| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0058/э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321004150022 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-ийн ******* газарт ******* ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Еншөөбү овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, 3-8 тоотод хашааны гадаа гудамжинд төрсөн ах маргалдан улмаар хохирогч духанд архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “духны язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Еншөөбү овогт ******* ******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, 3-8 тоотод хашааны гадна төрсөн ах маргалдан улмаар түүний духанд архины шилээр цохиж духны язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ах хамт явахаас өмнө архи уучихсан байсан. ... газраас ирээд 3-8 тоотын гадаа ирээд байтал ах намайг цохиж аваад боогоод байхаар нь би ууж байсан архины шилээр толгой руу нь цохисон. Өөр юм болоогүй. ...Намайг чирээд “чи архи уулаа, архи уучихаад томорлоо” гээд цохиод байхаар нь би согтуу дийлэхгүй байсан болохоор архины шилээр цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, Өлзийт гэх газраас хэдэн хонь ачиж ирсэн. Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гараад ******* кабинетад 20 хонио аваачиж махалж зарсан. Тэгэхдээ төрсөн дүү *******тэй хамт явсан. Хонио махалж зарчихаад буцаж аймгийн төвд байх гэр рүүгээ явсан. Замдаа дэлгүүр орж би дүү ******* 0,75 литрийн Экс нэртэй нэг шил архи, хайрцаг тамхитай авч өгсөн. Тэгээд явж байхад ******* айлын гадаа бууна гээд сумын 3 дугаар баг, 3-8 тоот айлын гадаа зогсоод ******* машинаас буусан. Манай хүргэн тэнд явж байсан ба над руу ирээд “машинаа авъя, хөдөө явах гээд байна” гэж хэлсэн. Би машинд буцаад суух хооронд л ******* намайг араас татаад барьж байсан архиараа духан дундуур хоёр удаа цохисон. Цаашаа юу болсон юм бүү мэд нэг мэдсэн л цусандаа холилдсон юм байсан. ...Ямар шалтгаанаар цохисон талаар мэдэхгүй байна. Би *******тэй хэрэлдэж маргалдсан, хэл амаар доромжилсон зүйл байхгүй. *******гийн бууна гээд байсан айл буюу 3-8 тоотын гадаа ирээд буу гэж хэлсэн. Тэгсэн ******* “яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “үгүй чи энд бууна гэсэн биз дээ, би чамайг юу гэж хөөхөв дээ” гэж хэлсэн. Би хүргэн тай уулзчихаад эргээд машиндаа суух гэсэн чинь л ******* намайг араас татаад архиараа духан дундуур цохисон. ...Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18/,
гэрч Ү.******* “...хүү ******* 2023 оны 09 дүгээр сарын 22-нд шоронгоос суллагдсан. Суллагдсан өдрөө гэртээ ирж цай уусан болоод гараад явчихсан. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* төрсөн ах зодох үед нь би очсон. Намайг очих үед манай хүү ******* төрсөн ах өшиглөж, цохиод байсан. Тэгээд “нүүр ам чинь яагаад цус болчихсон юм бэ” гэж аас асуусан чинь “ээжээ энэ ******* намайг архины шилээр цохичихсон” гэж хэлсэн. Би цагдаа дууд гээд цагдаа дуудсан. ...Манай хүргэн байсан өөр бусад хүмүүсийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 593 тоот “ биед духны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еншөөбү овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА