Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

   2020             4             28                                       2020/ДШМ/521                                                

 

                                           Н.Д, Б.М нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Н.Д, Б.М нарт холбогдох эрүүгийн 2006013720771 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н.Д,

2. Б.М,

Н.Д Б.М нар нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Д Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Д, Б.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Б.М нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Д, Б.М нарт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Д, Б.М нарт сануулж, Н.Д, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, харилцан бие биедээ 150.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.  

Прокурор Д.Аянагүл эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүх шийдвэртээ шүүгдэгч Н.Д, Б.М нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, тэд нарт оногдуулсан ...ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэх гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хангаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Д Б.М нар нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч /хохирогч/ Н.Дгийн “...тэр залуутай маргах явцдаа гараараа түүний нүүр хэсэг рүү 1 удаа цохьсон, дараа нь бас нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгсэн чинь тэр залуу миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон...” /хх 12, 39/,

шүүгдэгч /хохирогч/ Б.Б.М “...миний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. ...нэг удаа мөргөхөөр нь би зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохиод авсан...” /хх 16-17, 47/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Дгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар яс хугарал, хамрын таславчийн хугарал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”, “...Б.Б.М биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 25-26, 30-31/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг  шүүгдэгч Н.Д, Б.М нар хэн аль нь бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Н.Д, Б.М нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокурорын “...шүүгдэгч нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, тэд нарт оногдуулсан ...ялыг шийтгэх ...хэсэгчлэн төлүүлэх гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хангаагүй байна. ...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад “...шүүгдэгч Н.Д, Б.М нарт...” гэж бичсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруу, шударга ёсны зарчимыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад “...Н.Д, Б.М нарт...” гэж бичигдсэн нь агуулга, өгүүлбэр зүйн найруулгын хувьд шүүгдэгч нар  460 нэгж буюу 460.000 төгрөгийг хуваан төлөх, тэдний дунд нэг торгох ял оногдуулсан мэт ойлгогдохоор бичигдсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуульд заасан ялыг хэд, хэдэн этгээдэд оногдуулах бол энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой заах нь Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах тул торгох ялыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс үүнийг магадлалаар зөвтгөж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцнэ.

Үүнээс гадна шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, тэдгээрийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй болно.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.М 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.”,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Д, Б.М нарт тус тус оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ