| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 184/2018/00308/и |
| Дугаар | 889 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 889
МАГАДЛАЛ
2018.04.11 Дугаар 889 Улаанбаатар хот
З.Э , Ч.Я нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч З.Э , Ч.Я нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.М, Д.О нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Д.О-ын гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: З.Э ,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Г.Б,
Хариуцагч Д.М, Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн бөгөөд зээлийн баталгаанд түүний төрсөн дүү Д.О 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлөлгүй өдийг хүрсэн. Д.М-од зээлүүлсэн 10 000 000 төгрөгийг өөрийн болон хадам эцгээс зээлэн өгсөн бөгөөд одоо өр төлбөрөө төлж дийлэхгүй байна. Д.М нь зээлсэн мөнгийг өөрийн дүү Д.О-д зээлүүлсэн гэж тайлбарладаг тул үндсэн зээл болон түүнд сар тутмын 1 хувийн алданги тооцож, 28 сарын хугацааны алданги болох 2 800 000 төгрөг, нийт 12 800 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие болон төрсөн дүү Д.О нар нь З.Э аас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэвч гэрээний хугацаанд мөнгөө төлж чадаагүй нь дараах шалтгаантай. Мөнгөнийхөө оронд танил тал найз нөхдөөрөө дамжуулан цааш нь худалдан борлуулж болохуйц эсхүл, аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохуйц газар олж өг гэх мэтээр шаардах болсон. Зээлсэн мөнгийг өгч чадаагүй нь үнэн бөгөөд зээлийн төлбөрт блокны машин санал болгосон ч аваагүй, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа, гачигдалтай байна. Анх бичгээр гаргасан тайлбар нь эрх зүйн ямар нэг мэдлэггүйгээс болсон бөгөөд нэхэмжлэгч нараас зээлсэн гэх мөнгө нь надад зарцуулах эрх олгогдсон зээлийн ямар нэг агуулгагүй мөнгө байсан. Иймд нэхэмжлэлд дурдагдаж буй 10 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар мөнгө зээлсэн зүйлгүй, харин ах Д.М-оос зээлж, буцааж өгч байсан төлбөр тооцооны асуудал байсан. Миний хувьд тухайн үед нь Д.М нэхэмжлэгч З.Э-аас мөнгө авсныг мэдэж байсан учраас зээлийн баталгаа гэх баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Би Д.М-од өртэй байсан учрааас Д.М-ын өмнөөс ямар нэг хөрөнгө өгч болох эсэх талаар санал болгож байсан. З.Э аас ямар нэг зээл авч байгаагүй тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М, Д.О нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э , Ч.Я нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй байхад хамтран хариуцагчаар татсан байна. Д.М-од ямар нэгэн зээл хэлбэрээр мөнгө өгөөгүй, газар олж өг гэж нийт 50 000 000 төгрөг өгөх байснаас урьдчилгаа болгож 10 000 000 төгрөг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч З.Э , Ч.Я нь хариуцагч Д.М, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг, алданги 2 800 000 төгрөг, нийт 12 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.М нэхэмжлэгч нараас 10 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, харин зарцуулах эрх олгож өгсөн мөнгө тул төлөх үүрэг хүлээхгүй гэж, хариуцагч Д.О нэхэмжлэгч нартай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, Д.М-оос 10 000 000 төгрөгийг зээлээд буцааж төлсөн тул хариуцахгүй гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч З.Э , Ч.Я нар нь хариуцагч Д.М-той амаар хэлэлцэн тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч мөнгийг хүлээн авч, буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.М-ын өмнөөс зээлийг төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах талаар баримт үйлдэж нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, талуудын хоорондын хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний талаар мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ. Талуудын хоорондын зээлийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгч нараас 10 000 000 төгрөгийг зээлж аваагүй, харин нэхэмжлэгч тодорхой ажил гүйцэтгэхэд зориулж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.
Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид хариуцагч “Ч.Я”-ын нэрийг “Ч.Я” гэж бичсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, техникийн шинжтэй алдаа байх бөгөөд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын нэрийг шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт зөв бичих талаар шүүх цаашид анхаарвал зохино.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
М.НАРАНЦЭЦЭГ