| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02569/И |
| Дугаар | 2871 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэг: В.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-т холбогдох,
4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Знь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр М Даваадорж гэх нэртэй фэйсбүүк хаяг дээр СРХ5000 зарна. Үнэ: 5,000,000 сая төгрөг гэсэн зар харсан. Тэгээд металл хайгч авах сонирхолтой байсан тул утасны дугаарыг авч Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 28 дугаар байрны зүүн үзүүрт байрлах Итгэлт баян гэх нэртэй ломбардаас очиж авахаар болсон. 2020 оны 04 сарын 01-ны өдөр тус СРХ5000 металл хайгчийг 4,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч төлбөрийг Итгэлт баян гэх ломбардад ажилладаг Д.Мөнхбаярын данс руу шилжүүлсэн. В.Знь Говь-Алтай аймгийн Алтай суманд мал аж ахуй эрхэлдэг тул 2020 оны 04 дугаар сарын 02-ны өдөр замд гарсан. 2020 оны 04 сарын 10-ны өдөр тус металл хайгчийг ашиглан металл хайх гэтэл зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг мэдсэн. Үүнийг мэдсэн даруй Д.Мөнхбаяртай холбогдож хэлсэн боловч ...чиний мөнгийг үрсэн, албан ёсны газар очиж тохиргоо хийлгэхэд болно... гэсэн хариу өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хот руу ирж металл хайгчийн тохиргоог хийж өгөхгүй байсан учир Металл хайгч сервис гэдэг газар очиж шалгуултал Хятад учраас тохиргоо хийж металл хайх боломжгүй гэж хэлсэн, Үүнийг мэдээд 2020 оны 04 сарын 30-ны өдөр Мөнхбаяртай ярьтал ...хүний үгэнд итгэхгүй өөрөө хүнд үзүүлнэ... гэж хэлсэн. Тэгээд Д.Мөнхбаярыг хүнд үзүүлэхийг нь хүлээж Улаанбаатар хотод удсан. Бид СРХ5000 төхөөрөмжийг гаднаас хараад зориулалтын дагуу ажиллах боломжтой үгүйг мэдэхгүй байсан тул Монгол улсад тус төхөөрөмжийг онцгой эрхтэйгээр оруулж ирдэг Металл хайгч Сервис ХХК-д үзүүлсэн ба энэхүү төхөөрөмжөөр металл хайх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тус дүгнэлтийг гаргуулахын тулд В.З-аас200,000 төгрөгийн зардал гарсан. Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тус төхөөрөмжийг Д.М-тшилжүүлэн өгч, В.Золжаргалын шилжүүлсэн төлбөр болох 4,500,000 төгрөг болон тус төхөөрөмжийг шинжлүүлэхэд гарсан зардал 200,000 төгрөг нийт 4,700,000 төгрөгийг Д.М-аасгаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мшүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч н.Золжаргал гэх хүн фэйсбүк дээр тавьсан зарын дагуу цоо шинэ хамгаалалтын лацтай GPX 500 маркийн металл хайгч төхөөрөмжийг өөрсдөө угсарч ажиллуулж шалгаж үзээд 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар миний дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлж төлсөн. Нэг сар орчмын дараа худалдан авсан хүн нь утсаар металл хайгч ажиллахгүй байна. Буцаамаар байна гэж ярьсан. Тухайн үед та нар өөрсдөө шалгаж үзээд авсан учраас буцаах боломжгүй талаар хариу өгсөн.
Уг худалдсан металл хайгч нь тоо шинэ, лацтайгаа байсан бөгөөд худалдан авагч нь худалдан авахдаа металл хайгчийг өөрсдөө угсарч шалгаж үзээд авсан тул худалдсан үнийг буцаах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан 4,500,000 төгрөгийн шаардлага болон GPX 5000 төхөөрөмжийг шинжлүүлэхэд гарсан зардалд 200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Знь хариуцагч Д.М-тхолбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, металл хайгч GPX 5000 төхөөрөмжийн үнэ 4,500,000 төгрөг, металл хайгч GPX 5000 төхөөрөмжийн ажиллагааг шалгуулахад гарсан зардал 200,000 төгрөг нийт 4,700,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В.З,хариуцагч Д.Мнар 2020 оны 04 сарын 01-ний өдөр GРХ 5000 металл хайгч төхөөрөмжийг 4,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохирч, нэхэмжлэгч 4,500,000 төгрөгийг төлж, металл хайгч GPX 5000 төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Талуудын GРХ 5000 металл хайгч төхөөрөмжийг 4,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон хэлцэл хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь худалдан авсан GРХ 5000 металл хайгч төхөөрөмжийг худалдан аснаас хойш 1 сарын хугацааны дотор ажиллах боломжгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдэж, ажиллах боломжтой болгох шаардлага тавьсан боловч хариуцагч шаардлагыг хүлээн аваагүйгээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байна.
Хэрэв худалдан авагч нь авсан эд хөрөнгө доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Хэрэгт нотлох баримтаар Метал хайгч сервис ХХК-иас гаргасан GРХ 5000 металл хайгчийг 1.Уг багаж нь Mine Lab компанийн үйлдвэрлэсэн бараа биш сериал дугаар нь бүртгэлд байхгүй. 2.Хятад улсаас орж ирсэн хуурамч бараа. 3.Металл ялгах боломжгүй зориулалтын дагуу ашиглах тохиромжгүй гэх дүгнэлт авагдсан байх бөгөөд хариуцагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй байна.
Худалдан авагч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Металл хайгч сервис ХХК-ийн дүгнэлт, зарлагын баримтаар нэхэмжлэгчид GРХ 5000 металл хайгч төхөөрөмжийг шалгуулахаар 200,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.М-аасGРХ 5000 металл хайгч төхөөрөмжийн үнэ 4,500,000 төгрөг, зардал 200,000 төгрөг нийт 4,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.З-долгох хуульд нийцнэ гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.М-аас4,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.З-долгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч В.З-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,600 төгрөгөөс 90,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,450 төгрөгийг, хариуцагч Б.М-аас90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР