Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1834

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын

Автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний

эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01359 дүгээр шийдвэртэй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох, хамтын гэрээний үүрэгт 104 448 732 төграг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 5.5-т Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Үйлдвэрчний эвлэлийн татварыг бэлэн бусаар хурааж дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус-1 ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар “Захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж, дараа сарын 05-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин 560 гишүүдийн татварыг 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал 19 сарын татвар 104 448 732 төгрөгийг хурааж, шилжүүлээгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар Хамтын гэрээний 2.7-д гишүүдийн үндсэн цалингийн 1.5 хувиар бодож татварын хэмжээг тооцохоор байгаа. Нийтийн тээвэр ухаалаг системд 2015 оны 7 дугаар сард шилжиж, үүнтэй уялдаад жолооч, шалгагч нарын цалин, байгууллагын цалин хөлсний журамд өөрчлөлт орсон. Цалин өөрчлөгдсөн учраас өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэг байхгүй. Мөн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хийсэн тохиролцооны 7-д зааснаар захиргаа нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус 1-р баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд, баазуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж, дараа сарын 05-ны дотор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцоо болон өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэггүйгээр ажиллагсдын цалингаас Үйлдвэрчний эвлэлийн татварыг шууд суутгах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т ажилтны цалин хөлснөөс зөвхөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, эсхүл хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийж болдог. Үүнээс бусад тохиолдолд гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх заалтыг зөрчиж байна. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Тарифын хэлэлцээр байгуулагдаж, Хөдөлмөрийн яаманд бүртгэгдсэн, уг хэлэлцээрт Автобус-1 баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо төлөөлөн оролцоогүй. Эндээс шаардах эрхгүй гэдэг нь харагдана. Хэрэгт байгаа баримтаас харвал нэхэмжлэгчийн шаардсан огноогоор тооцож үзэхэд холбогдох хурлын шийдвэр огт байхгүй байгаа. Нэхэмжлэл тодруулсан шаардлагаар 104 448 732 төгрөг нь хийсвэр тоо. Учир нь 560 гишүүнээс тэтгэвэрт 48, группэд 3, ажлаас 103 хүн гарсан ба нийт 154 хүний хөдөлмөрийн харилцаа дууссан, ямар нэгэн холбоогүй болсон. Манай байгууллага 1500 ажилтантай, 1300 ажилтнаа нэгтгээд “Эв нэгдэл” гэдэг Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хороонд 265 хүн орсон, уг хорооны гишүүний талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Нөгөө асуудал нь 560 гишүүн Автобус 1-р баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн мөн гэдгийг батлах ямар баримтгүй, гишүүний батлах хэрэгт авагдаагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хамтын гэрээний үүрэгт 104 448 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбатаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 260 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 581 430 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 680 196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл тус Үйлдвэрчний эвлэлийн хороонд харъяалалттай гишүүн гэх 560 хүний нэрсийн жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр хүмүүсээс 61 нь 2008-2013 оны хооронд 2 дугаар бааз, 2 нь 3 дугаар баазад шилжсэн, 64 нь 2015 оны 12 дугаар сараас өмнө буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанаас өмнө ажлаас гарч, 18 нь тэтгэвэр, 3 нь мөн хугацаанаас өмнө групп тогтоолгосон байна. Үлдсэн 412 хүнээс 265 нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн болсон тул эдгээр хүмүүсийн татварыг 2017 оны 4 дүгээр сараас өмнөх хугацаанд тооцох ёстой. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн атал шүүх анхаарч үзээгүй. Үлдсэн 147 хүнээс татварын өргүй 125 хүнийг хасвал энэ тоо 12 болж буурах юм. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүмүүс бүгд Автобус 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн мөн эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй.

Автотээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 5.5-д зааснаар Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурлын шийдвэрт үндэслэн татвар авах, хувь хэмжээг тогтоох ёстой. Гэтэл ийм хурал болсон эсэх, хурлаас хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт байхгүй. Хэлэлцээрийн 7-д зааснаар хорооны гишүүд нь үндсэн цалингаасаа татвар суутгахыг зөвшөөрч гарын үсэг зурсан байхыг шаарддаг. Хэрэгт 2013 онд гарын үсэг зурсан баримт авагдсан ба уг гарын үсгийг одоо хүртэл хүчинтэй гэж тооцох боломжгүй. Учир нь Зорчигч тээврийн нэгтгэлийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/64, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/94 тушаалаар тус тус цалин хөлсний журмыг шинэчлэн баталсан бөгөөд жолооч, шалгагч нар нь сар бүр тогтмол цалин авахгүй, ажлын гүйцэтгэл болон цагаар тооцож олгогдох болсон. Нэхэмжлэгчийн өгсөн жагсаалтад нэр дурдагдсан хүмүүсийн зарим нь 2013 оноос хойш ажилд орсон, татвар төлөхийг зөвшөөрч гарын үсэг огт зураагүй хүмүүс байгаа юм.

Автобус нэг дүгээр баазын үйлдвэрчний эвлэл нь Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн эрхтэй байх ёстой. Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай болох ба бүртгэлд зайлшгүй шаардлагатай үндсэн баримт бичиг бол байгууллагын дүрэм байдаг. Автобус нэг дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлд өөрийн дүрэм байхгүй байгаа нь тухайн байгууллагын эрх зүйн чадамжтай эсэх талаар эргэлзээ төрүүлж байна. Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлийн үндэслэлтэй шууд холбоотой тул уг хэргийг шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн авахаас татгалзсан. Энэ нь шүүх эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй болсон. Нөгөө талаар нэгэнт өөрийн дүрэмгүй учир Н.Төрбат нь байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгогдсон эсэх нь нотлогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулж 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар сар бүр гишүүдийн татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, учруулсан хохирол болох 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл 16 сарын татвар 20 000 000 төгрөг гаргуулах /1хх1-2/ нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 20 000 000 төгрөгт нэмж 84 696 002 төгрөг буюу нийт 104 696 002 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, үүнийгээ 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 сар дуустал хугацааны гишүүний татвар гэж тайлбарласан байна. /1хх197/ Мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...үйлдвэрчний эвлэлийн гишүүн, нэр бүхий 560 ажиллагсдын 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл буюу нийт 19 сарын хугацааны татварт төлөгдөөгүй 104 448 732 төгрөг гаргуулах” /2хх22/ гэж тодруулсныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэхдээ “хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүний татварыг цалингаас нь бэлэн бусаар хураан авч, шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 4 хавтас нотлох баримт, нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоо баримтыг үндэслэн 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустал 19 сарын хугацааны 430 гишүүний татвар 104 448 732 төгрөгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулж, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-т заасантай нийцнэ” гэж дүгнэсэн байна. /2хх 164/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн болон тодруулж байсныг шүүх дүгнэхдээ үйлдвэрчний эвлэлийн нэр бүхий 560 ажилтны татварыг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэл заасан боловч нэхэмжлэгч  тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтны тоог 430 болгож багасгасан талаар тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай тусгагдаагүй байна. Иймд шүүх ийнхүү ажилтны тоог бууруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас үйлдвэрчний эвлэлийн нэр бүхий 560 гишүүн бус, харин 430 гишүүний татвар 104 448 732 төгрөгийг хариуцагчаас шаардсан гэж тайлбарлах боловч хэргийн баримтаар уг нөхцөл байдлыг бүрэн тодруулж эргэлзээгүйгээр дүгнэлт хийх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулах татварын тооцоотой холбоотой баримтыг /1хх23-34/ шүүхэд гаргасан боловч уг нэрсийн жагсаалтад гараар засвар хийж 430 гишүүн байхаар дугаарласан байдлыг өөрийнх нь гаргасан нотлох баримтыг засварласан байна гэж тайлбарлав. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад талуудаас энэ байдлыг тодруулахад, хэн аль нь уг баримтад гараар бичилт хийгээгүй гэснээс үзвэл тухайн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эргэлзээ бүхий засвартай баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

Мөн хариуцагч тал тухайн үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй зарим гишүүд ажлаас чөлөөлөгдсөн, татвар төлөхөөс татгалзаж гарын үсэг зурсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, өөр баазад шилжсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл 104 448 732 төгрөгийн татвар нь хэдэн гишүүнд хамаарахыг шүүх тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ.

Шүүх шийдвэрийн үндэслэл болгосон хариуцагч байгууллагаас гаргасан 4 хавтас нотлох баримтад тухайн байгууллагын ажилчдын цалин хөлсний хэмжээний талаар тодорхой тусгагдсан боловч хариуцагч нь үйлдвэрчний эвлэлийн хорооны хэдэн гишүүнээс ямар хэмжээгээр хураах татварыг шилжүүлбэл зохих татвар гэж үзэх, улмаар нэхэмжлэгчид хэдэн төгрөгийн татвар шилжүүлээгүй болохыг тогтоосон баримт гэж үзэхгүй, уг байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэв. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.

Иймд хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргааны талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 196 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА