Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,

улсын яллагч Б.Солонго,

иргэдийн төлөөлөгч Ө.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Нарангоо,

шүүгдэгч Ц.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******өд холбогдох эрүүгийн 2305000001511 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт ******* дүүргийн дугаар хороо, Биогийн Сонгины задгайд оршин суудаг гэх, урьд Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 860 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, *******-*******ын ******* (Регистрийн дугаар: ИС82**************19).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын захын орчим иргэн Т.г “хөзөр тоглож байхад яв гэж хөөлөө” гэсэн шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа хоёр удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, улмаар уг гэмтлийн улмаас хохирогч Т. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины эдийн үхжил, уушгины гуурсанцрын хатгалгаагаар хүндэрч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “...Талийгаач нь тай маргалдахаар нь салгах гэж байгаад ийм зүйл болсон. Би хохирол төлбөрийг хорих байгууллагад ажил хөдөлмөр хийж байж төлнө. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна, өөрийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 32 секундэд Security гэх бичиглэлтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүнтэй улаан өнгийн малгайтай, цэнхэр хөх өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн ярьж байгаа харагдана. Бичлэгийн 52 секундэд Security гэх бичиглэлтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүнийг улаан өнгийн малгайтай, цэнхэр хөх өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн түлхэж байгаа харагдана. Бичлэгийн 57 секундэд Security гэх бичиглэлтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүнийг улаан өнгийн малгайтай, цэнхэр хөх өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн толгой руу нь гараараа цохиход малгай нь унаж байгаа харагдана. Бичлэгийн 59 секундэд Security гэх бичиглэлтэй, цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүнийг улаан өнгийн малгайтай, цэнхэр хөх өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохиход цохиулсан эрэгтэй хүн газарт унаад дахиж босож ирэхгүй байгаа харагдана” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас),

Хүний биед үзлэг хийсэн “...Ц.******* нь дунд зэрэг урт бор үстэй, дөрвөлжин толгойтой, бүдэг хар хөмсөгтэй, баруун нүд давхраагүй, зүүн нүд давхраа орсон, бор хар өнгийн нүдтэй, хөх цэнхэр өнгийн ЮФСИ гэсэн бичигтэй малгайтай цамцтай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмд, хар өнгийн хагас түрийт гуталтай байна. Түүний дээгүүр хувцсыг тайлуулах үед цээжний урд, ард, хажуу талд гэмтэл шарх сорви байхгүй, баруун мөр дээр ногоон өнгийн бар мэт дүрсний шивээстэй, зүүн мөрний хэсэгт хадагтай тулганы дүрстэй шивээс, зүүн гар талын шуу хэсэгтээ ногоон өнгийн хос загас, тал нар, бямбажав гэсэн үгтэй шивээс, өмдийг тайлуулах үед саарал хар өнгийн эрээн дотуур өмдтэй, баруун бүдүүн гуяны урд хэсэгт 3 цэг мэт шивээстэй, гэмтэл шарх сорвигүй байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 08 цагт манай нөхөр бид хоёр гэрээсээ гарсан. ...нөхөр Гурвалжин барилгын захын хамгаалалтынхаа объект руу буюу ажил руугаа явсан. Өдөр 15 цаг өнгөрч байхад эмнэлгээс нөхөр чинь хүнд зодуулчихсан байна, эмнэлэг дээр яаралтай ир гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр д дусал залгаад платанд оруулчихсан байсан бөгөөд сахиураар орсон. Орой болж 23 цагт яаралтайгаар тархины хагалгаанд орсон. Эмч гийн толгойны яс цуураад тархинд цус хурсан, тархины ясанд бяцрал үүссэн гэсэн. Ингээд хагалгаанд 2 цаг ороод гарсан. ...хяналтын камерыг харахад нэг залуутай муудалцаад нөгөө залуу нь манай нөхрийг цохиод ийм байдалд орчихсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аавыг Т. гэдэг. ...өглөө 9 цагт ажил болох Гурвалжингийн хамгаалалтын ажил руугаа очсон гэсэн. Гурвалжингийн гүүрний барилгын захад хамгаалагчаар 10 жил орчим ажиллаж байгаа. ...Тэгээд үл таних хүнтэй маргалдаад толгой руугаа цохиулсан байсан. Манай аавыг эмч гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлэх, шаардлагатай бол хагалгаанд орно гэж хэлсэн. ...Дараа нь шууд эрчимт эмчилгээний тасагт шилжиж тархины цус шүүрлийг тогтоох эмчилгээ хийгдсэн. Хагалгаанд орсноос нэгээс хоёр хоногийн дараа өндөр халуурч таталт өгсөн. Мененгитийн шинжилгээ болон уушгины цэрийн цуглуулгын шинжилгээ хийх гэсэн боловч боломжгүй байсан. Мөн тархинд цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээнүүд хийгдэж байсан. ...болсон явдлаас хойш ухаан орохгүй байсаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 05 минутад ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаад нас барсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 18-19 дүгээр хуудас),

Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гурвалжингийн гүүрний Гурвалжин барилгын материалын цемент зөөдөг найзуудаараа Гурвалжин захын үүдэнд хөзөр тоглоод байж байтал харуул хийдэг залуу төмөр бариад гарч ирснээ лалрууд минь эндээс зайл гээд хөөсөн. Тэгэхээр нь би энэ тоглоомыг дуусгаад явлаа гэхэд яах гээд оролдоод байгаа юм, дарга нар камер хараад та нарыг явуул гээд байна гэж хөөсөн. Тэгээд Оогий гэх хочтой Ц.******* харуултай маргалдаад хоёр удаа харуулыг цохисон. Тэгээд харуул залуу газарт унаад босож ирээгүй. Бид нар Гурвалжин дээр зогсоод цемент зөөж байхад цагдаа ирсэн. Би харуултай маргалдахад ******* харуулыг цохиж газарт унагаасан.  Би хэн нэгний биед халдаж цохисон зүйл байхгүй. Тухайн үед улаан өнгийн цамц, хар өмдтэй явж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 10644 дугаартай: “...Т.гийн биед дух, зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2396 дугаартай: “...Талийгаачид гавал ясанд зүүн талд суман заадасны голоос зүүн зулайн хажуу руу үргэлжилсэн диастез, суман заадас, титэм заадас 2-ын нийлсэн хэсгээс зүүн тийш титэм заадас дагаж урагш духны зүүн тал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины эдийн үхжил, уушгины гуурсанцрын хатгалгаагаар хүндэрч нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Цогцост хийсэн гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-5 цаг болжээ. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй болно” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-40 дүгээр хуудас),

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Т. нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтсэний улмаас уушгины хатгалгаа (хэвтрийн хатгалгаа) хүндэрч нас барсан гэж үзсэн. Уушгины хатгалгаа нь талийгаач удаан хугацаагаар нэг байрлалд хэвтэх, бие махбодын эргэшгүй өөрчлөлтөд орох үед үүсдэг хүндрэл юм. Дээрх уушгины гуурсанцрын хатгалгаа нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн үхжилийн улмаас талийгаач нь удаан хугацаагаар нэг байрлалд хэвтэх үед үүсдэг хүндрэл юм. Уушгины хатгалгаа нь нэг хоног дотор үүсэх боломжтой байдаг. Дээрх гавал тархины гэмтэл, тархины эдийн үхжилийн улмаас талийгаач нь эмчлэгдэх болон амь аврагдах боломжгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь шаардлагатай бүх эмчилгээг зохих журмын дагуу авсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд 0,000 төгрөг, мэс засалд 3,769,000 төгрөг, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага 48,000 төгрөг авч нийт 3,937,000 төгрөгийн зардал гарсан байна. Иймд яллагдагч Ц.Түвштөгсөөс уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нийт зардлыг төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд алтанд явж байгаад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод галт тэргээр ирсэн. Ингээд шууд найзуудтайгаа уулзахаар Гурвалжин барилгын зах руу автобусаар ганцаараа явсан. Гурвалжин барилгын зах дээр ирээд найзуудтайгаа уулзаад 750 грамм, 500 граммын хоёр шил архи уусан, дараа нь Гурвалжин барилгын захын шатан дээр тай хамт хөзөр тоглож байхад харуул нь гэх залуу гарч ирээд бид хоёрыг учир зүггүй хөөж явцгаа гээд байсан. Бид хоёр хөзрөө тоглож дуусчихаад явья гэхэд холдоцгоо, зайлцгаа гээд байхаар нь босоод харуул залуутай хэрэлдсэн. Тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь би больцгоо гэж хэлээд хоёр тийш нь болгосон. Тэгээд хамгаалагч хэрүүл хийгээд байхаар нь би толгой руу нь эхлээд нэг удаа цохиод дараа нь дахин нэг удаа цохиход газарт унаад босож ирээгүй. Тэгээд би найзуудтайгаа хамт элс зардаг газар руу явсан. Буцаж Гурвалжин зах дээр ирээд тухайн залууг байгаа үгүйг харах гэхэд хүн байхгүй, харин цагдаа нар ирчихсэн байсан. гэдэг залуу надад цохиулчихаад босож суусан байсныг би хараагүй. ...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72, 173 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 99-147 дугаар хуудас),

Гэрч Л.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүг ******* гэдэг. ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумын эмнэлэгт миний том хүү болж мэндэлж, эх барих эмч нь ******* гэх нэрийг нь өгч байсан юм. Төрсний гэрчилгээн дээрээ ******* гэдэг нэрээр бүртгүүлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Гэрч Ц.Түмэн-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхээс дөрвүүлээ, айлын хоёр дахь хүү, доороо хоёр дүү, дээрээ нэг ахтай. Манай ахыг *******-*******ын ******* гэдэг. ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улсын бүртгэлийн мэдээллийн санд ИС82**************19 регистрийн дугаараар хайлт хийхээр ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй, харин хүчингүй төлөвт регистрийн дугаар дээр хайлт хийхээр *******-******* Түвштөгс гэдгээр мэдээлэл гарч ирж байна. Энэ нь хүчингүй регистрийн мэдээллийн санд байна гэсэн үг. Энэ хүн дээр ямар нэгэн хөтлөгдсөн бүртгэл байна уу гэж үзэхэд бүртгэл байхгүй. Энэ хүнийг цаасан нотлох баримтыг цахимжуулсан мэдээллийн санд үзэхэд ******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсний бүртгэлийн анкетад *******-*******ын ******* гэж бүртгэгдэж эцгийн мэдээлэл хоосон, ээж Бямбажавын *******-*******, ээжээрээ овоглосон гэж улсын бүртгэлд бүртгүүлжээ. ******* аймгийн ******* суманд 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******-*******ын Түвштөгс гэж олгосон ХААТР-1 гэсэн маягт, тус маягтан дээр *******-*******ын Түвштөгс гэж ИС82**************19 гэсэн регистрийн дугаарыг олгосон байна. ******* аймгийн ******* суманд 20 оны 06 дугаар сарын 20-ны өдөр регистрийн дугаар олгох маягт ХААТР-1 дахин бичихдээ ИС82**************19 дугаар хэвээрээ, харин *******-*******ын ******* гэж бичсэн. Төрсний бүртгэлийг бүртгэсэн журналд *******-******* ******* гэсэн нэртэй байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас), шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн төрсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах бөгөөд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй байхаар хуульчилсан. Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дулмаад мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, харин түүний өмгөөлөгч Д.Нарангоо “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, миний бие эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцоно” гэсэн тайлбар гаргасан тул Ж.Дулмаагийн эзгүйд, түүний өмгөөлөгч Д.Нарангоог шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх уг хэргийг 2023 оны дугаар сарын -ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч “миний нэрийг яллах дүгнэлтэд Ц.Түвштөгс гэж буруу бичсэн байна, намайг Ц.******* гэдэг” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулах нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалган, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд цугларсан гэрч Ц.Түмэн-Өлзий, Э., Л.*******-******* нарын мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэрэг баримтуудаар шүүгдэгчийн нэр Ц.******* болох нь тогтоогдож байгааг тэмдэглэж байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн, иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гурвалжин” барилгын материалын захын үүдний гаднах хэсэгт хохирогч Т.тай “хөзөр тоглож байхад яв гэж хөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохин газарт толгойн ар хэсгээр нь унагааж, гавал ясанд зүүн талд суман заадасны голоос зүүн зулайн хажуу руу үргэлжилсэн диастез, суман заадас, титэм заадас хоёрын нийлсэн хэсгээс зүүн тийш титэм заадас дагаж урагш духны зүүн тал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар Т. нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины эдийн үхжил, уушгины гуурсанцрын хатгалгаагаар хүндэрч нас барсан үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дулмаа, гэрч Б., Ж. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 10644, 2396 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт этгээд хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Иймээс гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх учиртай.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь “хөзөр тоглож байхад яв гэж хөөлөө” гэх шалтгаанаар Т.гийн толгой, шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохин газарт толгойн дагз хэсгээр нь унагааж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, улмаар хохирогч Т. нь дээрх гэмтлийн улмаас эмнэлэгт 18 хоног эмчлэгдэж байгаад гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины эдийн үхжил, уушгины гуурсанцрын хатгалгаагаар хүндэрч нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь амь хохирогч Т.тай маргалдаж, улмаар түүнийг цохисон үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй боловч амь насыг хохироох санаа зорилго буюу талийгаачийн үхлийг хүсэн, амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд ямар нэгэн өс хонзонгийн болон урьдын хувийн таарамжгүй харилцаа байгаагүй зэргийг нэгтгэн дүгнэхэд хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго үгүйсгэгдэж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийн хохирогч Т.гийн толгой, шанаа хэсэгт цохин, толгойн дагз хэсгээр нь газар унагааж, хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Т.гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь төлбөрийн чадваргүй тул сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй, харин зөвхөн баримтаар тогтоогдож байгаа эмчилгээний зардал 1,915,516 төгрөг, эмнэлэгт ар гэрийнхэн нь сахисантай холбоотой гарсан зардал болох 683,840 төгрөг, буяны ажил, оршуулгын зардал 18,434,238 төгрөг, нийт 21,*******3,594 төгрөгийг нэхэмжилнэ гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад хэлсэн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө авсан бүтээгдэхүүн, зарим баримт нь уншигдахгүй болон ямар эд зүйл авсан нь тодорхойгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тамхи, чихэр, кафе, чипс, бохь гэх мэт зүйл авсан баримтуудыг хасаж тооцоход 19,951,578 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгч Ц.*******өөс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дулмаад олгохоор шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас амь хохирогч Т.гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 3,937,000 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 92-93, 97 дугаар хуудас) тул энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д. гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, .1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

Иймд дээрх зардал болох 3,937,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ц.*******өд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ц.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 8 (найм) жил хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 160 хоногийг түүнд оногдуулсан ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өд оногдуулсан 8 (найм) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 160 (нэг зуун жар) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өөс 19,951,578 (арван есөн сая есөн зуун тавин нэгэн мянга таван зуун далан найм) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дулмаа (Регистрийн дугаар: ЧМ651562)-д олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өөс 3,937,000 (гурван сая есөн зуун гучин долоон мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс)-т олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА

ШҮҮГЧИД                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

  Л.ОДОНЧИМЭГ