| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 01 29 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
Улсын яллагч Г.Билгүүн,
Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Жалбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЦЭт холбогдох эрүүгийн 2302 00000 0411 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт ЦЭ, регистрийн дугаар ......................................,
Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа дарханы үйл ажиллагаа эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт .................................................................................................,
Урьд: - 1981 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн НШ-ийн 14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 168б, 169б дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах 6 тоот өрөөнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай, 10 мл хэмжээтэй “Давсны хүчил” нэршилтэй химийн хорт, аюултай бодис, мөн дээрх Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 2790 дугаарт багтсан, Үзэмний шүүс гэсэн бичиг бүхий Golden plum нэртэй бичиглэлтэй хуванцар савтай, 60 мл хэмжээтэй “Бензин” нэршилтэй химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би алт, мөнгөний дарханаар 30 жил ажиллаж байх хугацаанд хэн нэгнээс ямар нэг гомдол, санал надад ирж байгаагүй, 1987 оноос хойш алт мөнгөний дархан хийж байгаа.Нилээн дээр хүнээс худалдаж авсан, хориотой гэдгийг мэдээгүй, гэм буруу дээр маргаан байхгүй ” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Б.Аюушийн “...Давсны хүчлээр алт, монетан эдлэлийг өнгөлдөг, азот, хүхрийн хүчлээр мөнгө, зэс, гууль бусад төмөрлөгийн зүйлийг өнгөлдөг. Тунсаа гэх бодисыг өнгөлгөө болоод гагнуурын холбоос болгож ашигладаг. Лимоны хүчлийг мөн өнгөлгөөний зориулалтаар ашигладаг юм. Энэ нийтлэг ашигладаг бодисууд юм аа ... Химийн бодисын төрөл буюу Азот, Давсны, Хүхрийн хүчлүүд нь хөдөлмөрийн бүтээмж өндөр, цаг хугацаа хэмнэсэн болохоор дархчууд өргөнөөр ашиглаж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Гэрч Ж.Насантогтохын “...Ажлын шугамаар таньдаг. Алт, мөнгөний дархан хийдэг. Энхбаяр ах 1980-аад оноос хойш алт, мөнгөний дархан хийж байна гэж өөрөө надад ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5544 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн “Бензин 1” болон “Давсны хүчил 2” гэж хаягласан бодисууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Бензин 1” гэж хаягласан бодисын химийн найрлагыг тодорхойлох техникийн боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Давсны хүчил 2” гэж хаягласан бодис нь Давсны хүчил /HCI/ байна. Давсны хүчил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 3 дугаар хавсралтын дугаар 485 дугаарт багтсан байна. Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,
Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/466 дугаартай “...Бензин-1 гэсэн бичиг бүхий шингэн. Шаргал туяатай шингэн нь хурц үнэртэй. Бохирдол ихтэй. Усанд уусаагүй. Шингэний хувийн жин 0,72 г/см3 байв. Уг шингэнийг Бензин төст газрын тосны бүтээгдэхүүн гэж танилаа. Монгол нэршил Автобензин буюу этилжүүлээгүй бензин, олон улсын нэршил Gasoline …Бензин нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 2790 дугаарт багтсан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 13 дугаар хаалганы 1 дүгээр давхарт байрлах 6 тоот павилонд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэгийн явцад эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Эын “...1987 оноос хойш Урт цагаан худалдааны төвийг ахуй үйлчилгээ байхаас нь эхлээд алт мөнгөний дархан хийж байна. Энэ цагаас хойш л давсны хүчил гэж бодисыг бага хэмжээгээр худалдан авч, усаар шингэлээд алтаар хийсэн эд зүйлийн өнгөлгөөнд ашиглаж ирсэн юм. Саяхан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байгаад цагдаа нарын шалгалтаар ашиглаж байсан давсны хүчлээ хураалгасан юм. Би энэ давсны хүчлийг Урт цагаан худалдааны төв дээр зараад явж байсан танихгүй хүнээс одоогоос бараг 1 жилийн өмнө худалдан аваад үүнээс хойш ашиглаад өөрийн алт мөнгөний дархан хийж байсан өрөөндөө ширээний нүдэндээ хадгалж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Нийслэлийн прокурорын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг хүлээн авч түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэхээр шүүхийн хэлэлцүүлэг товлосон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э нь ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үр дагавар ойлгоогүй тул хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг, мөн түүний өмгөөлөгч уг санал хүсэлтийг дэмжиж дүгнэлтээ танилцуулсан болно.
Шүүх талуудын санал хүсэлтийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх... , мөн хуулийн 6-д заасан ...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэг заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэнэ... гэж зааснаар түүнд холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэхээр шүүхэд шилжүүлсэн.
Улмаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8-д заасны дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах боломжтой талаар талуудын байр суурийг сонсож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах 6 тоот өрөөнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан, ногоон өнгийн тагтай, хуванцар савтай, 10 мл хэмжээтэй “Давсны хүчил” нэршилтэй химийн хорт, аюултай бодис, мөн дээрх Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 2790 дугаарт багтсан, Үзэмний шүүс гэсэн бичиг бүхий Golden plum нэртэй бичиглэлтэй хуванцар савтай, 60 мл хэмжээтэй “Бензин” нэршилтэй химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч Б.Аюушийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, гэрч Ж.Насантогтохын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5544 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/466 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн 13 дугаар хаалганы 1 дүгээр давхарт байрлах 6 тоот павилонд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, Хэргийн газрын үзлэгийн явцад эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 541 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “...шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагч хэлэхдээ давсны хүчлийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А356 тушаалаар батлагдсан химийн хорт бодисын жагсаалтад байгаа гэж байгаа боловч тухайн жагсаалтыг харахад хлорт ус төрөгчийн хүчил гэсэн байна. Энэ нь давсны хүчил мөн эсэх нь эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөн ямар нэг хохирол, хор уршиг учруулаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон учраас миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.
Шүүх шүүгдэгч Ц.Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул уг ялаас чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, биеийн эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхуөл байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг ...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөр, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.
Гурав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Давсны хүчил 2” гэсэн хаягтай, ногоон өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай, 10 мл хэмжээтэй, шингэн бодис, “Бензин-1” гэсэн бичиглэлтэй, улаан өнгийн тагтай, 473 мл багтаамжтай, хажуудаа Golden plum гэсэн бичиглэл бүхий савтай, 60 мл хэмжээтэй шингэн бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ЦЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөр, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Давсны хүчил 2” гэсэн хаягтай, ногоон өнгийн тагтай, цагаан өнгийн хуванцар савтай, 10 мл хэмжээтэй, шингэн бодис, “Бензин-1” гэсэн бичиглэлтэй, улаан өнгийн тагтай, 473 мл багтаамжтай, хажуудаа Golden plum гэсэн бичиглэл бүхий савтай, 60 мл хэмжээтэй шингэн бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ