| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02838/И |
| Дугаар | 2847 |
| Огноо | 2020-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Л/РД:00000/-д холбогдох,
Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 156,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Д.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 135 тоотод оршин суух Ш.Л нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээ, дээвэрлэгээний хөлс зэргийг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал 7 сарын хугацаанд төлөхгүй хууль зөрчиж байна. Иргэн Ш. Лхагвасүрэнгээс дээр дурдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 156,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэн Ш.Лнь аар саар зүйлээр шалтаг зааж хөлсийг олон сараар төлөхгүй зугтаасаар байгаа атлаа бүх төрлийн үйлчилгээг авсаар ирсэн одоо ч авч байгаа юм. Тухайлбал 2015 оноос орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон 2019 онд камерын сэлбэгт 28,790,000 төгрөг, 2019 онд 21, 22 дугаар байрны урсгал засварт 888,300 төгрөг, 2019 онд 21, 22 дугаар байрны орцын хаалганы засварт 1,066,500 төгрөг, гадна талын тохижилтод 1,883,650 төгрөг, цахилгаан шатны засвар үйлчилгээнд 4,949,960 төгрөг, мөн үйлчлэгч нарын цалин, ариун цэврийн зардал гэх мэт олон зардал гарч байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижилтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 13.4 мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт болон Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.3 дахь заалтуудад сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд тогтоосон хэмжээгээр төлнө гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломжгүй болгож байгаа тул сууц өмчлөгч Ш.Л-ээс156,000 төгрөгийг гаргуулж Н сууц өмчлөгчдийн холбоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Шагдарсүрэнгийн Лхагвасүрэн нь ам бүл 4 Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байрны 135 тоотод 1982 оноос хойш 40 гаруй жил сууж байна. Энэ хугацаанд манайх байр ашигласны зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд цаг тухай бүрд нь ямар ч гомдол чирэгдэлгүй төлдөг байсан. 2020 оны 02 дугаар сараас хойш Н сууц өмчлөгчдийн холбоонд дараах шалтгаанаар төлбөр төлөөгүй. Үүнд: Манай орц олон жилийн турш жижүүргүй, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, бохир, өмхий, баас, шээс байнга үнэртэж шаардлага тавих гэхэд холбогдох хариуцах хүн байдаггүй. Жижүүргүй учир архичид байнга хонож, шээж бааж бохирдуулдаг. Өдрийн цагаар том жижиггүй хүмүүс архи ууж, тамхи татаж, нус, цэр битүү болдог. Ийм байдалтай байдаг хэдий ч сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр хаалганы засварын зардалд тогтмол 500 төгрөг нэхэмжилдэг. Мөн орц жижүүр байхгүйгээс шалтгаалж 2015 оны 06 дугаар сард манай бага охин ажлаа тараад гэртээ ирж байгаад гэгээн, цагаан өдөр зодуулж, дээрэмдүүлж маш их хохирол амсаж байсан. Орцондоо камертай ч гэсэн хэрэгтнийг илрүүлж чадаагүй. Ийм үйл явдал болсон ч би төлбөрөө цаг хугацаанд нь төлсөөр байсан. Одоо ч камер муу, жижүүр байхгүй, ямар ч хариуцах хүнгүй айдастай байна. 2020 оны 02 дугаар сард Ковид-19 гарсантай холбоотойгоор манай орцонд ямар ч ариутгал, цэвэрлэгээ хийгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед сууц өмчлөгчдийн холбоонд шаардлага тавих гэтэл хариуцах хүн байхгүй тул аргаа бараад төлбөрөө төлөхөө больсон. Сууц өмчлөгчдийн холбооны холбогдох хүмүүстэй уулзахаар удаа дараа очсон ч хоосон хаалга мөргөж, нэг орцонд байдаг боловч огт таарч байгаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны даргыг танихгүй, ямар хүмүүс ажилладаг нь мэдэгдэхгүй, холбоо барих утасны дугаар байхгүй учир холбогдох утсыг лавлахаас асуухад холбогдох дугаар бүртгүүлээгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байвал орж ирж уулзах байх гэж бодсон. Гэвч нэг ч удаа уулзаагүй, огт шаардлага тавилгүй шууд шүүхэд хандсанд гомдолтой байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд засвар үйлчилгээ 6,300 төгрөг, цэвэрлэгээ 10,500 төгрөг, хаалганы засвар 500 төгрөг, нийт 17,300 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч хаалга эвдрээгүй, засвар, цэвэрлэгээ хийгээгүй. Ямар засвар үйлчилгээг сууц оршин суугчдын мөнгөөр хийж байгаа нь мэдэгдэхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хэрхэн захиран зарцуулсан тухайгаа тайлбарладаггүй. Иймд би Н сууц өмчлөгчдийн холбоонд маш их гомдолтой байгаа учир төлбөр төлөх хүсэлгүй байна. Миний гаргасан гомдлыг шийдвэрлэж манай орцыг жижүүртэй болгож, төлбөрөө тогтмол тайлагнаж, эрүүл очинд аюулгүй цэвэр амьдрах орчныг бүрдүүлсэн цагт би төлбөрөө төлж эхлэх болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н " сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ш.Л-дхолбогдуулан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 156,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н " сууц өмчлөгчдийн холбоо нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрт нийт 156,000 төгрөгийг Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 135 тоот орон сууцны өмчлөгч, оршин суугч Ш.Л-ээсгаргуулахаар шаарджээ.
Н сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдаж, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 85 тоот гэрчилгээ авч, Д.Төмөрбаатарыг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор томилсон байх тул тус сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах, төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй байна. /хх-ийн 3-4 дүгээр тал/
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ.
Хариуцагч Ш.Лнь ...байрны орцонд цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийдэггүй, тухайн орц жижүүргүйгээс шалтгаалж манай охин бусдад дээрэмдүүлж зодуулсан, хүмүүс өдрийн цагаар архидан согтуурч, шөнийн цагаар хоноглож бохир заваан байдалтай байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны гишүүдээс авч буй төлбөрийг хэрхэн захиран зарцуулдаг талаараа тайлагнадаггүй гэж маргаж байгаа боловч энэ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Харин сууц өмчлөгчдийн холбоо нь өмчлөгчид үйл ажиллагааны буруугаас хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой.
Хариуцагч Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 135 тоотод орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал төлөөгүйг зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээдэх бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх хариу татгалзалд дурдсан шалтгаан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Иймд хариуцагч Ш.Л-ээс2020 оны 02 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал 7 сарын хугацааны засвар үйлчилгээний төлбөрт 156,000 төгрөг гаргуулж, Н сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.Л-ээсдундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 156,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Л-ээс5,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР