Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2026/0662

 

 

 

Э.Цийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.Ц

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: Э.Ц

          Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний А/631 дугаар захирамжийн 1,2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0021 дүгээр шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Э.Ц

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр  

          Хэргийн индекс: 121/2026/0015/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Э.Ц нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан "Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний А/631 дугаар захирамжийн 1,2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар маргасныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2026/0021 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

              2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1 Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 сарын 04-ний өдрийн А/533 дугаар "Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжаар амины орон сууцны зориулалттай 495м.кв газар эзэмшсэн. Тус захирамжийг гаргасны дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 10 дугаар сарын 07- ны өдөр газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргаагүй тул хүчингүй болгох арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн албан мэдэгдэл өгсөн. Тус албан мэдэгдэлд газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргахыг удирдсан байдаг.

Үүний дагуу би цахим системээр газар эзэмших хүсэлтээ 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Аймгийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай” А/631 дүгээр захирамжаар миний газар өмчлөх эрхийг цуцалсан. Би газар эзэмших хүсэлтээ аймгийн Засаг даргад 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр бичгээр гаргасан бөгөөд тухайн үед Газрын тухай хуульд газар эзэмших хүсэлтээ цахимаар гаргах тухай нэмэлт өөрчлөлт орсон боловч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт буюу миний эзэмшихийг хүссэн газарт цахимаар хүсэлт гаргах техникийн боломжгүй байсан. Энэ нь Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтад Арвайхээр сумын 13 дугаар багт гэр бүлийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авч эхэлснээр нотолдог. Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан" Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.5 дахь хэсэгт Аймаг, Нийслэл, дүүргийн газрын алба, сум газрын даамал, эсхүл эрх олгогдсон байгууллага / цаашид "газрын алба" гэх/ нь хүсэлтийг мэдээллийн системээр хүлээн авч хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Аймгийн Засаг даргын "Газар эзэмших эрхийг шинээр олгох тухай” А/533 дугаар захирамж 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр гаргасан бөгөөд Арвайхээр сумын 13 дугаар багт газар эзэмших тухай хүсэлтийг цахимаар авч эхэлсэн хугацаа нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байдаг.

Өөрөөр хэлбэл Газар эзэмших хүсэлтийг цахимаар авах боломжтой болсон байхад Өвөрхангай аймгийн Газрын Харилцаа Барилга Хот байгууллагын газар Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй нь буруутай байна. Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 Энэ хуулийн 32.2, 32.3-г заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхой эрхийг хүсэлт гаргасан этгээд гаргаж өгнө, 32.5т хүсэлт, түүнд хавсаргасан баримт сумын газрын даамал, аймгийн, нийслэлийн дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэх заалтыг зөрчиж, хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт гаргаж өгөөгүй, бичгээр гаргасан хүсэлт нь шаардлага хангаагүй гэдгийн надад мэдэгдээгүйгээс шалтгаалж миний газар эзэмших эрхийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай” А/631 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

          2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргад “...төвийн шугам сүлжээнд холбогдох дэд бүтцэд ойр газар олгож өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт 60 иргэнд газар олгосны дотор нэхэмжлэгч багтжээ.

            4. Үүний дараа Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид “дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, 29.9 дэх заалтуудыг баримтлаагүй, газар эзэмших хүсэлтийг цахим системээр гаргуулаагүй тул хүчингүй болгох арга хэмжээ авах болсныг мэдэгдэж, газар эзэмших хүсэлтээ цахим системээр гаргана уу” гэх мэдэгдэл хүргүүлсэн байна.

5. Улмаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/631 дүгээр захирамжаар тус аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/533 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон. 

6. Нэхэмжлэгч Э.Ц нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан "Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний А/631 дугаар захирамжийн 1,2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-аар маргасныг анхан шатны шүүх “... газар эзэмшүүлэх хүсэлтийг цахимаар гаргах, улмаар цахимаар гаргасан хүсэлтийг дарааллын дагуу эрэмбэлж, дарааллын дагуу хүсэлтийг шийдвэрлэх талаарх Газрын тухай хуулийн зохицуулалт нь газар эзэмшүүлэх харилцаанд иргэд шударга, тэгш байдлаар оролцож, хүсэлтээ ил тодоор шийдвэрлүүлэх зорилготой тул нэхэмжлэгч Э.Цийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй. Иймд хариуцагч аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан зохих ёсоор гаргаагүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй...” гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

7. Тодруулбал, нэхэмжлэгчийг хүсэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзвэл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-д “32.5.Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэх боломжтой байсан.

8. Гэтэл хариуцагчаас түүний бичгээр гаргасан хүсэлтийг шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч газар эзэмших эрх олгосон байна. Ийнхүү хууль ёсоор үүссэн эрхийг хариуцагч “газар эзэмших тухай хүсэлтээ цахим системээр дамжуулан гаргаагүй” гэж зөвхөн нэхэмжлэгчийг буруутган газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцсэнгүй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний А/631 дугаар захирамжийн нэхэмжлэгч Э.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР