Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1833

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02078 дугаар шийдвэртэй, Т.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Дд холбогдох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Очирваань, Л.Бат-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 2015 оны 7 дугаарсарын 07-ны өдөр О.Дтай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөг зээлдүүлсэн ба зээлдэгчийн эхнэр Л.Ариунтуяагийн өмчлөлийн Ү-2202019127 бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байр, 35 тоот 98.3 м.кв орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 тоот шийдвэрээр зээлдэгч О.Дгаас 94 680 000 төгрөгийг гаргуулж зээлдүүлэгч Т.Бд олгож шийдвэрлэсэн. Тухайн үед зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн улмаас шүүхийн шийдвэрийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийнэ, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хийх боломжгүйг шийдвэр гүйцэтгэгч хэлсэн. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа 1 жил орчим хугацаанд хийгдэж байхад нэг ч төгрөг аваагүй байна. Иймд зээлдэгч мөнгөө төлөхгүй байгаа тул 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д миний бие иргэн Т.Бгээс 60 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас маргаан үүсч, 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Д нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 тоот шийдвэрийн дагуу 94 680 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бд төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Ариунтуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоотын 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 387 800 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдэлгүй хурлыг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч О.Дд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч О.Д нь нэхэмжлэгч Т.Бгээс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хх5/-гээр 60 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эрхийн улсын бүртгэлийн Ү-220219127 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 35 тоот 98.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж /хх6/ байрьцааны гэрээг байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудыг гэрээ байгуулсан эсэх, тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн болон барьцааны гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.Дгаас 94 680 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бямбасамбууд олгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/01610 дугаар шийдвэр /хх10-11/ нь хүчин төгөлдөр болсон байх тул тухайн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар дахин нотлохгүй талаарх дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч О.Д нь дээрх шийдвэрийн дагуу зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрээр барьцааны гэрээтэй холбоотой хэсгийг шийдвэрлээгүй учраас барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэгт байрлах 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ. Хэргийн баримтаас үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт тус бүрийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх20,23,28,30,33,37/

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирт утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл /38-39/ үйлдэгдсэн байгаа нь тухайн хуралдааны талаар мэдэгдээгүй гэж үзэхгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах  үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА