынд орсон чинь эмч ирчихсэн тариа хийх гээд сууж байсан. Би эмчид үзүүлчихээд гэртээ харьж амарсан. Маргааш орой нь би Олонбаяр ахынд сууж байсан чинь Наранчимэг орж ирээд чамаас болж манай хоёр ишиг алга байна гээд хүүхдийн тоглоомон машин байсаныг аваад шидчихсэн тэгсэн Олонбаяр ах Наранчимэгийг барьж аваад гэрээс гарахдаа харуулдаад унаж байсан би айгаад гэрт нь сууж байгаад араас нь гараад иртэл Олонбаяр ах Наранчимэгийг барьж аваад нарийнхан зүйлээр хүлчихсэн нарийнхан модоор гуя хэсэгт нь цохиж байхаар нь би болиоч гээд барьж байсан модыг нь авч хаясан. Тэгээд Наранчимэгт чи өөрөө амнаасаа болоод ахдаа зодууллаа, чи л гэрт нь ирж хэрүүл хийж байгаа тэрнийгээ боль ах дүү улсууд учраа олно биз гэж хэлсэн. Удаагүй Наранчимэг миний буруу гээд гуйгаад байсан. Олонбаяр ах хүлээсийг нь тайлсан чинь би боож үхнэ миний үхсэн байхыг хараарай гээд гэрлүүгээ яваад өгсөн. Би Олонбаяр ахынд орсон чинь нүүр, хүзүү, цээжийг нь самардаад урчихсан байсан. Тэрнээс хойш Наранчимэгтэй уулзаагүй учир ямархуу байдалтай байсныг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Гэрч Б.Загдсумъяагын хэрэг бүртгэлтэнд өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4-р багийн нутаг “Эхийн гол” гэх газар байхад Олонбаяр ахын гэрт нь хүмүүс хэрэлдээд байсан чимээ гархаар нь яваад ортол З.Олонбаяр ах төрсөн дүү болох Наранчимэгийн дээр нь гараад суучихсан хоёр гарыг нь зөрүүлээд барьчихсан сууж байсан. Тэгсэн Олонбаяр ахын эхнэр нь чи энэ хоёрын хэрүүлд оролцож яах нь вэ гар гэхээр нь би гэрээс нь гараад шууд гэртээ очсон. Тэр хоёр юунаас болж маргасаныг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,

Гэрч Ц.Ундармаагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... тэгээд би айлаас гараад ирсэн чинь Тогтох надад Ундармаа эгчээ хойно Наранчимэг орилоод байна гэсэн. Тэгээд би хойд гэрлүүгээ явж байсан чинь Загдсумъяа өмнөөс ирж байсан. Тэгээд надад зүгээр байна, Олонбаяр ах дээрээс нь дараад суучихсан байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-150/,

Гэрч Д.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Миний харсанаар З.Наранчимэгийн нүүрэн хэсэг нь хавдартай, хавдсан хөхөрсөн, зүүн шанаа нь илүү их хавдсан, зүүн чих нь ар хэсгээрээ шархалсан байдалтай байсан. Мөн Наранчимэгийн 2 тохой нь зулгарсан, тэрийгээ Олонбаяр ахынхаас гарч зугтаах гэж байгаад бүдэрч унаад шалбалсан. Миний нүүр амруу Олонбаяр ах цохьсон гэсэн. Олонбаяр намайг хүлсэн, миний дэлэн хөхийг гаргасан хажууд нь авгай хүүхдүүд нь байсан гэж Наранчимэг надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Шүүгдэгч З.Олонбаярын хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... Би 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр байлуудаа 14.00 цагийн үед Наранчимэг манай эхнэр бид гурав тайлбай дээр улаан лооль хурааж байсан чинь Наранчимэг надаас танайд өгсөн 2 хоёр ямаа байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би байхгүй чоно идсэн гэж хэлсэн чинь Наранчимэг уурлаад арчаагүй юмнууд гээд хашигчаад унасан. Тэгээд маргаж байгаад би гэрлүүгээ явсан гэртээ байж байсан чинь З.Наранчимэг манайд гүйж орж ирээд аймагт байдаг манай хүргэн дүүгийн хашаа байшингийн түлхүүрийг пиздануудаа тэр түлхүүр өгөөдөхөөчээ гээд хашигчаад байхаар нь би юу өөрийнхөө юмыг дандаа нэхэж байх юм чамд авчирч өгсөн барааны мөнгө 20.400 төгрөг одоо өгөөдөх гэсэн. Тэгээд маргаж байгаад чи битгий хэрүүл хийгээд бай гар зайл гэсэн чинь түмпэнтэй халуун хоол байсныг шүүрч аваад надруу чиглүүлж цацсан. Хаанаас авсныг мэдэхгүй нэг харсан чинь манай хүүхдийн баас хусдаг хутгыг барьчихсан чамайг алчихна шүү гээд надруу чичхээр нь миний уур хүрээд би төрсөн дүүдээ хутгалуулаад үхвэл хохь чинь болог дүрвэлч дүрэг гэж бодоод шууд очоод барьж аваад доороо хийгээд дарсан. Тэгсэн чинь миний гарнаас хазаад самардаад байхаар нь би хичнээн ууралсан ч гэсэн төрсөн ахынх нь хувьд толгойруу нь цохиод яахав гэж бодоод хоёр хацарлүү нь гараараа хэд хэдэн удаа нидэрсэн. Тэгээд өөрийнхөө өмсөж явсан тавчигаа аваад чи хүнийг яасан өлмийдөө мөргө гэж хэлдэг юм чи өөрөө миний уланд мөргөж сөхөр чи гэж хэлээд таавчгаараа толгойг нь арчсан. Тэгсэн манай айлд Оюун гэдэг хүүхэн ирсэн байсан тэр манайд орж ирээд больцгоо гээд миний гарнаас татсан чинь Наранчимэг миний гарнаас хазсан тэгээд би Наранчимэгийг тавиад боссон чинь Наранчимэг гараад гүйсэн. Тэгээд тэр оройноо хөөцөлдөж байгаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 19:00 цагийн үед Наранчимэг манайд бас гүйж орж ирээд чи гөлөг минь манай хоёр ишиг алга болчихсон байна чамаас боллоо гээд хүүхдийн тоглоомон машин шүүрч аваад надруу шидээд үүдэнд байсан ууттай хог цацсан. Тэгэхээр нь миний уур хүрээд яваад очсон чинь миний нүүрнээс самардчихсан тэгээд би бариад авах гэсэн чинь гараад зугатаахаар нь араас нь гэрээс гарангуут нь бариад авсан тэгээд давхралдаад гэрийн урд тавьсан байсан гишгүүр дээр давхраараа унасан. Тэгээд би доороо хийж дарж аваад харсан чинь гэрийн хаяанд ачаа татдаг татлага байсан тэрнийг аваад хүлсэн. Тэр үед миний төмсөгнөөс базаад цавьнаас зулгаагаад цээж самардаад базлаад байсан. Би ноцолдсоор байгаад хүлсэн тэр хооронд газар гар тохой, хоёр шанаа нь газар үрэгдээд шалбарсан байх. Тэрнээс би толгойруу нь цохиогүй харин өмдийг нь шувталж байгаад модоор хонгон дундуур нь ороолгоё гэж бодоод өмдийг нь тайлах гэсэн чинь уяатай учир тайлагдаагүй. Тэгэхээр нь ууцруу нь хэд хэдэн удаа цохьсон Наранчимэг миний буруу боллоо би бууж өглөө одоо ингэхгүй гэж хэлээд гуйсан. Тэгхээр нь би чи намайг хичнээн зовоох гэсэн юм яасан юм ойлгохоо байчихсан хүн бэ чи, надаас хичнээн юм нэхэж хичнээн юм авах гэж бодож байна чи гэсэн чинь би танаас юу ч авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээг нь тайлсан чинь босоод гэрлүүгээ орсон ... Би энэ зүйл ангийг хүлээн өзвшөөрч байна ...Наранчимэгтэй уулзаж учир зүгээ олъё гэхээр чи надад мөнгө өг. Тэгээд миний бахыг хантал зодуул. Зодуулахдаа хүлүүлж байгаад зодуул гэсэн шаардлага тавьсан. Би зодуулахгүй гэдгээ хэлсэн харин мөнгийг чинь өгнө гэсэн чинь чамайг заавал зодож байж сална гээд байгаа юм. Миний төрсөн дүү намайг ингэж байгаад үнэхээр харамсаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-88, 109/,   

Шүүгдэгч З.Наранчимэгийн хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... Би хохирогчоор байаалт өгөхдөө ерөнхийдөө бүх зүйлээ ярьсан байгаа. Би З.Олонбаярын нүүрэнд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Харин цээжинд учирсан гэмтлийг би мэдэхүй юм байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хэрэгт өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. З.Олонбаяр энэ хэрэгт өөрөө буруутай эхэлж намайг зодоогүй бол би З.Олонбаярын биед гэмтэл учруулахгүй байсан ...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94, 98-99/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 556 тоот шинжээчийн ... З.Наранчимэгийн биед эрүү, шанаа, нүд, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 53/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 570 тоот шинжээчийн ... З.Олонбаярын биед шанаа, хөхөнд сорив гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 1501 тоот шинжээчийн ... урьд гаргасан шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №570 тоот дүгнэлт үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-18/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/,

Шүүгдэгч Б.Баасанбатын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 99-100/,

З.Наранчимэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-68/,

З.Наранчимэг, З.Олонбаяр нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх-ийн 108-122, 153-154, 166-167/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Олонбаярын өмгөөлөгчөөс гарган өгсөн Хаан банкны дансны хуулга 1 хуудас баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Наранчимэгийн өмгөөлөгчөөс гарган өгсөн Хас банкны дансны хуулга болон хохирлын талаархи 10 хуудас баримт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг болно. 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч З.Наранчимэг, З.Олонбаяр нар нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эхийн гол” гэх газар 2016 оны 10 сарын 02-ны 19 цагийн орчим харилцан маргалдаж шүүгдэгч З.Олонбаяр нь З.Наранчимэгийн нүүр, гар, ташаа орчим гар болон модоор цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл, шүүгдэгч З.Наранчимэг нь З.Олонбаярын нүүр цээж хэсэгт нь самардаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан гэрч Д.Эрдэнэцэцэг /хх-ийн 35-37/, Х.Оюун /хх-ийн 40-42/, Б.Загдсумъяа /хх-ийн 46-48/, Ц.Ундармаа /хх-ийн 149-150/, Д.Алтангэрэл /хх-ийн 151-152/ нарын мэдүүлэг, шүүгдэгч З.Наранчимэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-29/, шүүгдэгч З.Олонбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-88, 109/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 556, 570 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 1501 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 53, 72, 79-80/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Наранчимэг, З.Олонбаяр нарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч З.Наранчимэг, З.Олонбаяр нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

З.Наранчимэгийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирлын баримтуудыг шалгахад тухайн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 744.950 төгрөг болж байх тул шүүгдэгч З.Олонбаяраас гаргуулж хохирогч З.Наранчимэгт олгож, шүүгдэгч З.Олонбаяр нь өөрийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирлоо бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч хоорондоо өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа эвлэрсэн талаархи эвлэрлийн гэрээ болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт эвлэрэхийг хүссэн санаачлага гаргаагүй тул шүүгдэгч З.Олонбаяр, З.Наранчимэг нарт хуульд заасан ял оногдуулав.

Шүүгдэгч З.Олонбаяр, З.Наранчимэг нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн бусад байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн болон нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан ба ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлав.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч З.Олонбаярын эзэмшлийн 98-32 БНА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч З.Наранчимэгийн эзэмшлийн гар утас зэргийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан З.Олонбаярын гэрэл зургыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч З.Наранчимэг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их монгол овогт Зэсхүүгийн Олонбаяр, Их монгол овогт Зэсхүүгийн Наранчимэг нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч З.Олонбаяр, З.Наранчимэг нарт тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар оногдуулсан 960.000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч З.Олонбаяр, З.Наранчимэг нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.Олонбаяраас 744.950 төгрөг гаргуулж шүүгдэгч З.Наранчимэгт олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч З.Олонбаярын эзэмшлийн 98-32 БНА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч З.Наранчимэгийн эзэмшлийн гар утас зэргийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан З.Олонбаярын гэрэл зургыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Шүүгдэгч З.Олонбаяр нь өөрийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирлоо бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч З.Наранчимэг нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Олонбаяр, З.Наранчимэг нарт авсан авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА