| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03091/И |
| Дугаар | 102/ШШ2020/02714 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2020/02714
| 2020 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2020/02714 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн Д /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Баруун тосгон 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д-ын Г /РД: 00000000/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Г нь Ц.Д-ээс жимс авсан бөгөөд 420,000 төгрөгийн тооцоо үлдсэн байсан. Энэ мөнгийг өгнө гэж 2019 онд бичиг хийж өгч байсан бол өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Д.Г-д холбогдуулан гэрээний үүрэгт 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Д нь ... хариуцагч Д.Г-д 2019 онд алим, мандарин, огурцы, помидор, чинжүү, маракко жимсүүдийг төлбөрийг дараа авах нөхцөлтэйгээр өгсөн, эдгээр жимсний үлдэгдэл төлбөр нь 420,000 төгрөг болсон тул энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон, хариуцагч ... би Ц.Д-ээс 2019 онд жимс аваагүй, 2014 онд авсан жимснийхээ тооцоог хийж дуусгаад 2017 оноос би Барс захад ажиллахаа больсон гэж маргажээ. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл Ц.Д нь 2019 онд хариуцагч Д.Гд алим, мандарин, огурцы, помидор, чинжүү, маракко жимсийг хүлээлгэж өгсөн, үүний төлбөрийн үлдэгдэл 420,000 төгрөг болсон гэх шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Д-гийн хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Д-гийн хариуцагч Д.Г-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР