Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

                                      

 

 

                            

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

хохирогч Б.*******,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Г.*******э (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******эд холбогдох эрүүгийн 2305034612155 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн *******ын-******* суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 66а байрны 38 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******гийн *******э (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Г.*******э нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 38 тоот гэртээ найз Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдаж, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.*******э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******э мэдүүлэхдээ: “...Тухайн үед болсон зүйлийг санаж байгаа, манай гэрт найзууд ирээд хоёр шил 0,75 литрийн архи уусан. Тэр өрөөнд бага насны хүүхэд амьдардаг юм, ******* найз залуутайгаа тэр өрөөнд орсон, янз бүрийн юм болох гээд байсан учраас хаалгыг нь нүдсэн. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, бүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахтайгаа хамт хоолны газар ажиллуулдаг, хоолны газар маань хоёр салбартай, орлогоо хувааж авдаг. Тухайн хоолны газраа нээгээд удаагүй байгаа, *******ын-*******эд очиж ажлаа хийгээд хохирол төлөх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Тэр өдөр найзуудаараа цуглараад уухаар болсон. Би тэнд хонох гээд унтах гэж байтал *******э өрөөний хаалга нүдсэн. Тэгээд маргаан үүсээд би гэртээ харихаар болсон. Хэрүүл хийж байгаад гэрээс нь гарч яваад юмаа мартаад буцаж орсон. Тэгээд юмаа хайж байтал хэрүүл маргаан үүсэж бие биенийгээ харааж эхэлсэн. *******э надад эхэлж гар хүрч би газар унасан. Унасан үед нэг удаа гараараа цохисон, дараа нь унасан байхад дээрээс 3, 4 удаа дэвссэн. *******э эхнэртэйгээ намайг цоожлоод гараад явсан. Тухайн асуудал шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд болсон гэж бодож байна, би 03 цагийн үед дуудлага өгсөн. Би хоёр сар ажлаа хийгээгүй учраас тэр хугацааны цалин, мөн сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна. Шүүгдэгч *******э нь шүүх хуралдаанаас өмнө 400,000 төгрөг шилжүүлсэн. Одоо миний толгой өвддөг болсон, мөн сэтгэлзүйн хувьд хэвийн биш бөгөөд эрэгтэй хүнээс айдаг, даралт хэлбэлздэг болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны 19 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 80 дугаар байрны 38 тоотод найз *******ийн гэрт нь ганцаараа очсон. *******э нь “Авъяаслаг Монголчууд” шоунд ороод нэгдүгээр шатандаа тэнцсэн тул найзуудаараа цуглаад Монгол HD зурагтаар бөөндөө үзэх гээд цугласан. *******ийн гэрт нь найзуудаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. *******э, түүний эхнэр ******* хоёр намайг гэртээ хоноод яваа гэж хэлсэн. Унтлагын өрөөнд нь унтаж байхад *******э нь хаалга хүчтэй нүдсэн. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед *******э намайг гэрээсээ хөөсөн. Би цүнхээ аваад гэрээс нь гарсан. Байрны гадаа байж байхад *******э, ******* хоёр муудалцаад араас гарч ирсэн. Би цэнэглэгчээ орхисон байна гээд *******д хэлэхэд надад гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Би ганцаараа гэр лүү нь буцаж орсон, гэрт нь цэнэглэгчээ хайгаад байж байхад *******э нь зайлаач ээ, зайлаагүй юу хийж байгаа юм, гэр орон битгий түйвээгээд байгаач гээд гичий, янхнаар нь дуудсан. Би цэнэглэгчээ олоогүй явах гээд үүдэнд нь гутлаа өмсөж байсан. Тэгэхэд над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. *******э нь баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Цохиход нь би газар унасан. Газар унасан байхад *******э нь нүүр лүү нэг удаа өшиглөөд намайг дэвссэн. Би шоконд ороод байж байхад *******, *******э хоёр гэрээсээ гараад явсан, гарангуутаа гэрийнхээ хаалгыг намайг гаргахгүй гэж гаднаас нь цоожилсон. Тэгээд 30-40 минутын дараа буцаад онгойлгож орж ирсэн. Яагаад хаалгаа цоожилж байгаа юм гэхэд эмийн сан орлоо гэж худлаа ярьсан. Тэр хоёрыг ороод ирэхээр нь би зөрөөд гараад явсан. *******эд цохиулсны дараа миний нүдний доод зовхи зүсэгдсэн, цус алдаж байсан. Мөн хамраас цус алдаж байсан, нүд хавдаж, толгой булдруутан хавдсан, сэтгэл санааны гүн хямралд орсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

Гэрч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны 19 цагийн үед манай нөхөр *******ийн найз ******* нь найз залуугийн хамт ирээд хоносон. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад нөгөө талын өрөөнд ороод унтсан, 02 цаг өнгөрч байхад манай нөхөр *******э хаалгыг нь тогшсон. Хаалгыг нь балбачихсан чинь та нар чинь ямар аймар юм бэ гээд уурлаж гарч ирсэн. Миний найз ороод унт гэсэн чинь чадахгүй явлаа гээд хэлсэн. Араас нь *******э яваач дээ, зайлуул зайлаач дээ гэж хэлсэн. ******* нь юмаа аваад гэрээс гарсан. Би араас нь гарсан чинь орцны гадаа уйлчихсан сууж байсан. Тэгээд суугаад аргадаад байж байсан чинь нөхөр араас гарч ирсэн. Араас гарч ирэхэд ******* гэр лүү яваад орсон байсан. Би *******ийн хамт гэр лүү ороход ******* гэрээс юм хайгаад байсан. Чи зүгээр зайл гээд *******э лүү салаавч өгсөн. *******э нь *******гийн салаавч өгсөн гар луу нэг удаа алгадсан. Би голд нь зогссон байсан. ******* нь намайг давж *******ийг алгадаад *******э нь *******гийн нүүр лүү нь гараараа алгадаад цохисон. ...*******э нь *******г санаатай цохисон. ******* нь *******э рүү салаавч гаргасан болохоор цохисон. *******э гараа атгаж байгаад *******г цохисон байх, тухайн үед *******э, ******* нарыг маргалдаж байхад нь дунд нь ороод салгаж байсан учраас сайн хараагүй. *******гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19-20 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 11701 дугаартай: “...Б.*******гийн биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

Хохирогч Б.*******гийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 36-42 дугаар хуудас),

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/23606 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2305034612155 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа, надад санал хүсэлт байхгүй. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө өөрийн гэртээ найз *******г зодож цохин гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн буруу үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.*******э нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 01-02 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 66а байрны 38 тоот гэртээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж, өшиглөн биед нь халдан зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б.*******, гэрч О.******* нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 11701 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.*******гийн биед учирсан зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11701 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдэл болох өшиглөж, цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн толгой, нүүр хэсэгт цохиж, өшиглөн үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.*******ийн бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг, эмчилгээний зардал 413,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 2,750,000 төгрөг” тус тус нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй хамааралгүй, мөн давхардуулан оруулсан баримтуудыг хасаж тооцоход 153,300 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч Г.*******э хохирогчид 400,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Шүүх хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) ...гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ийг тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасантай хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 5 (тав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Г.*******ээс гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хавтаст хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, түүнчлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Г.*******э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”, хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулсан бөгөөд шүүгдэгч Г.*******э “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.*******э нь урьд гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хор уршигтай холбоотой зардлыг нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Г.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн “ажлаа хийж, хохирлоо төлөх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн тул хохирогчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.*******э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Эхэс нуур овогт Батнямын ******* (регистрийн дугаар: УК97051800)-д олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******гийн гаргасан нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.*******э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НЯМДАВАА

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.