Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,         

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Иргэдийн төлөөлөгч Х.Пүрвээцагаан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар Ж.Төмөрчөдөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000390 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЗ91021819 тоот регистрийн дугаартай, Ирвэс овогт Жаргалын Төмөрчөдөр,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Төмөрчөдөр нь согтуурлын байдалд байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 22- ноос 23-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын орчимоос шөнийн 00 цаг 30 минут хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цацрах гэгээ” караоке баарны гадна болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 8 дугаар гудамжинд хохирогч М.Гантуяаг ямарч шалтгаангүйгээр хүрзээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Танхайрах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас оргон зайлж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч М.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 22-ны орой ажлаа тараад гэртээ хариад байж байтал 21 цагийн орчимд над руу нэг танихгүй дугаараас "Төмөрчөдөр байна, би Батзаяатай хамт байна, чи бааранд хүрээд ирээч" гэхээр нь "үгүй" гэхэд дараа нь дахиж над руу яриад "Цацрах гэгээ караокед хүрээд ирээч" гэхээр нь миний таньдаг Батзаяа гэх хүн байсан болохоор би очсон юм. Би "Цацрах гэгээ"-д 21 цаг 40 минутанд очсон ба очиход Батзаяа, миний өмнө нь нэг удаа уулзаж байсан Төмөрчөдөр хоёр караокед пиво уугаад сууж байсан. Тэнд дуулж, пиво ууж байгаад 23 цаг 30 минутанд гарсан. Батзаяа гараад өөр тийшээ яваад өгсөн ба би Төмөрчөдөрийн хамт үлдсэн. Би такси бариад гэрээдээ явах гэтэл "Цацрах гэгээ" караокены гадаа шууд үг хэлэлгүй хоёр удаа тонгорч миний зүүн хэсгээр газар унагаасан. Тухайн үед би айсандаа аргадаж, аргалж байгаад гэртээ хүргүүлсэн. Бид хоёр явган Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Цахир" 7 дугаар багийн 8 дугаар гудамжны 24 тоотод байх гэрлүү явсан. Замдаа юм ярихгүй шууд л хашаа руу шахаад, гараараа далайгаад цохиж авах гээд байсан ба би утсаар ярих гэтэл миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд би түүнийг дагуулаад гэртээ ирсэн. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Би гэртээ иртэл манай хамаатны Даваадорж, Ганбат гэх ах нар хөдөөнөөс ирчихсэн намайг хүлээгээд гэрийн гадаа байж байсан. Би гэрээ онгойлгоод орох замдаа Даваадорж, Ганбат нарт "наад хүн чинь миний гар утасыг авчихсан, аваад өгөөч" гэсэн. Би гэрт орж ирээд Ганбат ахын утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Төмөрчөдөр гэрээс гараад зугтаасан ба араас нь Даваадорж, Ганбат нар хөөгөөд явсан. Түүнээс хойш 30 орчим минутын дараа Төмөрчөдөр модон иштэй хүрз барьчихсан орж ирсэн. Би гэрээс гарч зугтаасан ба араас Төмөрчөдөр хөөж ирээд миний шилэн хүзүү орчим руу хоёр удаа цохисон. Цохиж байхад хүрзний урд хэсэг нь салаад унасан. Түүний дараа хүрзний ишээр миний зүүн чих орчимд 2 удаа цохисон, мөн толгойны орой хэсэг рүү 2 удаа нөгөө хүрзний ишээр цохисон. Гэтэл гудамжинд хүмүүс явж байгаа харагдсан ба тухайн үед миний ухаан балартаад нэг сэргэтэл цагдаа нар ирчихсэн, Төмөрчөдөр байхгүй, миний утсыг үлдээчихээд яваад өгсөн байсан. Гэртээ орж ирээд байж байтал миний утас дуугарсан ба тухайн үед 01 цаг 30 минут болж байсан утсаа автал Төмөрчөдөр байсан ба цагдаадаа чи намайг өгөөрэй, би явах юманд нь явсан ч гэсэн буцаад гараад ирнэ. Чам шиг би товчлууртай утас барихгүй гэж ярьсан. Бид хоёрын дунд маргаантай, өр авлага, өш хонзон гэх зүйл огт байхгүй. Хэдэн жилийн өмнө нь ганц удаа уулзаж байсан хүн. Намайг ямар шалтгааны улмаас зодсон эсэхийг мэдэхгүй байна. Би Төмөрчөдөртэй огт маргалдаагүй. Юм ярихгүй шууд цохих, унагах зэрэг үйлдэл гаргаж байсан. Би 2 шил 0.5 граммын пиво уусан. Нэгийг нь тал хүртэл л уусан. Би согтоогүй эрүүл байсан. Харин Төмөрчөдөр их согтсон ба намайг орсноос хойш лав 5 шил 0.5 граммын пиво уусан. Бараг тасарчихсан гэмээр л байсан ... Ж.Төмөрчөдөр нь хүрзны иш болох модоор миний зүүн чих хэсэг рүү цохиход би баруун талаараа газар унасан ба унах үед баруун өвдөг, зүүн гуя хэсэгт хөхрөлт үүссэн байх. Тухайн үед би ухаан балартсан ба дараа толгойны дух хэсэг хавдсан, ар хэсэг хавдсан байдалтай байсан. Би тухайн үед Төмөрчөдөрт зодуулж гэмтлийг авсан. Би хүрзийг хаанаас авсан эсэхийг мэдэхгүй. Одоо хүрз мөн хаана байгааг мэдэхгүй байна. Би одоо эмнэлэгт байгаа ба тархи толгой өвдөөд байх болсон ... Ж.Төмөрчөдөр худал мэдүүлсэн байна. Тухайн үед караокегоос гарч ирээд намайг хоёр удаа газар тонгорч унагаасан ба би цагдаа дуудах гэтэл миний утсыг булаагаад авчихсан. Тэгээд ч миний утас унтарсан холбогдохгүй байсан. Замдаа халтирч унасан гэдэг худлаа, манай гэрийн үүдэнд хүрзээ үлдээсэн гэдэг нь ч мөн худал, би 00 орчихоод гараад иртэл манай гэрийн зүгээс хүрз бариад намайг хөөсөн ба хашаанаас гараад хөөж байгаад миний нуруу хэсэг рүү хүрзээр цохьсон. Тэгээд барьж аваад миний толгой руу хүрзний ишээр зүүн чих, толгой хэсэг рүү цохьсон. Одоо миний чих овойгоод эдгэрсэн байгаа. Нэг хашаанаас хүмүүс гарч ирээд хараад зогсож байгаа харагдсан. Харвал хүмүүсийг танина. Намайг хүрзээр цохьсон нь үнэн. Би худал мэдүүлэг огт өгөөгүй. Харин Ж.Төмөрчөдөр худал мэдүүлэг өгсөн байна ... Намайг зодож байхад харсан манай гудамжны хүмүүс дуудлага өгсөн. Цагдаа ирээд намайг суулгаад Төмөрчөдөрийн явсан зүг рүү араас нь яваад буцаж би хашааныхаа үүдэнд бууж үлдсэн. Танихгүй хоёр цагдаа хар алаг starix машинтай явсан. Маргааш өглөө намайг цагдаагийн газар ирж уулзаарай гэж хэлээд явсан. Дуудлага мэдээллийг хэн гэх алба хаагч хүлээн авсан эсэхийг би мэдэхгүй. Би 00 орчихоод гараад иртэл Ж.Төмөрчөдөр модон иштэй хүрз барьсан манай гэрийг хаалгаар нь шагайчихаад буцаад миний өмнөөс хүрээд ирсэн. Би хашаанаас гарч зугтаасан ба миний нуруу руу хүрзээрээ хоёр удаа цохьсон. Би дахиад цааш гүйтэл цагдаад дуудлага өгсөн хашааны ард намайг хүрзний иш модоор цохьсон. Хашаа руу орж явахдаа "хоёр ахтай чинь ална" гэж хэлээд орж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Нуруу хэсэг рүү хүрзээр нь хоёр удаа, ишээр нь толгой, зүүн чих орчимд цохисон. Миний толгой, зүүн чих орчимд гэмтэл учирсан байсан. Намайг очиход Ж.Төмөрчөдөр нилээд согтсон байдалтай, харин Э.Батзаяа гайгүй байсан. Э.Батзаяа нь тухайн Цацрах гэгээ караокед найзтай тааралдсан байхаа. Тэгээд хааж байхад Э.Батзаяа би эд нартай явлаа гэж хэлээд явсан. Би такси барих гэхэд ямар нэгэн такси зогсоогүй. Караокены үүдэнд намайг Ж.Төмөрчөдөр зодож байхад хэн нэгэн хүн хараагүй. Миний биеийн байдал зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ж.Төмөрчөдөр миний эмчилгээ болон хохиролд нийт 1.500.000 төгрөг өгсөн байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-19, 20-21, 85-86, 106-107, 138-144/,

Хохирогч М.Гансувдын мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний эгч М.Гантуяа нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сүръеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Ж.Төмөрчөдөр нь манай эгч М.Гантуяад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаад урд өмнө нь эвлэрлийн гэрээг байгуулчихсан юм байна лээ. Шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцлаа. Гаргах санал хүсэлт байхгүй. Нэгэнт өнгөрсөн болохоор одоо юунд гомдох билээ дээ. Хэргийн материалтай танилцана. Харин шүүх хуралдаанд оролцохгүй. Шаардлаггүй гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 191-193/,

Гэрч Э.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө манай найз Ж.Төмөрчөдөр Улаанбаатар хотоос манай гэрт ирсэн юм. Бид хоёр өдөр манайд байж байгаад орой 21 цагийн орчимд гарч "Оргил" бааранд орж хоёр хоёр шил 0.5 граммын пиво уусан. Тэгж байхад надаас Төмөрчөдөр "Гантуяа гэх хүнийг таних уу" гэхээр нь би танина “бид хоёр нэг дор ажиллаж байсан ба дугаар нь надад байсан юм" дугаарыг нь би Төмөрчөдөрт өгсөн. Төмөрчөдөр Гантуяа руу утсаар ярьж байсан ба бид хоёр гарч “Цацрах гэгээ" караоке руу орсон. 22 цаг өнгөрч байхад караокед ирсэн ба бид гурав нэг  ширээнд суугаад дуулж, пиво ууцгаасан. Тэгээд 23 цаг нилээд өнгөрч байхад караоке хаасан ба би найзынхаа гэр рүү явсан. Гантуяа, Төмөрчөдөр хоёр хамт караокены гадаа үлдсэн. Цаашид юу болсон талаар би мэдэхгүй байна. Төмөрчөдөр нилээд олон шил пиво уусан. Гантуяа 3 шил 0.5 граммын пиво уусан, би 4 шил 0.5 граммын пиво уусан. Пиво хэрэглээд Гантуяа бид хоёр согтолт гайгүй, харин Төмөрчөдөр нилээд муудсан, согтсон байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-24/,

Гэрч Т.Сувдмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тухайн өдрийн шөнө унтаж байтал 00 цаг нилээд өнгөрч байхад хашаа дуугарч манай нохой ээрч хуцаад "айлын хашаанаас юу авах гээд байгаа юм" гэх чимээ гарах шиг болсон. Би чагнаад хэвтээд байтал пижигнэлдээд гудамж уруудаад гүйчих шиг болсон. Манай хүрз тухайн шөнө амбаарын хажууд аргал түшүүлээд тавьсан байсан юм. Гэтэл уг шөнө алга болсон байсан ба нилээд хэд хоногийн дараа нэг залуу ирээд танай хүрзийг би аваад явчихсан юм. Харин хаячихсан байна лээ гээд шинэ хүрз авч ирж өгсөн. 5-ын хэмжээтэй том хэмжээтэй хүрз байсан ба модон иштэй. Иш нь амархан салчихдаг хүрз байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/,

Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр 22-ны орчимд би хөдөөнөөс Баянхонгор аймгийн төв рүү хамаатны Даваадоржын хамт ирсэн юм. Аймагт манай хамаатны М.Гантуяагийн гэрт Даваадорж бид хоёр хонохоор очсон ба тэднийх цоожтой байсан. Тухайн үед цаг нилээд аажуу болсон байсан. Удалгүй Гантуяа ирсэн ба нэг согтуу залуугийн хамт ирсэн. Тэгээд гэрт ортол Гантуяа "наад хүн чинь миний утсыг авчихсан" гэж хэлтэл нөгөө залуу гэрээс гараад зугтаасан ба Даваадорж бид хоёр араас нь хөөгөөд гүйтэл гудамж уруудаад гүйсэн. Гүйж байгаад нэг айлын хашаа руу даваад орчихсон. Гэтэл гартаа хүрз барьчихсан гараад ирсэн ба бид хоёр эргээд зугтаагаад гудамж тойроод Гантуяагийнд иртэл Гантуяа зодуулсан байдалтай байж байсан. Түүний зүүн чих орчимд хавдсан, толгой өвдөөд гэж байсан. Их согтосон, согтуу л залуу байсан ба урд өмнө нь харж байгаагүй юм байна лээ. Даваадорж бид хоёрыг цохиж зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй ... 88443236 гэсэн дугаартай утас би барьдаг. Би энэ дугаарыг сүүлийн 5-аас 6 жил барьж байна. Гэрлүүгээ орох гэж явахдаа "миний утсыг энэ залуу авчихаад өгөхгүй байна, утсаа өгч байгаач, би цагдаад дуудлага өгнө" гээд миний утсыг авсан. Гэтэл Даваадорж "хүний утас өгөөч" гэхэд нөгөө залуу зугтаасан ба араас нь Даваадорж бид хоёр хөөж гүйсэн ба М.Гантуяа хашаандаа үлдсэн. Миний утсаар цагдаад дуудлага өгсөн байхаа. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс аймагт ирсэн. Шөнө 00 цагийн орчимд байсан. Даваадорж намайг хамт аймаг руу яваад машин аваад ирье гэсэн. Бид хоёр уурхайн машин дайгдаж аймгийн төвд буусан. Тэгээд бид хоёр хамт ирсэн юм. Даваадорж надад "манай хамаатны айлд очиж хоноё" гэсэн. Бид хоёр алхсаар М.Гантуяагийн гэрт ирсэн. Айлдаа машинаар хүргүүлээгүй юм учир нь нөгөө уурхайн хөх толгойн голд буулгасан юм. Яг хаягийг нь хэлж мэдэхгүй байна, гэрийг нь ямар ч байсан олчихдог юм. М.Гантуяагийн гэрт иртэл гэр нь цоожтой байсан бид хоёр эргээд хашааны гадаа гартал нэг залуутай хамт ирж байсан. М.Гантуяа гэр рүүгээ орох замдаа /гэрээ онгойлгохдоо/ "наад залуу чинь миний утсыг авчихаад өгөхгүй байна, би цагдаа дуудлаа" гээд миний утсыг авчихсан юм. Даваадорж "наад утсыг нь өгөөч чи" гэхэд нөгөө залуу эргээд гүйгээд хашаанаас гарч зугтаасан. Араас нь Даваадорж бид хоёр хөөсөн ба нэг айлын хашаа руу гүйгээд орсон ба хашааны гадаа Даваадорж бид хоёр гүйгээд очтол урдаас модон иштэй хүрз бариад гараад ирсэн. Би урд гудамжаар нь орж зугтаасан, харин Даваадорж арын гудамжаар орж зугатаасан. Нөгөө залуу Даваадоржыг хөөгөөд гүйсэн. Тэгээд би зугтаж байгаад эргээд М.Гантуяагийн гудамжны зүүн талын үзүүр дээр Даваадоржтой тааралдсан. М.Гантуяагийн гэрлүү алхаад очих гэж явтал гэрийнхээ хашаанаас зүүн тийш 2-оос 3 хашааны зайтай гэмээр газарт хойш харсан хүрэн хаалгатай хашааны ард уйлчихсан газарт сууж байсан. ... Нэг эгч, багавтар гэмээр залуу байсан ба Даваадорж бид хоёрыг яваад очтол нөгөө эгч "энэ хүүхдийг алахаа шахлаа, би барахаа байгаад гарч ирлээ" гэж байсан. Газар суусан, хувцас нь нил шороо болсон, толгойгоо дараад уйлж байсан. Чих нь хавдсан, толгой нь хавдсан байсан. Би бусад гэмтлийг анзаараагүй. М.Гантуяагийн хажууд газарт ишгүй, иш нь хугарсан хүрз хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 31-33, 145-149/,

Гэрч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө 00 цагийн орчимд би өөрийн найз Ганбатын хамт замын машинаар ирсэн. Ганбат бид хоёр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хөх толгойд байх яг хаягийг нь одоо хэлж мэдэхгүй байна манай хамаатны дүү охин Гантуяагийн гэрт очсон. Яваад очтол М.Гантуяагийн гэр эзэнгүй байсан ба хашааных нь гадаа хүлээгээд зогсож байтал урдаас нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Тэгээд бид хэд Гантуяагийн гэр рүү орохоор алхсан. Тухайн Гантуяатай хамт ирсэн залуу хажууд алхахад архи их үнэртэж байсан. Гантуяа хаалгаа онгойлгоод орох замдаа М.Гантуяа "наад залуу чинь миний утсыг авчихаад өгөхгүй байна" гэхээр нь би нөгөө залууд хандаж "чин хүний утсаар яадаг юм утсыг нь өгчих" гэхэд шууд эргээд зугтаасан. Хойноос нь Ганбат бид хоёр гүйгээд гартал нөгөө залуу гудамж уруудаад гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь араас нь Ганбат бид хоёр гүйсан ба Ганбат "наад залуу чинь энэ хашаа руу орчихлоо" гээд нэг хашаа заасан. Ганбат бид хоёр "хөөе чи гараад ир наад утсыг нь өг" гэтэл "та нар яах гээд байгаа юм, ална шүү" гэсэн. Удалгүй модон иштэй хүрз бариад гараад ирсэн. Бид хоёр эргээд зугтаасан ба Ганбат урд гудамжаар нь орж, харин би Гантуяагийн гудамж өгсөөд зугтаасан. Би эргээд хүрээд иртэл хашаанаасаа дээш хоёр хаалга алгасаад гудамжинд М.Гантуяа зодуулсан байдалтай байсан. Миний араас Ганбат ирсэн. Удаагүй мөн цагдаа ирсэн. Тухайн үед нэг эмэгтэй хүн болон нэг банди хоёр мөн хараад зогсож байсан. Цагдаа ирээд М.Гантуяаг суулгаад явсан ба Ганбат бид хоёр Гантуяагийн гэрт ороод байж байтал гаднаас М.Гантуяа орж ирсэн. Бид хоёр хонохоор очсон ба М.Гантуяа гэртээ байгаагүй гэр нь цоожтой байсан. Ганбат бид хоёр нээх удаагүй ба эргээд хашааны гадаа гараад удаагүй байтал гудамж уруудаад нэг залуугийн хамт ирсэн. Хоорондоо хэрэлдээд байгаа бололтой дуу гараад л ирж байсан. Ганбат бид хоёр дээр ирээд дуугүй болчихсон. Хоорондоо яг юу гэж ярьж байсан эсэхийг нь би сонсоогүй. Хашаанд орж ирээд гэр рүүгээ орж явахдаа "наад залуу чинь утас авчихаад өгөхгүй байна, утсаа өгчих цагдаа дуудлага өгчихье" гэхээр Ганбат өөрийн 88443236 гэсэн дугаарыг өгсөн. Залгаж байхад нь би утсыг нь өгөөч гэхэд эргээд зугтаасан. Ганбат бид хоёр араас нь хөөсөн ба Гантуяа цагдаад дуудлага дээрх дугаараас ярьж өгсөн байхаа. Юу гэж дуудлага өгсөн эсэхийг нь би мэдэхгүй хажууд нь байгаагүй ... гэсэн /1-р хх-ийн 150-154/,

Гэрч Ч.Самдангийн мөрдөн байцаалтанд  өгсөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө гэртээ унтаж байтал, хашааны ард эмэгтэй хүн орилоод, уйлах чимээ сонсогдсон. Тэгээд юу болж байгаа юм бол гэж бодоод сэрсэн. Тэгтэл манай хүүхэд Золбоот гэрээс гарч харсан. Удалгүй буцаж орж ирээд ээжээ хашааны ард нэг эрэгтэй, эмэгтэй хүнийг зодож байна гэдгийг хэлсэн. Би хувцасаа өмсөөд гараад хартал хашааны ард нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг зодож байсан. Тэгэхээр нь би болиочээ эмэгтэй хүнийг ингэж хүчирхийлж болохгүй шүү дээ гээд хашааны завсараар хэлтэл тэр эрэгтэй тоохгүй байсан. Би хэд хэдэн удаа хэлсэн. Би цагдаа дуудлаа шүү гэж тэр хүчирхийлэл үйлдэгч эрэгтэйд хандан хэлсэн. Би өөрийнхөө гар утсаар цагдаагийн 7044102 дугаарын утсанд залгаж дуудлага, мэдээллийг өгсөн. Тэр эрэгтэй босоо байрлалтай, нэг гартаа нарийн мод шиг зүйл барьчихсан, эмэгтэй хүнийхээ зүүн тал руу нь цохиод байх шиг байсан. Эмэгтэй нь баруун тийшээ хараад сөхрөөд газар суучихаад уйлаад байсан. Би тэр эрэгтэйд хандан цагдаа ирж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу май гар утсаа ав гээд өгч байгаа бололтой байсан. Тэгчихээд баруун тийш гудамжаа дагаж гүйгээд хойш эргэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхээс өмнө би тэр зодуулсан эмэгтэй дээр хашаанаасаа гарч очиход миний танихгүй хүн байсан. Тэр эмэгтэйгээс саяны залуу танай нөхөр чинь юм уу гэж асуухад үгүй гэж хариулсан. Зогсож байтал Эрдэнэмандал хайрханы өвөр талаас хоёр дээлтэй залуу гүйгээд ирсэн. Тэр эмэгтэйгээс юун хүмүүс юм гэж асуухад манай ах нар гэж байсан. Тэднийг ирээд удаагүй байхад цагдаа нар ирсэн. Тухайн хэрэг учрал болох үед харанхуй шөнө байсан. Би хашааныхаа арын хаалгаар гарч тэр эмэгтэй дээр очиход жижиг хаалганы баруун талд ишгүй хүрз байсан. Тэр эмэгтэйгээс ойролцоогоор 10 метр зайтай газарт ишгүй хүрз байсан. Үйл явдлыг хашааны завсараар харсан. Эмэгтэйг зодож байсан эрэгтэйг гүйгээд явсаных нь дараагаар хашааныхаа ард байх жижиг хаалгаар гарч эмэгтэй дээр очсон. Би эмэгтэйг зодож байхад нь гараагүй шалтгаан бол согтуу хүн байж байгаад эргээд гартаа барьсан зүйлээрээ цохих юм болов уу гэж бодоод ойртож чадаагүй юм ... 00 цаг нилээд өнгөрч байсан. Би ямар ч байсан орондоо орчихсон унтаж байсан юм. Манайх их дайрдаг нохойтой ба нохой боргоогоод байхаар нь хүн урчихвуу гэж бодоод хүү Золбоотыг гадагш гаргаж харуултал эргэж орж ирээд хашааны ард нэг эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зодоод байна гэсэн. Би тэгээд хувцасаа өмсөж гарч харсан юм. Гадаа харанхуй болсон байсан ба манай хашааны хойд талд шонгийн модон дээр гудамжны гэрэл байдаг. Гэрэлд бага зэрэг харагдаж байсан. Тухайн үед хүрз нь манай хашааны арын жижиг хаалганы зүүн талд байсан. Түүнээс хойш би хүрзийг анзаараагүй. Мот хавтгай хүрз байсан шүү. Эмэгтэй хүн уйлаад, амь авраач гэсэн дуу чимээ сонсогдсон. Уг чимээ манай гэрийн баруун хойноос явсаар бараг гэрийн ард ирсэн. Нохой бас боргоогоод байхаар нь би нохой эмэгтэй хүнийг урчихвуу гэж бодоод хүүг гадагш гаргасан. Гэтэл хүү минь эргэж орж ирээд эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зодоод байна, аймаар зодож байна гэсэн. Би хувцасаа тал хагас өмсөөд гарсан ба нэг туранхайвтар бор царайтай залуу байсан. Нөгөө эмэгтэй хагас газар суучихсан байхад нь хүрзний иш модоор баруун гуя орчимд нь цохиж байсан. Би эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ гэж хэлсэн. Би цагдаа дуудлаа шүү гээд хоёр хэлэхэд зодож байсан эмэгтэйдээ май чи энэ утсаа ав гээд өгч байгаа болотой харагдсан. Нөгөө эмэгтэй өөрөө өөрийн гараараа утас авч байсан. Тухайн үед мөн хөх толгой талаас хоёр эрэгтэй дээлтэй хүн гүйж ирсэн ба араас нь цагдаа ирсэн. Тэр эмэгтэй зодолдох биш өөрөө зодуулж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88, 155-157/,

Гэрч Г.Золбоотын мөрдөн байцаалтанд  өгсөн ... 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим байхаа манайхан гэртээ унтаж байтал хашааны ард манай нохой боргоогоод, эмэгтэй хүн туслаарай гээд орилох шиг болсон. Би эхлээд гараад хартал нэг эрэгтэй хүн нэг змэгтэй хүнийг хүрзээр зодож байгаа харагдсан. Би эргэж ороод ээжийн хамт гараад хартал нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүрзээр зодож байгаад цааш алхаад явсан. Явахаас нь өмнө ээж "болиочээ эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ, цагдаа дуудлаа шүү" гэхэд нөгөө хүн хүрзнийхээ ишийг бариад явчихсан. Нөгөө эрэгтэй хүн явахдаа “гар утсаа ав" гээд утас өгч байх шиг байсан. Би яг яаж цохиж байгааг нь хараагүй ба ээж бид хоёр хашааны завсараар харсан юм. Нөгөө ах явсны дараа цаанаас дээлтэй хоёр ах нөгөө зодуулсан эмэгтэй дээр ирсэн. Удалгүй цагдаа ирсэн. Манай ард гудамжны гэрэл байдаг ба уг гэрэл туссан гэрлийн дор хэрэг болсон. Зодуулж байсан нь уйлаад амь авраачээ гэж хэлж байсан. Зодож байсан ах нь гөлөгнүүдээ та нарыг ална шүү гээд байсан. Ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Цагдаа ирж хараад нөгөө эмэгтэйг аваад явсан. Нөгөө эгч зодуулж байсан газарт хүрз нь үлдсэн, харин иш нь байгаагүй. Намайг харж байхад нөгөө зодож байсан ах хүрзний ишийг бариад алхаад яваад өгсөн. Цагдаад нөгөө хүрзийг харуулсан ба хүрзийг аваагүй эмэгтэйг аваад явсан. Хүрз тэндээ байсан ба би өглөө босоод харахад хүрз алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-103/,

Гэрч Б.Золбоотын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тиймээ би тухайн өдөр буюу 2015 оны 11 сарын 22 ны өдөр мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан, харин ерөнхий жижүүр нь цагдаагийн ахмад Уламбаяр гарч байсан юм. 2015 оны 11 сарын 22 ны орой 23 цагийн үед байхаа би жижүүр дээр байхад 1 Самдан гэх эмэгтэй хүн манай цагдаагийн 7044102 дугаартай утсанд манай хашааны хойд талд 1 эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодоод байна гэсэн дуудлага ирсэнийг би очиход 1 эмэгтэй хүн хувцас нь шороо болсон үс нь задгайрсан байталтай ил шарх байгаагүй 1 эмэгтэй хүн хүнд зодуулчихлаа гэсэн байж байсан. Харин зодсон гэх залуу цугтсан байсан ойр хавиар нь ирж хайсан боловч олдоогүй. Тэр эмэгтэй хүнийг гэрт оруулж өгөөд маргааш өглөө хэсгийн байцаагч Мөнхтулгатай ирж уулзаарай гэж хэлээд явсан. Уг эмэгтэй хүн зодоод байна гэсэн дуудлдагыг тухайн үед захиргааны зөрчилөөр оруулсан. Намайг анх хэргийн газарт очиход газар хүний унасан гэх мөр үлдсэн байсан. Өөр нэх ул мөр байгаагүй. Намайг очиход дуудлага өгсөн гэх Самдан, мөн зодуулсан гэх Гантуяа, Наана нь Самдангийн хүүхэд гэх 1 залуу байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108-109/,

Гэрч О.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тухайн өдөр буюу 2015 оны 11 сарын 22-ны өдөр би ерөнхий жижүүрт гарч байсан юм. 2015 оны 11 сарын 23-ны шөнө 00:35 минутанд иргэн Гантуяагаас 7-9-03 тоотод Төмөрөө гэх залуу нь хэл амаар доромжлоод байна гэх дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч Золбоотыг дуудлаганд явуулхад уг Төмөрөө гэх хүн нь дуудлагын газраас цугтаасан байна гэж хэлэхээр нь захиргааны зөрчилд оруулж хэсгийн байцаагч Мөнхтулгад шалгуулахаар мэдэгдсэн. Уг дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдааг явуулж очиход уг Төмөрөө гэх хүн явсан байсан тул хоногийн мэдээнд захиргааны зөрчилд оруулсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/,

Гэрч Ц.Бэхболдын мөрдөн байцаалтан өгсөн ... Ж.Төмөрчөдөр нь 2015 онд манай “БНЕТН” ХХК- нд том ачааны автомашины жолоочоор ажилд орж Төв аймгийн Заамар сумын “Туулын гүүр” гэх газарт алтны уурхайд ажиллаж байгаад ажил зогсоод явсан. 2016 онд хавар 04 дүгээр сарын эхээр дахин ажиллахаар ирсэн. Тэгээд ажиллаж байгаад хавар Баянхонгор аймгийн Цагдаагаас дуудаж байна гэж хэлээд явсан, эргээд удаагүй ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орчимд мөн Цагдаагаас дуудсан байна гээд дахин яваад 2016 оны 09 дүгээр сарын 20-нд ирсэн. Ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 24-нд ажилчидтай муудалцаад ажлаасаа гарч явсан. Түүнээс хойш дахиж ирээгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 194-196/,

Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Өнгөрдөг наадмаас хойш байхаа над руу нэг удаа Төмөрчөдөр залгаж ярьсан. Ярихдаа "би хөдөө ажил хийж байна" гэхээр нь би "хэрэг чинь юу болсон бэ" гэхэд "гомдолгүй гэсэн юм чинь гайгүй байхаа" гэж надад хэлсэн. Түүнээс хойш холбогдоогүй байж байгаад цагдаад баригдсан гэж сонсоод ирлээ ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 197-199/,

Гэрч Б.Зоригоогийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ж.Төмөрчөдөрийг Б.Уранчимэг гэх хүний хамт батлан дааж авсан. Хамгийн сүүлд би түүнтэй 2016 оны 02 дугаар сард утсаар ярихад "Хохирогч гомдол саналгүй болсон" гэж байсан. Тэгээд би Говь-Алтай аймгийн Бигэр сум руу алтанд яваад одоогоос хэдхэн хоногийн өмнө 10 дугаар сарын эхээр ирсэн. Ж.Төмөрчөдөртэй бол огт холбоо бариагүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 205-206/,

Шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагт Улаанбаатар хотоос аймагт ирсэн юм. Би өдөр амар ч байгаад орой 21 цагийн орчимд найз Батзаяагийн хамт "Оргил" бааранд орж тэнд хоёр хоёр шил 0.5 граммын пиво ууж бүжиглэсэн. Тэгээд бид хоёр 22 цагийн орчимд би найз Батзаяагаас өмнө нь нилээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод уулзаж байсан Гантуяа гэх охины дугаарыг авч залгаад уулзъяа гэхэд "би бааранд орохгүй, караоке орж болно" гэхээр нь баарнаасаа гарч караоке орохоор шийдэж "Цацрах гэгээ"-рүү орсон. Тэнд Гантуяаг дуудсан ба Гантуяа удаагүй ирсэн. Тэнд Батзаяа, Гантуяа бид гурав юм яриад пиво ууцгаасан. Би лав 5-аас 6 шил пиво уусан. Тэгээд би их согтсон байсан ба тухайн үед болсон явдлууд орж гараад байсан. Нэг мэдэхэд баарны гадаа гараад ирчихсэн, ... Гантуяагийн гэрт нь очсоны дараа нь Гантуяагийн ах нар намайг хөөж байсан ... гээд болсон явдлууд орж гараад байсан. Би бараг тасарчихсан байсан. Ямар ч байсан өглөө нь би 100.000 гаран мянган төгрөгөөр шоудсан байсан. Нилээд хэдэн жилийн өмнө нэг удаа Улаанбаатар хотод уулзаж байсан санагдаад байгаа юм. Манай Батзаяа Гантуяатай нэг дор ажилладаг байсан гэсэн ба түүнээс дугаарыг нь асуутал байсан ба орой нь залгаад асуудал болсон байна. М.Гантуяа бид хоёрын хооронд урд өмний маргаантай асуудлууд, өр авлага, өш хонзон гэх зүйл огт байхгүй. Онцын зүйл яриагүй, дуулаад л пиво уусан. Батзаяа надаас бага уусан ба хэр хэмжээний пивийг Гантуяа, Батзаяа хоёр уусан эсэхийг мэдэхгүй байна. Шалтгаан байхгүй. Миний санаж байгаагаар караокенаас гурвуулаа гараад Батзаяа яваад өгсөн. Би Гантуяатай хоёулахнаа үлдсэн байсан. Ямар шалтгааны улмаас би зодсон эсэхээ санахгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв  ... Би тухайн үед өөрийн өмгөөлөгч Д.Мэндээд би ажлаа хийж байя, олон хүнээс мөнгө зээлсэн байгаа. Би явлаа гэхэд чамайг оргон зайлсан гэнэ шүү дээ гэхээр нь би тухайн үед явчихсан. Би Төв аймгийн Заамар сумын “БНЕТН” гэх компанид жолоочийн ажилтай байсан. Ажлаа хийж байгаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчимд өмгөөлөгч Д.Мэндээрүү залгахад чамайг энд эрж хайгаад байна гээд мөрдөн байцаагч Дэлгэржавтай утсаар яриулсан. Намайг байцаагч 1 дэх өдөр гэхэд би очих болж, боломж байхгүй, цалин мөнгө буугаагүй байсан. ... Улаанбаатар хотод цагдаад баригдаж Баянхонгор аймагт ирсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-65, 219-224/,

Шинжээч эмч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би М.Гантуяа гэгчийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтулгийн шинжээч томилсон тогтоолын дагуу тухайн өдөр үзсэн. Үзүүлэгчийн зүүн чих язарсан, хавдсан, баруун өвдөг, толгой оройн хэсгээр хавдсан, өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзэхэд тархины дунд зэргийн доргилтын шинжтэй, зүүн чих хавдсан хөхөлбөр хүрэн цус хуралттай, зүүн чихний ар хэсэгт зурагдлуудтай, баруун өвдөг, зүүн гуяаны хэсгийн том хэмжээний цус хуралтуудтай байсан байна. Эдгээр гэмтлүүдийг үндэслэж гэмтлийн хөнгөн зэрэгт тооцож дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх, хатуу мохоо, мод чулуу гэмт зүйлээр цохиход үүсэх гэмтлүүд. Ялангуяа зүүн талын чих бол хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан. Уг зүүн чих нь хавдсан хүрэн хөхөлбөр цус хуралтууд үүссэн нилээд том хэмжээний хавдалттай байсан. Тэгэхээр хүзний ишээр цохиход үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 613 тоот шинжээчийн ... “М.Гантуяагийн биед тархины доргилт дунд зэрэг, зүүн гуя, баруун өвдөгний хэсгийн том хэмжээний цус хуралтууд, зүүн чихний дэлбээ хэсгийн цус хуралт, ар хэсгийн зурагдлууд гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 43/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 444 тоот шинжээчийн ... “Урьд гарсан шинжээч эмч С.Батбаярын №613 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч М.Навчаагийн гаргасан №148 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 135/256-р тушаалын 2.3-д дахин шинжилгээг заавал бүрэлдхүүнтэйгээр хийх бөгөөд бүрэлдэхүүний тоо нь сондгой байна гэж заасан болно. М.Гантуяагийн биед тархи доргилт, зүүн гуя, баруун өвдөг, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь хэний буруутай үйлдлээс үүссэнийг шинжээч эмч тогтоохгүй” ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 167-169/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 132-137/,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /1-р хх-тйг 175/,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай даалгавар /1-р хх-ийн 176/,

Эрүүгийн төлөөлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн даалгаврын биелэлтийн танилцуулга /1-р хх-ийн 177/,

Эрүүгийн төлөөлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн даалгаврын биелэлтийн танилцуулга  /1-р хх-ийн 178/,

Эрүүгийн төлөөлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн даалгаврын биелэлтийн танилцуулга /1-р хх-ийн 179/,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 180/,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 181/,

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай тогтоол /1-р хх-ийн 184/,

Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоол /1-р хх-ийн 184/,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 187/,

Яллагдагч Ж.Төмөрчөдөрийг улсын хэмжээнд эрэн сурвалжилсан Асап сангийн мэдээлэл /2-р хх-ийн 75-76/,

Өмгөөлөгч Д.Мэндээгээс гаргасан тайлбар /2-р хх-ийн 77-78/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/,

Шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 71-74/,

Хохирогч М.Гантуяагийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сүръеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тухай  талийгаач М.Гантуяагийн өвчний түүх болон холбогдох бусад баримтууд /1-р хх-ийн 230-250, 2-р хх-ийн 1-67/,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр, талийгаач М.Гантуяагийн дүү хохирогч М.Гансувд нарын шүүхэд гарган өгсөн гомдолгүй саналгүй тухай хүсэлт болон талийгаач М.Гантуяа шүүгдэгч Ж.Ттөмөрчөдөр нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Төмөрчөдөр нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 23 цаг 30 минутаас 00 цаг 30 минут хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цацрах гэгээ” караоке баарны гадна болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 8 дугаар гудамжинд талийгаач М.Гантуяаг согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр буюу танхай сэдэлтээр хүрзний ишээр зодож буюу танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа буюу түүнд 2015 оны 12 сарын 08-ны өдөр авагдсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуод зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Төмөрчөдөр нь талийгаач М.Гантуяаг хүрзээр цохиж зодоогүй талаар мэдүүлж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж буй боловч хэрэгт авагдсан талийгаач М.Гантуяагийн ... Төмөрчөдөр модон иштэй хүрз барьчихсан орж ирсэн. Би гэрээс гарч зугтаасан ба араас Төмөрчөдөр хөөж ирээд миний шилэн хүзүү орчим руу хоёр удаа цохисон. Цохиж байхад хүрзний урд хэсэг нь салаад унасан. Түүний дараа хүрзний ишээр миний зүүн чих орчимд 2 удаа цохисон, мөн толгойны орой хэсэг рүү 2 удаа нөгөө хүрзний ишээр цохисон ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сувдмаагийн ... Манай хүрз тухайн шөнө амбаарын хажууд аргал түшүүлээд тавьсан байсан юм. Гэтэл уг шөнө алга болсон байсан ба нилээд хэд хоногийн дараа нэг залуу ирээд танай хүрзийг би аваад явчихсан юм. Харин хаячихсан байна лээ гээд шинэ хүрз авч ирж өгсөн. 5-ын хэмжээтэй том хэмжээтэй хүрз байсан ба модон иштэй. Иш нь амархан салчихдаг хүрз байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганбатын ... Араас нь Даваадорж бид хоёр хөөсөн ба нэг айлын хашаа руу гүйгээд орсон ба хашааны гадаа Даваадорж бид хоёр гүйгээд очтол урдаас модон иштэй хүрз бариад гараад ирсэн. ... Нэг эгч, багавтар гэмээр залуу байсан ба Даваадорж бид хоёрыг яваад очтол нөгөө эгч "энэ хүүхдийг алахаа шахлаа, би барахаа байгаад гарч ирлээ" гэж байсан. Газар суусан, хувцас нь нил шороо болсон, толгойгоо дараад уйлж байсан. Чих нь хавдсан, толгой нь хавдсан байсан. Би бусад гэмтлийг анзаараагүй. М.Гантуяагийн хажууд газарт ишгүй, иш нь хугарсан хүрз хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Самдангийн ... Тэр эрэгтэй босоо байрлалтай, нэг гартаа нарийн мод шиг зүйл барьчихсан, эмэгтэй хүнийхээ зүүн тал руу нь цохиод байх шиг байсан. Эмэгтэй нь баруун тийшээ хараад сөхрөөд газар суучихаад уйлаад байсан. … Тухайн хэрэг учрал болох үед харанхуй шөнө байсан. Би хашааныхаа арын хаалгаар гарч тэр эмэгтэй дээр очиход жижиг хаалганы баруун талд ишгүй хүрз байсан. Тэр эмэгтэйгээс ойролцоогоор 10 метр зайтай газарт ишгүй хүрз байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Г.Золбоотын ... Би эхлээд гараад хартал нэг эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг хүрзээр зодож байгаа харагдсан. Би эргэж ороод ээжийн хамт гараад хартал нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүрзээр зодож байгаад цааш алхаад явсан. Явахаас нь өмнө ээж "болиочээ эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ, цагдаа дуудлаа шүү" гэхэд нөгөө хүн хүрзнийхээ ишийг бариад явчихсан … Намайг харж байхад нөгөө зодож байсан ах хүрзний ишийг бариад алхаад яваад өгсөн. Цагдаад нөгөө хүрзийг харуулсан ба хүрзийг аваагүй эмэгтэйг аваад явсан. Хүрз тэндээ байсан ба би өглөө босоод харахад хүрз алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Төмөрчөдөр нь хүрзний ишийг зэвсэгийн чанартай хэрэглэж талийгаач М.Гантуяаг зодож танхайрсан болохыг нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ж.Төмөрчөдөр нь танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдээгүй талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй болно.     

Иймд шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.        

Хохирогч М.Гантуяа нь сүръеэ өвчний улмаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байх бөгөөд хэрэгт түүний дүү М.Гансувд хохирогчоор тогтоогдож шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт гомдолгүй саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн ба талийгаач М.Гантуяа нь Ж.Төмөрчөдөрөөс 1.500.000 төгрөгийг хохиролд хүлээн авч цаашид гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ж.Төмөрчөдөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ирвэс овогт Жаргалын Төмөрчөдөрийг танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.       

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Ж.Төмөрчөдөрийн эдлэх ялыг 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Төмөрчөдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                                       Ч.БАЙГАЛМАА