Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0619

 

2020 оны 9 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0619

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: С з ХХК

Хаяг:

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн бодлогын газрын дарга буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Н.М нь С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн N20/3 дугаар албан бичгийн хариуг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 5.12-д заасан зөвлөмж дүгнэлт хэлбэрээр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, С з ХХК-д холбогдуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С з ХХК нь 2007 оноос ******* нутагт орших MV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, жил бүрийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар баталгаажуулан, дүүргийн татварын албанд татварын тайланг цаг тухайд нь гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №ХХ-2019/36 дугаар албан бичгээр шинжээч томилуулан, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр холбогдох дүгнэлтийг хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хяналтын хуудсаар эрх бүхий мэргэжилтнүүдээр хянуулж, хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон нөөцийг улсын нөөцийн санд бүртгүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд холбогдох журмын дагуу хүргүүлсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн ******* гэгч манай тусгай зөвшөөрлийг талбайг орон нутгаас хэлэлцүүлэхгүй байх санал ирүүлсэн, мөн урт нэртэй хуультай давхцалтай байна гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй байх санал гарсан гэсэн аман тайлбарыг өгсөн.

Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4. Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.

Дүрмийн 5.13 Хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т заасан дүгнэлт, зөвлөмж гаргахдаа салбар зөвлөлийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна, гэснийг тус тус зөрчиж байна. Ашигт малтмалын газраас жил болгон хайгуулын тусгай зөвшөөрлийг сунган төлбөрийг авснаар нийт 12 жилийн турш 350 гаран сая төгрөгөөр хийгдсэн ажил үнэгүйдэж, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болоод байна. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан 48.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэснээр хуульд заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Гэвч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь манай компанийн өөрийн хөрөнгөөр хийсэн ажлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байгаа нь ямар хууль дүрэм журамд нийцэж байгаа нь тодорхойгүй, хариуг аман байдлаар хүргэж байгаа салбар хуралдааны нарийн бичиг ******* нь эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг төлөөлөх эрхгүй байна. Иймд Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчин Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасан хугацаанд иргэнд хариу өгөхгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд зааснаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С з ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С з ХХК-ийн нь ашигт малтмалын Х\/-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах ******* нутагт орших Баруун хуурайн амны доод хэсгийн алтны шороон ордод 2016-2017 оны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-2019-11, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-2019-12 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалт буюу хурлын дэгд оруулсан боловч С з ХХК-ийн зүгээс тус зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралд тодорхойгүй шалтгааны улмаас оролцоогүй ба харин зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд оролцохоор ирсэн.

Гэтэл тус хуралдааны дэгийг зөвлөлийн дүрэмд заасны дагуу зөвлөлийн дарга баталсан бөгөөд баталсан дэгийн дагуу зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нь зөвлөлийн гишүүдэд орон нутгаас ирүүлсэн саналыг харгалзаж үзэх хэрэгтэй талаар мэдээллийн чанартай зүйл сануулсан. Уг орон нутгаас ирүүлсэн саналд С з ХХК-ийн ******* нутагт орших Баруун хуурайн амны доод хэсгийн алтны шороон ордод 2016-2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажил нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн буюу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хязгаарласан талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэсэн байсан гэдэг.

Мөн ******* Засаг даргаас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182 тоот албан бичгээр С з ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхгүй байх тухай хүсэлт гаргасан байна.

Ингээд зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар тус тайланг хэлэлцүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь тус зөвлөлийн дүрмийн 3.1-д Зөвлөл нь Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулна гэж заасан. Мөн зөвлөлийн дүрмийн 2.1.2-т ...шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэлэлцэн нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх асуудлыг хуралдааны тэмдэглэл хөтөлж, дүгнэлт, зөвлөмж гаргах гэж заасан. Гэтэл тус компани нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулсан тухай орон нутгийн холбогдох байгууллагуудаас удаа дараа албан бичиг ирүүлсэн. Иймд зөвлөлийн дүрэмд заасны дагуу зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар тус компанийн хайгуулын ажлыг хэлэлцүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дүрэмд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 1.5 гэх заалт огт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зөвлөлийн дүрмийн 1.5-д заасан зөвлөмж, дүгнэлт хэлбэрээр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, С з ХХК-д холбогдуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж гаргахыг даалгах гэх хоёр шаардлага гаргасан. Гэвч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь хууль болон холбогдох журамд заасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан байна уу, хууль бус байна уу гэдгийг шийдвэрлээд зөвлөмж, дүгнэлт гаргадаг.

С з ХХК-ийн тухайд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн гэж байгаа. Уг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нь 2009 онд батлагдсан. Гэтэл 2010 онд Сангийн сайдын 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох журамд зааснаар үйл ажиллагаа нь хязгаарлагдсан аж ахуйн нэгжүүд энэ журмын дагуу нөхөн олговрыг авахаар Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн яаманд ханддаг. Гэтэл С з ХХК нөхөн олговрын асуудлаар хэлэлцээгүй байж 2016-2017 онд хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 5.12-т зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр энэ журмын 2.2.1-д заасан дүгнэлт, зөвлөмжийг гаргаж өгнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бол дүгнэлт, зөвлөмж, асуудал хэлэлцсэн тэмдэглэл гарах ёстой. С з ХХК-ийн хувьд орон нутгаас бичиг ирээд, хуралдаанаар бичиг танилцуулагдаад, зөвлөлийн гишүүдийн саналыг илээр хураан олонхын саналаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг зөвлөлийн хурлаар хэлэлцэхээс татгалзсан. Ингээд татгалзсан тул зөвлөлийн зүгээс ямар нэгэн дүгнэлт, зөвлөмж гарах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С з ХХК-иас тус шүүхэд хандан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн бодлогын газрын дарга буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга ******* нь С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн N20/3 дугаар албан бичгийн хариуг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 5.12-д заасан зөвлөмж дүгнэлт хэлбэрээр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, С з ХХК-д холбогдуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. ******* Баруун горхийн хөндий нэртэй газарт орших 1952 гектар талбайд ашигт малтмал хайх 12621X дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Людвиг ХХК-нд олгож, улмаар Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр С з ХХК-нд шилжүүлснийг бүртгэжээ.

Улмаар С з ХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайгаас 482.59 га талбайг хэсэгчлэн буцааж өгөх хүсэлт гаргаснийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр С з ХХК-ийн эзэмшлийн 12621X дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 1468.49 га болгон өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 болон 2 дугаар хавсралтад тэмдэглэгээг хийжээ.

2. С з ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19/05 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэст хандан ...2016-2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ... ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх учраас шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-2019/36 дугаар шийдвэрээр шинжээч томилсон.

Улмаар шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан С з ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19/07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн зөвлөлд хандан ...хайгуулын үр дүнг улсын нөөцөд бүртгэх хүсэлт гаргасныг зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-2019-12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч С з ХХК-иас хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн тул тус хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх боломжгүй гэх үндэслэлээр тус компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэхээс татгалзжээ.

3. Үүнтэй холбогдуулан С з ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн N20/3 дугаар албан бичгээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн бодлогын газрын дарга буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга *******д хандан ... манай нөөцийн тайланг хэлэлцүүлэх, хэлэлцүүлэхгүй тохиолдолд тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг бидэнд өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж, хариуг өгөөгүй тул С з ХХК-иас тус шүүхэд хандан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, хариу өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах бүрэн эрхтэй хэмээн, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ хэмээн, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, ... тодорхойлно, 94 дүгээр зүйлийн 94.3-т Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө хэмээн тус тус заасан бөгөөд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм-ийн 1.3-т зөвлөл нь хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулна, 2.2.4-т Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын бүрдэл хангаагүй тохиолдолд зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн дарга Төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжийн даргаас албан бичгээр буцаах хэмээн тус тус заажээ.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, С з ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19/07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн зөвлөлд хандан ...хайгуулын үр дүнг улсын нөөцөд бүртгэх хүсэлт гаргасныг зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-2019-12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч С з ХХК-иас хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн тул тус хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх боломжгүй гэх үндэслэлээр тус компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэхээс татгалзсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тус хуралдаанд нэхэмжлэгч С з ХХК-ийн төлөөлөгч оролцсон,

улмаар, С з ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн N20/3 дугаар албан бичгээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологи, уул уурхайн бодлогын газрын дарга буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.*******д хандан ... манай нөөцийн тайланг хэлэлцүүлэх, хэлэлцүүлэхгүй тохиолдолд тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг бидэнд өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга хүлээж авсан хэдий ч өргөдөл гаргагчид ямар нэг байдлаар хариуг өгөлгүй орхигдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 06/1732 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн энэхүү эс үйлдэхүйг шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс, хэрэв хариуцагч нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-2019-12 дугаар хуралдаантай холбогдуулан С з ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгээр гаргасан өргөдлийг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх эсхүл мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан гомдол гаргах хугацааг хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдвол эл асуудлыг өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, өргөдлийг хуульд тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой болохоос ямар ч тодорхой хариу өгөлгүй орхих ёсгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 94.3 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөөгүй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С з ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М